x

Гар утсан тархи II

Дэлхий дээр оршин байсан хугацааны 99.9%-д амьтдын хувьд стресс гэдэг нь айдсын 3 минут л байсан. Тэр 3 минут өнгөрөхөд нэг бол үхсэн байна, үгүй бол дайсан үхсэн байна. Тэгтэл хүн бид яадаг вэ? Яг адилхан стрессээр 30 жилийн зээл авч байна.

Роберт Саполски (Станфордын их сургуулийн невро дотоод шүүрэл судлал, хувьслын биологи судлалын профессор)

Та бидний хувьд стресс гэвэл “асар завгүй өдрүүдээ төлөвлөх юм сан”, “шалгалтын бэлтгэлээ хангалттай хийж чадсангүй”, “ажил эцсийн хугацаандаа амжихгүй нь” мэтийн юмс байдаг. Харин түүхэн талаасаа бол эдгээр нь тархинд стресс үүсгэж ирсэн шалтгаанууд байгаагүй юм.

Анагаахын хэллэгээр HPA тэнхлэг (гипоталамусーөнчин тархиーбөөрний булчирхайн систем) гэж нэрлэгддэг системийг нарийвчлан харцгаая. Энэ бол хэдэн сая жилийн хувьслын бүтээл бөгөөд зөвхөн хүн бус шувуу, гүрвэл, нохой, муур, сармагчин гээд үндсэндээ бүхий л сээр нуруутай амьтдад байдаг систем юм. HPA тэнхлэг юун түрүүнд гипоталамус (H: hypothalamus) гэдэг тархины хэсгээс эхэлнэ. Тэндээсээ өнчин тархи (P: pituitary gland) хэмээх хэсгийн доохон байрлах шүүрлийн эрхтэнд сигнал дамжуулна. Тэгмэгц өнчин тархи бөөрний дээр байрладаг бөөрний булчирхай (A: adrenal glands)-руу кортизол гэх даавар ялгаруулах тушаал илгээнэ. Кортизол бол бие махбодын хувьд хамгийн чухал стресс гормон юм.

HPA тэнхлэг бол хүний хувьд ч амьтдын хувьд ч гэнэтийн яаралтай аюул заналтай тулгарахад зориулагдан хөгжсөн эд. Гай дайрч арслантай таарвал HPA тэнхлэг “Болгоомжтой!” хэмээн сэрүүлэг хангинуулна. Энэ реакци гипоталамусаас эхэлж, өнчин тархи бөөрний булчирхайд кортизол ялгаруулахыг шаардах ба тэрхүү кортизол нь энерги хамж цуглуулан зүрхний цохилтыг хүчтэй хурдан болгоно. Стресс мэдрэхээр зүрхний цохилт түргэсдгийг хэн бүхэн мэдэх байлгүй. Яагаад түргэсдэг вэ? Тэр бол арслантай тулгарвал бушуухан хариу арга хэмжээ авч, тулалдаж эсвэл гүйн зугтахгүй л бол болохгүй учраас тэр. Өөрөөр хэлбэл “тулалд эсвэл зугт” гэсэн үг. Аль нь ч бай биеийн булчинд их хэмжээний цус шаардлагатай. Түүний төлөө зүрх хүчтэй бас хурдан цохилдог учиртай. Энэ реакци одоо ч бидний бие махбодод үлдсэн бөгөөд стресст орвол зүрхний цохилт ихэсдэг.

Стрессийн систем бүтээгдсэн процесс

Стрессийн систем болох HPA тэнхлэг оршин байдаг нь бидэнд эмоц байдагтай адил шалтгаантай. Өөрөөр хэлбэл амьд үлдэхийн төлөө гэсэн үг. Бие махбод болон тархины бусад хэсгүүдийн нэгэн адилаар стрессийн систем нь өвөг эцгүүдийн маань амьдарч байсан, одоогийнхоос хамаагүй аюул ихтэй ертөнцөд амьд үлдэхэд зохьцон хөгжжээ. Тухайн үеийн аюул одоогийнхоос өндөр давтамжтай байснаар тогтохгүй гол төлөв эгшин зуурын хариу арга хэмжээг шаарддаг байж. Арслан руу дайрах уу, зугтах уу. Ийм үед нухацтайгаар бодоод суусан хүмүүс аль эрт генийн марафоноос арчигдсан биз.

