Ардчилсан нам сонгуулийн пропорциональ тогтолцоог мөн ч олон жил ярьсан. Ямар сайндаа Ерөнхий сайд саяхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө УИХ-ын чуулганд танилцуулах үеэрээ “Та бүхний 15 жил хийсэн нөр их хөдөлмөрийн үндсэн дээр бид энэ төслийг оруулж ирж байна” гэж АН-ынханд хандаж хэлж байхав. Тэгэхээр бүтэн 15 жилийн туршид АН сонгуулийн тогтолцоог пропорциональ болгоё, гишүүдийн тоог олон болгоё гэж ярьсан байна. 2012 оны сонгуулийн дараа “Портуна” Н.Батбаяр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа “Дэлхийн жишгээр үзэх юм бол манай парламент 120 гишүүнтэй байх ёстой. Гэхдээ тооны бэлгэдлийг бодож 99 гишүүнтэй байхаар тусгалаа. Ес гэдэг их учиртай тоо” гэж хэлээд амьтны элэг доог болж байсныг бид мэднэ. Тооны бэлгэдэл гэдгээсээ болоод Их хурлаар оруулсан төсөл нь унаж байсан. Ийнхүү ҮХНӨ хийх тухай чуулганаар тав, зургаан удаа хэлцэгдэж, АН-ынхан сүүлдээ аргаа барж, үйлээ үзэж байсан нь үнэн. Нэгэнтээ зүтгэж байгаад ҮХНӨ-ийг хийж үзсэн ч санасандаа хүрч чадаагүй.
Олон жил ингэж шаргуу зүтгэсэн ажил нь биелэх болоод, Ардчилсан намынхны яг л ярьж байсан төслийг эрх баригч намын дарга, Ерөнхий сайд өөрөө санаачилж Их хуралд өргөн мэдүүлтэл АН-ынхан уухайлан дэмжих байтал улд нь захдаж суугаа нь гайхширал төрүүлж байна. Үндсэндээ өөрсдийнх нь зүтгэсэн өчнөөн жилийнх нь хүсэл биелж, түүнийг нь яг хийе гэтэл зөрүүд хүүхэд шиг гэдийгээд хэвтчихэж байгааг юу гэж ойлгох вэ. Хувь тэнцүүлсэн пропорциональ тогтолцоо, гишүүдийн тоог олон болгохыг АН-ын гишүүд чуулган дээр бүгд дуу нэгтэй эсэргүүцлээ. “152 гэдэг тоог Л.Гантөмөр даргатай төв намаас огт дэмжихгүй гэдгээ УИХ-ын гишүүддээ хэлсэн” л гэнэ, “Ардын намын оруулж ирж байгаа төслийг үг дуугүй дэмжээд гар өргөж чадахгүй ээ” гээд улд нь суугаад байгаа. Ер нь 152 гэдэг тоог АН-ынхан “Портуна”-гийнхаа 99 гэдэг шиг “элэг доог”-ны мэтээр бодоод байх шиг байгаа юм.
Тэгвэл 76:76 буюу пропорциональ системийн 50:50 гэсэн энэ харьцааг эрх баригч намын удирдлагууд маш ойлгомжтойгоор тайлбарлаж байгаа. 76 гишүүн шууд тойргоосоо сонгогдоно. Монгол Улс сонгуулийн 76 тойрогт хуваагдчихсан байгаа. Тэр бүхэн хуучин жишгээрээ эзэнтэй болно. Дээрээс нь нийгмийн салбар бүрийн төлөөлөл, дуу хоолой болсон үндсэндээ хөгжлийн бодлого тодорхойлох 76 хүн нэрээр сонгогдоно. Үүнд эрдэмтэн мэргэд, судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд, манайхны ийм л хүмүүс Их хуралд суух хэрэгтэй байна гэж яригдаад байдаг хүмүүсийн нэр ус ч яригдаж болно. Тухайлбал, Ж.Гүррагчаа, Н.Жанцанноров, Геологи уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга асан Б.Шаравсамбуу, нэрт нийтлэлч Баабар, Гэгээрлийн яамны сайд асан физикийн шинжлэх ухааны доктор Ч.Лхагважав, иргэн Д.Ламжав, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, орлогч дарга асан Л.Дашням, Боловсролын сайд асан философийн шинжлэх ухааны доктор Л.Чулуунбаатар, филосифич Б.Батчулуун, академич С.Нямзагд, уул уурхайн Д.Дамба, Н.Алгаа, нүүрсний Ж.Золжаргал, зохиолч нийтлэл ч Б.Наминчимэд... өөр хэн хэн байдгийн нийгэмд танигдсан салбар бүрийн төлөөллүүд намуудын жагсаалтад бичигдэх боломж бүрдэнэ.
