Улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.Энэрэлтэй ярилцлаа.
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Тойрог томорсноор саналын хуудас дээр бичигдэх нэр дэвшигчдийн жагсаалт нэмэгдэж байгаа. Сонгогчид яавал төөрч будилахгүйгээр саналаа өгөх вэ?
-Сонгуульд оролцоно гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс сонгогдох эрхээ эдэлж, хэсэг бүлэг хүмүүс сонгох эрхээ хэрэгжүүлж байгаа үйл явдал юм.
Сонгох эрхээ эдэлж байгаа иргэн бүрийн хувьд алдаа мадаг гарахгүй, нэгж иргэн таны санал үнэгүйдэхгүй байх нь нэн чухал. Бас өөрийгөө төлөөлүүлж элч болгон илгээж байгаа учраас тэр хүн итгэл даах, нийгмийн бүлгээ төлөөлж чадах хүн байх ёстой. Тэгэхээр тийм итгэл даах хүнийг намууд нэр дэвшүүлж өгөх ёстой.
Одоогоос жилийн өмнө иргэдийн дэмжлэг хангалттай биш байхад энэ парламент маань нэгж гишүүнд ирдэг эрх мэдлийг сааруулна, парламентын төлөөлөх чадварыг сайжруулна гэсээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосныг бүгд мэдэж байгаа. Иргэдийн хувьд үнэхээр сайжрах юм бол яамай даа гэсээр дуулгавартайгаар тэр өөрчлөлтийг хүлцсэн. Гэхдээ одоо намуудын нэр дэвшүүлэх үйл явц, яригдаж байгаа хүмүүс, сонгуулийг бүсчилсэн тойрог болгож асар том тойрог руу шилжүүлсэн зэргийг харахад хангалттай үр дүн харагдахгүй л байна. Манайх өмнө нь томсгосон мажоритор тойргоор хоёр ч удаагийн сонгуулиа өгч байсан ч анх удаа бүсчилсэн буюу хэдэн аймгууд нийлж, зарим дүүргүүд нийлсэн ийм хэлбэрээр төлөөлүүлэн саналаа өгөх гэж байна. Үүнийг судлаачид дэлхийд байдаггүй жишиг гэж байгаа. Эрх баригчид маань бүсчилсэн хөгжилтэй холбож юм, юм яриад л байгаа. Өнгөрсөн жил суурь хуулиуддаа дэвшилтэт өөрчлөлтүүдийг хийсэн ч, сонгууль дөхүүлж байгаад ямар хэлбэрээр явуулбал өөрсдөдөө ашигтай байх вэ гэж тооцоо гаргаж шийдсэн бүсчилсэн тойрог зарим нэг хүндрэлүүдийг яах аргагүй бий болгож байна.
Жишээлбэл энэ удаагийн холимог тогтолцоогоор, 10 мандаттай тойрогт наад зах нь 250 хүний нэрсээс өөрийгөө төлөөлүүлэх хүнээ сонгоно. Дээрээс нь нам эвслийг сонгоно. Энэ бол өмнө нь сонгогчдод ирж байгаагүй том даалгавар учраас төөрч будилах нь тодорхой. Угаасаа төөрч будилах эрхийг нь иргэдэд өгөх хэрэгтэй. Маш сайн мэдээллээр хангах хэрэгтэй. Арван мандаттай газар есөн хүнд санал өгсөн бол, нэг нам эвслээс илүүг тэмдэглэсэн бол таны саналын хуудас хүчингүй болно. Яг тэр өдөр хэрэв та андуурч бичээд саналын хуудсаа хүчингүй болговол нэг удаа солих эрх нээлттэй шүү, айж ичих хэрэггүй чөлөөтэй хэлээд аваарай гэдгийг хүмүүст хэлж өгөх хэрэгтэй. Цаг хугацаанд баригдалгүй тайвнаар сонголтоо хийх боломжийг ч хангах учиртай. Иргэдэд хандаж хэлэхэд энэ бол таны төрийн эрхийг албан ёсоор барих үнэт эрхээ өөр хүнд албан ёсоор төлөөлүүлэн шилжүүлэн өгөх гэж байгаа хариуцлагатай үе учраас тэнд очоод танил харагдсан нэрээ дугуйлж болохгүй шүү гэдгийг сайн хэлмээр байгаа юм. Танай тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байна, хэн байна гэдгийг судлаад сонголтоо хийгээд очоорой гэдгийг бүр гуймаар байна. Та өөрийнхөө амьдралын төлөө хариуцлагатай байх үедээ хариуцлагатай байхгүй бол улс төрийн нам хүчнүүд бидний амьдрал дээр яаж “танц” эргэдгийг бид хангалттай харлаа шүү дээ. Дээрээс нь намуудын нэр дэвшүүлж “шахсан” хүмүүсээс нэр дугуйлах биш харин сөргүүлэн ямар хүмүүсийг хүлээж байгаа, хүсч байгаагаа илэрхийлэх шаардлагатай. Яг одоо намууд нэр дэвшигчдээ тодруулахаар ид ажиллаж байгаа үед нь бид илэрхийлэх хэрэгтэй. Бид бүгдээрээ нүүр номоороо үүнийг шахаж нэхэж болно, хүн болгон л фэйсбүүкийн хэрэглэгч байна шүү дээ. Намуудын шахсан нэрс дээр биш ямар хүнээр төлөөлүүлмээр байгаагаа нийтээрээ илэрхийлээсэй.
