Аймгийн Засаг даргын захирамжаар тарваган тахал өвчин, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын пост 3 чиглэлд 24 цагаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг.
Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумдад тандалт хийхэд байгалийн голомт идэвхжиж эрсдэлтэй байгааг тогтоосон байна.
Иймээс иргэдийг дээрх голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авахгүй байхыг Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвийн халдвартын эмч М.Шинэбаяр анхаарууллаа.
1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжин 8 хүн өвчилж, 2007, 2015 онд 2 хүн нас барсан байна.
Хяналт шалгалтын цэгт аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Зооноз өвчин судлалын төв, Дэлгэрмөрөн ойн анги, Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргаа, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна.