Монголын хөгжлийн маш гоё төслүүд яригддаг, судлагддаг, зарим нь бүр хэрэгжүүлэхэд бэлэн болтол боловсруулсан нь ч бий. Эгийн голын усан цахилгаан станц, V цахилгаан станц, “Хэрлэн говь” төсөл, уран, метро гээд ашиглалтад орчихвол Монгол Улсыг өргөөд тавьчих онцгой үр дүнтэй төслүүд өнгөрсөн хугацаанд яригдаж ирэв. Хэрэв эдгээрийг хэрэгжүүлж амжсан бол Монгол Улс Азийн бар байг гэхэд зам дээрээ түгжрэлгүй, агаарын бохирдолгүй, иргэд стресс бухимдалгүй, эрчим хүчээр гадаадаас хараат байхаа больж, өөрсдөө үйлдвэрлээд дотоодоо хангачихдаг, гадагшаа бас багахныг экспортлочихдог амьжиргаатай улс болчихсон XXI зуунд цахилж явах байлаа. Өнөөдөр энэ бүхэн бүгд үгүй. Энэ бүх төсөл хөтөлбөрийг хэн нэгэн Монголын хувийн өчүүхэн эрх ашиг, Монголыг хөгжил дэвшилд хүрсэн баян чинээлэг орон байлгахгүйн төлөөх геополитикийн бодлогын золиос болгон гацаасан.
Замдаа гацсан хөгжлийн төслүүдээс хамгийн онцгой нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Уг нь Монгол Улсад асар үр өгөөжтэй том төсөл эхэлсэн. Эхэлсэн ч гэж дээ, Ардчилсан намын удирдлагад байсан лидерүүдийн толхилцооноос, тэдний хорон үйлдлээс болж энэ төсөл олон жил гацсан. Тэгээд 2013 онд Эгийн голын усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарч, 2014 онд ТЭЗҮ-г нь боловсруулсан байдаг. Сүүлд 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажлыг эхлүүлэх үеэс дахин “эх орончдын” эсэргүүцэлтэй тулж эхэлсэн. Эгийн гол дээр усан цахилгаан станц баривал Орос улсад байдаг Байгал нуур сүйднэ, Эгийн гол татарч үгүй болно гэдэг судалгаа, нотолгоогүй тархи угаалт өнөө хэр үргэлжилдэг. Дэлхийн олон улс орон усан цахилгаан станцуудыг олноор байгуулж, эрчим хүчний хэрэглээгээ хангасаар байна.
Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэн бол 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ гэж төслийн багийнхан танилцуулж байлаа. Үүгээр зогсохгүй жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой төсөл байв. Жил бүр гадагшаа урсдаг 50 сая ам.доллар дотоодын зах зээлд үлдсэн бол өнөөдрийн валютын ханшийн өсөлт үүсэхгүй байх ч боломжтой байв. Түүгээр зогсохгүй Улаанбаатар утаа, агаарын бохирдол гэж мартах хэмжээнд хүрч оччихсон байх байлаа.
Хүн амынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг, амьжиргаатай улс орон болж бие даан хөгжихийн эсрэг зогссон хүмүүсийг харахаар гадны захиалгатай гэдэг үнэний ортой ч юм шиг. Монгол Улсыг өөд нь гаргахгүй, монголчуудыг хүн шиг амьдруулахыг хүсэхгүй байгаа гадны хүчний гар хөл болсон хүмүүсийг харахаар зэвүүцмээр бас гомдмоор.
Хэрэгждэггүй, хамгийн урт хугацаанд яригдаж байгаа төслийн нэг бол V цахилгаан станц. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа төсөл. Гэвч үеийн үед улстөржүүлж явсаар тав, зургаан Засгийн газрын нүүрийг үзэж буй. Сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ТЭЗҮ-г дахин боловсруулж, барихын алдад зогссон. Бас л улстөржилт орсон гэж дуулддаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх 10-аад жилийн хугацаанд V цахилгаан станцын төсөл огт хөндөгдсөнгүй. Харин Улаанбаатар өргөжин тэлсээр, цахилгаан эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдсээр байгаа юм. Бас хүн ард утаа, угаартаа хордож, хорт хавдараар хорвоог орхисоор байна. Утаанаас салах шийдэл манайдаа эхний удаа цахилгаанаар халаах байдаг. Гэвч цахилгааныг л хийхгүй шүү, бусдыг нь бол яахав, утаагүй түлш гээд зүтгэцгээнэ.
Түгжрэлд туйлдаж байгаа улаанбаатарчууд өнөөдөр, 2023 оны эхэнд метрогоор зорчих алтан боломжийг одоогоос 10 жилийн өмнө атгаж чадсан юм. Яг манайхтай ижил гараанаас гарсан Вьетнамчууд метроныхоо төслийг амжилттай дуусган ашиглалтад оруулж байгаагаа зарлаж байна. Японы ЖАЙКА төслийн багаас 2013 онд “Улаанбаатар метро” төслийг боловсруулан Хотын захиргаанд хүлээлгэн өгсөн байдаг. Төслийн багийнхан метроны төслөө Вьетнам улсад ч тэр цаг хугацаанд шилжүүлж байсан гэдэг.
“Улаанбаатар-Метро”-ны эхний бэлтгэл ажлыг 2014 онд эхлүүлэн, 2016 онд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг хийгээд 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой гэж тухайн үед яригдаж байв. Ийнхүү метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, авто машинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртлэх хувиар багасч, зам тээврийн осол буурахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна гэж төслийн багийнхан зарлаж байлаа.
Манайх шиг зам дээрээ өдрийн талд түгжирдэг улс орон дэлхий дээр бараг байхгүй. Улаанбаатарын замын түгжрэлийг шийдэх гарц ерөөсөө л метро байсан юм. Гэвч энэ төсөл яг хэрэгжих болоход 2016 оны сонгууль болж, салхинд хийссэн. Хотын дарга Э.Бат-Үүлийн олон бүтээлч ажлын нэг энэхүү метроны төсөл байсан ч тэрбээр үр дүнд хүргэж чадаагүй. Үүнд улс төр нөлөөлсөн гэхээс илүү Э.Бат-Үүлийн бүтэлгүйтэл гэж шууд хэлж болно. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь ногоон уут тарааж цэцэг тарихаас өөр бараг юу ч хийлгүй явсаар сонгуульд ялагдсан. Ингээд сонгуулийн үр дүнгээр хотын удирдлага солигдож, Э.Бат-Үүлийн албыг МАН-ын Су.Батболд үргэлжлүүлэн хашсан билээ. Жам ёсоор эрх баригчид өмнөх Засгийн үеийн бүхий л бүтээн байгуулалтын ажлуудыг нам гацаасны адилаар метроны төслийг ч зогсоосон. Су.Батболд юу ч хийлгүй цэнгэн бүжиж байтал бичлэг нь задрах болон огцорч С.Амарсайхан хотын дарга болж дүүжин тээвэр гэх мэтийг сэдэж, ерөөсөө метро л ярихгүй бол өөр юү ч хамаагүй ярьсаар өнөөдрийг хүргэв. Тэдэнд яриагүй нийтийн тээвэр байхгүй. Ганцхан метрог л ярьдаггүй. Угтаа бол зөв шийдэл нь метро байдаг. Харин хотын дарга нар түүнээс тойрч, дэвэн дэлхийн юм ярьсаар өнөөдрийг хүргэлээ. Түгжрэл улам ч нэмэгдэж хотын зам тамын зам болсоор байна.
