Боловсролын яамнаас өнөөдөр /2024.08.22/ 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц болоод төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг танилцууллаа. 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгыг дэвшүүлжээ.
Энэхүү зорилгыг хангах хүрээнд 12 зорилтыг хэрэгжүүлэхээр баталсан байна. Тухайлбал, суралцагчийн эзэмших чадамж буюу танин мэдэхүй, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл хөдлөлийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгыг тусгажээ.
Ингэхдээ, зорилго хангах чиглэлийн хүрээнд дэд зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:
1. Сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тохирц, нийцлийг түшиц цэцэрлэг, сургуульд шалган туршиж, 2025-2026 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэл хангах,
2. Суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн зураг, дүрс, тэмдэгт мэдээллийн утга санааг ойлгох, бичвэр эхийг ойлгож унших, илэрхийлэх, тайлбарлах чадварыг өдөр тутам хичээл сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэх,
3. Багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтын ажиллагааны үр дүнг сайжруулж хичээл сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн багш нарын бүлэг, багаар хамтран суралцагчийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн чанартай бэлтгэн үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг нийт 12 зорилтыг баталжээ.