Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 их наяд төгрөгөөр буюу 24 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 36 хувиар, төгрөгийн харилцах гурван их наяд төгрөг буюу 53 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг байгаагийн 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж тус тус эзэлж байна.
Иргэдийн хадгаламж 15 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 29 хувиар өсжээ. Харин байгууллагын хадгаламж 2.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 98 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
"Чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ"
Нийт зээлийн өр үлдэгдэл хоёр хоёрдугаар сарын эцэст 28 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөгөөр буюу 24 хувь өссөн байна.
Энэхүү өсөлтөд иргэдийн зээлийн өр үлдэгдэл 4.5 их наяд төгрөгөөр буюу 38 хувиар, хувийн байгууллагын зээлийн өр үлдэгдэл 776 тэрбум төгрөг буюу найман хувиар өссөн байна.
- Хэвийн зээлийн үлдэгдэл 24.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр буюу 30 хувиар өссөн байна.
- Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 163 тэрбум төгрөгөөр буюу 12 хувиар өссөн байна.
- Чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 211 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар буурчээ.