Аймгийн Засаг дарга боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж цаг үеийн зарим асуудлын талаар санал солилцож, үүрэг чиглэл өгөв. Уулзалтад ЕБС-иудын захирал, СӨББ-ын эрхлэгч, сумдын засаг дарга, хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцов.
Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар тухайн байгууллагынхаа хүүхдийн элчийн хувьд олон хүүхэд суралцдаг өрхийн мэдээлэл гаргах, эргэх холбоог бэхжүүлэх, зөв төлөвшилтэй, мэдлэг боловсрол, хүн чанартай иргэн бэлтгэхийн төлөө манлайлж ажиллахыг уулзалтын эхэнд үүрэг болголоо.
Мөн аймгийн хэмжээнд ЕБС, СӨББ-д нийт 30 гаруй мянган хүүхэд сурдаг. Хүүхэдтэй холбоотой олон нийтэд хамааралтай шийдвэр гаргах тохиолдолд аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнтэй зөвшилцөх, санал солилцож байх хэрэгтэй гэв.
Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иуд өөрсдөө цайны газраа хариуцаж, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цайны газруудад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалгааг гаргаж яаралтай шийдвэрлэхийг ХОХБТХ-ийн дарга, ахлах мэргэжилтэнд үүрэг болголоо.
Хүүхдийн төлөө хийж буй ажил аливаа зүйлийн эхэнд байх хэрэгтэйг сануулж, сурч боловсрох нөхцөл, сурагчийн ширээ, сандал, орчны тохижилтод анхаарал хандуулж эрхлэгч, захирлууд хийсэн ажлынхаа тайланг мэдээлж байхаар болов.
Боловсролын салбарт ажиллаж буй багш нарыг урт, богино хугацааны сургалтад хамруулахын зэрэгцээ жижүүр, үйлчлэгч бусад ажилтнуудын нийгмийн асуудлыг судлах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь удирдлагуудын анхаарч ажиллах хэсэг мөн гэв.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын тухайд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх олон ажил бий. Спорт заал, урлагийн танхим зэрэгт үнэлэлт, дүгнэлт хийж ойрын хугацаанд шийдвэрлэх дараалал гаргахаар болов.
Нэн түрүүнд ерөнхий боловсролын 18, 4 дүгээр сургуулийн спорт заалыг засварлаж, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас солих өрөө бий болгох, дулааны улиралд хичээллэж болох зориулалтын талбай хийнэ гэдгийг уулзалтын үеэр аймгийн засаг дарга мэдэгдлээ.
Цаашид сургууль, цэцэрлэг орчмын авто замд хурд сааруулагч нэмж хийх, шинээр авто зогсоол шаардлагатай байгаа боловсролын байгууллагын судалгаа гаргах, тухайн орчмын хороолол дундах автозамыг ажлын цагаар нэг чиглэлийн урсгалтай болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, багш нарын оролцоотой хангах хэрэгтэй гэв.
ЕБС-иудын сурагчийн сандал, ширээг ирэх жилүүдэд бүрэн сольж, багш нарыг зөөврийн компьютероор зуун хувь хангах болсныг уулзалтын төгсгөлд мэдэгдлээ.
Мөн сурагчийн ширээ, сандал зэргийг төрийн үйлчилгээнд ашиглахаас бусад үед ашиглахгүй, ялангуяа буяны ажил, хурим найр, баяр ёслолд хэрэглэхгүй байхыг боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.