Австрали улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авсан байх шаардлагатай.
“Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай Австралийн талаас мэдэгдсэн. Иймд захидал авах хүсэлтэй иргэд холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээнэ.
Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар нь хүргүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.
- Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас сүүлийн 45 хоногийн хугацаанд авсан)
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас сүүлийн 45 хоногийн хугацаанд авсан)
- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас сүүлийн 45 хоногийн хугацаанд авсан), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт
Гадаад Харилцааны Яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгохыг дахин мэдэгдэж байна.
Захидал нь Австрали улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/work-holiday-462/first-work-holiday-462 холбоосоор орж авна.
Австрали улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь тус улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад Харилцааны Яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар