Мандал Ассет Менежментийн Гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
- Жил гаруйн өмнө таныг Банкнуудын IPO-н талаар яриа өгч байсныг санаж байна. Түүнээс хойш хоёр ч системийн нөлөө бүхий банк IPO хийлээ. Одоо хэсэг нам гүм байх шиг байна. Үлдсэн банкнууд хэзээ IPO хийх төлөвтэй байна вэ?
Системийн нөлөө бүх банкнууд хуулийн хугацаанд багтааж 2023 оны хагас жилээс өмнө нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжин IPO хийх ёстой. Оны өмнөхөн Хаан Банк нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлөө авсан. Тун удахгүй IPO хийх төлөвтэй байгаа. Энэ банк хамгийн өндөр ашигтай ажиллаж байгаа банк гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
- Та өндөр ашигтай гэж хэлж байна. Мэдээж банкнууд IPO хийж буй нь сайн хэрэг. Ер нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн нүдээр харахад банкнуудын үнэлгээ, санхүүгийн үзүүлэлт ямархуу байна?
Өнгөрсөн оны банкнуудын үзүүлэлтүүдийг харвал системийн банкнууд нийтдээ 978 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Дунджаар тооцоход 22%-ийн өөрийн хөрөнгийн өгөөжтэй ажиллаж байна гэсэн үг.
Системийн хэмжээнд банкнуудын зээлийн багц 6.5%-иар өсөж, 22 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 41.6%-тай тэнцэх юм.
2022 онд системийн 5 банк нийтдээ 3.5 их наяд төгрөгийн хүүний орлого олсон байна. Ингээд бодохоор банкнууд 10 төгрөг тутмаас 2.8 төгрөгийн ашигтай ажиллаж байна гэсэн үг.
Мэдээж хэрэг нэг жилийн ашиг хараад шууд сайн хөрөнгө оруулалт, гоё гэж хэлэхгүй. Хамгийн гол нь банкнууд олон давхар хяналттайгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Мөн санхүүгийн дэд бүтэц гэдэг утгаараа эрсдэл багатай, тогтвортой хөрөнгө оруулалтад банкны хөрөнгө оруулалтыг тооцож болно. Ер нь хөрөнгө оруулалт гэдэг чинь тэр чигтээ эрсдэлийн удирдлага байдаг юм шүү дээ. Англиар “Rule Number 1: Don’t Lose the Money” гэх үг бий.
- Таны удирдаж буй сан Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын сан шүү дээ. Танайх банкнуудын IPO-д хэр идэвхтэй оролцож байгаа вэ? Ер нь танай хөрөнгө оруулалтын багц ямар байгаа вэ?
Манай Мандал Ирээдүйн Өсөлт Хөрөнгө оруулалтын сан нь анх байгуулагдсан цагаасаа банканд хөрөнгө оруулна гэдгээ олон нийтэд мэдээлсэн. Одоогоор бид Төрийн банк, Голомт банк гээд хоёр ч системийн нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигч, стратегийн хөрөнгө оруулагч болоод байна. Цаашдаа ч банкнуудын хувьцааны багцаа нэмэгдүүлнэ гэж төлөвлөөд байгаа. Бусад хөрөнгө оруулалтуудын хувьд бидэнд өөр нэгэн онцлох зүйл бий. Тэр нь өнгөрсөн жил манай сан Монгол Улсын Засгийн Газрын олон улсад гаргасан бондын худалдан авагчаар оролцсон явдал юм. Энэ нь Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалтын сан нь Засгийн Газрын гаднаас татсан хөрөнгө оруулалтад оролцож байгаа хэрэг л дээ. Улмаар бид өөрсдийн багцаа улам бүр солонгоруулж чадсан.
- Та багцаа солонгоруулж чадсан гэж хэлж байна. Энэ нь ямар утгатай вэ?
Хөрөнгө оруулалтын сангийн хэд хэдэн давуу тал бий. Эхнийх нь зөвхөн нэг зүйлд хөрөнгө оруулах биш, олон талын хөрөнгө оруулалтын хэрэгслээр багц бүрдүүлэх ойлголт. Ингэж гэмээн эрсдэлийг бууруулна. Үүнийг солонгоруулна гээд байгаа хэрэг. Нөгөөх нь жижиг дүнгээр орох боломжгүй томоохон санхүүгийн хэлцлүүд рүү орох боломж. Санаа нь ганцаараа биш, 9,000 хүн нийлж байгаад нэг том хөрөнгө оруулалт хийнэ гэх санаа юм. Анх 1774 онд яг энэ зарчмаар дэлхийн анхны хөрөнгө оруулалтын сан байгуулагдаж, одоо ч тэр л зарчмын дагуу хөрөнгө оруулалтын сангийн төгс механизм амжилттай хэрэгжсээр л байна.
- Сүүлийн нэг жилд Монголд төдийгүй олон улсад хөрөнгийн зах зээл сайнгүй байлаа. Мөн сүүлийн сард гаднын хэд хэдэн банкнууд асуудалд ороод байна. Энэ нь танай санд хэрхэн нөлөөлж байна?
Зах зээлийн нөхцөл байдал нь цэвэр мөнгөний нийлүүлэлттэй холбоотой. Сая хэсэг Ковидын үед бүх улс их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлсэн. Эргээд инфляц нэмэгдэж, мөнгөний хатуу бодлого барихаас өөр замгүй боллоо. Энэ нь хөрөнгийн зах зээлд шууд нөлөө үзүүлээд эхэллээ. Гэхдээ бүх зүйлс цикл байдаг. Тодорхой хугацааны дараа эсрэгээрээ мөнгөний зөөлөн бодлого барьж эхэлнэ.
Нэг талаас зах зээлийн нөхцөл байдал, нөгөө талаас Банкнуудын IPO хойшилсон нь манай багцад нөлөөлсөн. Гэхдээ бид эдийн засгийн хямралын эсрэг тодорхой хамгаалалтууд хийж ажиллаж байгаа нь манай сан тасралтгүй ашигтай ажиллаж буйгаар харагдаж байгаа. Эдийн засгийн ямар ч нөхцөлд ашигтай, тогтвортой ажиллана гэдэг нь хөрөнгө оруулалтын сангийн давуу тал.
Олон улсын банкнууд хүндхэн байдалд байгаа нь үнэн. Саяхан Credit Suisse банкийг UBS банк худалдан авах тухай мэдээлэл гарсан. Үнэхээр том хөдөлгөөн явж байна. Үүнд ч төв банкнуудын зүгээс шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Гэхдээ энэ нь манай улсад төдийлөн хамааралгүй үйл явдал. Эсрэгээрээ манай улсын банкнууд нь хэзээ хэзээнийхээс илүү өндөр ашигтай, сайн ажиллаж байна шүү дээ.
Манай хөрөнгө оруулалтын сангийн 10 жилийн хугацаатай үйл ажиллагаанд бид дор хаяж 1-2 удаагийн эдийн засгийн хүндрэлтэй тулгарах нь дамжиггүй. Иргэд сандарна, Зах зээл хөдөлнө, Улс төр савлана. Энэ бүхэн байх л үзэгдэл. Тэр бүхэнд бид урт хугацааны стратегиа баримтлан ажиллах болно. Эрсдэл багатайгаар урт хугацаанд өндөр өгөөжтэй ажиллах нь бидний хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг.
Банкнуудын хувьцааны багцын мэдээлэл авах: forms.office.com/r/ieTHH3XRHJ
- Танд баярлалаа.
Эх сурвалж: ikon.mn