Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны хоёрдугаар сард 3391.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 116.22, өмнөх сарынхаас 15.53 төгрөгөөр чангарав.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3661.68 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 102.58, өмнөх сарынхаас 55.14 төгрөгөөр чангарсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 37.02 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.12, өмнөх сарынхаас 1.15 төгрөгөөр чангарсныг Монголбанк мэдээллээ.
Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 471.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 42.28, өмнөх сарынхаас 3.61 төгрөгөөр чангарсан аж.