Талархууштай нь өнөө үед аминд тулсан түвшний аюулд өртөх эрсдэл бараг үгүй болж. Гэвч сэтгэцийн төрлийн стресст өртвөл тархин дотор адилхан систем ажиллана. Ажлын тайлант хугацаа, өндөр үнэтэй байрны зээл, “лайк” ямар цөөхөн байна аа гэх мэт зүйлсэд. Одоогийн бидний HPA тэнхлэгтээ учруулдаг стресс арслантай тулгарах дайны төвлөрөл шаардахгүй ч оронд нь урт хугацаагаар үргэлжлэх нь элбэг болж. Хэдэн сараар, заримдаа бүр хэдэн жилээр ч үргэлжилнэ. Гэтэл НРА тэнхлэг маань тийм хэлбэрийн стрессэнд зориулагдан хувьсаагүй. Урт хугацааны туршид стресс гормоны хэмжээ ихсээд байвал тархи ном ёсоороо ажиллахаа болино. Үргэлж “тулалд эсвэл зугт” гэсэн сонголттой нүүрэлдээд байвал тулалдах зугтахаас бусдыг хойш нь хаяж орхино. Тархины өнцгөөс харвал ийм гэсэн үг.

  • Нойр ー за дараа болъё.
  • Хоол ー за дараа болъё
  • Секс ー за дараа болъё

Тодорхой хугацааны туршид стресстэж үзсэн хүнд танил санагдаж байгаа биз? Гэдэс эвгүйрхэж, дотор муухайрч, нойргүйдэж, сексийн дуршилгүй болно гэх мэт. Үнэндээ ингэж үзсэн хүмүүс дэндүү олон байх учиртай. “Яаралтай шийдэх шаардлагатай асуудлаас бусдыг хойш нь тавьдаг” тархины механизмыг бодож үзвэл энд ямар ч хачирхам зүйл байхгүй. Гэвч урт хугацааны стрессийн нөлөө зөвхөн үүгээр дуусахгүй. Стресс бидний бодох чадварт ч нөлөөлнө. Зохистой хэмжээний стресс оюун санааг хурцалж өгдөг бол хэмжээ нь хэтрэхээр толгой саруулаар ажиллахаа болино.

Хүн хүчтэй стресст дарлагдахаар тархины хамгийн өндөр хөгжсөн хэсэг болох зөвхөн хүнд л байдаг “бодох” гэдэг хэсэг ашиглагдахаа больж, хувьслын эхэн үеийн анхдагч хэсгүүд рүү шилжин ухарна. Яаралтай, бүх хүчээрээ асуудалд хандахыг оролдох хэрнээ тархины “бодох” функцийн тусламжийг авъя гэхгүй. Тэгээд эндээс асуудал үүснэ.

Нэг ёсондоо хүчтэй стресст дарлагдахаар “тулалд эсвэл зугт” гэхээс өөр сонголтгүй болж, ухаалаг тоглолт хийх сөхөөгүй болж орхино. Яаралтай шийдвэр гаргах гээд “алдаа шалгах төлөв”-т орсон тархины хувьд хамгийн өндөр эрэмбэтэй ажил нь эгшин зуур асуудлыг шийдэх явдал. Ухаалгаар үйлдэх гэхээсээ илүү. Тэгмэгц өөрийг нь тойрон хүрээлэх орчноосоо илрүүлсэн алдаанд айхтар ширүүн реакцилж орхино. Үр дүнд нь шалих шалихгүй зүйлс дээр хүчтэй бухимдаж гарна. “Яахаараа шалан дээр оймс хөглөрөөд байгаа юм бэ?” гэдэг ч юм уу.

