Авгалдай яаж эрвээхэй болдог үйл явцыг мэддэг гэж би боддог байлаа. Хүр хорхойн үүрээ нэхээд, тэндээ өсөж том болохдоо зургаан хөл, дөрвөн далавчаа ургуулдаг гэж бодсон. Үүрийг зүсэж онгойлговол, хэр удаан өсөж төлжиж байгаагаас шалтгаалж, эрвээхэй шиг авгалдай, эсвэл авгалдай шиг эрвээхэй гарч ирнэ гэж төсөөлж байв.
Би буруу боджээ. Эхлээд авгалдай үүрэндээ бүрэн дүүрэн уусан шингэдэг. Хэрвээ эрт үүрийг онгойлговол шингэнээс өөр юу ч байхгүй. Энэ шингэн дотор, шавжны шөлийг нарийн хийц бүхий далавчтай сахиусан тэнгэр болгох имаго гэдэг тусгай эс байдаг.
Хэрвээ чи амьдралдаа нилээн том өөрчлөлт, шилжилт хийж үзсэн бол энэ бүхэн танил сонсогдож магадгүй. Хүмүүс ч гэсэн энэ үе шатаар явдаг-бие махбодиороо биш ч гэсэн сэтгэлзүйгээрээ. Бид бүгд амьдралынхаа туршид хувиралын үеийг нэг бус удаа туулдаг, нэг оноосон нэршлээс нөгөө нэг нэршил болон хувирдаг. Чи нялх нярайгаас хүүхэд, хүүхдээс өсвөр нас, насанд хүрэгч болж хувирсан байж таараа. Том хүн болсон ч гэсэн чиний нэршил хөдлөшгүй, өөрчлөгдөшгүй биш. Чиний гэрлэлтийн статус өөрчлөгдөнө, эцэг эх болно, ажил мэргэжлээ солино, өвчин тусна, сугалаанд их мөнгө хожно гэх мэт.
Чиний хувь хүнийг илтгэх нэршлийг өөрчлөх хэмжээний чухал өөрчлөлт, шилжилт бүтэн хувиралыг чамаас шаардана. Яаж амьдрах бодох дээрээ жоохон л өөрчлөлт хийчихвэл болоо биш. Авгалдайд энэ бүхэн сэтгэлзүйн стресс өгдөг үгүйг мэдэхгүй ч, хүн гэдэг амьтаныг бүрэн сэнсрүүлж хаядаг. Энэ сэтгэлийн хөндүүр шархыг багасгах хамгийн сайн арга бол үйл явцыг ойлгох. Дараагийн удаа том хэмжээний шилжилт хийх үедээ доорх мэдээллийг санаж яваарай.
ХҮНИЙ ХУВИРЛЫН ҮЕ ШАТУУД
Сэтгэлзүйн хувирал дөрвөн үе шаттай, нэг нэгэндээ уусан шингэсэн байдалтай ч ялгаатай. Том хурдацтай, өөрчлөлтийн (дурлах, салах, шинэ ажилд орох, ажлаасаа гарах, хүүхэдтэй болох, хүүхдүүд гэрээсээ явах... гэх мэт) дараа чи энэ дөрвөн үе шатаар явна. Энэ өөрчлөлтийн учрыг яаж аятайхан олж, давж гарах чинь яг ямар шатандаа явж байгаагаас хамаарна. Үе шатуудын танилцуулга болон яаж зохицуулах мэдээллүүдийг хүргэе.
Өөрчлөлтийн цикл: Хувирал
НЭГДҮГЭЭР ШАТ: ХАЙЛАХ
Эхний үе шат бол хамгийн аймшигтай үе, яагаад гэвэл бид ийм юм болж болзошгүй гэдгийг хэнээр ч заалгаагүй. Бид өөрийнхөө “identity” буюу нэршлээ алдаж, хэсэг зуур ямар ч хэлбэр дүрсгүй болдог: хүнэн шөл. Өөртөө оноосон хувь хүний нэршлээ алдаж уусгахгүйн тулд ихэнх хүмүүс бүх чадлаараа галзуу юм шиг зууралдан тэмцдэг. Нөхцөл байдал бидний ертөнцийг сэгсчиж, донсолгох үед бид өөртөө “Энэ зүгээр л нэг жижигхэн саад!”гэж хэлдэг. “Би хэвээрээ л байгаа, миний амьдрал ямар байсан, яг тэр хэвэндээ удахгүй буцаад орчихоно.”
Зарим тохиолдолд энэ бол үнэн. Харин жинхэнэ хувирлын үе эхэлчихсэн үед, бид “уусахаас” өөр ямар ч аргагүй. Бүх юм нуран унаж, ирээдүй тодорхойгүй, бид бүх хүмүүсийг, бүх юмсыг алдаж байгаа мэт санагдана, мэдрэгдэнэ. Уусна гэдэг үхэл шиг санагдана, яагаад гэвэл энэ угаасаа үхэл: урьдны чи үхжээ. Чи ямар ч мундаг хүн байлаа гэсэн энэ бол аймшигтай үйл явц. Гэхдээ энэ бүхнийг чи туулан гарна. Чамд өөр сонголт байхгүй.
Эртний гэгдэх олон соёл иргэншил уусан алга болох урлагийг заадаг зан үйлтэй байдаг. Оролцогчдийг нэргүй болгож, нүүрийг нь будаг, үнсээр будаад, зэрлэг аглагт аваачиж хаядаг, эсвэл эхийн сав шиг битүү орчинд оруулаад, өөрсдийгөө хэн гэдгийг ойлгосоных нь дараа “дахин төрүүлдэг.” Хүмүүсийг зохиомол нэгдүгээр шат руу хүчлэн оруулсанаар, хөгшчүүд залуучуудад уусах гэдэг ямар мэдрэмжтэй байдгийг мэдрүүлж, ойлгуулж өгдөг. Жинхэнэ амьдрал дээр ийм үе ирэхэд тэд галзуурч, самуурч, сандрахгүй хэмжээнд болгох гэж тэр.
Бидэнд ийм соёл байхгүй учраас, бид ийм үед хачин болж, өөрийнхөө мэдрэмжүүдтэйгээ тэмцэлдэж, хуучин амьдралдаа орогнох гэж, эсвэл шууд дараагийн нэршилгээ рүүгээ үсрэлт хийх гэж оролддог. (“rebound romance” буюу нэгээс салаад гялс өөр хүнтэй болох бол классик жишээ). Иймэрхүү оролдлогууд Нэгдүгээр шатыг улам л удаашруулж, зовлон шаналалыг нэмнэ. Нэгдүгээр шатанд ямар стратеги барих вэ:
- Нэгдүгээр шатанд, нэг нэг өдрөөр (10, 10 минутаар ч байж болно) амьдар. Мэдэгдэхгүй байгаа ирээдүйгээс айх, итгэл найдварт найдахын оронд яг одоо юу болж байгаад анхаарлаа төвлөрүүл.
- Шууд байдлаар, биемахбодио анхаарч, тордох. Өөрийгөө хөнжлөөр хучаад, өөртөө халуун цай хийгээд уух, чамд тав тухтай мэдрэмж өгч байгаа дасгал хөдөлгөөн хийх.
- Энэ хувирлын үе шатыг туулсан хэн нэгэнтэй ярилцах. Хэрвээ чамд ухаалаг хамаатаны хүн юмуу найз байхгүй бол сэтгэлзүйч чамд тааламжтай, найдвартай, баталгаатай мэдрэмж төрүүлж болно.
- Гашуудахыг өөртөө зөвшөөр. Хэдийгээр чи онцгүй нөхцөл байдлыг (буруу гэрлэлт, дургүй ажил...) орхиж явж байгаа ч гэсэн чамд уй гашуудал тохиолдоно. Чи сэтгэл санааны галзуу хулгана дээр сууна “гашуудах процесс.” Үгүйсгэл, уур уцаар, уйтгар гуниг, хүлээн зөвшөөрөл гэсэн сэтгэл хөдлөлүүдээр тойрон аялсаар байх болно. Энэ мэдрэмжүүдийг мэдэрсэнээр л хурдан өнгөрүүлж чадна. Хэрвээ энэ бүхэн үнэхээр уур хүрмээр идэвхгүй санагдаж байвал, чиний зөв. Уусах гэдэг бол чи хийчихдэг зүйл биш, энэ чамд тохиолддог зүйл. Энэ бүхнийг хянахад хамгийн дөхөж очих арга бол тайвшраад, үйл явцад итгэх. Зарим үед энэ бүхэн зүгээр л ертөнцийн төгсгөл шиг санагдаж болно. Авгалдайн хувьд ертөнцийн төгсгөл гэж хэлж болох ч , эрвээхэйн шинэ ертөнц.