Дээрээс нь эмэгтэйчүүд, залуучууд, эмч багш нар, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэн бизнесмэнүүд, үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллагууд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гээд ороод ирнэ. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргүүд гурав дөрөвхөн гишүүнтэй биш 20, 30 гишүүнтэй болоод ирнэ. Ингэж үндэсний хэмжээний сигментийн дуу хоолой тойрог бүрд багасч хуваагдана. Өөрсдийн төлөөллөөр дамжуулж тухайн иргэд, салбарынхны дуу хоолой Монголын парламентад орж ирж бодлогын мэтгэлцээний өрсөлдөөн болно гээд байгаа нь ийм учиртай. Тиймээс 76 нь тойргоороо, 76 нь нэрээр сонгогдох энэ хувилбар маш зөв болох нь харагдаад байгаа.
Судлаачдын “төлөөллийн зарчим хангагдана” гэж үзээд байгаа нь ч үүнтэй холбоотой. Улс төр судлаач доктор Д.Бумдарь “Манай улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш парламентын сонгуулиа мажоритар системээр явуулж ирсэн. Ингэснээр популистуудыг төрүүлсэн, ганцаарчилсан тоглолттой хүмүүсийг гаргаж ирсэн. Энэ нь улс төрийн намуудыг бэхжүүлдэггүй, зорилго нь тодорхой бус, улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг алдуулдаг”-ийг хэлж байна. Харин пропорционалийн хувьд цөөхөн гэлтгүй саналыг нь хувилаад гаргаад ирдэг учраас сонгогчийн нэг санал ч ганцдахгүйгээр төлөөллөө парламентад суулгах боломжийг бүрдүүлдэг.Ганцхан жишээ татахад 2008 оны сонгуулийн дараа АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгээс сонгууль хэрвээ пропорционалиар явах байсан бол гэх судалгааг хийж байсан.
Тэгэхэд тухайн үеийн Ху нам 33, АН 30, бие даагчид 4-5, ИЗН дөрөв, Иргэний эвсэл дөрвөн суудал авах нарийн судалгаа гарч байсан. Харин сонгууль мажоритараар явж МАХН 46, АН 27, ИЗН нэг, Их эвслийн Ногоон нам нэг, бие даагч нэг суудал авч байсан. Үндсэндээ Ардчилсан намд өгсөн ард түмний санал биелэлээ олоогүй, үр дүнд нь долдугаар сарын 1-ний үймээн болж байсан. Энэ цагаас л АН пропорционалийн тухай ярьж эхэлсэн байдаг. 2016-2020 оны парламентаар тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга 100-гаас дээш гишүүнтэй байх нь олон улсын жишгээр хамгийн зөв хувилбар байна гээд 114-өөс ярьж байгаад 108 гишүүнтэй байх ҮХНӨ-ийн төслийг Их хуралд танилцуулж байсан. Ингэж АН үе үеийн парламентын түүхэнд пропорциональ системийг ярьж, гишүүдийн тоог олон болгохыг дэмжиж ирсэн.
