Бээрсэн гараа халуун амьсгаагаар үлээн хичээллэж суутал манай ангийн үүдийг харанхуйлсан том хүн хаалга нээгээд босгоны цаана зогсож байв. Цагаан нэхий дээлтэй үнэгэн лоовууз хулгавчилсан нөгөө хүн үүд халхалсан чигтээ,
-Манай Соронзон байна уу? гэж хүнгэнэх нь тэр.
Аав! Миний аав! Би шууд таньсангүй. Багшийн зөвшөөрлийг сонсох сөгөөгүй инээсээр би аавыгаа түлхэж, гудаанд гаргаад ангийнхаа хаалгыг шалавхан хаав. Нэрэлхсэндээ найзуудынхаа нүднээс далд аавдаа дураараа эрхлэх гэсэн минь тэр. Аав инээсээр намайг удаан үнсэв. Олон хүүхдийн нүднээс мултарч эзгүй хонгилд гарсандаа миний санаа амарч би аавынхаа хүзүүгээр тас тэвэрвэл түүний үнэгэн лоовуузны соронд цанатсан мөс хацар үл ялимхайрав. Олон сарын тэвчээр алдарлаа: аав минь би та нарыгаа яасан их санаж байна аа. Есхөн настай намайгаа та нар санадаг уу? Гэрээ санаад дандаа уйлж яваа нялх үрээ ээж та хоёр мэддэг үү? Аав та намайг сургуулиас оргуулчхаж чадах уу? Тэгээд аль ч сумын ямар ч багийн дарга очихгүй тийм алс нутагт нүүж очоод нутгалчихья. Тийм газар дэлхий дээр бий юү? Байдаг бол мөн сайхан аа. Намайг сургуульд хөөхгүй, манай малыг хоршоонд авахгүй, хөөвөр хялгас, ноос ноолуур, сааль сүү гэх ямар ч "албан журам" нэхэгдэхгүй. Тийм болохоор таныг шоронд хийхгүй. Бид бүгдээр гэртээ дураараа жаргана. Улаан орос мөхөхөөс нааш хүн мал амар заяа үзэхгүй гэж та надад хэлсэн. Таны сануулсны дагуу энэ үгийг би хэнд ч хэлдэггүй. Хамгийн сайн найздаа ч үг алдаггүй. Аавынхаа хүзүүгээр тэврэх энэ зурвас агшинд бүх нандин бодол минь хөвөрч би нүдээ аниад аавынхаа үнэрийг шуналтай сорж, амьсгалаа дотогш уртаар татав.
Гадаа гарлаа. Илчгүй хүйтэн нар шингэхээр тэнгэрийн хярмагтай бүүдгэр хаяа руу ойчиж харагдана. Нар гэхэд илчгүй, гялтгар мөс төдий гэрлийн тусгал. Аавын царай нэг л баргардуу. Намайг өхөөрдөн инээмсэглэх хэдий ч нүдний нь угт нэг шаналгаа нуугдаад байх шиг. Аав гадаа гараад хэлэх үгээ олж ядсанаа,
-Нээрэн тийм гээд өврөөсөө хоёр хэвийн боов гаргаж надад өгөөд, -Миний хүүд ээж нь явуулсан юм гэв. Тэгснээ миний толгойг хүдэр гарынхаа ширүүн алгаар илээд,
-Аав нь өнөө орой өртөөний машин ирвэл Архангай явна гэж нэмж хэлээд харцаа буруулав. Алсаас гэтэхүл үзэгдэх айдас лавширч,
-Таныг аймгийн шүүхээс дуудаа юу? гэж асууж орхилоо.
-Тийм ээ гэснээ аав бяцхан хүүгээ дахин үнсээд "Гэхдээ аав нь удахгүй ирнэ. Албан журам дутуу хүмүүсийг аймагт дуудаж байгаа юм байх. Аав нь машин ирэхгүй бол өртөөний гэрт хононо. Миний хүү тэнд очих уу? Ангидаа эргэж ороод хичээлээ хийх үү? Аавтайгаа өртөөний гэр лүү явчихвал багш нь загнах бол уу" гэж эргэлзэнгүй өгүүлэх нь намайг өртөөний гэрт дагуулж очоод аймгаас машин иртэл хэсэг ч болохноо хамт байя гэж буй нь илт. Аавын харц гал муутайн дээр өрөмдөм, хүүгээ хайрлахаас цаашгүй агаад юу ч гэхмээр юм бэ дээ-адуунд эртэй хүчирхэг аав минь арчаагүй нэгэн харагдана.
Аав бид хоёр өртөөний гэрийн хатавчинд энэ тэрхнийг гүвтнэж суулаа. Өртөөний гэр гэгч айл биш контор аж. Даргын стол монгол гэрт томджээ. Улаан цэмбээр бүтээсэн урт угтвар ширээ гэрийн хамаг зай эзлээд, айл гэхэд албархаг-аймаар. Гаднаасаа бол цав цагаан өргөө. Бүр хун шиг цагаан. Шинэ эсгийгээр өвч бүрсэн гэр цагаан ч гэлээ яс шиг ийм хувхай цагаангүй. Өртөөний гэр яагаад шаазан шигвэгэвэл цагаан даавуугаар бүрсэн учир тийм нүнжиггүй өлөн цагаан харагддаг. Даавуу бүрээстэй яс шиг, шаазан шиг цагаан гэр сургуульд орохоосоо өмнө би үзээгүй хүүхэд. Ноднин жил-1949 онд ардуудаас шилмэл морьд хурааж “өртөө адуу”-тай болсон агаад сангаас “Өртөөний контор” гэх гэр барив. Төдөлгүй цагаан даавуу бүрээс нь салхи шуурганд урагдаж ноороод насгүй нь нотлогдсон.
Албан контор гэмээр гэрт аавыгаа налаад сууж байхдаа би өртөөний машин өнөө шөнөдөө битгий ирээсэй гэж зөндөөн залбирав. Өртөөний тэрэг ирэхгүй бол би аавтайгаа энэ гэр-конторт хонохгүй. Таньдаг айлдаа очоод аавынхаа хүзүүгээр тэврээд унтана. Нэг шөнө ч гэсэн гэрээ санасан надад мянган лан. Санасан сэтгэл тэвтээх хамгийн гол хүн ээж боловч аав минь бас л эрхэм аж.
Бүрий болтол өртөөний монхор ногоон гэрэлт хоёр нүдээ гялалзуулсаар гарч ирлээ. "Машин гэх өмхий тэрэг үзэгдмэгц хүн мал амар заяа үзэхээ больсон" гэж өвгөн аав минь үглэж суув. Аавыг авахаар айсуй машины гэрлийг харж зогсоход хэдхэн сарын өмнө өөд болсон өвөөгийн минь үг санаанд орж билээ.
