“Бодь интернэшнл” ХХК нь “R&D center” судалгаа, хөгжүүлэлтийн төвийг байгуулж, тус төвөөр дамжуулан төмөр замын дэд бүтцийн салбарт олон улсад шинээр нэвтэрч буй өндөр технологиудыг нутагшуулах, судлах, оюутан залуусыг дадлагажуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа талаар ТНАЛТ төсөл хариуцсан захирал Т.Даваадалай МҮХАҮТ-ын ажилтнуудад танилцуулав.
Түүнчлэн, "Бодь" группийн амжилттай хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийв. Тус компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 2022 онд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх бөгөөд жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэн экспортод гаргах хүчин чадалтай юм.
Жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай “Тавантолгой нүүрс ачих логистикийн төв” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа аж. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг мөн 2024 оны 10 сар хүртэл хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
“Бодь интернэшнл” ХХК-ийн 30 жилийн ой энэ онд тохиож, ойн хүрээндээ нийгмийн хариуцлагын төслийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэн хамтран ажиллахаар нээлттэй зарлажээ.
Тус компани нь 2012 онд МҮХАҮТ-ын гишүүнээр элссэн бөгөөд Танхимын ПЛАТИНУМ гишүүн, Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийн нэг билээ. Цаашид МҮХАҮТ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Танхимын дэргэдэх Бизнес академийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах зэргээр хамтран ажиллахаар ярилцав.