Алгоритм гэдэг нь тодорхой нэг үр дүнд хүрэхийн тулд өгч буй нөхцөл, үйл явцын шат дараалал юм.
“Эрүүдэн шүүлт” гэдэг үгийг сонсохоор бидний толгойд хамгийн түрүүнд орж ирдэг нэр бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар. Тийм болтол нь толгойд суулгаж өгсөн хүмүүс нь одоо Засгийн эрх барьж байна. С.Зоригийн аллагын хэргээр ял эдэлж байсан гурван хүний хоёрыг нь “эрүүдэн шүүгдсэн” гэж шүүхээр оруулаад хүн амины хэргээр ял өгсөн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгочихсон. Гэвч хуулийн байгууллага, алба хаагчдын “эрүүдэн шүүх” ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Түүний нэг жишээ нь IHC токеныг үүсгэн байгуулагч О.Мөнхжингийн хэрэг болж байна.
Манайхан “эрүүдэн шүүх” гэдэг үгийг ихэвчлэн хорих камерт болдог зодуур нүдүүр, хэрэг хүлээлгэхийн тулд явуулж буй яргалал гэж ойлгодог. Гэтэл олон улсад бол хууль бусаар цагдан хорих, цагдан хорих хугацаандаа ямар ч мэдүүлэг авахгүй байх ч гэсэн эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болдог. Өөрөөр хэлбэл, хууль хүчний байгууллагууд эрх мэдлээ хэтрүүлэн дур зоргоор аашлахыг хэлж байгаа юм. Түүний хэрэгт хяналт тавьж байгаа нийслэлийн прокурор н.Ууганбаатар, н.Онолт нар О.Мөнхжинг цагдан хорих хүсэлтээ арав хоногийн дотор гурван удаа шүүхэд оруулжээ. Эхний удаа шүүгч “цагдан хорих шаардлагагүй” гэж үзэж, хилийн хориг тавьсан юм байна. Хоёр дахь удаагийн шүүх хурлаас мөн л “цагдан хорих шаардлагагүй” гэж үзсэний дараа н.Ууганбаатар прокурор “Би дахиад орж ирнэ ээ” хэмээн шүдээ зуугаад гарсан байгаа юм. Тэгээд гурав дахь удаагаа шүүгчээ сольж орж ирээд 30 хоногийн цагдан хорих шийдвэр гаргуулжээ.
Тэгэхээр энэ нь ганц н.Ууганбаатарын дур зорго байгаагүй, дээрээс захиалгатай, хуулийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан довтолгоо явж байна аа гэсэн үг. Харин шалтгаан нь чухам юу байсан юм бол? Олон нийт, ажилагчид бол “Нүүрсний хулгайн хэрэг нам зогсччихлоо. Олон нийтийн анхаарлыг сарниулахын тулд коинчид руу оржээ” л гэж харж, хэлэлцэж байна.
Учир нь түүнийг анх сэжигтнээр татахдаа “залилан, мөнгө угаасан” гэдэг зүйл анги тохсон юм байна. 48 цаг цагдан хорьсон, гэр орон, албан өрөөг нь бүгдийг нэгжсэн, юу ч олоогүй. Тэгээд сэжигтнээр татсанаас хойш дөрөв хоногийн дараа /өнгөрөгч баасан гаригт/ яллагдагчаар татсан тогтоол дээр гарын үсэг зуруулахдаа “дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн” гээд зүйл ангиа өөрчилчихсөн. Араас нь 30 хоногийн цагдан хорио. Энэ цагдан хориог 30, 30 хоногоор сунгасаар бүтэн нэг жил хорих хуулийн боломж байдаг юм байна гэдгийг О.Мөнхжин шүүх хурлын дараа хийсэн лайваараа олон нийтэд хэллээ. Хуулийн байгууллага энэ хугацаанд хэргийг илрүүлэх, шалтгах нэг ч ажиллагаа явуулахгүй байх хуулийн боломж нь байна. Энэ хооронд миний IHC токен бүрэн дампуурах болно, хариуцлагыг төр засгаас нэхнэ шүү гэж.
Ер нь бол биткоин, цахим мөнгө гэдэг манайд шинэ зүйл. Сүүлийн 4-5 жилд л бий болж байгаа цоо шинэ зах зээл. Манайхны бараг 90 хувь нь энэ талаар “А” ч үгүй гэсэн үг.
Өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гарган загварыг нь боловсруулж, эх кодыг бичин 2008 оны арваннэгдүгээр сарын 1-д бий болгосон цахим мөнгө. Түүний анхны санаа нь аливаа Засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн аж.
АНУ-ын Засгийн газар нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуал валют гэж тодорхойлсон. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткоин нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсчээ. АНУ болон Европт олон зуун компани, үйлчилгээний газрууд биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.