Орчин үеийн дэлхийн улс орон атомын эрчим хүчээрээ өрсөлдөх боллоо. Тэр бүр улс оронд байдаггүй ураны нөөц Монголд бий. Тэр нөөц нь дэлхийд эхний хэдэд багтах хэмжээний арвин гэгддэг. Энэ нөөц дээрээ тулгуурлаж жижиг хэмжээний атомын цахилгаан станц бариад ашиглалтад оруулчихвал 3.2 сая хүн амын эрчим хүчний хэрэглээг өлхөн даачихна гэж цөмийн физикчид учирласаар ирсэн. Учирласаар гэдэг нь манайд эх оронч нэртэй эх орондоо хайргүй хүмүүсийн хамгийн их шүлсээ үсчүүлэн эсэргүүцдэг нь уран буюу шар нунтаг болсон. Уран олборлож буй гадаадын хөрөнгө оруулалттай ганц компанийг олон жил ээрч, үйл ажиллагааг нь тасалдуулж ирлээ. Энд уран гэхэд тэнд хоёр толгойтой тугал цувардаг болсоор удлаа. Монголчууд атомын станцтай болчихвол атомын мэдлэгтэй болчихно гэдгээс Монголын эх орончид сүнсээ зайлтал айж байхыг хараад огт ойлгохгүй юм. Эх оронч юм бол олон түмнийг уриалаад атомын цахилгаан станцтай болохын төлөө зүтгэмээр юм.
Манай улсад олон салбарт үр өгөөжтэй төслүүд мэндэлсэн байдаг. Үүний нэг бол Хэрлэн, Орхон голын ай савд бороо хурын ус тосч хуримтлуулан, эдгээр голын усны багтаамжийг тэлэх, хуримтлагдсан усаар говь дахь үйлдвэрлэлийг хангах зорилготой “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь” төслүүд байлаа. Хэрлэн гол бол Хэнтийн нуруунаас эх авч Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар 1090 км, Хятадын нутгаар 174 км урсан Далай нуурт цутгадаг. Хоёр улсын нутгаар хөндлөн гулд дайран өнгөрч хилийн чанад руу гарч байгаа голынхоо усыг говь руу татаж чадвал тэнд амьдрал буцлах боломжтой. Ус очсон говийн хөрсөнд юу дуртайгаа тарьж болно. Ёстой л газар тариалангийн диваажин босгож болно. Нарийн ногооны үнэ яаж өсдөг билээ. Говьд устай, нартай тэнд юу л бол юу ургана. Өөрсдөө ургуулсан ногоо ямар хямдхан байх вэ. Гэвч энэ төслүүд бас л хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулж зогсоод байна. Энэ төслийг эсэргүүцэж байсан гол хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Улс орныхоо хөгжлийн эсрэг ноцтой үйлдэл хийсэн тэрбээр хариуцлага хүлээх бус УИХ-ын гишүүнээр мөнхөд шагнуулав бололтой.
Улс орны хөгжлийн төслүүдийг баллаж, нурааж байгаа хүмүүстээ төр засаг арга хэмжээ авмаар юм. Өмнөх засаг төрийн үед хэрэгжиж байсан аль зөв сайн төслөө үргэлжлүүлэхийн оронд гацааж зогсоодог байдлаасаа эрх баригч нам татгалзмаар юм. Ерөөс Монгол Улсын хөгжилд их бага хувь нэмэр оруулах ямар ч төсөлд хөндлөн зогссон улс төрийн хүчин, улстөрч, хувь хүмүүс бол эх орноосоо урвасан гэмт хэрэгтнүүд юм. Үүнийг одоо ялгаж салгаж нийгэмд ойлгуулах учиртай. Монголчууд алийн болгон ийм бүдүүн хойрго, хөлдүү байх юм бэ.
Одоо л хүмүүс хөгжлийн тухай ярьж, эрж, хайдаг болж байна. Сайн хэрэг. Нөгөө талд хөгжлийн төслүүдийг гацаадаг улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүст арга хэмжээ авдаг болъё. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж үзэл бодлоо сошиал сүлжээнд илэрхийлсэн иргэдийг Зөрчлийн хуулиар торгох гэж гүйх биш харин эх орныхоо хөгжлийн эсрэг дуугардаг, зүтгэдэг тэгээд зогсоож чаддаг хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин