БНАЛАУ-ын Виентине хотноо энэ сарын 6-8-ны өдрүүдэд “Далайд гарцгүй орнуудын хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, ашиглах 3R тунхаглалын зөвлөлдөх уулзалт”-д ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга оролцож, Монгол Улсын хог хаягдлын менежмент, барилгын салбарын хог хаягдлын дахин боловсруулалт, ашиглалтын талаар мэдээлэл өгөв.
Уулзалтаар “Далайд гарцгүй орнуудын хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, ашиглах 3R шинэ тунхаглал” нь Ази, Номхон далайн бүс нутгийн байгалийн экосистем, нөөцийг хамгаалах, хог хаягдлыг бууруулах зэрэг олон үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд нөөц ба хог хаягдлын менежментэд өөрчлөлт оруулах шинэ хамтын ажиллагааны арга барилыг тэргүүн эгнээнд авч үзэх талаар зөвлөлдөж , шинэ тунхаглалын төслийг хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтад Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Камбожийн Хаант Улсын төлөөлөл оролцож өөрийн улсын хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын талаар танилцуулга хийж тунхаглалын төсөлд саналаа тусган ажилласан гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.