Жавар тачигнасан шөнө. Аав гутлынхаа гадуур тэгтий углаж, үнэгэн лоовууз хулгавчлаад ханхай тэрэгний тэвшинд ганцаараа суугаад харанхуйд уусахад би хүнгэнэн холдох машины арын хоёр жижиг улаан гэрлийг ширтсээр хоцрохдоо эхэр татан уйллаа. Миний уйлахыг анзаарах хүн ойр хавьд үгүй, тэгээд ч тас харанхуй байсан юм чинь би нулимсаа хорилгүй зоргоор нь асгаруулав.
Аймгийн шүүх аавыг минь аваад явчихсанд гомдож зүрхээ чичигнэтэл сэм эхэр татсаар өрөөндөө орж өврөөсөө хоёр ул боовоо гаргаж Норов бид хоёрын дундын өмч-түмбүүшгэн дээр тавилаа. Боов харсан хүүхдүүд над руу бөөгнөрч ирсэн боловч миний царайг хараад боовоо хуваахыг шаардсангүй. Тэд намайг хэсэг ажиглаад "яасан ийсэн" гэсэн ч би хариулж чадсангүй. Найзууддаа юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байв. Тэд намайг тайвшруулж "Соронзоон битгий урвай. Одоо удахгүй цагаан сар болно. Чи гэртээ харина. Цагаан сар аа л бод. Өөр юм бүү бод" гэцгээлээ. Нээрэн ч дээцагаан сар өмнө минь байна. Аав эргээд ирэх горьдлого бий. Горьдлого тасраагүй цагт учир бий. Горьдлого л бүү тасраасай.
Цас хялмаалсан бүүдгэр хүйтэн өдөр хичээл тармагц багш нарын конторын үүдэнд шөвөг Дорлиг хөшөө шиг номхон зогсоод ямаан бүрээ янгинуулав. Бүрээний дуугаар хүүхдүүд ч цугларлаа. Цугларсан хүүхдүүдийг Дорлиг багш өндөр намаар эрэмбэлэн жирийтэл жагсаав. Тэгээд чанга царгиа дуугаар, "Но-о-ом- хон!" гэх комманд өглөө. Дараа нь "Баруун тийш зэ-э-эр-гэц!" гэж хашгирснаа "Тоо то-о-ол!" гэв. Жагсаалын эхнээс "нэг, хоёр, гурав" гэх янз бүрийн авиа гарлаа. Дорлиг багш "Баруун тийш зэргэц, зүүн тийш зэргэц, э-э-эр-эг, дороо алхаад ма-а-арш!" гэх мэт улиг болсон жагсаалын сургууль хийлгээд эцэст нь "номхон" команд өгөөд өвлийн тэсгим жаварт бага сургуулийн балчир хүүхдийг модон гозойлоо болтол гөшөөв. Тэгээд өөрөө жагсаалын урдуур цэргийн том жанжны маягаар ихэмсэг бардам алхалснаа өндөр дуугаар,
-Сурагчид сонсоод! Энэ жилээс эхлээд нам засгаас цагаан сарыг хатуу хорьсон болохыг пионер сурагчид та нарт баяртайгаар мэдэгдье гэв.
Удахгүй болох цагаан сараар гэртээ харих гэж өдрийн бодол шөнийн зүүд болсон бидний гол харлаад явчихлаа. Дорлиг багш өөрийн мэдэгдэлд сурагчид хэрхэн дургүйцэж буйг олж тогтоохоор шохоорхож хүйтэн хурц нүдээр цоргисноо,
-Тэгэхээр цагаан сараар та нарт чөлөө өгөхгүй! Нэг ч хүүхэд гэртээ харихгүй. Ийм тушаалыг нам засаг гаргажээ. Нам засгийн энэхүү шийдвэрийг зөрчиж гэр лүүгээ оргосон хүүхдийг баривчилж авчрах бөгөөд харин шийтгэхгүй. Өөрөөр хэлбэл оргосон хүүхдийг бид яллахгүй. Гэхдээ тэр оргосон сурагчийн эцэг эхийг шүүхэд өгч хэрэгт татна. Энэ бол би хэлж байгаа үг биш. "Оргосон хүүхдийн эцэг эхийг шоронд шууд хийх" хууль гарсан. Цагаан сар хийхийг Монгол орон даяар хориглосон гэж ойлго. Цагаан сар бол феодлынёс. Сурагчид та бидний цагаан сар бол ногоон модны баяр. Дарлагч мөлжигч феодлуудын баярыг пионерийн тангараг өргөж, хүзүүндээ хувьсгалт улаан бүч зүүсэн сурагчид тэмдэглэвэл гэмт хэрэг болно. Та нараас эцэг эхээ шоронгийн хадаас болгоё гэххүүхэд байвал оргоод үзээрэй гэснээ Дорлиг багш цэрэгжсэн биеэ хөвчилж, “Ойлгов уу?” гэж асуугаад, “Ойлгоогүй пионер байвал жагсаалаас урагшаа алхаад марш” гэв. Нам засгийн эсрэг зориглон жагсаалаас гарах сачийтай хүүхэд та муусайны дунд яаж байхав гэх омогшилдоо онгирч даажинтай бардмаар жагсаалын урдуур алхалснаа,
-Нам засаг феодлын цагаан сарыг хорьсныг ойлгов уу? гэж лавлав.
-Ойлголоо! хэмээн сурагчид нирхийтэл нэгэн зэрэг хариуллаа.
Гэртээ харих ганц сайхан боломж-цагаан сарыг хорьсон нь уйлмаар ч тэгж ч нирхийтэл зэрэг хариулах номтойгоос хойш яалтай ч билээ. Пионер-хүмүүжил. Гэлээ ч бяцхан маниуст аав ээжтэйгээ хамт гэртээ шинэлэх юунаас ч солимгүй.
Дотуур байрны хүүхдүүд оргочих вий гэж нэг багш нэггалчтай хүч хавсран цагдав. Цагаан сараар сурагчдаа оргуулбал багш нарт ял үүрүүлнэ гэж дээрээс чангалсаар. Өвөлжин шинэ сарын тухай ярьсан хүүхдүүд эцэг эхээ улам санаж, сэтгэлээр унаад лойж орхив. Цагаан сараар хариад ийм ч морио унана тийм ч эмээлээ тохно гэх хүсэл нь унтарч өгдөггүй. Дотуур байрны өмхий тасалгаанд хүүхдүүд тогтохоо больж, дэмий л хашааны нөмөрт хүйтэн жаварт бээрчихсэн амьтад нутгийн зүг зурайн одох зам харгуй ширтэх боллоо. Ганц нэг хүүхдийн гэрээс унаа ирсэн боловч багш нарнам засгаар сүрдүүлээд хөөж явуулав. Морь хөтөлж ирсэн эцэг эхчүүд хүүхдийнхээ эмээлтэй морийг хөтлөөд төвөөс гарч нутгийн зүг зурайх жимээр бөртөлзөн холдоход хашааны нөмөрт суусан хүүхдээс хэн нэг нь хэнгэнэтэл уйлна. Уйлж буй жаал буцаж буй эмээлтэй морины эзэн.