ХОЁРДУГААР ШАТ: ДАХИН ҮҮСЭХ, БИЙ БОЛОХ
Хоёрдугаар шат, ган гачигийн дараах бороо шиг санагдана. Чиний хувь заяаг мэдэж байгаа нэг хэсэг, чиний сэтгэцийн имаго эс, чамд заавар зааварчилгаа өгч, хуучин чиний үлдэгдлийг шал өөр нэршил рүү эмхэлж цэгцлэн оруулана. Имаго гэдэг үг “image”, (дүр зураг) “imagination” (төсөөлөл) “magic” (ид шид )гэсэн үгний язгуурт байгаа. Чиний оюун ухааны нүд нээгдэж, бүтээх гэж буй амьдралынхаа дүр зургийг харж эхлэх үед чи нэгдүгээр шатыг орхиж хоёрдугаар шат руу шилжиж байгаагаа мэдэх болно. Энэ бүхнийг хүчилж болохгүй- уусахтай адил-энэ бүхэн чамд тохиолдоно-гэхдээ хэзээ ч чиний хүлээж байсан байдлаар биш. Чи шинэ хүн болж байна, хуучин чи-д байгаагүй зан характер, сонирхол хоббитой болж тэрийгээ хөгжүүлж байна. Магадгүй гэнэт л үсний стил, хувцасны стил имижээ өөрчилмөөр, гэрээ өөрөөр дахин засаж янзалмаар санагдана. Хуучин байрлалууд нэг л буруу санагдаад, дотоод дахин төрөлттэйгөө гадаад орчиноо тохируулах оролдлогуудыг хийж эхлэнэ. Энэ шатанд юу хийж болох вэ:
- Чамд сонирхолтой, таалагдсан сэтгүүлийн хэсгүүдийг хайчилж ав. Bатум цаасан дээр хайчилсан дүрсүүдээ цавуугаар наа. Бүтээхийг хичээж байгаа амьдрал чинь энэ коллажаар гарч ирэх болно.
- Өөрийгөө мөрөөдөхийг зөвшөөр. Энэ үед чиний хийх ёстой ажил бол тодорхой хүсэл зорилготой болтлоо толгойдоо имиж, үзэгдэл, дүрсүүдийг төсөөлөн бодох. Бодит ертөнцөд хийж үзэхээсээ өмнө энэ бүхнийг толгой дотроо хийх зөвшөөрөл өөртөө өгсөнөөр чи маш их цаг хугацаа, хичээл зүтгэл, гашуудлыг хэмнэж чадна.
- Шинэ хувцасны стил, нүүр будалт, үсний засалт, гэрийн засал чимэглэлүүдийг туршиж үз. Ингэж туршиж, тоглож үзэх нь юу хиймээр байгаа, хэн болмоор байгаагаа мэдэхэд туслана.
- Энэ үе шат өнгөрөх тусам чи мөрөөдөл, төсөөлөл, зураглалуудаа бодит болгох хүсэл эрмэлзэлтэй болж төлөвлөгөөгөө боловсруулмаар санагдаж эхлэнэ. Мөрөөдөл, төлөвлөгөө хоёроо хоёуланг нь бич, яаж энэ амьдралыг бүтээх вэ гэдэг мэдээлэл цуглуул. Хоёрдугаар шат бол дүрслэлийн тухай: төсөөлж бодох, тодорхой болгох, боломжтой болгох. Чи өөрийгөө зүгээр л сул тавиад, мөрөөдүүлэх юм бол чиний төсөөллийн имаго эсэнд, хамгийн сайн сайхан ирээдүйг чинь хөдөлгөөнд оруулах хүч байгааг анзаарах болно.
ГУРАВДУГААР ШАТ: ҮҮРНЭЭС ГАРАХ
Чиний мөрөөдөл төлөвлөгөө болж эхлэх үед, чи мөрөөдлөө бодит болгомоор санагдан байж сууж ядана. Энэ бол Гуравдугаар шатанд шилжсэний дохио, өөрчлөлтийн процесийг хэрэгжүүлэх үе шат. Чи өөрийн зурсан зургаа зарж байна гэж мөрөөдөж суухын оронд зургаа галлерейнуудад бүртгүүлж эхлэнэ, эсвэл найзынхаа ахыг харан шүлсээ гоожуулж суухын оронд найзаасаа болзоо зохион байгуулж өгөхийг гуйна. Чи шинэ амьдралаа бүтээн босгохын тулд жинхэнэ бодит юмс хийж эхлэх урам зоригтой болсон байна. Тэгээд...чи удаа дараа, дахин дахин бүтэлгүйтэнэ.
