Тээврийн Цагдаагийн Албаны баруун талд байрлах "Таван богд" группийн охин компани "Таван богд Тоёота" нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгуулсан талаар Нийслэлийн Засаг Даргын тамгын газар(НЗДТГ)-аас мэдээллээ.
Тодруулбал энэ сарын 19-ний 20:30 цагт Геодези, Усны Барилга Байгууламжийн Газарт Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Тус мэдээллийн дагуу холбогдох албаны шалгалт хийхэд "Таван богд Тоёота" ХХК-ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ. Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж зөрчлийг арилгуулан, холболтыг салгасан байна.