Сэлэнгэ аймгийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих багийг аймгийн 34 сургууль, 36 цэцэрлэгт 421 гишүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.
Тусгай хэрэгцээт хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах асуудлыг сургууль дээрх дэмжлэгийн баг, салбар комиссын хурал, кэйс хэлэлцүүлгээр шийдвэрлэжээ. Мөн тухайн хүүхэдтэй ажиллах багшийг чадваржуулах ажлыг улирал бүрд онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байгаа аж.
Эдгээр хүүхэдтэй 131 багш ажиллаж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан, 113 багш нэмэгдэл авч ажиллаж байна.
Аймгийн БШУГ-аас энэхүү дэмжлэг шаардлагатай сурагчдын сурч хөгжих явцад хяналт тавин ажиллаж байна хэмээн тус газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа ярилаа.
Тухайлбал шаардлагатай хэрэглэгдэхүүн, материалаар ханган, орчны тохируулга, сурагчдад зориулсан чийрэгжүүлэлтийн өрөө, танхим байгуулж, тохижилтод зориулан 110 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас суралцагч бүрийн онцлог насанд тохирсон ном, сургалтын хэрэглэгдэхүүнд 234 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийгээд байгаа юм байна.
Дээрх үйл ажиллагаанаас гадна тэгш хамруулах боловсролын чиглэлээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд цэцэрлэгт 54, сургуульд 189 хүүхэд хамрагдаж байна.
Дэрх хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургуульд 100 хүүхэд суралцаж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэн, боловсрол эзэмшиж байна.