Зөвлөлтийн зохиолч Василий Шукшины “Тахиа гурав донгодохоос өмнө” гэсэн бэсрэг туужийг товчхон ярьж өгье.
Ажил тарсны дараа номын санд зохиолын баатрууд амьлан ярьж хөөрцгөөнө. Тэд өөрсдийн дунд Иван дурак байгаад ихэд зэвүүцэцгээнэ. Гэтэл Иван өөрийгөө дурак биш мэтгэнэ. Номын баатрууд түүнд болзол тавьлаа. Маргааш өглөө тахиа гурав донгодохоос өмнө амжаад Бурхантай уулзан өөрийгөө дурак биш гэсэн тодорхойлолт аваад ирвэл цаашид энэ номын санд үүрд оршин байхыг зөвшөөрнө гэжээ. Иван дурак Бурхантай уулзахаар явлаа. Бөөн адал явдал туулсаар үүрээр номын санд эргэж ирэв.
-Бурхантай уулзав уу?
-Уулзлаа.
-Тодорхойлолт бичиг авчирав уу?
-Хийж өгөхөөс татгалсан учир тодорхойлолт авчирч чадсангүй.
-Тэгвэл эндээс одоохон зайл.
-Үгүй шүү. Би тодорхойлолтоос хамаагүй чухал юм авчирсан. Энэ байна, Бурханы тамга! Тамга байхад ямар ч тодорхойлолт бичиг баримт үйлдэж болно!
Орчин үеийн ертөнцөд тамга нь хууль зарилгийг албажуулах “эрх мэдлээ” алдсан.Бичиг баримтын хүчинтэй эсэхийг гарын үсэг төлөөлөх болжээ. Цахим гарын үсгийг ч алив зүйлд хүчин төгөлдөр гэсэн хууль гарсан. Тамга бол ердөө л билэг тэмдгийн чанартайгаа үлдсэн билээ. Тэр байтугай социализмын үед ч тамганы ач холбогдол төдийлөн хүчинтэй байгаагүй. Гэхдээ тамга нь хүнд суртлын хүчирхэг зэвсэг байсныг үгүйсгэмгүй. Тамгагүй бол хүчингүй, тамгаа зөв газар дарсангүй, үсгийг нь буруу харуулж дарсан байна, бүдэг гарчээ гэх мэт. Тамгыг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэвч Дүгэржав, Сансар Нацагдорж гэх мэтийн тамга хуурамчаар үйлдэн мөнгө цаас иддэг алдартай этгээдүүд байсан, тэдний тухай домог шиг юм хэлэлцдэг байв. Тамганы хүчин чадлыг нам засаг мэднэ, тамгаар биш Улс төрийн товчооны шийдвэрээр эрх мэдэл эдлэнэ. Энэ утгаар тамганы ач холбогдол тийм ч хүчтэй байгаагүй юм.
1990 оноос монгол тамга дахин хүчээ авав. Төрийн шийдвэрээр албан тушаалаасаа хусагдвал тамгаа аваад зугтчихана. Тамга хаана байна, тэнд эрх мэдэл дагалдана. Хүн нь биш, тамга нь, эзэн нь биш тамга нь эрх мэдэл эзэмшинэ. Ялангуяа төрийн байгууллага, төрийн өмчит байгууллага, компани, олон нийтийн байгууллага гэх мэтийн үнэн чанартаа яг нэрлээдэх гэхээр эзэн субъект нь тодорхойгүй “улсын, олон нийтийн, төрийн, ард түмний, улс төрийн намын, олон нийтийн байгууллагын, төрийн бус байгууллагын…” гэхчлэнгийн хаягтай тамга бол тухайн цаг дор гартаа барьж буй хүний өмч бөгөөд үүнээ дагасан эрх мэдэл тэр бие хүнд хадгалагдана. Мянга нэгэн шөнийн үлгэрт гардаг Жинь хэмээх бирд лугаа адил монгол тамга зөвхөн тухайн цаг дор гарт нь атгагдсан хүндээ л боол мэт зүтгэдэг. Тамга гарт нь байгаа хүнийг шүүх цагдаа, хүчний байгууллага яаж ч чаддаггүй, аяыг нь дагахаас өөр аргагүй. Хүчирхэг эрх мэдэлт Тамга мин уу!
