Энэхүү нийтлэлээр дэлхий дахины улс төрд зонхилж буй улс төр-эдийн засгийн идеологиудыг (прогрессивизм, социал демократизм, либерализм, консерватизм, либертаризм) нэг бүрчлэн тайлбарлах болно. Социализм, интервенционизм, капитализмыг нийтлэлдээ багтаасангүй. Учир нь бүхий л үйлдвэрлэл, хуваарилалтыг төр дангаар явуулдаг, шийддэг "социализм", эдийн засаг дахь төрийн оролцоог чухалчилдаг "интервенционизм", хувь хүмүүс үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх, өмчөө бусадтай чөлөөтэй солилцох боломжтой, интервенционист арга хэмжээнүүд хэрэгждэггүй эсвэл бараг хэрэгждэггүй "капитализм" нь эдийн засгийн системүүд юм. Зөвхөн эдийн засгийн хүрээг хамардаг эдийн засгийн системтэй харьцуулахад улс төр-эдийн засгийн идеологи нь нийгэм-соёлын хүрээг ч хамардаг өргөн цараатай.
Прогрессивизм
19-р зууны төгсгөл үеэс дэлхий дахинд төрийн үүргийг нэмэгдүүлэх интервенционизмын үзэл санаа үйлдвэрлэлийн хэрэгслийг төр ганцаар өмчлөх социализмын үзэл санаатай цуг хүч түрэв. Германы Хаант Улсын анхны канцлер, орчин үеийн халамжийн төрийг үндэслэгч Отто фон Бисмаркийн төрийн оролцоо, нийгмийн халамжийн бодлогыг нутаг орондоо хэрэгжүүлэхийг хүссэн америкчууд "прогрессивизм" гэх үгээр хөдөлгөөн, идеологио нэрлэлээ. 20-р зууны эхэн үеэс АНУ-ын засгийн газрын эдийн засгийн бодлого ийнхүү зүүн тийш хазайснаар тус улсад төв банк, орлогын татвар, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, төрийн мэдлийн сургууль, эмнэлэгүүд бий болжээ. Өмнөх ерөнхийлөгч Херберт Хуверийн төрийн оролцооны арга хэмжээнүүдийн царааг тэлж, тоог нь нэмж, цогц хөтөлбөрөө "New Deal" гэж албан ёсоор нэрийдсэн Франклин Рузвельтийг тодорхойлох олон нэршлийн нэг нь прогрессив.
Прогрессивизм нь үгийн гарлаа Карл Марксын түүхэн материализм болон цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юмс байнга сайжирч байдаг хэмээн үздэг "Whig theory of history"-оос зээлсэн юм. Төрийн үүрэг нь өмчийн эрхийг хамгаалахаар хязгаарлагддаг (сонгодог) либерал систем үеэ өнгөрөөсөн агаад орчин цагт нийгмийн амьдралд гүн оролцох интервенционист, социалист төр бол дэвшил (прогресс) гэдгээс прогрессивизм улбаатай. Монгол хэлнээ дэвшилтэт үзэл гэж буудаг прогрессивизм нь өдгөө эдийн засгийн хувьд төрийн оролцоо, орлогын дахин хуваарилалтыг, соёлын хувьд Христийн шашны эсрэг ёс зүйг илэрхийлдэг. Эрчүүд эмэгтэйчүүдтэй нэг шоронд хоригдох, цэцэрлэгийн хүүхдүүдэд сексийн талаар заах, хүйсийн тоо хязгааргүй гэж сурталдах, шашин, соёл тэс өөр цагаачдыг нутагтаа оруулж татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх, үндэстний цөөнхөд халамж, квот олгох зэргээр давуу байдал өгөх гэх мэтчилэн Өрнөдөд өрнөж буй энэ бүгд прогрессивизм. Үүн дээр уур амьсгалын өөрчлөлтийн аюулаар халхавчлагдсан ногоон социализм нэмэгдэнэ.
Прогрессивизм бол чөлөөт зах зээлийн болоод хуулийн доорх тэгш байдлын эсрэг хөдөлгөөн, идеологи. Үл ялгаварлал, нийгмийн шударга ёс, хайр, энэрэл, нинжин сэтгэл зэрэг урианы ард зогсдог прогрессивизмын мөн чанарыг нэг үгээр хураангуйлбал тэгш байдал. Нийгэм тэгш байдлын идеалд ойртох тусам өлсгөлөн, хаос, хядлага нийгэмд ойртдог.