Тэгэхээр АН-ын нөхөд минь худлаа улс төр хийж, олны нүдэн дээр мэдэн будилж, ярьж зорьж байсан зүйлийнхээ эсрэг гэдийж тэнэглэцгээхээ одоо боль оо. Огтоос үнэмшилгүй, харин ч ард түмнээ басамжилж байгаа мэт харагдаж байна. УИХ-ын хурлын гишүүд ҮХНӨ-ийг сонгогч олонд танилцуулж ард түмнээсээ саналыг нь асууж байгаа. Нийтийн санал асуулга энэ өдрүүдэд ид явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд 152 гишүүн гэдгийг нийгмээрээ эсэргүүцэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж байна. Нийгмийн эл шуугианыг анзаарвал энэ бол үнэн зөв, ул суурьтай эсэргүүцэл биш.
Зүгээр л 76 хулгайчийг тэжээж дийлэхгүй байхад 152 хулгайчийг яаж тэжээж дийлэх юм бэ гэх хуучны бидний ярьдаг шиг шар хэвлэлийнхний хийрхэл, одоогийнхоор бол фэйсбүүк тветтерийн зүгээр л хий хоосон хийрхэл давлагаа. Энэ бол олон нийтийг мунхруулж төөрөгдүүлэх гэсэн маш хортой хийрхэл гэдгийг монголчууд ойлгох хэрэгтэй. 76 гишүүн 40 их наядыг идсэн бол одоо хоёр дахин өсөөд 80 их наядыг идэх нь, энэ улс орныг тэр чигт нь цөлмөх нь гээд орилолдож бархиралдаад байгаа. Юмны учир зүйг мэдэх, аливааг наанатай цаанатай салгаж ойлгодог хүмүүст бол энэ бүхэн инээдэм. 76 хулгайч хоёр дахин нэмэгдэж 152 болох нь, 40 их наядыг биш 80 их наядыг идэх нь гэдэг энэ хоёр яриа бол ямар ч ор үндэсгүй худлаа зүйл. Тиймээс үүнийг дөгөөж тэнэглэцгээх хэрэггүй. Түшмэлээ тэжээж чаддаггүй төр гэж хаана ч байдаггүй. Хэрэвзээ түшмэлээ тэжээж чадахгүй юм бол төр засагтай байхын хэрэг юу байгаа юм. Харин хулгайчид мөнгө төлөхгүй гэсэн нийгмийн хийрхэлд автаж байж улс эх орноо алдах хэмжээнд хүрэх вий. Туурга тусгаар улс орны тусгаар тогтнол гэдэг таван халтар цаасаар хэмждэг зүйл биш.
Монголын парламент 152 гишүүнтэй болоод одоогийнхоос хоёр дахин илүү төрийн түшээдтэй болчихвол гадны нөлөөнд орохгүй, бат цааз бий болно. Гадныханд худалдагдахад хэцүү, үндсэндээ боломжгүй болно. Манай Их хурал өнөөдөр ямар ч дархлаагүй, хэврэг байгааг ганцхан тооцооллоос харж болно. 76-гийн 50-иас дээш хувь нь 39 юм. 39-ийн 18 хүнийг барихад хүссэн хуулиа гаргаж болно. 18-ын тал нь 10 хүн байхад л олонхиороо гарсан шийдвэр гээд явчихна. Ердөө 10-хан хүнийг атгандаа оруулахад л Монголын төр гарт ороод ирнэ гэсэн үг.Энэ бүхнийг боддог, тооцоолдог хүмүүс гишүүдийн тоо дэндүү цөөхөн байна, Монголын төр хэврэг байна гэдгийг хэлээд байдаг юм. Одоогийн байдлаар байнгын хороодод 11 гишүүн ирснээр ирц баталгаажиж зургаан гишүүн дэмжихэд хуулийн төслийг хэлэлцэхийг шийддэг. 10 ч биш зургаан хүнийг барихад л болох нь. Ийм сул дорой парламенттай улс орон гэж хаана байхав дээ. Энэ бүхнийг гадныхан хэдийнэ тооцоолчихсон, парламентын гишүүнийх нь тоог хоёр дахин өсгөж яавч болохгүй, Монголыг Монголоор нь бариулж идүүлээд, сошиал сүлжээгээр нь 80 их наядыг чинь наад хулгайчид чинь идэх нь байна гэж сэвээд, ямар ч байсан гишүүдийн тоог нь нэмүүлэхгүй юм шүү гэж айхтар нарийн аргыг хийж байгаа. Энэ бүхнийг бид одоо мэддэг сэрэмжтэй хэрсүү байх хэрэгтэй болсон.