Бид хашааны нөмөрт хэдэн өдөр бөөгнөрч Бэрхийн энгэрийг ширтээд үүндээ ханалгүй ойрцоох сэрэвгэр хаданд авирч Бэрхийн энгэрээ харуулдлаа. Их бага Бэрх цэнхэртэнэ. Хоёр Бэрхийн хооронд дахь цэлгэр хэцээр тэртээ цаана тэнгэрийн хаяанд Авзага хайрхан сэрвээгээ дүхийлгэн мярааж буй аварга хөх амьтан мэт сунайн хүглийнө. Бага Бэрхийн нүдэнд дулаан танил атираа нугачаа юу юунаас амь. Бэрхийн энгэр сургуулийн хашаанаас харагддагаасаа арай тодорч бид гэртээойртсон мэт цовооров. Гэвч “тэдний өвөлжөө эдний өвөлжөө тийм уул ийм жалга" гэж шуугихаас хэтэрсэнгүй.
Норов цонхны шилний хагархай өврөөсөө гаргаад нүднийхээ өмнө тааруулж бариад Бэрхийн энгэрийг "дурандав". Би шоолонгуйгаар,
-Наадахь чинь цонхны шил юм чинь ингэж хараад ямар хэрэг байна гэвэл,
-Энэ шилээр харвал зүгээр харснаас илүү тодордог юм гэнэ.
-Наадахь чинь ердийн шилний хагархай болохоор дуран шиг татахгүй шүү дээ гэж мэтгэлцвэл өрөөсөн нүдээ аньсан Норов,
-Татдаг юм аа гээд шилний өөдсөөрөө бага Бэрхийг дурандсаар суув. Би түүнийг тохойгоороо нударч,
-Наадахь чинь дурангийн шил биш яаж юмыг татаж ойртуулдаг юм бэ гэвэл Норов над руу ууртай хялайгаад,
-Татдаг юм гээд байхад яах гээд байгаа гөлөг вэ чи гэж зандрав.
Тэгээд шилний өөдсөө нүдэндээ бариад нутгаа анивчин ажигласнаа,
-Ёстой гоё татаж байна. Нүдээр харахад бүрэлзээд байдаг өвөлжөөнүүд алган дээр юм шигил боллоо. Айлын гэрүүд дурайв. Өндөр өвөлжөөнд Банзрагч гуайн Жамц гуайн хоёр гэртодорлоо. Хоёр гэрийн хооронд нэг хүн явна. Уяан дээр нь гурван морь байна. Нэг нь эмээлтэй нөгөө хоёр нь эмээлгүй юм. Эмээлгүй хоёр нь засмал дэлтэй шавхнуухан юм, бодвол цагаан сараар уралдах морьд биз. Үгүй миний муу шил татахыг үзүүлээд өгч байгаа юм шүү. Тэнгэрийн хаяанд сүүтэлзэх уулсыг суга татаад нүдний өмнө тавьчих юм гээч гэж дуу алдсаар “дурандана”.
Норовын үг худал ч гэлээ шидэт шилнийхээ гайхамшгаар үзэж харснаа өгүүлж буй түүний зохиомол яриа гэрээ санасан надад аятайхан байлаа. Норов олон өвөлжөө дурандаж танил айлуудын тухай нүдэнд үзэгдтэл ярилаа. Норовын уран яриаг амтархан сонсож буй бид сүүлдээ түүний шидэт шилээр дурандах гэж булаацалдав. Шилийг гартаа оруулж авсан эхний хүүхэд түүгээр дурандсанаа,
-Пөөх янзтай тодорч байна. Үнэхээр ямар ч дурангаас дутахгүй татдаг шил юмаа гэхэд хүүхдүүд "Аль вэ би нэг би нэг" гэж бужигналаа.
Нүднийхээ өмнө нөгөө шилийг бариад Бэрхийн энгэрийг хараачилсан хүүхэд бүр л нөгөө шилний хэлтэрхийн гайхамшгийг магтаж гэр орноо харж,арай л ээж аавыгаа үзлээ гэж хэлсэнгүй. Норовын шидэт шилэнд итгээгүй хүн ганц би л болж байх шиг. Норов намайг муухай хялайсаар. Эцэст нь би нөгөө шилний өөдсөөр нүдээ халхлан Бэрхийн энгэрийг ширтлээ. Бүүдгэр шилний цаанаас Бэрхийн энгэр бараг харагдсангүй. Норов хажуунаас ёворч,
-За яаж байна? Сайхан татаж байгаа биз гэж асуулаа. Би түүний гэнэтийн нудралтаас цочуут,
-Тийм байна. Ёстой сайхан татдаг шил байна гэвэл Норов намайг нэлээд удаан ажигласнаа санаа алдаад,
-Соронзоон чич басгэрээ их санаж байгаа моньд юмаа даа. Өвөлжөөгөө сайн дуранд. Юмыг яаж мэдэхэв ээж чинь гэрээсээ гараад ирвэл хараад ав гэлээ.
Ийнхүү бид төвийн ойролцоох сэрэвгэр цохион дунд баахан шуугилдав. Нар жаргах дөхлөө. Бид ч даарч эхлэв. Хүүхэд болгон л нөгөө шилний цаанаас Бэрхийн энгэр тодорч байсныг гайхан хөөрөлдлөө. Бидэн дундаа арай ах, арай догь Гомбодоо нөгөө шилийг дуу алдан магтсангүй, гэхдээ "нүдээр харснаас шилээр харах ялгаатай юм" гэж нотлов. Гэвч шилээр харсан нь тод байв уу дор байв уу гэдгээ хэлсэнгүй. Шилнийхээ тухай магтаалыг сонсоод Норов сүрхий барайж, цаагуураа худал магтаалд гуниглав уу гэлтэй санаа алдаад шилээ улам магтаж итгүүлэхээр,
-Сайхан татаж байна. Манайх алган дээр юм шиг ойрхон байна гэж сулавтар хэллээ. Тэгээд шилнийнхээөөдсийг өвөртлөхдөө“Цагаан сар хаяанд буучихлаа. Цөмөөрөө гэр лүүгээ хамтдаа явган оргочих уу? Үдэш хүн унтсан хойно гараад гүйчихэд шөнийн уртад үүрээр бараг харьчихна. Тэгэх үү?” гээд бүгдийг харав. Хэн нэг нь үгээ зөөж тавин, “Болох л юм. Гэхдээ цагаан сараар оргож бослоо гээд аав ээжийг маань шоронгийн тав болгочих байх даа” гэв. Норов,
-Бид өөрсдөө дур мэдэж оргосон болохоос аав ээж унаа явуулж биднийг босгосон биш, юу гэж тэднийг буруутгах юм бэ. Аав ээж биднийг орго гээгүй,бид өөрсдөө оргосон гээд ноцчиход ямар ч буруугүй аав ээжийг яасан гэж шоронд хийх юм бэ гэж тайлбарлалаа. Ингээд бид оргохоор шийдэв. Тэгтэл нэгдүгээр ангийн хоёр охиныг дагуулж орговол тэд шөнийн жаварт осгож үхнэ, орхичихвол маргааш бидний оргосныг мэдмэгц тэд орилолдоно. Хожим аав ээжийн нь царайг харалтгүй болно гэж хэдүүлээ хаширлав. Тэгтэл явган биднийг чоно дагавал яах вэ гэсэн сэрэмжлэл нэг нь гаргалаа. Бид өрөөндөө тодорхой шийдгүй ирэв.