Хүчтэй стресст дарлагдахаар орчин тойрондоо санаа тавих сөхөө ч үгүй болох тул тэвчээрийн чавхдас ч амархан тасрамтгай болно. Нөгөөтэйгүүр сэтгэл дүүрэн байх үед хүн анхаарал сэрэмжээ буулгадаг. Аюул заналтай тулгарсан тархины хувьд анхаарал сэрэмжээ буулгах нь эрэмбийн хувьд хамгийн доогуур жагсана. Тиймээс хүчтэй стресст удаан дарлагдвал сэтгэцийн төлөв дордоно. Стрессийн үеэр тархи эрэмбийг нь буулгадаг өөр нэг функц гэвэл урт хугацааны ой санамж. Ой санамж гэдэг бол тархины ялгаатай мужуудын хооронд холбоос тогтох байдлаар бий болдог. Түүнийг хариуцан эрхэлдэг нь Хиппокампус (hippocampus) гэх тархины ой санамжийн төв хэсэг. Тэрхүү холбоос буюу ой санамжийг сайтар бэхлэхийн тулд хиппокампус дөнгөж үүссэн ой санамжийн хэлхээгээр дамжуулан сигнал илгээдэг. Гэвч аймшигтай стресст автсан үед тэгээд байх сөхөө гарахгүй. Үр дүнд нь стресст дарлуулж байсан үеийн ой санамж бүрэлзсэн бүрхэг байх нь олон.

Бүйлсэн тархи-Хүний аваарын сэрүүлэг

2018 оны зун, Италийн Альпийн нуруунд авирч байсан үеийн явдал. Байц бэлчир газраар явж байтал гэнэт би хөлдсөн мэт таг гацаж орхилоо. Яагаад юм бүү мэд. Ядахад зүрх огцом хүчтэй бас хурдан цохилоод унав. Хэдэн метрийн ард явсан найз маань гайхаад “Зүгээр үү?” гэсээр хүрээд ирэв. Тэр үед сая нэг юу болсныг ухаарсан юм. Нүдний өмнө өвсөн дунд саарал өнгөтэй резинэн хоолой хэвтэж байсан нь хэдэн метрийн цаанаас могой гэж андуурахаар харагдаж байв. Тархи далд ухамсартаа ойр тойрныг нягталж “могой”-г илрүүлээд зогс гэсэн аваарын дохио хангинаасан байж. Хэдэн секунд өнгөрч байж арай гэж тэрийг хоолой гэдгийг анзаарсан юм.

Өнөө үед тэр реакцийг төрүүлдэг механизм тодорхой болсон. Энэ адал явдлын гол дүрд тоглогч бол бүйлс (almond) шиг хэлбэрээрээ нэрлэгдсэн Бүйлсэн тархи (amygdala) юм. Бүйлсэн тархи 19-р зууны эхэн хагаст олж нээгдэхэдээ тийм нэр авсан ч, хожим нь анх бодож байсан шиг бүйлсэн хэлбэрээс ч том болох нь тогтоогдсон байдаг. Даанч нэр нь нэгэнт хангалттай танигдсан байсан болохоор өөрчлөгдөлгүй үлдсэн юм.

Бүйлсэн тархинд хэд хэдэн чухал функц бий. Ой санамж болон эмоц, ялангуяа бусдын эмоцыг тайлж уншихад том үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа ч чухал нь ойр тойрны аюулыг хэзээд нягталж, өчүүхэн зүйл дээр ч аваарын дохио хангинуулах үүрэг. Энд хэлж буй аваарын дохио гэдэг нь бүйлсэн тархи стрессийн систем болох НРА тэнхлэгийг асаахыг хэлж буй юм. Бүйлсэн тархины ажиллах арга нь “Гамшгийн түгшүүрийн дохиоллын зарчим” гэж нэрлэгддэг. Юу гэвэл андуураад чимээгүй өнгөрүүлснээс андуураад ч хамаагүй хангинаж байсан нь дээр гэх зарчим. Эмзэг боловч гарцаагүй зөв байх албагүй. Миний бүйлсэн тархи ч бас могой ч байж магадгүй зүйлийг анзааран намайг зогсоохоор шалавхан аваарын дохиог асаасан учиртай. Нээрээ л сэрэмжтэй байхаас илүү зүйл гэж юу байх билээ.