Тамга нь албаны болон бусад бичиг баримтыг баталгаажуулах үед ашиглаж ирсэн хэрэгсэл юм. Эрт үеэс тамга хэрэглэж эхлэхдээ цаас, шавар баримал, хөшөө дурсгал, төмөр эдлэл, торго даавуу бүхий зураг сэлт дээр ямар нэгэн дүрсийг бэлгэдэл болгон товойлгож дүрслэн уг зүйлээ тодорхой нэг эзэнтэй гэсэн ойлголт өгөх зориулалттай бүтээгдсэн аж. Эрт үеэс үүрэг зориулалтаараа төрийн болон хувийн компани зэрэгт хуулийн дагуу хэрэглэж буйг нь тамга, хувь хүн өөрийн хүсэл сонирхолд тулгуурлаж, зөвхөн өөрийгөө илэрхийлэх зориулалттай бол тэмдэг гэж нэрлэж ирсэн. Аман ярианд “тамга тэмдэг” гэсэн хоршоо үг ч хэрэглэдэг.
Тамга мөн шуудангийн зориулттай ба хаягласан эзэндээ зөв хүрснийг, замд нь хэн ч задлаагүйг батлах үүрэгтэй. Тухайлбал илгээж буй захидал дээр лаа хайлуулан дусааж дээр нь тамга дарснаар баталгаатай болж буй хэрэг. Үүнд тусгай тамганаас гадна илгээгч өөрийн хувийн бөгжний дардасыг үлдээх ёс ч бий. Наториот мөн тамга хэрэглэдэг, жишээ нь Их Британид одоо ч төрөөс бүртгэгдсэн тамгыг наториочид хэрэглэдэг. Ялангуяа Азийн орнуудад гарын үсгийг хангалттай нотолгоо гэж үздэггүй, заавал тамга нэхдэг. Бичиг цаас, захидал, гэрээ хэлцэл, бизнис зэргийг тамгаар хүчинтэйд тооцох жишээтэй. Эмийн жорыг эмчийн хувийн тамгаар хүчинтэйд тооцох журам ч ЗХУ ба Монголд бий.
Хаан хүн төрийн тамга хэрэглэх ёс Чингисийн үеэс Монгол төрийн уламжлал болж, Хубилай хааны үе хүртэл “их хааны тамгыг” хэрэглэж байв. Хубилай хаан ширээнд сууснаасаа хойш өөрийн гэсэн шинэ тамгыг цутган хэрэглэх болсон бөгөөд энэ үеэс Чингис хааны тамга сураг тасарсан. 1271 онд улсынхаа нэрийг сольж, Их Юань улс хэмээх болсон. Пагва ламын зохиосон дөрвөлжин үсгээр бичсэн бичээс бүхий шинэ тамга хэрэглэх болжээ. XVII зууны Монголын түүхийн эх сурвалжууд болох “Алтан товч”, “Шар тууж”, “Эрдэнийн товч” зэрэгт Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтахдаа хасбуу тамгаа аваад Монголдоо буцаж ирсэн гэж өгүүлдэг. Үнэндээ энэ нь олон арван жилийн турш ам дамжсан домог юм. Тэр дундаа Тогоонтөмөрийн авч зугтсан тамгыг Чингисийнх байсан гэж домгийг бүр сүр оруулсан.
Чингис хаан тамгатай байсан эсэх нь мэдэгддэггүй. Тамга байсан гэхэд дардас нь хаана ч үлдээгүй. Гүег хааны тамганы дардас бий. Ромын папад бичсэн захидал дээр буй дардаст “Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хаан зарлиг ил болга иргэн дүр хүрвээс биширтүгэй, аюутугай!” гэжээ. Энэ тамгыг орос дархан Кузьма Гүег хаанд урлаж өгсөн гэхээр лавтай Чингисээс уламжилж ирсэн эд биш. Хубилай дөрвөлжин бичигтэй тамгатай байсан гэх, тэгэхээр Гүегээс ирсэн эд биш. Аюушридара хааны тамга “Умард Юань” гэсэн бичигтэй байсан болохоор Чингисийнх байтугай Хубилайн тамга ч биш.
