Европ дахь Монголын Худалдааны танхим Брюссель хотноо нээгдлээ.
Тус танхим нь Монгол Улсаас Европын холбоонд гаргах экспортын бараа бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг олшруулах, Европын Холбооноос Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн шууд экспортын гарцыг өргөжүүлэх зорилготой ажиллана гэдгийг МҮХАҮТ-ын удирдлагууд хэлж байв.
Танхимын нээлтэд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, МҮХАҮТ-ын удирдлагууд, Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал П.Төмөр-Очир болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.
Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Люксембургийн Худалдааны танхимын Олон улсын асуудал эрхэлсэн захирал Синди Теребатай уулзсан байна.
Уулзалтын үеэр Брюссельд ажиллах Монгол Улсын Худалдааны танхимын үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засгийн нөөц бололцоо, хүний нөөц, ногоон эдийн засгийн талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, Брюсселийн худалдааны танхим хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.