Зохистой хэмжээний стресст дарлуулъя

Стресс” гэдэг үг сөргөөр ойлгогдох гээд байдаг ч хүний үйл ажиллагаанд стресс шаардлагатай байдаг. Богино хугацааны стресс байвал анхаарал төвлөрч, бодох функцээ хурцалж ч болно. Өөрөөр хэлбэл ажил ихтэй нэг өдөр ч юм уу нэг долоот (week) хавьцаа байхад асуудалгүй.
Стрессийн систем бидний хэвийн үйл ажиллагаанд ч чухал үүрэгтэй байдаг. НРА тэнхлэгийн унтраалгыг нь тасалсан туршилтын амьтныг ажиглахад л ойлгогдоно. Үлбэгэр нозоорлын байдалд ороод юу ч хийх сонирхол төрөхөө байж, идэхээ ч хүртэл больсон амьтад гарч ирнэ. Үүнтэй адилхан үзэгдэл халшрах хам шинжтэй хүмүүс дээр ч элбэг ажиглагддаг. Хүчтэй ядарч сульдсан мэдрэмжээс болоод орноосоо ч өндийж чадахгүй болдог. Энэ бол НРА тэнхлэг нь хэвийн ажиллахгүй болсны гай. Урт хугацааны туршид замбараагүй ажилласаар байгаад эвдэрчихдэг биз.

I бүлэгт ч өгүүлсэнчлэн хүн төрөлхтөн бараг бүх үеийнхээ туршид, тал хувь нь 10 ч насалж чадалгүй үхдэг аюулаар дүүрэн ертөнцөд амьдарч байсан. Түүхэн талаас нь харвал “гамшгийн түгшүүрийн зарчим” л хувь тавиланг шийдэж ирсэн. Арслантай төстэй зүйлс харах болгондоо зугтдаг байсан хүмүүс нь зугтаагүй хүмүүсээсээ илүү амьд гарах магадлал өндөр байсан. Ердөө ганц л удаа зугталгүй алгуурлаад үхэж байхаар хэтрүүлэн зугтлаа гээд юуны муу байх билээ? Өөрөөр хэлбэл бүйлсэн тархи зөв ажилладаггүй нь цаанаа учиртай гэсэн үг юм.

Тэр дороо ажилладаг бүйлсэн тархи

Таны бүйлсэн тархи зөвхөн аюул занал мэдэрсэн үед гэлтгүй хэзээд асаалттай байдаг. Та энэ номыг уншиж байх үед ч бас далд ухамсарын түвшинд бүйлсэн тархи ойр тойрныг анхаарч байгаа. Гэхдээ бүйлсэн тархи аюулыг мэдрэх нь сайн зүйл биз дээ? Тийм ээ, тэгэлгүй яахав. Даанч юм юманд хэтэрхий их реакцлаад байдаг л болохоос. Гадаа их чимээ гарлаа, хурлаасаа хоцорчлоо, илтгэлийн бэлтгэл хангагдаагүй, эсвэл сүүлийн инстагийн пост дээр зүрх дарагдсангүй гэдэг ч юм уу, бүйлсэн тархи тэр мэт бүхий л зүйлсэд реакцилж орхино. Орчин тойронд олон юм өрнөх тусам бүйлсэн тархи ажиллах шалтаг ихэснэ.

