АНУ-ын Health Effects Institute хүрээлэн өчигдөр дэлхийн 200 гаруй улс, бүс нутгийг хамруулсан агаарын бохирдлын талаар судалгааныхаа үр дүнг нийтэлжээ.
Өнөөдөр дэлхий даяар өдөр бүр 2,000 орчим хүүхэд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн улмаас нас барж буйг уг тайланд өгүүлсэн байна.
Агаарын бохирдол нь зөвхөн цусны өндөр даралттай холбоотой эрсдэлийн дараа хүмүүсийн цаг бусаар нас барах хоёр дахь том хүчин зүйл болжээ.
Тухайлбал 2021 онд дэлхий даяар 8.1 сая хүн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөр нас барсан нь нийт цаг бус үхлийн 12 орчим хувь болсон байна.
Агаарын бохирдлын нөлөөгөөр эндэгсдийн 700,000 гаруй нь тав хүртэл насны хүүхдүүд байжээ.
Тэдгээрийн 500,000 гаруй тохиолдол нь нүүрс, мод зэрэг бохир түлшээр дотоод орчинд гал түлсэнтэй холбоотой бохирдлоос болсныг тогтоосон байна.
Ерөнхийдөө дэлхийн бүх хүн ямар нэг хэмжээгээр бохирдсон агаараар амьсгалж байгааг уг судалгаа харуулжээ.
Агаарын бохирдолтой холбоотой үхлийн 90 гаруй хувь нь PM2.5 буюу 2.5 микрометр хүртэл хэмжээтэй тоосонцрын нөлөөнөөс болсон гэж үзсэн байна.
Ийм тоосонцор бүхий агаараар амьсгалахад уушгины хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг өөр олон өвчний эрсдэл нэмэгддэг ажээ.
Айл өрхүүдийн халаалт, гал тогоонд хэрэглэдэг бохир түлшийг солих замаар агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн нас баралтыг эрс бууруулах боломжтойг судлаачид зөвлөсөн байна.
Өнөөдөр дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн ийм зорилгоор ахуйн хүрээнд шатдаг хатуу түлш ашиглаж байгаа нь эндэгдлийн нэг гол шалтгаан болж байгаа гэнэ.
2000 оноос хойш дэлхийн хүн амын зарим хэсэг зуухнаас татгалзаж, цэвэр халаалт, хоол боловсруулах аргад шилжсэний үр дүнд агаарын бохирдолтой холбоотой бага насны хүүхдийн эндэгдэл 50 гаруй хувиар буурсныг судалгаа харуулжээ.
Ийм шилжилтэд дэлхийн улс орнуудын засгийн газрууд, хувийн хэвшлийнхэн нийт $2.2 тэрбумыг ойрын үед зарцуулахаар төлөвлөөд буйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг өнгөрсөн сард мэдээлж байсан юм.
Эх сурвалж: AFP