-Бид улс төрийн намаар дамжуулж төр улсаа байгуулах тогтолцоог эргэлт буцалтгүйгээр сонгосон. Гэтэл одоо улс төрийн намын нэр хүнд хамгийн доод түвшиндээ хүртэл унаад байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Төлөөллийн ардчилалд хувь иргэн бүр өөр өөрийн үзэл баримтлалд тохирсон төлөөллийн байгууллага буюу улс төрийн намаар дамжуулж засаглалд оролцдог. Ардчилалд алдаа оноо олон бий. Гэхдээ энэ замаас буцах тухай ярьж болохгүй. Харин хэрхэн сайжруулж болох вэ гэдгээ л хаа хаанаа ярих ёстой. Өнөөдөр хүмүүс нам муухай, нам дагасан хүмүүс муухай гээд зугатаад байдаг болж. Нэг талаас тэгж харагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тэгэх тусам бидний оролцоогүйгээр хэдэн хүн бидний амьдралыг шийдээд байна. Нэгэнт улс төрийн намаар л дамжуулж засаглалд оролцох боломжтой байдаг юм бол тэр намуудыг цэвэр зөв, авлигаас ангид, оролцоо төлөөллийг хангасан, бодлогын нам байх ёстой гэж бид шахах хэрэгтэй байна. Түүнээс нам муухай гээд зугатахын хэрээр бидний оролцоогүйгээр тэнд хэдэн хүн бидний амьдралыг шийдээд байгааг ойлгох цаг болжээ. Бидний засаглалд оролцох боломжоор хангах төлөөллийн байгууллага нь яг энэ зарчмаар ажиллаж чадаж байна уу, зөвхөн эрх мэдэлд хүрэх гэсэн хэсэг бүлэг хүний төлөө ажиллаад байна уу гэдгийг бид хянах хэрэгтэй. 2023 онд хийгдсэн судалгаагаар улс төрийн нам хамгийн нэр хүнд муутай байгууллагаар тодорсон. Иргэдийн 80 хувь улс төрийн намуудад итгэхгүй байна. Тэгэхээр намууд ч иргэдийн итгэлийг олж авахын төлөө хичээх ёстой, дотоод ардчилал, соёл төлөвшил дээрээ анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Нийт сонгогчдын насны иргэдийн 50 хувь нь залуучууд байна. Тэдний хандлага нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Гэтэл намын хөгжил нь гацчихсан. Хууль эрх зүйн хүрээнд асуудал байгаа, түүнийгээ бага багаар шийдээд явж байгаа ч намын доторх соёл хандлагыг хууль өөрчлөхгүй шүү дээ. Гишүүд нэг бүрийн бодит оролцоо, удирдлагын манлайлал л үүнийг өөрчилж чадна.
-УИХ-ын төлөөлөх чадварыг ярихын өмнө түүнийг бүрдүүлдэг улс төрийн намын төлөөлөх чадварыг ярих нь зөв юм биш үү. Ер нь ямар хүн нэр дэвших ёстой вэ, намууд яг яах хэрэгтэй байна гэж та харж байна вэ?
