Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ээс Монгол Улс дахь Элчин сайдын яамдтай хамтран жил бүрийн намар зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг боллоо.
24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан тус олон улсын хандивын өдөрлөгт Европын холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын Элчин сайдын яам болон Тайландын Өргөмжит консулын газрынхан оролцов. Мөн эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим нэгж оролцов. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны яамны төлөөлөл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар гэр бүл, ажилтнуудын хамт, олон улсын байгууллагууд, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн төлөөлөл, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд оролцож, улс орнуудын соёлын үйл ажиллагаатай танилцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч, үндэсний хоолны амталгаа хийв. Энэ жилийн үйл ажиллагаанд Европын холбооны ТРАМ-экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа үндэсний гарааны бизнесүүд болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байлаа.
Уг үйл ажиллагаагаараа цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлж сайн санааны үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажилладаг уламжлал тогтжээ.
“Сайн санааны үйлс” өдөрлөгийг нээж, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон хэлсэн үгэндээ, “Клуб байгуулагдсаны 25 жилийн ойг өнгөрсөн оны тавдугаар сард тэмдэглэж, түүхээрээ бахархах, ирээдүйд энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй ажиллах эрмэлзлэл хэвээр байгаа” хэмээн онцоллоо. Тэрбээр, “1998 оноос эхлэлтэй байгууллага маань өнөөдөр гишүүнчлэл болон оролцогчдынхоо хүрээллийг тэлсэн. Энэ жилийн үйл ажиллагаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо маш их байна. Оролцогчдын тоо өмнөхөөсөө хоёр дахин их болсон. Ялангуяа Монголын талын оролцогч ихэд нэмэгдсэн нь энэ жилийн гол онцлог юм” гэв.
Клубийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж “Сайн санааны үйлс” өдөрлөг нь олон нийтийн хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болсныг зохион байгуулагчид нь дурдаж байв. Тус клуб өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг 100 гаруй төслөөс тавыг нь 2023-2024 онд хэрэгжүүлсэн байна.
Өдөрлөгт хүндэт зочноор оролцсон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч Тапан Мишра клубийн нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, тууштай хэрэгжүүлж ирсэнд талархал дэвшүүлэхдээ, “Монгол Улсын гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн 24 дэх удаа зохион байгуулсан “Сайн санааны үйлс" олон улсын өдөрлөг нь дэлхий нийтэд сайн үйлсийг түгээх, олон улсад цөөнгүй асуудал байгаа энэ цаг үед хүн төрөлхтний сайн сайхны төлөөх цагаа олсон үйл явдал боллоо. Үүнийг зохион байгуулсан монголын эмэгтэйчүүдийн дипломат клубдээ баярлаж байна. Уг санаачилга нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, зорилгод нийцсэн үйл ажиллагаа болж эмэгтэйчүүдийн үүрэг нийгэмд хичнээн чухал болохыг харуулж байна” гэв.
Өдөрлөгийн үеэр Монголын соёлын өв болсон, “Өлзий” хээн урлалын талаар гар урлаачид танилцуулав. 660 сампингаар холбосон энэхүү бүтээл нь 3350 торго, өөдөс зүүсэн бөгөөд 55 хэсгээс бүрджээ.
"Өлзий" хээ нь 5.72х4.45 см хэмжээтэй ба үүнийг урлахад Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг болон гадаадын 18 орны нийт 70 орчим үйлчин оролцжээ. Баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлгэддэг учиртайг тодруулан олны сонорт хүргэлээ. Мөн Монгол, Лаос, Орос хүүхэд залуучууд, уран бүтээлчид ая дуугаа өргөж, Лаос, Японы Элчин сайдын яамнаас эх орноо видеогоор сурталчилж, япон хүүхдүүд “Мочи-Цүки” хэмээх будааны боов хийж үзүүлсэн нь олны сонирхлыг татав.