Юм гэдэг ээлжтэй, дараатай. Ялангуяа улс төрд. Өчигдөрхөн бүхний тэргүүнд, бүгдийн хойморт заларч, хаан мэт өргөмжлөгдөж явсан нэгэн өнөөдөр хуулийн хайчинд орж, маргааш нь шүүхийн тогтоол уншуулах нь жижигхэн Монголын улс төрд гэм биш зан болсоор удав. Саяхан л авлига, албан тушаалын гэмт хэрэг гэхээр "Ардчилсан холбоо" эвслийн үед УИХ-ын гурван гишүүний нэр холбогдсон казиногийн, "Гааль"-ийн Х.Баатарын, "Хадгаламж" банкны Ц.Чимэдцэрэнгийн, гурав дах Ерөнхийлөгчийн зэрэг тоотой, тоймтой хэдхэн дуулиан архивлагдан үлдсэн монголчуудын ой тоонд шинэ тутамд, бараг өдөр бүр хэн нэгэнд хамаарах асуудал хөврөх нь байх ёстой, бүр энгийн үзэгдэл мэт буух боллоо. Хуучны юм ул болж, шинэ юм зул болно гэдэг нь л энэ байх. Ийн тодотгох болсны учгийг нүүрсний хэрэгт нэр холбогдсон УИХ-ын нэг гишүүнийг чөлөөлж, хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлснээс харж болохоор. Гэхдээ энэ асуудлын зангилаа нь биш. Харин нэгэн цагт Монгол Ардын Намын "ерөнхий менежер"-ийн албатай явсан сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсын хуулийн байгууллагын "тусламж"-тайгаар таван жилийн дараа эх оронд нь авчирсан нь хаврын улс төрийн прогнозыг тодорхойлж мэдэх нь. Ингэхэд Т.Бадамжунай гэж хэн бэ?
1.
Сөрөг хүчний үүргээ амжилттай, бараг 200 хувь давуулсан Н.Энхбаяр даргатай МА(Х)Н 2000 оны сонгуулийн үр дүнгээр 72 суудал авснаар Б.Даш-Ёндон даргатай, П.Жасрай Ерөнхий сайдтай 1992-1996 оны парламентын үнэмлэхүй амжилтын тоог хоёроор нэмэгдүүлэв. УИХ-д 25 суудалтай бүлгийн ахлагч бас намын даргын хувиар сөрөг хүчний бодлогыг бат зангидаж, залуурдсан Н.Энхбаярын сэргэн мандалт гуравхан жилийн хугацаанд тэгж эхэллээ. Яг тэр үед нь нийслэлийн Засаг дарга М.Энхболд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилох хүний тодорхойлолтыг бариад орсон нь Т.Бадамжунай. "Меркури" группын дэд ерөнхийлөгч гэх намтраас өөрөөр улс төрд төдийлөн танигдаагүй Т.Бадамжунайг Н.Энхбаяр эхэндээ халгаагаагүй гэдэг л юм.
МАН засгийн эрхэнд гарахаар "манддаг", өдгөө гавьяаны амралтаа авсан генерал Д.Загджав хүртэл Ардчилсан Социалист Оюутны холбооны ерөнхийлөгчийн квотоор эл албан тушаалд горилж асан гэхээр М.Энхболд бизнесмэн Т.Бадамжунайг зүгээр ч нэг зүтгүүлээгүй нь лав. Хотын А бүсэд байршилтай, хуучин 37 дугаар автобааз өдгөө "Меркури" худалдааны төв болж зүсээ өөрчилсөн обьектын эзэмшигч итгэл төрүүлсэн болоод л хотын дарга өөрөө Ерөнхий сайд руу нэрийг нь барьж орсон байж таарна. М.Энхболд ч санасандаа хүрсэн, Т.Бадамжунай ч хотын Ерөнхий менежер болж дэвшсэн, дараагийн сонгууль хүртэл уг албан тушаалдаа тогтвортой ажиллалаа. Н.Энхбаяр Ерөнхий сайд болонгуутаа Дэд сайдын албан тушаалыг бий болгож, намдаа хандив өгсөн хэд хэдэн бизнесмэнийг танхимдаа "урьж" ажиллуулсан шиг М.Энхболдын улс төрийн ирээдүйд түших багана, тулах цэг хэрэгтэй болсон нь Т.Бадамжунай байв. "Хотын фракц"-аа ч байгуулж, бүрдүүлж амжлаа.
Ингэж л "Хотын фракц" гэсэн нэрийн дор М.Энхболд, Т.Бадамжунай нарын хоршил эхэлсэн түүхтэй. Н.Энхбаяр Ерөнхий сайд болсноос ердөө хоёрхон жилийн дараа Монгол Улсын иргэн бүрд газар өмчлүүлэх УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталж, гардан гүйцэтгэх гол холбоо хамаарал нь нийслэлд, М.Энхболд, Т.Бадамжунай гэсэн хоёр албан тушаалтанд төвлөрсөн нь ёстой л хувь, хувьсгалын тохироо нь бүрдсэн гэмээр үзэгдэл байв. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт хотын мээр байхдаа нийслэлийн хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор "Улаанбаатар сан"-г байгуулсан нь хожим М.Энхболдын үед банк болгон өргөжиж, бүр 25 хувь нь Т.Бадамжунай нарын халаасанд явсан тухай яриа байдаг л юм. Оргүй ч зүйл биш.
Эхэндээ "гологдож" явсан Т.Бадамжунай Н.Энхбаярыг МАН-ын төдийгүй Монголын "хаан" шахуу явахад УИХ-ын гишүүн болох замаа засч, тэр чигээрээ найман жил хууль тогтоогч, Төрийн сайдаар ажилласан нь баргийн улстөрчид олдохгүй л хувь тохиол. Дүрэм ёсоор хотын Ерөнхий менежер нь бус Засаг дарга нь УИХ-д нэр дэвших учиртай ч нэг л мэдэхэд бүх юм Т.Бадамжунайгаас хамааралтай, тэр өөрөө улс төрийн “цаг уурч”, "Хотын фракц"-ын луужин болсон нь энэ байв. Магадгүй Н.Энхбаяр УИХ-ын дарга, Улсын Ерөнхийлөгч, М.Энхболд Ерөнхий сайд болоход улс төрийн өрөг дээрх нүүдэл талаасаа парламентад холбон тоглогч, сайн менежер хэрэгтэй болсон нь Т.Бадамжунай байсныг үгүйсгэхгүй. Харин өнөөдөр тэр прокурорын тогтоолтой яллагдагчийн хувиар эх орондоо ирлээ.
2.
Хотын харьяанд банк байгуулж, басчхүү хувь эзэмшиж явсан Т.Бадамжунай "Хадгаламж" банкнаас алдагдсан 14 тэрбум 380 сая төгрөгөөр казинодсон хэрэгт нэр холбогдож, Улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхээсээ түдгэлзүүлэн шалгуулахаар болсон нь 2007 он. Түүнтэй хамт одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарыг хамт шалгах саналаа прокуророос спикер Д.Лүндээжанцанд хүргүүлсэн юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн агсанг дуудаж уулзаад аль нэг нам улс төрийн хүчний нөлөөнд автахгүйгээр шалгаж, албан тушаалтанд үйлчлэхгүй байхыг сануулж байв. Гэвч Т.Бадамжунай нар бүрэн эрхтэйгээ үлдэж дөнгөсөн юм.
Санал хураалтад оролцсон 39 гишүүнээс ердөө тав нь л прокурорын саналыг дэмжсэн нь архивт үлджээ. "Эх орон-Ардчилал" эвслийн 35 гишүүн энэхүү санал хураалтад оролцоогүй гэхээр МАН-ынхан гурван гишүүнийхээ хувь заяаг дэнсэлж, бүрэн эрхтэй нь үлдээсэн хэрэг. Улмаар Т.Бадамжунайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, "Хадгаламж" банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнд шүүхээс ял оноосноор энэ асуудал намжсан. Тухайн үеийн МАН гэдэг өөрөө Н.Энхбаяр л гэсэн үг. Хэрэг бүртгэлд дурдсанаар Ц.Чимэдцэрэн нь 2004 оны хоёрдугаар сарын 06-наас 2007 оны нэгдүгээр сар хүртэл БНСУ-ын "Волкер Хилл", "Севен Лак" казинод олон дахин тоглосон, 14 тэрбум төгрөгийг авч казинод үрэгдүүлэхэд УИХ-ын гишүүн Т.Бадамжунай нар хамт тоглож байсан баримтаар нотлогдсон байдаг.