Үдэш унтахаар хэвттэл Номгоныхэдэнжаалтасалгааны буланд бөөгнөрч шивнэлдээднэг лбишээ. Тэгснээ нөгөөдүүл чинь түмбүүшгэн дотроо өөрийн гэснээ бүгдийг чихэж багтаав. Бид түмбүүшиг хэмээх жижиг модон хайрцгаа бүгд ямар нэг цоожирхуу юмаар түгжих боловч түгжээг дуртай нь гараараа түвэггүй гаргачихдаг тул хулгай орох хэвийн үзэгдэл. Гэрээс хааяа ирдэг боов цагаан тос зэрэг хүнсээ энэ шүүгээндээ хадгалах аргагүй. Хулгайн гар дороо л орчихно. Хүүхдүүд гэрээс ирдэг аяганы хийцээ таньдаг айлд тавиад өдөр бүр нөгөө айлдаа очиж ааруул хурууд боов боорцгоо буруу харан сууж өвөртөө чихэж аваад гарч одно. Номгонын өгөө хэд түмбүүшигнийхээ хаалгыг гаднаас нь урт урт хадаасаар хадаж орхив. Тэд цагаан сарын дараа ирээд түмбүүшгээ онгойлголтгүй болох шиг.
Өглөө багш нарын дуу хадаж,байрны хүүхэд манаж хоносон галч өвгөнийг хэдэн талаас нь загнаадбарьж "идэх"-нь ээ. Шөнө хэсэг хүүхэд оргочихсон болтой. Уур нь бадарсан Дорлиг багш бидний хучлагыг хуу татаж босгоод,
-Та нар оргох гэж байгаа хүүхдүүдийг мэдсээр байж яагаад мэдэгдээгүйв. Та нар оргодлуудтай хуйвалдсан тул бас зүгээр өнгөрөхгүй гэж сүрдүүлэв.
Номгоны хүүхдүүд шөнө явган оргочихжээ. Багш нар сургуулийн хураалттай түлээн дээрээсхаргана бут бараантсан тал руу дурандав. Үүр цайсан ч гэгээ ороогүй. Тэгтэл Дорлиг багш харгана дунд бөөнөөрөө цааш гүйж яваа хүүхдүүдийн торолзох барааг дурангаар олж хараад,
-Нөгөө босуулууд тэнд гүйж явна гэж дуу хадаав. Тэгээд өөр нэг багшийн хамт хоёр морь олж унаад оргодлуудын араас давхилаа. Дорлиг багш хаанаас ч юм нэг буу олоод үүрчихсэн тул хүүхдүүд сүрдэж, орговол яавч тоглоом биш болохыг ойлгов. Хичээл ч эхэлсэнгүй. Үндсэндээ эсэргүүний үеийн байдал тогтлоо. Бүрээ янгинаж биднийг сургуулийн цэлгэр хашаанд жагсаагаад номхон зогсоов. Номхон команд авсан бидний жагсаалын урдуур багш нар оргодол хүүхдүүдийг хүлээж холхив. Номхон командтай бид оргосон нөхдөө яах бол гэж айна.
Тэгтэл ч морьтой хоёр багш оргодлуудын хэлийг унжуулан элдсээр хашааны хаалгаар оруулж ирлээ. Оргосон хэд уйлах нь уйлж хазганах нь хазганажээ. Тэднийг жагсаалын өмнө цаазаар авах гэж байгаа юм аятай зогсоов. Бидний үздэг кино гэвэл ганц Цогт тайж. Энэ зуур надад Арслан баатрын толгойгоо авахуулах гэж буй аймшигт хэсэг санаанд буулаа. Захирал багш Самбуу бидэнд хандаж,
-Сурагчид аа нам засгийн шийдвэрийг эсэргүүцэж цагаан сараар оргосон этгээдүүдийг хэрхэн яаж цээрлүүлэхийг та нар одоо харах болно гэж мэдэгдлээ.
Миний зүрх дэлсэж буй ч өөрсдөө оргож амжаагүйдээ олзуурхав. Захирал биднийг загнаад босуул хэд рүү тоож нэг ч удаа хялам хийсэнгүй. Энэ нь тэдэнд ямар ч өршөөл үзүүлэхёсгүй гэсэн дохио мэт. Захирал аймшигт ширүүн мэдэгдлээ төгсгөөд зоорины түлхүүр авчрахыг тушаав.
Сургуулийн хашааны буланд зоорьгэх овгор шороо байдаг. Овгор шороосүүдэр тал руугаахарсаннэг муухаалгатай.Тэрнь ямагт цоожтой байна. Голоос том том мөс авчирч зооринд хийдэг бөгөөд тэнд сурагчдын хоолны мах хадгалдаг гэж сонссон. Зоорины хаалга нэг удаа нээлттэй байхад би таарч шагайж харвал аймшигтай харанхуй хонгил харагдсан. Доош буусан гишгүүрээр хэдэн довжоо уруудвал эвгүй бам чийг ханхалж, юм үзэгдэхгүй болсонд би хулчийгаад буцаж билээ. Намрын нар шарсан өдөр байсан хэдий ч зоорин дотор маш сэрүүн, ер нь цааш лав явбал их хүйтэн болтой, айдас төрөм хав харанхуй нүх мухаргүй урт санагдсан. Идэр есийн хүйт тачигнасан энэ үед тэр зоорин дотор ямаршуу байгаа бол гэж би төсөөлөөд, одоо тэнд цоожлогдох нөхдөө өрөвдлөө. Тэд удахгүй хөлдөж үхнэ. Хүйтэн зоорины ёроолд хөлдүүс болох найзуудаа би алуулах гэж уясан идэшний мал шигээ өрөвдлөө.
Зоорины түлхүүр олдохгүй эрэл болов. Захирал "Түлхүүр хаана байна? Бушуу ол!" гэж хилэгнэсээр. Захирлын уур хүрэх тусам оргодлуудын ял хүндэрнэ. Хүйтэн нүхний нь түлхүүр бүү олдоосой гэж би жагсаалдаа залбирч зогсов. Тэгтэл галч Бадам захирал багш өөд гүйх шахамо чиж өмнө нь бөхийгөөд,
-Захирал аа нөгөө түлхүүр чинь энэ байна гэснээ арзайтлаа сийсэн шүдээ ярзайлган ой гутам инээгээд түлхүүрийг захирлын алган дээр зөөлхөн тавихдаа, -Би олсон юм гэв. Захирал галчийгхүн гэжтоосонгүй түлхүүрээ авуут оргодол хэдийг зоорины зүг тууж одлоо. Урамшлын үг хүртээгүй галч захиралд түлхүүр өгөнгөө "Би олсон юм" гээд бөхийсөн янзаараа бөхийсөөр хоцров. “Болж” гэж битүүнийг тавлалаа.
Бадам Эрдэнэ зууд хар багаас шавилан сууж нэлээд номтой болсон бөгөөд гучин долоо найман онд баривчлагдахын даваанд амь мултарсан лам. Бадамын багш хуваргууд бүгд буудуулжээ. Их баривчилгааны үед аймхай Бадам хаашаа зугтахаамэдэхгүй үнхэлцэг нь эгээ л хагарчихсангүй. Гэвч нэг мэдэхнээ толгой мэнд үлдчихсэн байжээ. Яагаад үлдчихэв гэдгээ өөрөө ч ойлгохгүй үргэлж айсаар. Амь мултарсан хэдий ч нам засагт итгэгдэхгүй, ямагт сэрдэгддэг түүнд албаны хүн бүрийг ичиж нэрэлхэлгүй бялдуучлахаас өөр амьд явах гарц байсангүй. Түүнийг дарганэр зүүсэн болгон айлгана. Бялдууч хоч нь ийм учиртай.
Захирал босуул сурагчдыг зоорь луу тууж одсоны дараа Дорлиг багш жагсаалын өмнө үлдээд үүрсэн буугаа мөрнөөсөө мултлахад номхон зогссон бид хирдхийв. Арай ч буудчихгүй нь мэдээж. Жавар нүүр хайрч, чих чимчигнэж, хөлийн хуруу хөлдөж байна уу гэлтэй чимчигнэнэ. Тэсгим хүйтэнд номхон зогссон би Дорлиг багшийн яриаг анхаарсангүй гагцхүү цагаан сараар гэртээ харих өнгөрчээ гэж харуусахдаа "Ийм цөвүүн цагт хүн болж төрдөгмөн их лайяа" гэж аав ээжийнаргаа барахдаа хэлдэг үгсанаандбуув.
Чингэтэл сургуулийн хашааны нээлттэй орхисон том хаалгаар эмээлтэйхоёрморь хөтөлсөн залуу орж ирэх нь тэр. Хүүхэдоргуулахгүй гэж хатуу цагдсан сургууль руу эмээлтэй морьд хөтөлсөөр хэнэггүй орж ирдэг мангуу байдагаабас. Шөвөг олз олсон хүний баяртайинээдээр жуумалзана. Миний дотор палхийлээ.Эмээлтэйхоёрморины нэг манай цавидар азарга байв. Ээж надад хүнээр эмээлтэй морь явуулсан нь тэр. Дорлиг багш нөгөө хархүүг,
-Та наашаа хүрээд ир гэж дуудав. Сайхь залуу ойртож ирвэл манай ойрын хамаатан Даш ах аж. Даш ахаас Дорлиг багш,
-За та хэн хэнд морь авчрав? гэвэл Даш ах,
-Рэнцэн Соронзон хоёрт морь авч ирлээ гэж үнэнээ хэллээ.
Даш ахад эмээлтэй хоёр морио хөтлөөд даруй буцахыг тушаагаад Рэнцэн бид хоёрыг өрөөний мухарт хорьж, гадагш гардаг ганц хаалгаа галч өвгөнөөр мануулав.
Цаана нь жижүүр багш гэж давхар харуул томилогдлоо. Рэнцэн Даш ахын төрсөн дүүби үеэл нь.
Орой боллоо. Даш ах хаачсан бүү мэд. Дорлиг багшид хөөгдөөд Рэнцэн бид хоёртой ярьсан үггүй алга болчхов. Жижүүр багш Гэлэнхүү биднийг оргохгүй л бол яаж ч шуугьсан хамаагүй гэлээ. Бид нүцгэлээд нэг нь нөгөөгөө үүрээд майжиг байрныхаа гудаагаар уралдах дуртай. Наадамд уралдаж буй хурдан морьд болон тоглож буй нь тэр. Нарийхан хонгилоор чарлалдан уралдахад тэсэх аргагүй шуугиан дэгдэнэ. Тиймээс энэ тоглоомыг захирал хорьчихсон юм. Өнөө үдэш ингэж уралдахыг зөвшөөрчээ. Хөгжөөнтэй уралдаан хор шар асаадаг тул би Даш ахын тухай хэсэг мартжээ.
Нэг мэдэхнээ Рэнцэн миний нүдэнд харагдахгүй ч юм шиг. Уралдаж түрүүлэх гэсэн биерхүү хүүхдүүд туранхай хөнгөн намайг үүрэхээр булаацалдаад зай өгсөнгүй. Би арай гэж сулраад өрөөндөө гүйж орвол Рэнцэн гутлаа тайлалгүй орон дээрээ дээлээ нөмрөөд нэг л хачин царай зүстэй хэвтэж байна.
-Даш ахаас сураг байна уу? гэвэл толгой сэгсрэв. Харьж чадалгүй морио буцаачихсандаа гол нь харлаад уйлж ч чадахгүй хэвтэнэ гэж өрөвдөөд, -Рэнцэн чи тоглохгүй юу? гэвэл тэр мөн л толгой сэгсэрлээ.
Тэгтэл нэг том хүүхэд "Соронзоон Соронзоон чи хаана байна?" гэж дуудсаар орж ирээд намайг үүрээд уралдав. Лааны гэрэл сүүтэлзсэн нарийхан хонгилоор би нүцгэн хүүхэд зайдагнан уралдсаар байлаа. Гэрээ, морио санасан бидэнд ингэж тоглох сайхан. Багш хориглосноос үүдэж энэ тэнэг тоглоом бидний аав ээж морь мэт мөрөөдөл болсон юм. Бид азарга их нас соёолон хязаалан шүдлэн даага гэхчлэн нас насаар уралдана.
Чингэтэл бөөн дуу хадав. Юу болов гэтэл Рэнцэн цонхоор оргочхож. Дээлээ нөмрөөд орон дээрээ сэжигтэй хэвтээд байсан Рэнцэнгийн дүр миний нүдэнд буулаа. Түүний царай нэг л бунгуутайхарагдсан. Сүүлд бодоход түүний нөмөрсөн дээлний өврөөс бүсний нь үзүүр цухуйж байсан санагдана. Тэр бүсээ өвөртлөөд оргоход бэлджээ. Бүх хүүхэд хонгилд тоглоод өрөө эзгүйрэхийг хүлээсэн биз. Даш ах сумын төвөөс яваагүй хэрэг. Рэнцэнд цонхоороо оргоод тэнд энд нэг айлд оч гэсэн байх. Эсвэл Даш ах байрны гадаа морьтойгоо ирж цонх тогшиж Рэнцэнд дохио өгсөн. Ингэнэ гэдгээ урьд нь төрсөн дүүдээ хэлсэн учраас Рэнцэн сиймхий хараад оргох гэж байж. Надад яагаад хэлсэнгүй вэ гэж бодохоос хоолой торж нулимс мэлтэгнэв.