Юутай ч дээр өгүүлсэн эх сурвалжид бичсэнээр Тогоонтөмөр хаан ханцуйлаад зугтсан гэх Чингисийн ч гэх, Хубилайн ч гэх хасбуу тамга Тайсун хаан, Эсэн тайш нарын хаан ширээний төлөөх дайны явцад алга болсон гэх домог яригдах болсон. Нэлээд хожуу XVI зууны сүүл хагаст Ордосын Бошигт жонон, Буян сэцэн хаан нарын хүмүүс Чингисийн ч юм уу, Хубилайн ч юм уу мөнөөх домог дамжсан тамгыг дахин оллоо гэсэн цуурхал Монголоор нэг таржээ. Буян сэцэн хааны тэрхүү шинэ тамга (лавтай хуурамч) Лигдэн хаанд байсан бололтой. Лигдэнг үхсний дараа хүү Эжэй нь 1634 онд тамгыг Манжийн хаан Абахай сэцэнд аваачиж өгсөн.
Манж нарт Хятадыг эрхшээхийн тулд өөрсдийгөө Чингисийн хойд дүр, Хубилайн удам судар, монголчуудтай төрөл садан гэж тунхаглах шаардлага байлаа. Учир нь чухам ингэж байж Хятадын хаан болох бололцоо нь тэнгэрийн зарлигтай нийцэх учиртай. Нэгэнт Хубилайн хасбуу тамга Абахайн гарт орсон бол тэрээр Монголын хаан гэсэн үг. Ийм итгэлээр Өвөр Монголын 16 аймаг, 49 хошуу шууд л Абахайг хүлээн зөвшөөрч Манжид дагаар орлоо.
Манжийн хаад Бээжинд очсон хойноо Манж Чин гүрний Эзэн хааныг нотолсон өөр тамга хийлгэсэн. Харин мөнөөх Абахайн барьж байсан тамга өдгөө Мүгдэн хотын мүзэйд хадгалагдаж байгаа. Гэвч энэ тамга бас л олон домог дагуулсан. “Цогт тайж” кинонд Лигдэн хаан тамгыг Хөх нуур хавьцаа нэгэн агуйд нууж буйгаар гардаг. Мүгдэнгийн мүзэйн тамгыг зарим өвөр монгол түүхчид хуурамч гээд, жинхэнэ нь Тайваний хоолойн далайн гүнд байгаа гэх. Учир нь 1949 онд гоминданчууд Тайваний арал руу зугтахдаа олон зуун хөлөг онгоц эд зүйл тийш зөөсөн ба үүнээс нэлээд хэд нь далайд живсэн, тэр дотор Чингисийн ч юм уу, Хубилайн ч юм уу, Аюушридарагийн ч юмуу, Лигдэнгийн ч юм уу, Абахайн ч юм уу хасбуу тамга байсан гэх.
Үе үеийн туршид тамга бол хуурамчар үйлдэж болдог, түүгээр дамжин эрх мэдлийг булаан авч болдог, үеэ өнгөрөөсөн, хүн итгэхээ больсон хэрэгслэл. Тамгаа гартаа авсан хүн тухайн төр, байгууллага, компани, улс төрийн нам, олон нийтийн байгууллагыг төлөөлөх эрхтэй гэсэн хууль лав өнөөгийн Монголд байхгүй. Хэн нэг луйварчин нь тамгаа аваад зугтдаг, тэгэнгүүд нь дараагийн ирсэн нь шинийг хийлгээд л авдаг. Гэсэн ч хэдийгээр хуульгүй боловч улс төрийн болон хээл хахуулийн аргаар тамгаар далимдуулан буруутгах, ялан дийлэх, хохироох явдал “хүчинтэй” хэвээрээ л байна. Хуулиа дагах уу, тамгаа дагах уу гэдэг асуудал XXI зууны Монголын амьдрал практикт шийдэгдээгүй л байна.