-Яг зөв. Бид хаа хаанаа парламентын төлөөлөх чадварыг л яриад байхаас улс төрийн намын төлөөлөх чадварыг ярьдаггүй. Улс төрийн нам гэдэг бүлгийг муухай бохир л гээд оролцохоос ч, ярихаас ч аль болох зугатааж ирсэн. Гэтэл энэ улс төр, засаглал, нийгмийн хямралын эхлэл цэг нь нам өөрөө болчихоод байна. Тэгвэл бид тэрийг өмхий ч гэсэн угааж цэвэрлэхээс өөр замгүй. Өнөөдрийн нам маргаашийн Монголын төр шүү дээ. Улс төрийн намын төлөөлөх чадвар, соёл, төлөвшил гээд бүх зүйлийг эмхэлж цэгцэлж байж бид парламентаа сайжруулах боломжтой. Нам өөрөө үүнийг ухамсарлахгүй бол сонгууль ямар ч тогтолцоогоор явсан, 126 гишүүнтэй болсон ч чанарын хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй л дээ. Дахин хэлэхэд, залуус, манай сонгогчид тун хэрсүү болсон. Тэдэнтэй хөл нийлүүлж нам хөгжиж,хэл хөл зэрэгцэж ирэхгүй бол болохгүй цаг ирсэн шүү гэдгийг хэлмээр байна.Тиймээс намууд өөрсдөө тэсч үлдэхийн тулд энэ удаад нэр дэвшүүлэх хүмүүсээ маш ихээр бодох хэрэгтэй, судлах хэрэгтэй. Яг л олон түмний төлөөлөл болох нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангалттай оруулж ирэх хэрэгтэй. Алдагдсан итгэлийг олж авахын төлөө хичээх нь нэг талаас намд нь хэрэгтэй, цаашлаад төр засаг, улс орны эрх ашигт хэрэгтэй юм даа.
-Сонгуулийн зардал асар их өсөхөөр байгаа. Хямд төсөр аргаар сонгууль явуулах ямар боломжууд харагдаж байна вэ?
-Сонгуулийн зардлыг бууруулна гэдгийг ярьсаар өнгөрсөн жилийн өдийд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн зардлыг бууруулахад том алхам боллоо гэж харж байсан. Гэтэл сонгуулийн тойргоо бүсчилж зураад энэ зорилгоосоо ухарчихлаа. Тоглоомын дүрэм биднээс шалтгаалахгүй ингээд зурагдчихсан. Намууд аль хувилбар бидэнд ашигтай вэ гээд бодоод ирэхээрээ тэр хуулийг баталж байгаа нөхөд амин хувийн эрх ашгаа тооцохоор гажуудал үүсгэдэг. Өнөөгийн парламентад байгаа дөрөв, тав сонгогдсон нөхөд одоо хуучин тойргоосоо гарах боломжгүй, харин зэргэлдээ аймгуудтайгаа нийлчихсэн тохиолдолд надад ямар боломж гарч ирэх вэ гээд тоо бодчихсон тал байгаа нь үнэн. Үнэхээр 10-20 жил энэ хүнээр төлөөлүүлээд юу ч өөрчлөгдсөнгүй гэж бодсон иргэн өөрчлөлт хийе гэхэд нөгөө тойргийн иргэн арай таньдагаар нь өнөө нөхрийг л дугуйлах гээд байгаа хэрэг шүү дээ.
Өнөөдөр хэдэн аймаг дамнаад хэдэн зуун км давхихад зардал чирэгдэл үнэхээр их байна. Намын жагсаалтад нэр дэвшигчдээсээ нам нь авах мөнгөний тоо ч тав, арван тэрбумаар яригдаж байна. Хуулиар дэнчин байхгүй ч намуудын дунд энэ тоо яригдаж байгаа нь нууц биш. Дахиад л нөгөө намуудыг хэлэх гээд байна.
Намд сонгуулийн зардлыг бууруулах хүч нь байгаа. Техник технологийн дэвшлийг ашиглаад арай өөр соёл тактикаар сонгуульдах боломж байгаа шүү дээ. Зүгээр сэтгэл байгаад санаачилга байвал олон боломж бий. Өнөөдөр гишүүд хийсэн ажлын тайлангаа тавих хуулийн хугацаа эхлээд явж байна. Зарим гишүүд сошиал сүлжээгээ ашиглаад тайлангаа тавьж байгааг би хувьдаа зөв гэж харж байна. Сонгуулийн зардлын дийлэнх хувь хэвлэл мэдээллийн зардалд зарцуулагддаг.