Социал демократизм
Социал демократизм бол хувьсгалын замаар бус, парламентын ардчиллын замаар социализм байгуулна гэсэн үзэл байв. Ардчилсан социализм гэж орчуулагдана. Харин 1959 онд батлагдсан Германы Социал Демократ Намын "Годесбергийн хөтөлбөр"-өөс хойш социал демократ гэдэг нэршлээр социализмд ардчилсан аргаар хүрнэ гэх нэгнийг бус, эдийн засаг дахь төрийн оролцоо, дахин хуваарилалт, халамжийн төрийг дэмжигч интервенционистуудыг нэрлэх явдал түгсэн юм. Социал демократ үзэл нь эрх чөлөө, хүний эрх зэрэг үгсийг байнга ашигладаг. Гэвч социал демократуудынхаар хүний эрх гэдэг нь төрөөс олгогдох үнэгүй зүйлс. Тэд аливаа хүн нийтийн эдэлж, хэрэглэж буй зүйлийг хэрэглэж чадахгүй аваас түүнийг эрх чөлөөгүй гэж тооцно. Энэ нь позитив эрх, позитив эрх чөлөөний ойлголт. Төр татвараар санхүүждэг тул хэн нэгний позитив эрхийг (үнэгүй сууц, үнэгүй хүнс, үнэгүй хувцас, үнэгүй боловсрол, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ) хангахын тулд бусдынх нь өмчийн эрхэнд халдах ёстой. Социал демократизм нь мэдээж ардчиллыг шүтдэг. Гэлээ ч ардчилал нь эрх чөлөөтэй огтоос хамаагүй, ердөө л олонхын засаглал, олонхын шийдвэр.
Хойд Солонгос, Куба, Венесуэл гурвыг эс тооцвол дэлхий дээрх бүх улс социал демократ эдийн засгийн системтэй. ОХУ, Хятад, АНУ, Английн эдийн засгийн систем нь зарчмын хувьд яг адил социал демократ, интервенционист ба төрийн оролцооны түвшин, капиталын хуримтлалаараа ялгагдана.
Либерализм
1812 оны Испанийн Үндсэн хуулийн зөрчлөөс хойш либерал гэх нэршил улс төрийн хүрээнд ашиглагдаж эхэлсэн хэдий ч Жон Локк, Томас Жефферсон, Уильям Гладстон нарын үүнээс өмнөх хийгээд дараах үеийн чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг дэмжигчдийг 19-р зуунд либерал хэмээн авгайлдаг байлаа.
20-р зууны эхэнд Их Британийн Либерал Нам дотор өөрсдийгөө "шинэ либерал", "социал либерал" гэсэн халамжийн төр, төрийн оролцоог дэмжигсэд олширч, цаашлаад олонх болж халамжийн төрийн суурийг тавьснаар салхи эргэв. Хенри Кэмпбелл-Баннерман, Дэвид Ллойд Жорж, Херберт Хенри Асквит нараар толгойлуулсан Либерал Нам 1906 онд сонгуульд ялаад тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн даатгал, үнэгүй сургууль зэрэг зүйлсийг нэвтрүүлэхийнхээ хажуугаар мэдээж татвар нэмсэн байна. Их Британи дахь халамжийн төрийн эцэг нь Либерал Нам. Энэ үеэс эхлэн Өрнөдөд либерал гэдэг нэршлийг зүүнтнүүд өөриймшүүлчихсэн учир өнөөдөр либералууд нь эдийн засгийг зохицуулдаг, татвар өндөр тогтоодог, албадан вакцин шаарддаг, ямар үг хэрэглэх, хэрэглэхгүйг заадаг, хүйсийн тоо хязгааргүй гэж сурталддаг, эдгээрээ хүний эрх гээд бусдад тулгадаг буюу төрийн оролцоог бүх түвшинд нэхдэг. Тэд Соён гэгээрлийн үеийн, 18-19-р зууны либералуудын чанх эсрэг нь. Чөлөөт зах зээлийг дэмжигчид либерал гэдэг нэр үгийн өмнө "сонгодог" гэх тэмдэг нэр нэмсэн, "либертари" хэмээх шинэ нэр өөрсдөдөө авсан шалтгаан нь энэ. Австрийн эдийн засагч Людвиг фон Мизес 1927 онд хэвлэгдсэн "Либерализм" номондоо үгийн утга алдагдсанд харуусан ийн өгүүлэв. "Өнөөдөр дэлхий ертөнц либерализмын тухай сонсохыг хүсэхгүй байна. Англиас бусад оронд "либерализмыг" ил цагаан хориглочихсон. Англид либералууд бий боловч дийлэнх нь нэр төдий буюу аядуу социалистууд."[1]