Домогт өгүүлснээр дэлхийн анхны төрийн тамгыг МЭӨ II зуунд Цэн Ши Хуанди хийлгэн атгаж байсан гэдэг. Түүнийг үхсний дараа тэр тамгыг хэдэн арваар нь хуурамчаар үйлдэцгээсэн тул төр улс нь мөхөж Хань улс оронд нь гарч ирсэн гэдэг. Анх зохиогдсон, хийгдсэн үеэсээ хууран мэхлэх хэрэгслэл болсон тамга гэгч нь түүхийн явцад нэр хүндгүй болж хэн ч итгэхээ больжээ.
Гэтэл энэхүү хууран мэхлэл хэрэгслэл нь ХХ зууны Монголын ирээдүйн хувь заяаг нэг мөсөн шийдэж байсан эмгэнэлт хэрэг бий. 1920 оны зургадугаар сарын 25-нд Сороковиков хэмээх большевик орос Хүрээнд ирж тэр үед дөнгөж байгуулагдуулсан Ардын ба Түшмэдийн хоёр дугуйлангийхныг хооронд нь уулзуулан танилцуулаад, нийлүүлээд Монгол ардын нам гэгчийг байгуулжээ. Тухайн үед Монголыг Хятадын гамин цэрэг эзэлчихээд байв. Богд хаан Монголыг Хятадын савраас аврахыг гуйсан хүсэлт гарган АНУ, Япон, Омскийн Засгийн газар руу Монголын төрийн тамга дарсан бичиг явуулсан байна. Шинэ буй болсон Монгол ардын нам ч оросуудаас тусламж гуйхаар Богд хаанаар тамга даруулан баталгаажуулсан бичиг өвөртлөн долуулаа хойшоо хил гарцгаачээ. Тэдэнтэй анхлан уулзсан хүмүүс нь Хиагт, Дээд-Үд, Эрхүүд байсан большевикууд! Монгол төрийн хүсэлтийг тэдэнд гардууллаа. Гэтэл Ардын дугуйлангийн толгойлогч Бодоо өврөөсөө өөр тамгатай бичиг гаргаад ирэх нь тэр! Модон сандлын хөлийг тайрч өөрөө урлан хийсэн Монгол ардын нам гэсэн бичигтэй хуурамч тамга! Үүнээс болж хоёр бүлэг муудалцлаа. Тамга нь тангараг таслав. Харин большевик оросууд Ардын намын тамгатай бичгийг хүчин төгөлдөр гэж үзжээ.
Ингээд автономоо сэргээнэ, шашинаа мандуулна, Богд хаанаа ширээнд нь эргүүлж зална гэсэн зорилготой, ийм үүрэг даалгавартай хойшоо хил гарсан хэд маань 1921 оны 3-р сард Улаан цэрэг дагалдан орж ирэхдээ удахгүй байгуулагдах Хятадын холбооны улсад Монголыгоо нэгтгэнэ, шашин бол муухай, Богд бол феодалын дарангуйлагч гэсэн уриатайгаар эх орондоо эргэж иржээ.
Удахгүй хоёр бүлэг биенийгээ хядаж гарсан. Бодоо, Чагдаржав нарыг 1922 онд, Данзанг 1924 онд буудан хороосон. Сүхбаатар 1923 онд хорлогдож үхсэн. Догсом, Лосол нарыг 1937 онд Москвад аваачин буудан алсан. Үлдсэн ганц Чойбалсанг явахгүй гээд байхад нь бараг хүчээр Москва руу чирэн аваачиж эмнэлэгт үхүүлсэн.
Дашрамт сонирхуулахад Бодоогийн өнөөх модон тамгийн ориг нь олдоогүй боловч дардаснаас дуурайлган хийлгэсэн хулхи тамга мүзэй болгонд бий, түүнэийгээ бүгд жинэхэнэ ориг нь гэж бүлтэрцгээдэг. Домогт өгүүлснээр дээрх тамгатай захидлыг Сүхбаатар зориуд бэлдэж нүхэлсэн ташуурандаа хуйлан нууж хил амжилттай лавсан гэдэг. Тэр ориг ташуур олон мүзэйд бий. Ориг ташуурыг хийгээд яг голоор нь нүхлээд сууж байсан нэгэн мужаантай таарсан тухайгаа эрдэмтэн Ринчин дурсан бичсэн байдаг.
Б.Баабар /2023.4.11/