Би Гуравдугаар шатыг олон удаа туулсан. Олон зуун үйлчлүүлэгчид маань бүтэлгүйтэж байхыг би мэднэ. Чухал том төлөвлөгөө эхний оролдлогоороо л амжилтанд хүрч байхыг би хэзээ ч хараагүй. Амьдралаа дахин бүтээн босгох нь бүх л шинэ юмтай адил, хэцүү ярвигтай, чухал, чиний таамаглаагүй, хүлээгээгүй байсан асуудлууд ар араасаа ундран гарч ирнэ. Хоёрдугаар шатанд од гэрэлтсэн нүд чухал бол, гуравдугаар шатанд Томас Эдисоны мэргэн ухаан, тууштай бат бөх байдал чухал. Дараах зөвөлгөөг санаж яваарай:
- Юм буруу тийшээ эргэнэ гэдэг хүлээлттэй бай. Mиний олон үйлчлүүлэгч нар мөрөөдлөө төсөөлөн бодоод, төлөвлөгөө боловсруулаад, эрт алдаж бүтэлгүйтээд ирэхээрээ “энэ бүхэн болох учиргүй л байж” гэсэн “дохио” ирж байна гэж боддог. Хэрвээ чи насан туршдаа хүнэн шөл байхын хүсэж байвал ингэж бодож болно. Чиний анхны оролдлогууд амжилтгүй болсон ч гэсэн чи мөрөөдлийнхөө төлөө ажиллах хүсэлтэй байх хэрэгтэй.
- Дахин эхлэх хүсэлтэй бай. Чиний төлөвлөгөө нурах бүрт, чи маш богино хугацаанд Нэгдүгээр шатанд эргэн ирээд, бүх юм утгагүй, яах учраа мэдэхгүй манарах төлөвт орж болно. Энэ бол чиний төлөвлөгөөнд саад болсон зарим нэг төөрөгдлүүдийг тавиж явуулах боломж.
- Хоёрдугаар шатанд дахин ир, мөрөөдлөө янзалж, цэгцлээд хийж үзсэн туршлагаасаа суралцсан үнэнгүүдээ мөрөөдөлдөө хүрэх төлөвлөгөөндөө тусга.
- Цөхрөлтгүй зүтгэ, үргэжлүүлээд л бай. Шинэ шинэчилсэн төлөвлөгөөгөө бүтэн бүттэл нь дахин дахин хэрэгжүүлээд л бай. Чи дээрх бүх үе шатыг дагавал, чиний төлөвлөгөө хэзээ нэгэн өдөр заавал хэрэгжих болно.
ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ ШАТ: БҮТЭН НИСЛЭГ
Гуравдугаар шат бол хүр хорхойн үүрнэс мөлхөж гарч ирээд, далавчаа дэлгэгдэхийг хүлээх үе. Дөрөвдүгээр шат бол шагналаа хүртэх цаг, чиний шинэ бие хүн бүрэн дүүрэн бий болж, нисэхэд бэлэн болсон цаг. Энэ бол гоё цаг үе.
- Таашаал ав! Чи хүнд хэцүү шилжилтийг давж туулан шинэ бие хүн болж чадлаа. Өөрийн амжилтандаа талархах цагийг өдөр бүр өөртөө гарга.
- Хэрвээ эвдрээгүй бол битгий зас. Энэ цаг үед том өөрчлөлт хийх хэрэггүй. Одоо байгаа нөхцөл байдлаа орхихоос өөр аргагүй болтлоо эндээ байж л бай.
- Жижиг сайжруулалтуудыг хий. Шинэ амьдралаа яаж арай бага стресстэй, таашаалтай болгох талаар жижиг өөрчлөлтүүд хий.
- Дараагийн өөрчлөлт булан тойроод л хүлээж байгаа гэдгийг мэддэг бай. Дөрөвдүгээр шатанд хэр удахыг урьдчилан тааварлах арга байхгүй. Магадгүй хэдэн өдөр, магадгүй хэдэн арван жил ч байж магад. Өөрийн аз жаргалаа, шинэ бие хүнийхээ таних тэмдэг гэж бүү андуур. Хэзээ ч тохиолдсон байсан, хувиралын учрыг олж чаддаг байх нь аюулгүй баталгаатай байдал.
Буддист гэлэнмаа Pema Chödrön өөрийн ментордоо ингэж хэлж л дээ. “Байнга ажлаа солиод, нүүгээд, шилжилт өөрчлөлт хийгээд байгаадаа сэтгэл дундуур байна, хэцүү байна.” Ментор нь түүн рүү сонин харцаар хараад, “Бид үргэлж өөрчлөгдөж байдаг. Чи өөрчлөлтөнд амраад тайван байвал бүх юм зүгээр болно.” Энэ бүх хүнд хүчинтэй үг. Хувиралын үйл явц аймшигтай заримдаа зовлон шаналалтай ч гэсэн, төсөөлж ч чадахгүй байсан гайхамшигтай адал явдлыг мэдрэх зам харгуй. Үйл явцыг хүлээн зөвшөөр: өөрийгөө хайрлан халамжил, том мөрөөд, сайн ажиллаж хөдөлмөрлө, тасралтгүй суралцсаар бай. Тэгээд, нэг өглөө сэрээд чи далавчтай болсон байвал битгий гайхаарай.
Martha Beck
(Article first published in O, The Oprah Magazine)
Орчуулсан Ж.Мандхай