Та бүгдийн бүйлсэн тархи өдөөгдөх хүчин зүйл хэд хэд бий. Могой ба аалз, өндөр газар, давчуу орон зай гэх мэт. Могой, аалзанд хазуулж үхэх магадлал туйлын бага байтал хачирхалтай ч юм шиг. Шведэд жил бүр 250 хүн автын ослоор, 10,000 илүү хүн тамхинаас шалтгаалан үхэж байна. Тийм бол бүйлсэн тархи тамхины хайрцаг ч юм уу суудлын даруулга хийгээгүй үед илүүтэй реакцлах ёстой бус уу? Тийм байтал могой, аалз, өндөр газар ч гэх шиг. Яагаад вэ гэхээр хэдэн 1,000 үеийн туршид тийм зүйлсэд амиа алдаж ирсэн болохоор тэр. Хувьслын өнцгөөс харвал бүйлсэн тархи машин болон тамхины аюул заналд хараахан дасан зохьцоогүй. Хотод амьдардаг хүн машинаас айх эмгэгээс илүү могой, аалзнаас айх эмгэгээс болж сэтгэлзүйн зөвлөгөө авахыг онолын хувьд тайлбарлах боломжтой. Хүний дасан зохьцсон ертөнц ба одоо амьдарч буй ертөнц хоёрын хооронд илэрхий үл нийцэл байгаа болохоор тэр юм.

Олны өмнө ярих айдас

Таны хамгийн их стресстдэг мөч ー  тэр бол олны өмнө ярих үе байж мэдэх юм. Олон хүн хүчтэй стресс мэдэрдэг болохоор Глоссофобиа гэдэг нэршил хүртэл байдаг гэж байгаа. Бусдын нүд өөрт чиглэхэд яагаад тавгүйрхдэг вэ? Байж болох тайлбар гэвэл хүн хувьслын явцдаа “бүлгээс хөөгдөхгүй байх” нь хамгийн чухал байсан болохоор тэр. Үнэлэмж буурч, нийгмээс дорд үзэгдэж, бүлгээс хөөгдвөл яана аа ー ийм төсөөлөл тархины стрессийн системийг ажиллуулж, зүрх луг луг цохилж гарна.
Ойр тойрны үнэлэмж санаа зовоодог нь нэг ёсондоо генд бичигдсэн алгоритм бөгөөд энэ ч бас тархи орчин үетэй зохьцоогүйн нэг жишээ. Ажлын илтгэл дээр бүтэлгүйтлээ гээд ажлаа алдаад өлсгөлөнгөөр явна гэж байхгүй байлгүй. Харин хүний амьдарч ирсэн ертөнцөд бүлгээс хөөгдөх нь үхэлтэй утга ижил байсан юм. Бүлэгт харьяалагдах нь зөвхөн амар тайван мэдрэмж төрүүлэх төдий бус шууд утгаараа амь настай холбоотой байсан хэрэг. Ганцаараа болчихвол яагаад ч амьд үлдэж чадахгүй шүү дээ.

Түгшүүр-Тохиох вий дээ гэх занал

Түгшүүр. Энэ үгийг сонсох төдийд л онцгүй мэдрэмж төрнө. Түгшүүр гэж чухам юу вэ? Хүчтэй түгшүүр мэдэрч үзсэн хүнд ойлгомжгүй санагдаж магадгүй ч, мэдээж хэрэг энэ бол уул шугамандаа оршин үргэлжлэхийн төлөөх функц. Түгшүүр гэдэг бол туйлаас тааламжгүй мэдрэмж бөгөөд аюул заналтай учирч үзсэнээр бий болдог. Стрессийн системийг ажиллуулдаг гэсэн үг.