Чөлөөт зах зээл, өмчийн эрхийн төлөөх (сонгодог) либерализмыг эдгээрийг үгүйсгэдэг (социал) либерализмтай хольдог, нэгтгэн ойлгодог үзэгдэл хавтгай, сэхээтнүүд тоймгүй. Тэдгээрийн нэг нь нэрт улс төр судлаач Фрэнсис Фукуяма. "Либерализм нь прогрессивуудын нийгмийн шударга ёсны зорилготой нийцтэй бөгөөд либерализмын хамгийн аугаа амжилтуудынх нь нэг бол 20-р зууны сүүлээр тогтсон дахин хуваарилалтын халамжийн төрүүд юм."[2] гэж тэрээр 2020 онд бичиж байв. Либерализм, либерал ардчилал гэсэн үгээр Өрнөдийнхөн эдийн засаг дахь төрийн оролцооны систем, зүүний үзлийг хэлдэг гэдгийг монголчууд ойлговол зохино. Товчоор хэлэхэд, либерализм, либерал ардчилал нь социал демократизмын өөр нэршил болоод даруй 100 жил өнгөрчээ. Дэлхий дээрх хамгийн том нео-марксист нам АНУ-ын Ардчилсан Намын сонгогчдыг либерал гэнэ.
Нөхцөл байдал зөвхөн АНУ болоод Баруун Европд иймдээ тулаагүй. Японы эдийн засаг "Lost Decade" гэж шившиглүүлтлээ хямарсанд, япон компаниуд зомби хоч авсанд, 2022 оны 12-р сарын байдлаар Японы засгийн газрын өр ДНБ-ийнхээ 225.9%-д хүрсэнд[3] Японы Либерал Ардчилсан Намын интервенционист бодлого, төв банкных нь мөнгө хэвлэлтийн арга хэмжээ буруутай. Тус харьцаагаар Японы засгийн газар дэлхийд нэгдүгээрт явж буй. Японы капиталын хуримтлал, технологийн дэвшил, иргэдийнх нь хөдөлмөрч зан нь либерал ардчилагчдын гамшгийг зөөллөж ирэв.
Консерватизм
18-р зууны Их Британийн улс төрд эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг торичууд (Tories) нь төрийн оролцоог эсэргүүцдэг (Whigs) вигүүдтэй тэмцэлддэг байв. 1834 онд Их Британид Тори Намын суурин дээр Консерватив Нам байгуулагдсанаар консерватизмын түүх эхэлжээ. Консерватив Намыг байгуулан торичуудын үзэл баримтлалыг дотроос нь өөрчлөх оролдлого гаргасан агуу сонгодог либерал Сэр Роберт Пил 1846 онд нам доторх чөлөөт зах зээлийг үгүйсгэгчидтэйгээ импортын хүнсэн дээр тогтоосон гаалийн татвар "Эрдэнэ шишийн хууль"-иас болж тулалдан ялагдаж, ерөнхий сайдаасаа огцорсон нь консервативууд анхнаасаа лесе-фер капитализмын эсрэг байсныг харуулна. 20-р зууны эхэнд Хөдөлмөрийн Нам байгуулагдан өндрөө авч, Либерал Нам нь Фабианы ардчилсан социалистуудад эзлэгдэн зүүний үзэл рүү хэлбийсэн нь Консерватив Намыг ядаж ёс төдий нөгөө хоёроосоо эсрэг байр суурьтай байхыг шаардсан аж. Ингэснээр консервативууд чөлөөт зах зээлийг дэмждэг хэмээх ойлголт нийтийн дунд суув. Консерватив Намынхан Хөдөлмөрийн Нам болон Либерал Намаас арай аядуу зүүний, интервенционист бодлого барьж байсан нь мөн үүнд түлхэц болжээ.
