Боловсролын яам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасагдаад байсан эрүүл мэндийн хичээлийг насны ангилалд тохируулан сэргээж, мэргэжлийн багш бэлтгэх бодлого баримтална.
Тодруулбал, суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэх нь боловсролын шинэчлэлийн хамгийн чухал хэсэг гэж үзэж байна.
Түүнчлэн, сургуулиудад өнгөрсөн жилээс сэтгэл зүйч ажиллах болсон ч тусгайлан бэлтгэгдээгүй учир хүүхэдтэй ажиллахад бэрхшээл үүсэж байгаа. Одоогийн хөтөлбөрөөр 7-р ангид бэлгийн эрүүл мэндийн хичээл ордог нь зарим хүүхдийн шилжилтийн нас эхэлчихсэн үе учир хэтэрхий оройтож, үр дүнгүй аж. Урьдчилан сэргийлэх үзлэгийг харьцангуй идэвхтэй зохион байгуулдаг ч хүүхдэд чиглэсэн нь хараахан байхгүй. Иймд Эрүүл мэндийн яамтай хамтран 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулж, эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Иймд сургалтын хөтөлбөрийг шинэчилж буй энэ үед Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. Хүний их эмч мэргэжилтэй тэрбээр 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатайг Боловсролын яамны сайтад мэдээлжээ.