МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасанг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Тус газраас найман хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг бөгөөд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүд боловсруулагдаж байгаа аж. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах орчин нөхцөлийг сайжруулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, нэг талаас хэрэглэгчийн эрх, нөгөө талаас ААН-ийн зах зээлийг хамгаалах зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна гэж ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан танилцуулав.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цаашид бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг урьж оролцуулсан хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулж, тэдний саналыг хуулийн төсөлд тусгуулах, МҮХАҮТ, ШӨХТГ хамтран ажиллах санамж бичиг байгуулах, санамж бичгийн мөрөөр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж, ШӨХТГ-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой бодит мэдээллийг түгээх зэргээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.