Нийгэмд хөл тавьсан та их сургуульд сурахаар шийдэж, хоёр долоотын (week) өмнө элсэлтийн шалгалт өгчээ гэе. Шалгалтын дүн их сургуулийн вэбсайт дээр тавигдлаа. Та нэвтэрч ороод догдлон байж өөрийн нэрээ хайна ー тэгтэл тэнцээгүй байна! Ямар тэнэг юм бэ! Үгүй байлгүй дээ! Зүрх ч бодол ч ачаалал дээд цэгтээ. “Ажлаас ч гараад, Стокхольмд байрны түрээсийн гэрээ хүртэл хийчээд байхад! Хүмүүс юу гэж бодох бол…”. Энэ үед та хүчтэй стресс мэдэрч байгаа. Зүрх хүчтэй цохилж, булчин руу цус гүйж эхэлнэ. Аюултай тулгарвал булчингаа дээд хүчээр нь хөдөлгөхгүй бол болохгүй учраас. Зүрх цохиллоо гээд шалгалтын дүн өөрчлөгдөхгүй байхад л бие махбод “тулалд эсвэл зугт” гэсэн бэлтгэх байдал авч байгаа нь илт.

Одоо тэгвэл цагийг 2 долоотоор (week) урагшлуулж, шалгалтын өмнөх рүү буцаая. Та олигтой ч унтаж чадахгүй, хоолны дуршил ч төдийлөн сайнгүй, байнгын түгшүүрийг мэдэрнэ. Гай таараад уначихвал яана аа гэсэн шаналгаатайгаар. “Түгшүүр” гэдэг бол чухам энэ юм. Энэ үед тархины ямар систем ажиллаж байна вэ гэвэл, яг тийм, НРА тэнхлэг. Түгшүүртэй үед ч стресстэй үед ч “тулалд эсвэл зугт” механизм ажиллах боловч түүний шалтгаан нь ялгаатай. Стресс бол аюул заналд өөрт нь чиглэсэн реакци бол түгшүүр нь аюул заналын болзошгүй байдалд хандаж үүсдэг.

Стресс аюултай тулгарах үед биднийг авардаг. Тэгвэл түгшүүрийг юуны төлөө мэдэрдэг хэрэг вэ? Шалгалтын өдрийг хүртэл дээд зэргийн сэтгэлзүйн төлөвт байсан нь дээр биш үү? Даанч яриа тийм энгийн хялбар биш. Түгшүүр бол чухал төлөвлөгөө гаргаж, төвлөрөхөд тусалж өгдөг. “Болно доо” гээд хичээл ч хийхгүй Нэтфликс л үзээд байвал шалгатанд тэнцэх магадлал дээшлэхгүй шүү дээ.

Иррациональ түгшүүр хүртэл рациональ шинжтэй

“Чухал шалгалтанд уначихвал яана аа!” гэх түгшүүрийг бол ойлгож болно л доо. Гэтэл нөгөөтэйгүүр яаж ч бодоод ойлгох аргагүй түгшүүр ч бас байдаг. “Хэрвээ онгоц сүйрвэл” хэмээн түгшүүрлэдэг хүмүүсийн олонх нь өөрт учрах боломж өндөр ч бай нам ч бай, ямар ч байсан магадлал бүхий гамшиг (яг үнэндээ бол бага магадлалтай)-ийн жагсаалттай явдаг. Эсрэгээрээ бодоод бодоод ямар ч шалтгаан гэхээр юмгүй манарсан түгшүүр мэдэрдэг хүмүүс ч байдаг. Тэгсэн хэрнээ л гарцаагүй түгшүүр оршиж, чаг чаг хийтэл хумсаа тогшино. Ямар ч үндэслэлгүй гэдгийг мэдэж байлаа ч үлдэн хөөж чадахгүй.

Идэвхтэйгээр түгшүүрийн шалтаг хайж явдаг хүмүүс ч бас бий. Түүхэн талаас нь харвал өчүүхэн ч болов аюулын сэжиг олж чадвал стрессийн систем буюу өнөөх “гамшгийн дохиолол” маань ажиллаж, тэрнийхээ ачаар амжилттай явж ирсэн болохоор тэр. Гэтэл өнөө үед стрессийн систем тэс өөр шалтгаанаар шал дэмий ажиллана. Хардаг охиноос ирсэн чатын хариу хүлээлтээс өөр байх үед ингэж бодно. “Надад дургүй юм байна. Би ч хэнд ч хэрэггүй амьтан юм даа, цаашид ч сайн хүнтэй ахиж учрахгүй биз”. Ингээд бүлгээс хөөгдөх аюулд бэлэн байх гээд НРА тэнхлэг ажиллана.

Үндсэндээ бол “бутан дундаас сүүтгэнээд байгаа юм могой ч байж магадгүй” гэж сэжиглэхтэй адилхан гэсэн үг. Тэндээс бушуухан зугтаж чадахуйцаар НРА тэнхлэг ажиллана. “Зүгээр л салхи байна, тоох хэрэггүй” гээд орхиход болох газар ч юмыг яаж мэдэхэв гээд ажиллана. Тэгэх нь бидний өвөг эцгүүдийн үед туйлын ихээр хэрэг болсон ч өнөөдрийн ертөнцөд бол тийм биш юм.

Депресс байгалийн аврах хантааз уу?

969,516 хүн. Арай үгүй байлгүй дээ гэж бодсон боловч тийм байсангүй. Шведийн нийгмийн агентлагийн тайлан мэдээнээс харвал 2018 оны арванхоёрдугаар сарын өнөөдөр 16 наснаас дээших нэг сая шахам хүн депрессийн эсрэг эм ууж байна (2018 оны нийт хүн ам 10 сая 230 мянга). Насанд хүрсэн 9 хүн тутмын нэг гээд бод доо. Дундаж наслалт уртасч, бие махбод ч эрүүлжиж, ганц товч дарахад л ертөнцийн ямар ч зугаа цэнгэлийг хүртэх боломжтой болчоод байхад бид өнөөг хүртэл байгаагүй хэмжээнд сэтгэлээр унасан бололтой юм. Яагаад ийм зүйл болсон хэрэг вэ?

IT консалтантын ажил хийдэг юм л даа, энэ хавар ажлын стресс ч айхтар их байлаа. Хажуугаар нь хүү маань сэтгэцийн хямралд ороод сургуулиасаа завсардсан. Тэр үеэр байраа зарахаасаа өмнө хаус авснаас болоод санхүүгийн хувьд ч хүнд байдалд байсан юм. Олигтой ч унтаж чадахгүй, сэтгэлзүй талаасаа яавч эрүүл байгаагүй л дээ, гэхдээ л яаж ийгээд хөдлөөд л байлаа. Тэгээд зургадугаар сараас арай гэж байдал наашилдаг юм байна. Байраа ч зарлаа, хүү маань ч эмчилгээнд явдаг болж, ажил ч шувтарсан.

Хүсэн хүлээсэн зуны амралтаараа гэр бүлээрээ Испани руу хоёр долоотын аялалд гартал тэр дороо ямар нэг юм хэвийн биш байгааг анзаарсан юм. Орноосоо өндийж чадахаа больж, толгой дотор кааш ороод бөглөрчив үү л гэмээр болсон. Юу ч хийсэн сонирхолгүй. Бүх юм харанхуйлаад, зүгээр л орондоо хэвтээд баймаар. Тэгээд хэвтэж өгсөн л дөө. Өдөр бүр 14-15 цаг. Тэгсэн хэрнээ л амарсан мэдрэмж төрөхгүй. Буцаж ирээд эмнэлэгт үзүүлж зүрхний бичлэг, цусны шинжилгээ өгсний үр дүнд онош гарлаа. Юу вэ, халшрах хам шинж ч гэх шиг ー юу ч ойлгоогүй. Стресс арилчаад байхад шүү! Бүх юм ард хоцорсон байхад яахаараа одоо депресст орно гэж?