Рэнцэнг оргуулж алдсанаас болж манаа чангарлаа. Оргодол цонхоор гарсан ч байрны гарч ордог ганц хаалга сахьж суусан галч өвгөн ямар буруутайгаа ухаарахгүй багш нарт тэнэг зөнөгөө дуудуулав. Нүцгэн хүүхэд хөлөглөн ухаангүй уралдаад Рэнцэнгээс хоцорсондоо би цочирдож Даш ах Рэнцэн хоёрыг явахаас өмнө яаж олж уулзах вэ гэх бодолд автлаа. Миний санааг таасан багш нар,
-Одоо Соронзонг хараанаасаа салгахгүй гэж занав. Ингээд би чангалууллаа. Рэнцэнг багш галч нар гадуур хайгаад олсонгүй. Шөнө оройтсон тул хүүхдүүдийг хөнжилд нь оруулаад цонхны онгойдог ганц салхивчаа дахин онгойхгүйгээр хадав. Рэнцэнгийн аав ээж Даш ах гурвыг шүүхэд шилжүүлж шоронд хийлгэнэгээд захирал харихаар гарлаа. Ганцхаалган дээрээөвгөн галч жижүүр багш хоёр нүд цавчилгүй хонох нууц эцэст нь өрөөгөөр задрав.
Хэвтлээ. Нойр хүрэх тухай санасны ч гарз. Багш нарын үгэнд хууртаж, хөөрч онгирч явж цонхоор оргож чадалгүй хоцорсондоо өөрийгөө зүхлээ. Миний морьхамт ирчээд байхад оргохоо хэлсэнгүй гэж Рэнцэнд гомдов. Төрсөн дүүгээ оргуулаад намайг орхилоо гэж Даш ахад уур хүрлээ. Хоёр хүүхэд авах гэж ирээд нэгийг нь аваад нөгөөг нь орхиод, эмээлтэй морийг нь хөтлөөд харимгүй еэ гэж эргэлзэнэ. Би цурам хийсэнгүй. Урт шөнийн бодлоор бол Даш ах миний эмээлтэй морийг Рэнцэн бид хоёрын аягныхаа хийцийг тавьдаг Аюурзана гуайн хашаанд уяад явсан. Тэдний оргосныг би мэдмэгц маргааш өглөө үүрээр Аюурзана гуайнд очоод азаргаараа гэгээ орохоос өмнө ганцаараа гэрийн зүг давхина. Даш ах ингэж тооцоод намайг орхижээ гэсэн таамагт би хүрлээ.
Би өглөө эрт харанхуйгаар босоод өрөөнийхөө хүүхдүүдийг сэм сэрээлээ. Хүүхдүүд босоогүй байхад байрнаас ганцаараа гарах гэвэл манаач жижүүр багш хоёр барьж авна. Тиймээс бүх хүүхдийг босгох нь зүйтэй. Цагаан сараар харих чөлөө олдохгүй болсонд сэтгэлээр унасан хүүхдүүд сэрмэгц дуу чимээ гаргалгүй хувцаслаж ор дэрээ хураав. Би үстэй дээл дулаан гутлаа өмсөж бэлтэлээ хангав. Хамгийн гол нь эмээлтэй азарга маань Аюурзана гуайн хашаанд байгаа бол уу гэдэгт шаналж байв.
Хүүхдүүд бөөнөөрөө бие засахаар гарахад би тэдний дунд шургав. Дулаан дээл гутлаа сольж өмснийг минь бүү анзаараасай гээд маани мэгзэм сэм уншлаа. Жижүүр багш нэг юм хайсан янзтай хүүхдүүдийн дунд хараа бэлчээж явснаа харц нь миний харцтай мөргөлдөөд тайвшрав. Өглөөн тэсгим жаварт даарч жихүүцсэн хүүхдүүд бөөнөөрөө сургуулийн цэлгэр хашааны булан дахь жорлонгийн зүг гүйв. Дорлиг багш биднийг өглөө орой заавал нэгэн зэрэг бие засуулах гэж жорлон руу жагсаалааравч явдаг байлаа. Бие засахаар жорлон руу жагсаж явахдаа дуу дуулуулна. Гэвч байрны хүүхдүүдийг ямагт нэг мөчид нэгэн зэрэг бие засуулах Дорлиг багшийн зорилго биелээгүй юмдаг. Дотуур байрны хоолонд гэдэс нь эвгүйрхсэн жаалууд жорлон руу гүйлдэж, Дорлиг багшийн ч юм уу, сургуулийн ч юм уу, аль эсвэл бүр маршалын ч юм уу энэ дэглэм биелээгүй.
Би хамгийн сүүлд бие засаад жорлонд үлдчихэв. Үүрийн жаварт даарсан хүүхдүүд байр луугаа гүйцгээж замбараа алдагдсан тул жижүүр багшид намайг мөшгөх боломж гарсангүй. Би жорлонгоос гарч хашааны сүүдэр дагаж Аюурзана гуайнх руу харайлгав. Даш ах морийг минь орхисон байх болтугай. Даш ах Рэнцэн хоёр буцалгүй тэднийд хоноод намайг хүлээж байгаа бол мөн гоё оо гэсээр, бас хажуугаар нь өөрийгөө зүхсээр гүйлээ.
Цан хүүрэг болсон амьсгаа нөгөө айлдаа орвол тэднийд Даш ах Рэнцэн хоёр алга. Явчхаж. Харамсалтай нь миний азаргыг орхисонгүй. Ингээд өнгөрөх нь тэр. Би нулимс асгаруулсаар байрандаа ирэв. Дараа нь хичээлдээ суусан боллоо. Уймарч-гомдол цээжинд зангирна. Даш ах Рэнцэн хоёрт яасан их гомдоно вэ. Оргохоор тохирсноо надад хэлсэн бол би юу гэж ухаангүй тоглох билээ. Рэнцэнөрөөлдсөн дээлэндээ бүс, өмссөн гутлаа далдлаад хэвтэж байхдаа намайг "Даш ахаас сураг байна уу" гэхэд яагаад толгой сэгсэрсэн юм бол. Хаагуур яаж оргохообанжчаад бэлэн хэвтэж. Яагааднадад хэлсэнгүйв. Гурвуулаа оргоход би саад боломгүй. Аавыг аймагтасуугдаж буйг тэд мэднэ. Ээж тэгээд л Даш ахаар надад унаа өгч явуулсан. Даш ах Рэнцэн хоёр ойрхны минь садан байж намайг өрөвдсөнгүй. Яасан муухай хамаатнууд вэ. Ядаж азаргыг минь Аюурзана гуайн хашааны нөмөрт уячихгүй. Тэгсэн бол би үүрээр хэнд ч мэдэгдэхгүй сумын төвөөс хурдаараа гарсан. Өдийд гэртээ оччихсон тулганы захад хонины нэхийн дээр, замын уртад даарсан хөлөө галд ээнгээ ээждээ эрхэлж суугаа. Ингэж бодох тусам хоолой арган сэтгэл шимширч орох байх газраа олж ядан найз нөхдөөсөө дөлж, хүнгүй газар гав ганцаар зожигрохыг хичээв.
