Хэрвээ Хятадын Коммунист Нам үнэхээр Тайванийг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг бол алдагдсан газар нутгаа Оросоос бас авах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ илэрхийлжээ.
Тэрбээр Ням гарагт орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.
БНХАУ-ын эрх баригчид Тайвань арлыг хууль бус замаар салан тусгаарлагдсан Хятадын нэг муж бөгөөд хэзээ нэг цагт эх орондоо буцан нэгдэх ёстой гэж үздэг.
Тухайлбал эртнээс нааш Хятадын нэг хэсэг байсан Тайвань арал улс үндэстнийх нь хувьд “доромжлолын зуун” гэгддэг 1839-1949 оны хооронд гадаад гүрнүүдийн шахалт дарамтын улмаас эх газраас салсан гэж үздэг юм.
Энэ оны нэгдүгээр сард болсон сонгуулиар ерөнхийлөгч болсон Лай Чин Тэ түүхийн ижил цаг үед Оросын мэдэлд шилжсэн газар нутгаа Бээжингийн эрх баригчид буцааж авах талаар ямар нэг хүчин чармайлт гаргахгүй байгааг ярилцлагадаа онцолжээ.
“Хэрвээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай ярьж байгаа бол яагаад Айгуны гэрээгээр Орос улсад алдсан газар нутгаа буцааж авахгүй байгаа юм бэ? Орос улс одоо хамгийн сул дорой үедээ байгаа биш гэж үү?” гэж Лай ярьсан байна.
1858 оны Айгуны гэрээгээр Хятад улс нэг сая хавтгай дөрвөлжин километр газар нутгаа Оросын хаант улсад алдсаныг тэр ийнхүү дурджээ.
Энэ газар нутагт сүүлд Владивосток гэгддэг болсон Хайшэнвейн боомт багтдаг юм.
“Оросоос газар нутгаа нэхэж чадахгүй байгаа бол тэд ижил шалтгаанаар Тайванийг хүчээр нэгтгэж чадахгүй гэж би бодож байна” гэж Лай тайлбарлажээ.
Түүний үзэж байгаагаар Бээжингийн гол зорилго нь геополитикийн агуулгатай буюу Тайванийг сүрдүүлэх замаар дэлхийн дэг журмыг өөрчлөх гэнэ. Харин арлыг хүчээр эзлэн авах бодит санаа агуулаагүй гэж тэр үзэж байгаа юм байна.
Хятадын сүүлчийн эзэнт гүрэн Чин 1895 онд байгуулагдсан шударга бус гэрээгээр Тайвань арлыг Японд алдаж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд арлыг Бүгд Найрамдах Хятад Улсын мэдэлд шилжүүлсэн бөгөөд иргэний дайны үр дүнд Коммунистуудад ялагдсан тэд 1949 онд Тайвань аралд дүрвэн гарч, засгийн газраа байгуулсан юм.
Эх сурвалж: The Guardian