Харин манайд 2018 онд анх орж ирсэн. Анхдагч нь Ч.Ганхуягийн “Ард коин” байх. Түүнээс хойш маш олон хүн коин гаргасны нэг нь О.Мөнхжин. Бусдаасаа ялгаатай нь IHC коиныг олон улсад нээлттэй, биржээр худалдаалж эхэлсэн явдал. 100 мянга гаруй гадаад, дотоод эзэмшигчтэй. Бүх гүйлгээ нь ил тод байдаг. Хэрэглэгчээр бүртгүүлсэн хүн бүр гар утаснаасаа ороод хэн хэдэн коин худалдаж авсан, зарсан, ямар ханштай байгааг мэдэх боломжтой. Ямар нэг “залилангийн” зүйл орох боломжгүй гэсэн үг.
Тийм болохоор “дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн” гэдэг нь яг ямар үйлдэл болохыг хэлж мэдэхгүй юм. Өөрсдөө ч олж мэдээгүй байгаа бололтой. О.Мөнхжин бол “Энэ хэрэг нотлогдохгүй шүү, ямар ч гэмт хэрэг байхгүй” гэж хэлж байгаа. Олон нийт ч гэсэн О.Мөнхжингийн гэм буруугийн асуудал дээр эргэлзээтэй байгаа. Ганцхан зүйлд эгдүүцээд байгаа нь “Хүнийг ингэж ямар ч нотлох баримтгүйгээр гэмт хэрэгт сэжиглэж, яллагдагчаар татаж, эцэст нь цагдан хорьж болдог юм уу?” гэдэг асуулт. Ялангуяа түүнийг баривчилж саатуулсны дараа хуулийн байгууллагаас явуулж буй хууль бус яллагаа. Нотлогдоогүй мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр тараагаад араас нь яллах дүгнэлт үйлдэж буй хэрэг. Мөрдөн байцаагч нь шүүхийн шийдвэр гараагүй гадаад паспортыг нь хурааж аваад, хуулбарлаад “АНУ-ын иргэншилтэй хүн шүү” гээд нийгмийн сүлжээнд тавьчихсан. Түүгээр нь баахан шүүлт явууллаа, нийтээрээ.
Одоо бараг мартагдсан, 25 жилийн өмнө болсон нэг хэрэг бий. 1998 онд С.Зоригийн амь насыг хөнөөсны дараа АН-ын гурван нөхрийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаад, хэрэг нь нотогдохгүй болохоор Казиногийн хуулийг батлуулахын тулд Макаогийн талаас авилга авсан гэж гүтгээд, эцэст нь татвараас зугтсан хэргээр ялласан байдаг юм. Гай болоход гурвуулаа л их, бага ч бай бизнестэй хүмүүс байж л дээ, хөөрхий.
Яг түүн шиг өнөөдөр нийгмийн сүлжээгээр “Коинчид өөрсдөө мөнгөө аваад гадаадад гарчихсан. Улсын нийт төсвийн 10 хувьтай танцэх /хоёр их наяд төгрөг/ мөнгийг хуваагаад авчихсан байна” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр зориуд тарааж байна. Яг үнэндээ хэрэг шалгаж байгаа прокурор, мөрдөн байцаагч нар дотор нь биткоин гэж юу болох талаар мэдэж байгаа хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Нөгөө нүүрсний хулгайч нартай ажилладаг арга барилаараа л ажиллаад байх шиг.
Тэгээд хамгийн гол нь, хамгийн их эмзэглүүлсэн зүйл гэвэл О.Мөнхжингийн сүүлд хийсэн лайв. Мэдлэгтэй, мэдээлэл байсныхаа төлөө, эрх чөлөөтэй орны эрх чөлөөтэй иргэн гэж итгэж явсныхаа төлөө, өөрөө өөртөө “том” байсныхаа төлөө ингэж яллагдаж байна гэж хэлсэн явдал. Маш олон залуусыг өөрөө өөрийнхөө эрхээ хамгаалахын төлөө тэмцэлд дуудаж байна л даа. Хууль хүчний байгууллагын дур зоргын өмнө хонь шиг номхон байж болохгүй гэдгийг олон хүнд хэлж өглөө.
Бас нэг зүйл нь түүнд тохоод байгаа гэмт хэргийн ард ганц О.Мөнхжин биш, IHC токеныг эзэмшиж байгаа гадаад, дотоодын 100 мянган хэрэглэгч нар байгаа гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ түүнийг нотлох баримтгүйгээр хорьж цагдаж, хорих байранд хадгалж байх хугацаанд IHC токен дампуурвал нөгөө 100 мянган хэрэглэгч жинхэнээсээ хохирогчид болно. Түүний хариуцлагыг хэн хүлээх вэ? гэдэг асуулт. Зөвхөн нэг хулгайг нөгөө хулгайгаар дарахын тулд ийм их үнэ төлөх хэрэгтэй байсан уу?
Б.ЗАЯА