Манай ангийн сурагчдаас арваад нь хичээлдээ ирсэнгүй. Тэд оргочихсон болтой. Багш нар байрны маниусыг цагдаад гадуур суудаг хүүхдүүдээ оргуулжээ. Дорлиг багшийн ярьснаар бол оргосон жаалуудын эцэг эхийг шоронд хийх хууль гарсан гэж байгаа. Эх эцгээ олон сар санасан хүүхдүүд цагаан сараар харих гэж оргосныг хорьж дийлээгүйбагш нар цагаан сарыг дэмжсэн ял сононо.
Хүүхдээ авахаар ирсэн Цэрэндүг гэгчмунадаг том улаан эр "Оргосон хүүхэд бүрийн эцэг эхийг шоронд хийвэл Хашаат сумынхан бүгд шоронгийн хадаас болоод бидний мал сүргийг багш нар хариулна биз" гэж ёжтой өгүүлээд өрөөн дотор хүүхэддээ дулаан хувцсыг нь хэнэг ч үгүй сольж өмсгөв. Багш нарын бараа ч алга. Цэрэндүг гуай бөөн уур явна. Охин нь түүнд "Аав аа хоёул багшаас чөлөө гуйя" гэхэд Цэрэндүг гуай "Тэр муусайн новшнуудаас чөлөө тоож гуйхгүй" гээд хамрыхаа нүхийг онголзуулах нь бахтай санагдлаа. Надад яагаад ч юм "Нам засгийг айлгадаг ийм хавтай эцэг олон байгаасай" гэххүсэл төрж, гомдол хуралдсан цээж минь уужрав. Цэрэндүг хэмээх ханхар том эр хүүхдээ дагуулан гарахаар хаалга омогтой түлхтэл цаана нь хаалганд чихээ наагаад чагнаж зогссон Дорлиг багшийн духыг тагхийлгэж орхилоо. Шөвөг гялгар духаа ёолон дарав. Багшийн цагаан дух бондойж эхэлснээ төдөлгүй цус хурж хүрэнтсээр хөхөрлөө.
Цэрэндүг гуай гэмших байтугай хамраа сарталзуулан улам омгорхож,
-Чи муу миний юу ярихыг хаалганы цаанаас чагнаж байв уу гээд Дорлиг багшийг заамдан авч гулд татан том улаан нүүрэндээ нүүрийг нь тулгаж авчраад занал бадарсан том эрээн нүд эргэлдүүлснээ, -Та муусайнд халхын цагаан сар ямар гай болоов? Малчин ардын гэрээ санасан хөөрхий үрсийг зоддог багш гэл үү чи гээд багалзуурыг дуугарч чадахгүй болтол шахлаа. Шөвгө Дорлигийн гүрээний судас гүрийж бүлтрэх гэж буй нүд нь час улайгаад ганц үг ч хэлж чадсангүй. Завжаар нь хөөс бурзайлаа. Цэрэндүг,
-Гаднын хошууны муу новш чи бидний хүүхдийг яаж зодож жанчдаг гэлээ хө. Чамд би одоо үзүүлээд өгье гээд яргай ташуураа далайж, -Тархийг чинь ингээд хага цохиоё гэвэл Дорлиг багш,
-Ах аа, хүн гуай намайг өршөө! Намайг уучил! Би би танай охинийг би хэзээ ч зодож байгаагүй гэж дэргэдэх сурагчдаасаа нэрэлхэх сөгөөгүй орилов. Цэрэндүг гуай бүдүүн ташуураа Дорлиг багшийн гөлгөр духанд зангаад,
-Чи муу хүүхэд зодож байх уу? гэхэд,
-Би танай хүүхдэд хэзээ ч гар хүрч байгаагүй гэжДорлиг багш гонгинлоо.
-Чамайг би өөрийнхөө хүүхдийг зодсон гэж хонзогнож байгаа юм биш нохойн гөлөг минь. Чи ерөөсөө хүүхэд их зоддог новш гэнэ лээ. Хэний ч хүүхэд ялгаагүй адилхан нялх амьтад. Яахаараа чи эцэг эхээ санасан нялх балчир амьтдыг өрөвдөхгүй дээрэлхэж байдаг луйль вэ. Чадалтай нь чадалгүйдээ эрэлхэх ямар байдгийг би одоо чамд үзүүлээд өгье гэхэд Дорлиг багш,
-Намайг битгий алаач гэж улам чанга уйллаа. Цэрэндүг гуай,
-Ямар ч байсан чиний гялаан духыг хага цохиж байж л сална даа. Яахаараа чи орон гэрээсээ хол яваа өөдсөн чинээ хөөрхий амьтдыг айлгаж байдаг шаар вэ. Зодуулах ямар байдгийг одоо ингээд амс гээд далайсан яргайгаа толгой дээгүүр нь сэнсэртэл эргүүлэв. Дорлиг багш амь нь гарч буй амьтны муухай дуугаар чарлалаа. Цэрэндүг гуай заамдаж байсан гараараа хүчтэй нударч Дорлиг багшийг хана мөргүүлээд хүүхдээ хөтлөн гарч одов.
Дорлиг багш хана хүчтэй мөргөж унаснаа нүдээ хэсэг гөлийлгөн чимээгүй суугаадэцэст нь,
-Хүний газар гүний нутагт танхай эрийн гарын шүүс болж үхдэг байж гээд өөрийгөө тойрч зогссон шавь нартаа туньсан янзтай уйллаа. Дорлиг багш уг нь хорь дөнгөж хүрч яваа залуу л даа.Тэр зайлуул намд элсэх бэлтгэлээ-дарга нарын заавраар хангаж, өөрийгөө үзүүлэхээр хэнхэглэж явсан нь тэр гэж хожим намайг том болсон хойно хашаатынхан өмөөрдөг юм.
Үдээс хойш гэрийн зүг хүүхдүүд бүр ч олноороо цуварч эмээлтэй морь хөтөлсөн хүмүүс ч сургуулийн зүг шогшсоор. Миний эмээлтэй морийг Даш ах орхиод явчихгүй даан ч яав даа гэсэн харуусал улам зангирч нулимс мэлмэрнэ.
Орой тийшээ байрны хүүхэд цөөрсөөр хэдэн хөөрхийс сургуулийн хашааны ёроолд хоцорлоо. Үлдсэн хүүхэд гэвэл өнчин өрөөсөн ядуу зүдүү айлын хүүхдүүд. Бид дотуур байранд цагаан сарыг үдэх болжээ. Цагаан сарыг мэдээ орсон цагаас би тэсэж ядан хоног тоолон хүлээж өсчээ. Миний хамгийн онцгой сайхан баяр билээ. Аав минь байсан бол би эл хуль дотуур байранд уйлаад үлдэхгүйсэн. Аав минь ирдэг бол уу шоронд ордог бол уу. Нам засгаас яагаад цагаан сарыг хорьж байгаа юм бол. Нам засагт цагаан сар ямар гай болсон юм бол.