Тэдний талаар Людвиг фон Мизес "Либералуудыг бүр хаяя гэж бодоход, консервативууд социалист үзэл санааг дэмжээгүй байсан бол Их Британи социалист болохгүй байх байсан."[4] "Сүйрлийг хэсэг хугацаанд хойшлуулсныгаа амжилт гэж боддог дундыг баримтлагчид бий. Тэд байнга ухарч байдаг. Арав, хорин жилийн өмнө хэлэлцэх шаардлагагүй хэмээн эсэргүүцдэг байсан арга хэмжээнүүдийгээ тэд өнөөдөр өөрсдөө санал болгоно. Өнөөдөр голж буй арга хэмжээнүүдийгээ хэдхэн жилийн дараа ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрнө."[5] гэж бичиж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Их Британийн эдийн засаг хэдэн арван дамжин (1945-1979) зогсонги байдалд орсон нь засгийн эрхэнд ээлжлэн гарч байсан 2 намын ижил бодлогын үр дагавар.
АНУ-д ч консервативууд бол дундыг баримтлагчид билээ. Улс төрийн ухааны эрдэмтэн Расселл Керкийн "Консерватив оюун" ном 1953 онд хэвлэгдэхээс өмнө АНУ-д чөлөөт зах зээлийн системийг өмгөөлөгсөд, баруун жигүүрийн үзэлтнүүд нь консерватив гэдэг үгийг өөрсдөдөө хамаатуулдаггүй, үзэн яддаг байж. Тэд байгалийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэн арилмагц тэднээс мохоо шинэ үеийнхэн нь болох коммунизмыг эсэргүүцэгч Бүгд Найрамдах Намын гишүүд, дэмжигчид нэг нэгнээ консерватив гэж дуудаж заншив.[6] Тэдгээр консервативууд, БНН-ынхан социализм-коммунизмыг тууштай сөрж байснаас капитализмыг бүтнээр нь сахин хамгаалах үйлсэд тун хойрго хандаж байв. Мизес институтын ерөнхийлөгч асан Жефф Дайстын БНН-ын консервативуудад зориулсан дараах шүүмжээс олон зүйл ойлгогдож ирнэ. "Прогрессив хувьсгал эхлээд 100 жил өнгөрчээ. Энэ хугацаанд консервативууд юуг ч хадгалсангүй (Консерватизм нь хадгалах, хамгаалах гэх зэрэг утгатай conserve гэсэн үгнээс гаралтай үзэл.) Тэд данхар төрийг цогцлоож, глобализмыг жинхэнэ капитализмаас дээрд үзэж, дэлхийн өнцөг булан бүрт Америкийн цэргийн хүчнийг байршуулдаг түрэмгий гадаад бодлогыг дэмжсээр. Хязгаарлагдмал төрийн төлөө зогсдог гэж хэлэх нүүр консервативуудад үгүй. Үр хөндөлт гэхчлэн нийгмийн асуудлууд дээрээ ч буулт хийн ялагдсан."[7]
Консерватив хэмээн зарлуулдаг АНУ-ын Бүгд Найрамдах Нам, Их Британийн Консерватив Нам бол нэг зоосны хоёр тал. Цаасан дээр барууны үзэлтэй хэр нь амьдрал дээр зүүн-төвийн үзэлтэй аядуу либерал, социал демократууд. Бусад зүүнтнүүд нь (АНУ-ын Ардчилсан Нам, Их Британийн Хөдөлмөрийн Намын либерал-прогрессивууд) улам зүүнжиж байгаагаас, ялангуяа нийгэм-соёлын асуудал дээр солиорол руу тэмүүлж байгаагаас либерал-прогрессивууд болон консервативуудын ялгаа одоо ч алга болчихоогүй хэвээр. Уламжлалт Христийн ёс зүй, жам ёсны эрэмбэ, гэр бүл, хувь хүний хариуцлага, хүйсийн ялгаатай байдалд суурилсан үүрэг, эх оронч, үндэсний үзэл зэрэг нийгэм-соёлын хувьд консерватив гэж тооцогддог үнэт зүйлсээ консервативууд хамгаалж чадаагүй нь эдийн засгийн хувьд сонгодог либерал, либертари байж чадаагүйтэй нь холбоотой. Дээрх үнэт зүйлсийг төрөөр хамгаалуулахыг хүссэн консервативууд төрийн үүргийг хязгаарлаагүй. Үр дүнд нь, либерал-прогрессивууд төрийн хүчийг ашиглан боловсролын, хэвлэл мэдээллийн, урлагийн гээд олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлдэг, залуу үеийнхэнд хамгийн хүчтэй нөлөөлдөг салбаруудыг гартаа оруулчихсан. Либерал-прогрессивуудын пропагандад автсан Өрнөдийн хүүхэд, залуучууд ёс суртахууны хэм хэмжээг үл ойшоодог, хедонист болон хүмүүжиж буйд консервативуудын шууд бус нэмэр бий.
