МҮХАҮТ-ын “LADY ENTREPRENEUR” ёслолын арга хэмжээг зохион байгуулахад “Рио Тинто Монгол” ХХК болон Бизнесийн ёс зүйн төв дэмжлэг үзүүлэн хамтран оролцлоо.
Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх, арга туршлагаас хуваалцахаас гадна өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэмжин урамшуулах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилгын хүрээнд зохиогдсон тус арга хэмжээнд “Рио Тинто Монгол” ХХК – ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал илтгэл танилцуулав. Тэрээр илтгэлдээ “Рио Тинто компани 150 жилийн түүхтэй. Биднийг үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж дэлхийн 35 улсад 52 мянган хүнтэй нүсэр том бизнесийн амжилттай авч яваагийн гол нууц, үндсэн суурь БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ юм.
Эдийн засаг, бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд Та бүхэн өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэх, нэмэгдүүлэх нь бизнест тань өсөлтийг авчрах төдийгүй Монголд ёс зүйтэй бизнес нутагшихад онцгой чухал үүрэгтэй” гэдгийг онцлов.
“LADY ENTREPRENEUR” арга хэмжээний үеэр “Ёс зүйтэй манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн модератороор Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн төслийн зохицуулагч А.Амартүвшин, панелистуудаар Х.Амаржаргал /Рио Тинто ХХК-ийн Гүйцэтгэх захирал/, М.Мөнхжаргал /JCI Mongolia Women Club -2023 оны ахлах/, Р.Мөнхтуяа /Хаан банкны Гүйцэтгэх захирал/, С.Болор /Тэсо ХХК-ийн Гүйцэтгэх захирал/ зэрэг төлөөллүүд оролцож байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, ХААН банк бодлого журам болон байгууллагын соёл, удирдлагын манлайллаар дамжуулан “ethical banker” хөтөлбөрийг ажилтнууддаа хүртээмжтэй байдлаар зохион байгуулдаг харилцагчдадаа зориулан ногоон хөгжил болон эмэгтэйчүүдэд зориулсан бага хүүтэй, хөнгөлөлтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар туршлагаа хуваалцлаа. Мөн ТЭСО ГРУПП ХХК – ийн хувьд бизнесийн ёс зүйг тогтвортой хөгжил болгон авч үзэж үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг, ажилтнууддаа, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг талаарх мэдээллээ хуваалцлаа. Мөн Рио Тинто Монгол компанийн зүгээс МҮХАҮТ – ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн төвөөр бизнес эрхлэгчдийг өргөнөөр үйлчлүүлж, үйл ажиллагаанд хамрагдаж байхыг уриаллаа.
Хэлэлцүүлэгт оролцсон панелистууд бизнесийн ёс зүйд эмэгтэйчүүдийн оролцоо, үлгэр дуурайл чухал бөгөөд ёс зүйтэй бизнес нь тогтвортой, урт хугацаанд оршин тогтнож үр, ашгийг нэмэгдүүлдэг гэдэг талаар санал нэгдэж, байр сууриа илэрхийллээ.
70 орчим аж ахуйн нэгж байгууллагаас 12 номинацид шагналт байр тодруулсан бөгөөд “Lady Entrepreneur – 2023 ” Гран При Шагналын эзнээр Тэсо Групп ХХК тодров.