Хашааны гадаа би гав ганцаар Бэрхийн бэдэртэх атираа нугачааг ширтлээ. Өвөлжөө бүхэнд айлууд цагаан сар болох гэж хөл хөөрцөг байгаа гэж бодмогц хоёр нүд дахиад л нулимсаар жолоодлогогүй дүүрлээ. Гайхшаа барсан би нэг голын айл гээд галч Бадам гуайн хаалгыг зөөлхөн татав. Жижиг саванд уудалсан хоолноосоо өөртөө аягалж суусан галчнамайг ороход янзгүй харлаа. Үүдэн хооронд гулчигнаж зогссон би өвгөний хүйтэн харцнаас дальдарч гарахаар эргэтэл галч хумбан шаазанд хоол аяглаад надад өгч “Тийшээ суугаад ид” гэв.
Ааш муутай өвгөн хүртэл өрөвдөж буйг бодоход би ч тун хөөрхий харагдаж байгаа хүүхэд байж. Цагаан сараар гэртээ харьсан хүүхдүүд дор хаяж хорь хонож цугларна. Лав хорь хоног хичээл орохгүй. Сургуулийн эзгүй хашаанд би яаж шүү өдөр хоног өнгөрөөнө дөө. Одоо үлдээд байгаа цөөвтөр хүүхдэд унаа ирж тэднээс биднийгээ орхиод явах хүүхэд гарах нь дамжиггүй. Би арай ганцаараа дотуур байранд үлдэх юм биш байгаа. Тэгтэл Бадам гуай надаас,
-Чи яагаад гэртээ харьсангүйв гэлээ. Галчийн нааштай дууны өнгөнд уяраад хариулж чадсангүй. Бадам гуай бүр зөөлнөөр,
-Чиний морь өчигдөр ирж байгаагүй сэн биш билүү гэхэд би,
-Азаргыг маань Даш ах буцаагаад хөтлөөд явчхаж гэж дөнгөжбувтнав.
-Үгүй ер гэснээ Бадам галч, -Рэнцэнг оргуулж аваад чамайг орхичоо юу гэнэ.
-Тийм гэж хэлээд тонгойтол нулимсны бөөн бөөн дусал аягтай хоол руу унав. Бадам гуай миний зовлонг хуваалцаж буй болтой шүүрс алдаад,
-Ядаж эмээлтэй морийг чинь орхичоод явчихгүй гэлээ.
-Харин тийм гээд би нулимсаа бүр барьж чадсангүй. Уйлж буй минь илэрхий болсон тул гарынхаа араар нулимсаа шудраад аягатай хоолноосоо соров.
Тэгтэл гадаа нэг хүүхдийн дуу хадаж "Соронзоон! Соронзоон! Ээж чинь галч Сандуй гуайнд ирчихэж. Чи хаана байна" гэлээ. Ямар сайхан юм гээч вэ. Би огил харайлаа. Баярласан намайг хуурамч өвгөн хүртэл таатай мушийлтаар мялаав. Шар феодал гэдгээ далдлах гэжядаж явдаг гэлэнгийн бялдууч царайдэнэрэнгүйн шинж гялхийснээ буцаад нуугдчихлаа.
Сургуулиас тавьж өгдөг хөвөнтэй дээл нь урагдаад, ноорсон борлон аятайнамсайж явдаг, орондоо шээдэг Шийрав намар хичээл эхлэхэд л өмсөж ирээд одоо найгүй ханзарчихсан хоёр маахайгаа пир пир чирсээр над руу гүйх зуураа ээж надад эмээлтэй морь хөтөлж ирснийг дуулгахаар хөөрчээ. Миний дотор ч цэлмээд явчлаа. Баяртай мэдээ сонсмогц ядуу өнчин Шийрав тун ч өрөвдөлтэй харагдав. Ээж ирсэн болохоор би ч яахав харих нь. Харин Шийрав харьж чадахгүй. Аягүй бол бүх хүүхэд яаж ийгээд харьж шинэлнэ. Ганц Шийрав л үлдэнэ. Тэр гав ганцаар ч үлдэж мэднэ. Харьж чадахгүй яана даа гэж бодоход-саяхан надад ямар хэцүү байлаа Шийравт түүнээс ч дор байх вий. Бүх хүүхэд харьчаад Шийрав эзгүй байранд ганцаар хоцорвол орой үдэш яасан эвгүй байх бол. Эзгүй хөндий хүйтэн байранд шөнө ганцаараа тэр унтаж чадах уу. Илүү морьтойсон бол түүнийг гэртээ дагуулж хариад, шинийн нэгэнд тарган морь унуулаад хамт айл хэсэх сэн. Тэр өөрт нь унаа ирсэн мэт миний өмнөөс над шиг хөөрчээ. Уг нь цагаан сараар байранд үлдэж магадгүй хүүхдүүдээс миний адил цуварч яваад байвал тэр ганцаар хаягдана. Нэг ч атугай хүүхдийн унаа саатаж өөртөө хань гараасай гэх атгаг санаа түүнд алга.
Галч Сандуй гуайнд орвол ээж азарган нэхий дээл өмсчихсөн аягтай цай оочлон уйлаад сууж байв. Ээж намайг үнсээд "Хоёр хүүхэд аваад ир гээд явуулж байхад дүүгээ аваад миний хүүг хаячаад буцдаг санаа муутай амьтан" гэж Даш ахыг зэмлэнгээ нулимсаа арчиж, аягатай халуун цайнаас оочлох нь газрын холд их даарсан янзтай. Би бөөн хөөр өрөөндөө гүйж ороод түмбүүшигнээсээ эгчдээ өгөхөөр хорь гаруй хоног хураасан өглөөн ундны норм хэдэн халтар ёотон, нярваас нэг төгрөгөөрөө худалдаж авсан таван ширхэг сонгиноо (цагаан сарын буузны холио) аваад гарлаа. Сургуулийн хашааны ард нууцалж уясан мориороо ээж бид хоёр хойд гүдэн өөд хурдлав. Багш нар харчихаж магадгүй гэж зугтаж буй нь тэр. (Ээж минь 42-той байж). Давхисаар намын үүр, захиргааны контор далд ормогцхоёул инээлдэн жолоо хумилаа. Ийм баярт мөч манайхыг орхихгүй гэх миний горьдлого хэзээ ч унтраагүй. Аав минь мөд ирнэ.
“90 хоногийн оргодол” зохиолдоо аав ээж, багын амьдралаа цухас оруулснаа уншигчтайгаа хуваалцмаар санагдлаа.
Ц.Доржготов
Сэтгэгдэл (1)