Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Илүү их уншъя” уриатай 36 дахь удаагийн номын баярыг энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийн нээлт бямба гарагт Төв номын санд "Хүүхдийн уншлагыг дэмжихүй" эрдэм шинжилгээний хурлаар эхэллээ.
Тус хуралд Улаанбаатар хотын Хүүхдийн төв номын сангийн мэдээлэл, технологи, арга зүйн хэлтсийн дарга С.Тунгалаг, Од сургуулийн бага ангийн багш Н.Оюунчимэг, дөрөвдүгээр цэцэрлэгийн багш Н.Оюунцэцэг, Б.Марал-Эрдэнэ, Шарын гол сумын 2-р сургуулийн багш Ч.Туяа, 1-р сургуулийн багш Ч.Нансалмаа зочин итгэгчээр оролцож мэдээлэл өгөв.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” нь өв соёл, түүхэн уламжлалаа дээдлэн хүндэтгэх, үр хойчдоо монгол эх хэлээрээ зөв ярьж, бичих соёлыг төлөвшүүлэх, үүний төлөө зүтгэж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх баярын өдөр гэдгийг зохион байгуулагчид тодотголоо.
Номын баярыг есдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд аймгийн Төв номын сан , Хүүхдийн номын ордон, сумдын номын сан тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.