Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 5 жилийн хугацаатай “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн засварлах” тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо.
Монгол Улсын Төмөр замын салбарт сүүлийн үед Олон улсаас буюу АНУ-аас нийлүүлэгдсэн зүтгүүр, ОХУ-д үйлдвэрлэгдсэн вагонуудыг засварлах боломжтой засварын төв үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Ийнхүү төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл бүрдсээр байна.
Вагон засварын депо нь жилд нийт 1500 гаруй ачааны вагоны дунд болон их засварыг хийх хүчин чадалтай бөгөөд Монгол улсдаа хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үндсэн 6 цех, 4 тасаг бүхий 2 засварын зам, 6 комплект домкрат 104 төрлийн хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмж, гар багажуудаас бүрдсэн цогцолбор депо юм.
Зүтгүүрийн депо нь техник үйлчилгээ, урсгал болон их засварыг хийх зориулалтаар барьж байгуулсан бөгөөд хоёр зам бүхий зэхэлтийн хэсэг, нэг үзлэгийн суваг бүхий бага засварын цех, хоёр үзлэгийн суваг бүхий их засварын цех гэсэн гурван томоохон хэсгээс бүрддэг.
Энэхүү засварын цехүүдийг орчин үеийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж, гадна зам засварын өргөгч чирэгч машин механизм, хагас автомат тоног төхөөрөмж болон чанартай багаж хэрэгслээр тоноглосноор онцлогтой юм гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.