Үндсэндээ Т.Бадамжунайг бүрэн эрхтэй нь үлдээж, бүр хэргийг нь хэрэгсэхгүй болгосны ард Ерөнхийлөгч Н.Энхбаярын нөлөө байсан нь мэдээж. Магадгүй Н.Энхбаярын үед санаачилж, хэрэгжүүлсэн иргэн бүрд газар өмчлүүлэх Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг Т.Бадамжунай Ерөнхий менежерийн хувиар хотод хамгийн сайн хэрэгжүүлсний "шагнал" нь халдашгүй эрх ямбатай нь үлдээгээд зогсохгүй хоёр дахиа сонгогдож, Төрийн сайд болох замыг нь зассан байж мэднэ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг дээ!
3.
Т.Бадамжунайг шалгах хэд хэдэн үндэслэлийг прокуророос танилцуулсан ч өөр нэг сэжим бий. Тэр нь нийслэлийн газар олголт. Бүр 20 жилийн өмнөөс, хотын Ерөнхий менежер байх үеэс нь. Лав "Улаанбаатарын газрыг 2004 оноос зарж, баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэлийн удирдлага тэмцэнэ. Гар хөл нь болсон хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна. Зөвхөн газрын төлбөрт тэрбум гаруй төгрөгийн зөрчилтэй байна. Хууль бус үйлдлийг нь өмгөөлж, хамгаалдаг улстөрчдөд хэлье. Хот дахиж та нарт дээрэлхүүлэхгүй, та нартай тууштай тэмцэнэ" гэдгээ хотын даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдээд жил тойрч байна. Асуудал байгаа болохоор, хуулийн байгууллагаар шалгуулах үндэслэл бий учраас зориуд нэр цохон хэлсэн байж таарна. Түүний болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр 20 гаруй үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг нь олон нийтэд ил болсон зүйл, хуулийнхан мөрөөр нь орох бас нэг сэжүүр.
Нийтийн эзэмшлийн газар барилга байгууламжийн зөвшөөрөл олгосон албан хаагчдын жагсаалт гаргаж, танилцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд өгсөн нь саяхан. Салбарын сайд нь холбогдох мэдээллийг багцалж, албан ёсоор жагсаалт гаргасны дараа хэн, хаана, хэзээ, ямар зориулалтаар газар олгосон нь олон нийтэд ил болж, түүнийг дагасан наймаа, авлигын сүлжээ "Шилэн" болно гэсэн үг. Үндсэндээ ундны цэвэр усны ундаргаас эхлээд Туул голын эргээр хана хэрэм мэт хэрсэн барилгын зөвшөөрөл дагасан авлигын сүлжээтэй нийслэл, Засгийн газрын түвшинд тэмцэхээр болсон нь энэ. Сайн л хэрэг.
Гагцхүү Улаанбаатарын булан тохой гэлтгүй бүхэлд нь хэрсэн "бетонон хэрэм" бий болох суурь нь хэзээнээс, хэнээс эхтэйг мэдэх, хууль бусаар олгосон эсэхийг тогтоож, хариуцлага тооцох нь нэн тэргүүний асуудал. Жишээ нь, УИХ-ын асан Б.Наранхүүгийн эзэмшлийн "Мон Уран" компани 1990 оны сүүлчээр "Хүүхдийн парк"-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 0.4 га газар авсныгаа 2001 онд 1.1 га болгож нэмэгдүүлсэн тохиолдол бий. Тухайн үеийн хотын удирдлагуудын оролцоо, нөлөө байсан болоод хувийн хэвшил нь нийслэлийн уушги болсон ногоон байгууламжид том толгой гаргасан байж таарна. Энэ бол ердөө ганцхан жишээ нь. Хүрээний бузрыг дэлгэвэл далай гэгчээр газрын наймаа дагасан ашиг сонирхлыг ухаж, хөөж үзвэл олон улстөрч, бизнесмэн, хотын даргын чихнээс хонх уяна. М.Энхболд, Т.Бадамжунай нарын хоршил эдгээрийн тэргүүн эгнээнд зогсоно уу? гэхээс сүүл мушгихгүй.