Ер нь тэгээд 80 их наядыг цөлмөх хулгайчид одоо төрд гарна гэдэг хэцүү. Төсөл санаачлагч эрх баригч намын удирдлагууд авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон, нэр нь унасан ийм хүмүүсийг жагсаалтад оруулахгүй гэдгээ хатуу мэдэгдсэн. АН болон бусад намуудтай яг энэ асуудлаар санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Өмнөх шиг намын дарга нар, өнөө л байдаг нөхдийг жагсаалтад оруулахгүй, шинэ цус сэлбэж, салбар бүрийн төлөөллүүдийг оруулна, тэгж байж Монголын парламентын дархлаа тогтоно гэж үзээд байгаа. Тэгэхээр жагсаалтаар хулгайчид гарч ирээд улс орноо цөлмөх нь гэж айхын хэрэггүй. Мөн дээрээс нь хуучин шиг манай тойргоос хэн гарчихав гэж асуух биш хүн бүрийн санал эзэнтэй ийм л сонгуулийн тогтолцоо яригдаж байна. Гол нь иргэн та сонголтоо л зөв хий. Харин сонголтоо хийгээгүй байж, юмны учир зүйг мэдэхгүй байж ингэж илүү үглэж билүү долоодгоо одоо боливол яасан юм бэ монголчууд аа.
Энэ удаагийн ҮХНӨ бол орчин цагийн шинэ парламенттай Монгол Улс бий болох уу, эсвэл хуучны 30 жилийнхээ “чөтгөрийн тойрог”-т үлдэх үү гэдгийг шийдэх түүхэн шийдэл байх болно. Хэрвээ ҮХНӨ шийдэгдвэл төрийн түшээдийг зориудаар муу хэлдэг, улс орны хөгжлийг хорлодог, төрт ёсны үнэт зүйлийг үгүй хийдэг байдал эцэс болно гэсэн хүлээлт ч байна. Энэ бүхний эцэст АН улс эх орныхоо ирээдүйг бодож улс төрийн идэвхи гаргаж ҮХНӨ-ийг явуул. 152 гишүүнтэй, хувь тэнцүүлсэн пропорционалиар нь үг дуугуй явуул. Саяхан АН манай намаас нэр дэвшүүлэх 152 гишүүн олдохгүй байна гэж хэлсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ. Сум, дүүрэг баг хороо бүрд үүртэй Монголын улс төрийн хоёр том хүчний нэг энэ том намаас төр түшилцэх гишүүн олдохгүй байна гэж үү. Энэ бол АН-ыг төдийгүй ардчилсан үзэл санааг басамжилж доромжилсон, арай хэтэрсэн, амьдралгүй тэнэг үг гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Монголчуудын аливаад горгор, юм шийдэж чаддаггүй улцганасан зан байдаг. Бид төдийгөөс өдий хүртэл яг ингэж үлбэгэр дорой явж ирсэн. Ямар нэгэн эрс шийдвэрийг хийж чадахгүй хулчиганаад, хийхгүй болохоор амьдрал шаардаад, эцэст нь хоёрын хооронд сэглэж орхидог. Манайхны яг ийм зангаар АН ҮХНӨ-ийг сэглэж 152 гишүүнтэй байхыг 80, 90, 100 болгох гэж ярьж байгаа нь Монголын ирээдүйг хорлон сүйтгэж байгаа үйлдэл болж байна. Тиймээс Монголын улс төрийн гол хүчин АН эрс шийдвэр гаргаж ҮХНӨ-ийг үг дуугүй явуулах хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин