Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) "Хүн амын тооллогын олон улсын бага хурал"-ыг Монгол Улсад гурав дахь удаагаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус хурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар хамтран зохион байгуулж байгаа аж.
Оролцогчид "Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
ҮСХ нь Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг ирэх 2025 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Энэ үеэр Бүгд найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Хүн ам, орон сууцны тооллогыг гар утас ашиглах явуулах асуулгын туршилтын талаар БНСУ-ын Статистикийн газрын судалгааны хүрээлэнгийн статистикийн арга зүйн хэлтсийн орлогч дарга Жон Мүүн Чой дараах туршлагаа хуваалцлаа. БНСУ 2020 оноос эхэлж гар утас ашиглан хүн амын тооллогоо хийж эхэлсэн ба энэ судалгааны аргыг ашиглаж эхэлснээр судалгаанд оролцогчдын тоо ихэссэн гэдгийг онцлов.
Тэрбээр "Сүүлийн үед гар утсаа ашиглаж судалгаанд хамрагдах сонирхолтой хүмүүс ихэссэн. Өмнө нь тухайн айл өрхүүдийн гишүүд тогтмол завгүй ажилтай байдаг бол гэрээр нь явж санал асуулга, судалгаа явуулах нь төвөгтэй байдаг байсан. Гар утас ашиглаж судалгаа явуулж эхэлснээр хүмүүс интернэттэй орчинд л байвал хаанаас ч хамаагүй судалгаагаа өгөх боломжтой болсон нь давуу тал юм.
Гар утас ашиглаж санал асуулга явуулахад дэлгэцийн жижиг хэмжээ болон интернэтийн хурд, салалтаас шалтгаалж буруу хариулт дээр дарах, өмнөх хариултууд нь хадгалагдахгүй байх зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн цаг хугацааны хувьд хэзээ хүмүүс тухтай санал асуулгаа бөглөх завтай байх вэ гэдгийг тооцоолох арга зүй хэрэгтэй байгаа.
Түүнчлэн гар утас ашиглалт ямар байгаагаас шалтгаалж судалгаа бөглөх хурд нь янз янз байгаа юм. Хурдыг нэмэгдүүлэхийн тулд дарах товчийн байршлыг өөрчлөх зэргээр хүмүүст амар байлгах шинэчлэлтүүдийг хийж байна. Мөн QR кодоор шууд судалгаа руу ороод өөрийнхөө мэдээллийг өгснөөр өөрийн нэр, өрхийн мэдээлэл зэргээ шивж оруулах шаардлагагүй шууд танигдах байдлаар хийгдсэн байгаа" гэв.