Либертаризм
Либерал гэдэг үгээ интервенционист, социалист зүүнтнүүд булаалгасан баруунтнуудад шинэ нэр хайх шаардлага үүссэнийг анзаарсан хүмүүсийн нэг нь эдийн засагч, математикч, түүхч, улс төрийн онолч Мюррей Ротбард. Анархист социалистуудад харъяалагдаж байсан тус үгийг зөрүүлж өөриймшүүлэн, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дэмжигчдийн хэрэглээнд нэвтрүүлсэн тэрбээр либертаризмын оюун санааны эцэг юм. Либертари гэдгээр үүрэг нь хүний амь нас, хувийн өмчийг хамгаалахаар хязгаарлагдах хязгаарлагдмал төрийг хүсэмжилдэг сонгодог либералуудыг болоод хүчирхийллийн монополь аппарат болох төр үгүй чөлөөт зах зээлийн системийг мөрөөсдөг анархо-капиталистуудыг аль алиныг нь хэлж байв.
Харамсалтай нь, эрх чөлөөг дээдэлсэн нэр нь шал өөр төрлийн этгээдүүдийн анхаарлыг татсан юм. Тэд бол бүдүүлэг, эрээгүй авиртай, завхайрал, мансууралд живсэн, ижил хүйстэнтэйгээ явалдахыг ил тод уриалсан, олон эхнэр, нөхөртэй байх, бага насны хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татах сонирхолтой, уламжлалт шашин, соёлыг сохроор үзэн ядсан либертинист, хедонистууд болон эцэг, эхээсээ тэрсэлсэн, өөрийгөө өөр, онцгой гэж мэдрэх өвчинд нэрвэгдсэн өсвөр насны хүүхэд, залуучууд. Өөрөөр хэлбэл соёлын либерал-прогрессивууд. Мюррей Ротбард тэднийг жигшин "нигило", "модал" либертари хэмээн хочлон тусгаарлажээ. Үүнээс улбаалаад, "модал" либертариудын яг эсрэг буюу консерватив нийгэм-соёлын баримтлалтай, капитализмыг хүндэтгэдэг либертариуд "палео-либертаризм" гэдэг хөдөлгөөн үүсгэж байлаа. Мюррей Ротбард өөрийн шавь Ллевеллин (Лью) Роквелл, Ханс-Херманн Хоппе нарын хамтаар уг үзэл санаа, хөдөлгөөний үүсгэн байгуулагч, лидер байв. Ерөөс Австрийн эдийн засгийн сургуулийн онолыг баримталдаг, Мизес институттай холбоотой либертариудын дийлэнх олонх нь палео-либертариуд.
Жич: Өөрийгөө социал демократ гэж хэлэхээсээ ичсэн зүүнтнүүд зүүний-либертари гэдэг нэршлийг хэрэглэх нь ихэсжээ.
Дүгнэлт
Прогрессивизм, социал демократизм, либерализм, либерал ардчилал, зүүний-либертаризм нь нэг идеологийн өөр өөр нэршил гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Уг нэршлүүдийг хэрэглэдэг интервенционистууд намынхаа идеологи, улсынхаа нөхцөл байдал, сонгогчдын тухайн үеийн шийдвэрээс хамаарч төрийн оролцоог хэр их, хэр бага байлгах вэ гэдэг дээр л санал зөрөхөөс зарчмын хувьд төр эдийн засагт оролцох ёстой гэх ижил байр суурьтай байдаг. Эдийн засгийн бодлого дээрх байр суурийг нь харгалзвал консервативуудыг нэмэхэд ч хэтрүүлсэн зүйлгүй. Өрнийн иргэншлийг бүтээсэн чөлөөт зах зээлийн тогтолцоо, Христийн ёс зүйн зарчмыг ганц дагадаг хэсэг нь тун цөөн тооны сонгодог либералууд, палео-либертариуд.
Нийтлэлийг бэлтгэсэн: Мизес Монгол ТББ
Эшлэлийн жагсаалт
References
1. Mises, Ludwig von. Liberalism: In the Classical Tradition. p. 2.
2. Liberalism under attack, ifa.de, 2021.10.20.
3. Japan Government Debt: % of GDP, ceicdata.com.
4. Mises, Ludwig von. Theory and History. p. 319n.
6. Rothbard, Murray N. The Betrayal of the American Right. pp. 164-165.
7. The Trouble with Conservatives, mises.org, 2016.06.10.