АН-ын дарга Л.Гантөмөр УИХ дахь намын бүлэг дээрээ өртгөтгөсөн хуралдаан хийжээ. Үүнийхээ дараа АН-аас ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулсан юм байна. Татварын дарамтыг бууруулна, тендерийн хулгайг зогсооно, эдийн засгаа гурав дахин өсгөж, 400 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх мэтчилэн.
Гэтэл “400 мянган айлын орон сууны хөтөлбөр” гэдгийг попрол, популизм гэж хүлээж авсан зарим хүн байна, цаана чинь. Түүнийгээ олон нийтийн сүлжээгээр машид идэвхийлэн сэвж, дэвж байгаагаас харвал цаанаа эзэнтэй ч байх. Тийм болохоор энэ хөтөлбөрийн ард ямар бодлого явна вэ гэдгийг ярьж хэлж байгаа хүн алга. Ердөө хэдхэн хоногийн өмнө утаандаа хахаж үхэх гээд явж байснаа таг мартацгаасан байна.
Сануулахад, АН засгийн эрхийг барихдаа 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн. Одоо 120 мянга гаруй өрх орон сууцанд орсон, түүний 90 мянга нь АН эрх барьж байхад буюу 2012-2016 онд. Энд ямар ч попрол, популизм байгаагүй. Ипотекийн зээлээр дамжуулж эдийн засгаа сэргээх бодлого явуулсан. Атал МАН засгийн эрхэнд гараад ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлснийх нь төлөө төв банкны захирлыг шүүж байлаа. Одоо ипотекийн зээл зогссон, МАН санхүүжүүлэхээ больсон.
АН-ын бодлого бол ипотекийн зээлээр дамжуулж иргэдийн амьжиргааг дэмжсэн. Ажил олгогчид ажилтнаа хөтөлбөрт хамруулахын тулд цалин, орлогыг нь нэмсэн, НДШ-ийг нь төлдөг болсон. Барилгын салбар сэргэж, тавилгын үйлдвэрүүд хөл дээрээ зогссон. Ажлын байр нэмэгдэж, хүмүүс ажилтай, орлоготой болсон. Ийм л юм.
Харамсалтай нь сүүлийн зургаан жил ипотекийн зээл зогссон, засаг тийшээгээ мөнгө хийхээ больсон. Гэр хороолын барилгажилтыг зогсоосон, үр дүн нь ямар байгааг хар. Улаанбаатарын яндангийн тоо дахин нэмэгдэж, аймгийн төвүүд утаандаа хахаж цацаж байна. Хорт хавдрын өвчлөл хэд дахин өсч, хүүхдүүд олноороо өртөж байна. АН зоригтой эхлүүлж, МАН зоригтой нураадаг даа... гэж манай нэг жиргээч бичсэн байсан. Юу үнэн, тэр үнэн.
Ийм байхад гэр хорооллыг орон сууцжуулахаас өөр ямар бодлого хэрэгтэй вэ, утаагүй түлш нэрээр угаарын хий үйлдвэрлэдэг явдал хэдий болтол үргэлжлэх вэ?
МАН-д цүнх баригч хийж байгаад төр баригч болсон нөхдөөс ялгаатай нь Л.Гантөмөр өөрийн гэсэн бодолтой, бодлоготой, боловсролтой хүн. Маш их уншдаг, боловсруулдаг хүн. Сэтгэлийн хөдлөлөөр, цээжний бангаар яриад байдаг халгиа, цалгиатай ч хүн биш. Лав өмнө нь тийм байсан. Боловсролын сайд байхдаа “Японд 10 мянган оюутан сургана” гэж хэлсэн, тэднийх нь талаас илүү нь сураад ирчихсэн. Тал нь гудамжинд яваа, тал нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Яагаад гэвэл МАН-ын схем дотор тэдэнд багтаж шингэх орон зай байхгүй.
Тийм болохоор Л.Гантөмөр муу коммунист, популист, өндөг шиг бөөрөнхий, өөр хэн ч байсан яах вэ? гээд байгаагийн цаана МАН-ын бодлого л яваад байх шиг байна. Л.Гантөмөрөөр дамжуулж АН-ыг ноцож байгаа л харагдаж байна. Тэгэх тусам АН биш, МАН муухай харагдана.
Яг үнэндээ Л.Гантөмөрт одоо эрх баригч намтай хэрэлдэж суух, С.Эрдэнэ, Х.Баттулгатай тооцоо бодох цаг хугацаа байхгүй. Тэгнэ ч гэж намын дарга болоогүй. Харин таван тийшээ харчихсан байсан намынхаа гишүүдийг нэгтгэх, бодлогоо цэгцлэх, АН-ыг нэг улс төрийн институт маягтай дахин гаргаж ирэхэд хамаг хүчээ дайчлах цаг. Ядаж л МАН энэ хүнийг өрсөлдөгчөө гэж хүлээн зөвшөөрөөд, үгүйсгээд, сөрөөд эхэлсэн нь ч гэсэн бас нэг ахиц.
Б.СЭМҮҮН