Сонгогчдыг хараад байхад, хэвлээд өгсөн тайланг нь хогийн саванд хийснээ чухал зүйл гэж бодоод байх шиг байна. Юу хийсэн бэ гэж асуугаад юмаа ярихаар уурлаад байдаг. Нэг талаас иргэдийн итгэл ингэж унатал өнгөрсөн хэдэн арван жил явж ирсэн байна, нөгөө талаас иргэд бид ингэлээ гээд юуг ч өөрчлөхгүй гэдгээ ухаарах цаг болсон. Харин хэн яг ямар хууль баталсан, тэр нь бидний амьдралд ямар ач тус авчирсныг нөгөө ясыг нь цайтал асуух хэрэгтэй, тайланг нь нэхэх хэрэгтэй. Ухаалаг утсаа ухаалгаар ашиглаад, тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ судлаад үзээрэй гэж уриалмаар байна. Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж ирсний хор уршиг өнөөдрийн бидний байгаа байдал шүү. Сонгогч та ч сонгуульд үүрэг хариуцлага хүлээх ёстой. Эс бөгөөс энэ улс төр танаас улам л алсрах болно гэдгийг хэлмээр байна.
-Ямар хүмүүст ээлтэй, ямар хүмүүст халтай сонгууль болох бол?
-Дээр хэлсэнчлэн олонд танигдсан хүмүүст боломж илүү. Залуучууд, шинэ тутам хүмүүс, эмэгтэйчүүдэд энэ боломж үнэхээр хумигдмал байгаа нь илт. Уг нь гишүүдийн тоог 126 болгоно гэхдээ төлөөллийг хангана гэсэн ч энэ байдал харагдахгүй л байна. Хүн амын 51 хувь болсон эмэгтэйчүүдийн төлөөллийг хангаагүй байхад залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бусад бүлгийн төлөөлөл хангагдах нь ёстой наян нэг дэх асуудал болчихож. Одоо энэ маягаараа 126 гишүүний 100 нь эрэгтэй гишүүн гарахаар байна. Жагсаалтын 50 хувь нь эмэгтэй гэж байгаа ч тойрогт ердөө 14 эмэгтэйг л явуулахаар намууд төлөвлөж байгаа нь нууц биш. Тэгэхээр 13 тойрогт 14 эмэгтэй. Арван мандаттай тойрогт ганц эмэгтэй нэр дэвшигч байна л гэсэн үг. Сонгуулийн тухай хуулинд аль нэг хүйсийг нэр дэвшүүлэх доод хэмжээ нь 30 хувь байна шүү гэж зааж өгсөн нь дөнгөж тэр босгоо давуулаад нүд хуураарай гэсэн үг биш л дээ. Уг нь өнгөрсөн жилийн өдийд манай улс төрийн 10 нам өөрсдийн дотоод бодлогоороо аль нэг хүйсийн оролцоог дор хаяж 40 хувьд хүргэнэ гэж амласаны сонины хуудас нь шарлаж амжаагүй байгаа. Тэр 10 нам арвуулаа СЕХ-нд бүртгэгдсэн 25 нам дотор байгаа. Тэгэхээр тэднийг амлалтадаа хэрхэн хүрэхийг харъя гэж бодож байна. Хэвлэлүүдээр тойргуудад хэн, хэн явах тухай сонгуулийн прогноз эмэгтэйчүүдийн тоон дээрээ алдсан байх гэж л найдаж байна даа. Нээрээ, дээр хэлсэн иргэд улс төрийн намуудад итгэхгүй байна гэдэг дээр яагаад гэхэд юу гэж хариулсан гэж бодож байна?
-Юу гэж хариулсан юм бол?
-Намууд амласандаа хүрдэггүй учраас иргэд итгэхгүй байна гэсэн. Сонгуулиар амласныг нь дөрвөн жилийн дараа мартчихдаг гэж намууд боддог бол иргэд хэрсүү болсон шүү. Жилийн өмнөхийг бүр ч мартаагүй байгаа шүү гэдгийг анхааруулчихья.
-Монголчууд зөв хүнийг төрд гаргах ёстой гэдэг. Гэтэл тэр зөв хүмүүс нь мөнгөгүй байдаг. Мөнгөгүй хүмүүс сонгуульд ялах боломжгүй. Тэгэхээр яавал зөв хүмүүсийг УИХ-д гаргаж ирэх вэ?
-Бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сонгууль дөхөөд ирэхээр эд нар царай алдаад ирдэг юм, гуйдаг юм гэж бидний дийлэнх боддог. Үнэхээр ч тэгдэг. Бид ч арай дээр гэж бодсондоо саналаа өгдөг, тэд мартдаг. Одоо бид ч бас алхам хийдэг болох хэрэгтэй. Яг үнэндээ биднийг төлөөлж чадах сэтгэлтэй, зүтгэлтэй зөв хүмүүст мөнгө байхгүй. Өнөөдрийн улс төрийн тоглоомын дүрмээр тоглож чадахгүй. Нүүрсээр мөнгө олохгүй, зээлийн сангуудаас мэдээлэлд ойр гээд мөнгө авдаггүй. Энэ төр улсаа байгуулах үйл явц бол бидний үүрэг учраас хэн над дээр ирэх вэ гээд хүлээж суулгүй, хэн шиг хүнийг дэвшүүлбэл танай намд саналаа өгөх вэ гэдгээ илэрхийлж сурах хэрэгтэй. Намууд санал их авч, суудлын тоогоороо төр засаг байгуулах эрхээ авдаг. Тиймээс тэдний чих зөөлөн байх энэ үед бид хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас “дүлий” энэ намуудыг иргэдээ сонсдог болгох хэрэгтэй. Бид улс төрийн боловсрол, иргэний боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай.
Бид энэ чиглэлд хэдий чинээ харанхуй байна, намууд тэр хэрээр наадаж байна шүү дээ. Бид өөрсдөө УИХ-ын гишүүн хүний хийх ёстой үүргийг ч мэдэхгүй, сургуулийн дээврийн зардал, аар саар юм нэхсээр байгаад үндсэн том бодлогын өөрчлөлтийг тэд хийхгүй аргацааж ирлээ. Тийм ажил хийж байгаа хүмүүсээ үнэлж, ялгаж салгаж чадахгүй. Орон нутгийн сонгуулийн ач холбогдлоо мэдэхгүй, ирцэндээ ч хангалттай хүрэхгүй явсаар өнөөдөр ямар аймаг, ямар хотод амьдарч байгаагаа хар л даа. Тэгэхээр бид яг энэ мөчид улстөрчид ингээд байна гэхээсээ бид юуг хийж чадах вэ гэж асуувал өөрчлөлтийг илүү түргэн авчрах юм шиг санагдах болсон шүү. Сонгуулийн өдөр эртхэн очоод саналаа өгчих хэсэг байхад орой болтол нэг санал хэдэн төгрөг болох бол гээд хүлээдэг хүмүүс бий болсон. Энэ бүхэн өнөөдөр бидний амьдралыг чөтгөрийн тойрогт оруулсан шүү. Таны саналыг мөнгөөр авч байгаа хүмүүс бол таны ирээдүйг юугаар ч худалдахад бэлэн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өөрийг чинь үнэ цэнтэй байлгах тэр эрхэнд чинь мөнгөөр халдахыг хэнд ч битгий зөвшөөр. Тийм оролдлого хийж байгаа хүмүүсийг төрд гаргавал тэр аргаараа бүгдэд хандах этгээд гэж хар жагсаалтадаа бичээд аваарай. Ингээд өөрийн зүгээс нэг алхам хийхэд, дараа дараагийн олон шат урагшлах боломж гарч ирнэ гэж хэлмээр байна даа. Нэг үеэ бодвол юмс сайн тал руугаа эргэж байгаа гэж санагддаг. Ядаж итгэхийг хүсдэг.
Өнгөрсөн хугацаанд бидний алдаа бол улс төрийн намын төлөвшлийг өөрт нь даатгаж үлдээсэн явдал. Энэ алдаагаа засаж, намыг төрөөс санхүүжүүлэх, үүрэг хариуцлагыг санхүүжилттэй холбосон гээд олон чухал өөрчлөлтүүд хийгдсэн. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь нам. Харин ямар тохиолдолд энэ боломжтой вэ гэвэл олон нийтийн хяналт дор. Тэгэхээр иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх тал дээр л ажиллах шаардлага гарч байна. Гэтэл улс төрийн боловсрол олгох хамгийн том платформ бол улс төрийн нам өөрөө байдаг. Шинэ хуулиар улс төрийн боловсрол олгох, нийгмийн бүлгийн төлөөллийг хангахыг үүрэгжүүлж, хариуцлагыг санхүүжилттэй нь холбож өгсөн нь хамгийн том амжилт гэж харж байна. Гэхдээ хариуцлагын механизмыг сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Ингээд харахаар бүх зангилаа нам руу чиглэж байгаа биз. Тэгэхээр нэг талаасаа намууд хичээж нөгөө талдаа иргэд бид ч хичээх ёстой. Тэр ч утгаараа олон жил улс төрийн тойм нийтлэл бичиж ирсэн миний хувьд улстөрчтэй үзэлцээд байсан аргаа өөрчилж, иргэдэд улс төрийн мэдлэг боловсрол олгох чиглэлд ажиллаж байна даа.
Өдрийн сонин