Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон Нийслэлийн Боловсролын газрын холбогдох алба хаагчид өнөөдөр Баянгол дүүрэгт ирж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
-
Баянгол дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн 21, төрийн өмчийн бус 31 сургууль, төрийн өмчийн 39, төрийн өмчийн бус 41 цэцэрлэг гээд нийт 131 боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна.
-
Дүүргийн хэмжээнд энэ онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 19 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй бөгөөд энэ хичээлийн жилд 3 цэцэрлэг, хоёр Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орно.
Түүнчлэн Манай дүүргийн боловсролын салбарынханд тулгамддаг асуудал нь ихэнх сургууль, цэцэрлэгүийн барилгууд 1980-аад оны үед баригдсан. Насжилт өндөр. Үүнээс болж дээвэр, цахилгааны утас, сантехник муудсан бөгөөд урсгал засвар хийх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр дээрх бүх асуудлыг сонсож, дүүргийн хэмжээнд гурван асуудалд онцгойлон анхаарал хандуулж, ирэх 2025 оны оны төсөвт суулган шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Тодруулбал,
-
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд бүх сургуулийн спорт заалын засварын төсвийг гаргаж, Нийслэлийн төсвийн тодотголд оруулах,
-
Дүүргийн хэмжээнд бүх боловсролын байгууллагын дээвэр засварын ажлын төсвийг ирэх оны төсөвт суулгах,
-
Бүх цэцэрлэгийн гаднах хуучин тоглоомын талбай, тохижилтын ажлыг стандартад нийцүүлж шинэчлэх,
-
Дүүргийн боловсролын байгууллагуудын барилга насжилт өндөр учраас цахилгааны утас, дотоод монтажийг солих,
-
Бүх боловсролын байгууллагын сантехникийн засварын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаас гадна боловсролын байгууллагын урсгал засварыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргад танилцуулна гэлээ.
Мөн уулзалтын үеэр боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэв.