Аймгийн хэмжээнд "Хууль бус ан агнуур болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт шалгалтыг хийж байна.
Энэ хүрээнд Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Жаргалант, Гурванбулаг, Баянбулаг сумын тарвага бүхий газруудад, Галуут, Хүрээмарал, Бөмбөгөр сумын шонхорын отог бүхий газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Ажлын хэсгийнхэн сумдын удирдлагуудад уулзан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх талаар мэдэгдэж, хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авч, Зооноз өвчин судлалын төвд устгал хийсэн байна.
Нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг, Баянхонгор сумын ЗДТГ-ын Мал эмнэлгийн тасаг, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зоонозын төвийн ажилтан, албан хаагчид эргүүлд гарч, байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчин гарах, халдвар гарсан тохиолдолд халдварыг зөөгдөн орохоос урьдчилан сэргийлж байгаа юм.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолын дагуу амьтныг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна. Тарвага агнасан тохиолдолд нэг бодгаль тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээ 410 мянган төгрөг ба түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлбөр ноогдуулна хэмээн заажээ.