4.
М.Энхболдыг эрх мэдлийн оргилд явахад нь буулгасан хүний нэг нь Л.Оюун-Эрдэнэ мөн үү гэвэл мэдээж тийм. Үүнийг нь улс төр, нийгмийн хүрээнд сайн, муу аль альнаар нь дүгнэж ирсэн ч одоо тэр Ерөнхий сайд, намын даргын хувиар тогтолцооны өөрчлөлт хийхээ ил тод зарлаж явна. МАН-ынхны хамгийн харшилтай, хуульчлахаас эмээж ирсэн Сонгуулийн хуульд холимог тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг намын даргын байр сууриас дэмжихээ илэрхийлж, бас дэмжүүлэх талаар гишүүдээ шахаж буй. Зэрэгцүүлээд "Эцэг хууль"-даа гар хүрэх асуудлыг ч хөндөж, улс төрийн нам, хүчинтэй зөвшилцөх болов. Энэ хооронд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Лав 19 гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрынхаа тэмцлийн эсрэг УИХ-ын 19 гишүүн кноп дарсан нь энэ өдрүүдэд ил болж, нэрсийн эрэлд гарах шалтаг болж байна. Улс төрийн нам гэдэг өөрийн гэсэн дүрэмтэй учраас нүүрсний хулгайтай хийх тэмцлийг илт сөрсөн тэдгээр гишүүнд холбогдох хариуцлага тооцож, сануулга өгөх л байх.
Харин тогтолцооны өөрчлөлт хийх хамгийн эхний босго нь УИХ-д суудалтай АН, ХҮН бусад намуудтай учраа олохоос илүүтэй нам дотроо нэг амтай болох нь Л.Оюун-Эрдэнэд чухал. Н.Энхбаяр гэхэд Үндсэн хуулийг шинээр бичиж, боловсруулснаа олон нийтэд танилцуулж, Элчин сайдын яамдуудад хүргүүлж, хувийн тогтолт хийж эхэлсэн нь хэсэгтээ шуугиан тарьсан. Хажуугаар нь М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж, УИХ-ын сонгуулийг өнжүүлснээс хойш улс төрийн орон зай нь хумигдсан "Хотын фракц" эргэн сэргэхээр ил, далд "амь орж" эхэлсэн нь Ерөнхий сайд, намын даргаа боргох, эргээд ноцох шалтгаан. Уг нь эрх баригч намын хувьд нэг ам, нэгдсэн бодлогын нэгдэж, нягтарч байж урагшаа алхаж, шат ахих учиртай. Үр дүнд нь нийгмээрээ л хожно. Ийм нэгэн эгзэгтэй гэмээр цаг үед 2018 он буюу "УАЗ-469"-д суугаад хил давах хүртлээ Монголын улс төрд өөрийн гэсэн нөлөөтэй, орон зайтай, эрх мэдэлтэй явсан Т.Бадамжунайг хил дамнуулан авчирсан нь намдаа ч, нийгэмдээ ч өгч байгаа бас нэгэн дохио болов уу?! Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайг Филиппинээс авчирч, саатуулсан нь Л.Оюун-Эрдэнийн хувьд тамга хөзөр атгасантай адил юм.
Учир нь, яаж ч зөвтгөж, буруутгасан иргэн Т.Бадамжунай мөрдөгчдөд албан ёсоор ам нээж эхэлсэн өдрөөс нэгэн цагт Монголын улс төрийн ноён оргил явсан Н.Энхбаяр, М.Энхболд хэмээх хоёр хүнтэй олсны үзүүр холбогдож таарна. Гол нь өөрөө хүсвэл шүү дээ! Тэр болтол улс төрийн уур амьсгал хэрхэн өрнөж, хаашаа эргэхийг нийтээрээ, нийгмээрээ харах л үлдлээ. Тэрбээр "сайн менежер" хэвээрээ үлдэх үү? бодит үнэнтэйгээ эвлэрээд болж байгаа процессыг хүлээн зөвшөөрөх үү? гэдэг нь өнөөдөртөө АСУУЛТЫН ТЭМДЭГ!
С.Гандөл /UZEG.INFO/