Түгшүүр зөвхөн хүнд л байдаг

НРА тэнхлэг нь нохой, муур, хулгана гээд өөр бусад амьтад ч стресс болон аюул заналаа зохьцуулах үед шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэлээ гээд амьтдын НРА тэнхлэгээ хэрэглэх арга хүнийхээс ондоо. Яаж ч хичээгээд “Ирэх зунаас энэ хавиар муур ихсэх вий” гэсэн шалтгаанаар хулганын НРА тэнхлэг идэвхжиж чадахгүй, цагаан акулд “Дэлхийн дулаарлаас болоод далайн хавны тоо толгой ойрын 10 жилд буурна” гэдгийг ойлгуулж чадсан ч тэдний НРА тэнхлэг найдвартай кортизол ялгаруулахгүй. Харин хүн бид бол иймэрхүү таавар төсөөлөл байхад л НРА тэнхлэг идэвхжинэ. “Хэрвээ шалгалтанд уначихвал…”, “Хэрвээ илтгэлийн бэлтгэл амжихгүй бол…”, “Хэрвээ эхнэртээ хаягдвал…”.
Ирээдүйг тааварлах чадвар хүн бидэнд байдаг хамгийн чухал шинж чанар мөн ч байж болох юм, даанч түүнийхээ ачаар хармаагүй зүйлээ ч төсөөлж орхино. Халагдаж ч магадгүй, хаягдаж ч магадгүй, зээлээ төлж чадахгүй болж ч магадгүй. Ийм магадгүй гэсэн шалтгаанаас болж стрессийн систем ажилладаг нь оюун ухаантай болсны төлөөс биз. Бодит ертөнцийн аюул занал, төсөөллийн аюул занал хоёрыг ялгаж салгах чадвар тархинд байдаггүй.
Түгшүүр бол стрессийн системийг урьдчилж асаасны үр дүн. Бие махбод амдаж хөдлөх нь өөрөө гайхмаар зүйл биш. Буйдан дээр сууж буй хүн босох үед босох хүртэл нь цусны даралтыг буулгахгүй байхаар барьж байх шаардлагатай. Тэгэхгүй бол босонгуут толгой эргэнэ. Түгшүүр ч түүнтэй ижил. Бие махбод урьдчилаад стрессийн системийг асаачихдаг гэсэн үг.
Түгшүүр тээж буй хүний стрессийн систем байнгын асаалттай төлөвт байна. Аюул тулгарах л юм бол дор нь арга хэмжээ авахуйцаар мотор бүрэн байдалд, эсвэл үгүйдээ л эгшин зуур бэлтгэл байдлаа авч чадахуйц төлөвт байна. Түүний үр дүнд бие махбод ямагт хөдлөхийг хүсэж, одоо байгаа газраасаа холдохыг санаархана. Жишээлбэл иймэрхүү үзэгдэл болно.
Сэтгэл санаа тайван биш байх ー Уйтгартай болохоор ч биш сониуч болохоор ч биш, ямар нэг өөр л юм хиймээр байна гэсэн бүрхэг мэдрэмж төрнө. Тэнд л биш бол өөр хаашаа ч явсан яахав. Аль болох бушуухан л өрөөнөөс гарахын түүс болсоор хурлыг дуусгана. Ширээнээс босохын түүс болон байж хоол идсэн болно. Ярьж эхлэв үү үгүй юү утсаа салгана, гэх мэт.
Бие махбод тайван биш байх ー Булчин “тулалд эсвэл зугт” гэсэн бэлтгэл байдал авсан байна. Зугтаж тулалдах хэн ч байхгүй байсан ч хамаагүй. Тийм байсан ч хөдөлмөөр байх тул тун ч тогтож суух аргагүй. Гараараа юм барьж тавина. Үс гэзгээ оролдоно. Хөл гараа чичрүүлнэ. Хүзүүний ар болон нурууны булчингаа чангалсаар байгаад өвчин оруулна. Унтаж байхдаа эрүүний булчингаа чангалаад шүдээ хавирна.
Ядралт ー Байнгын сэрэмжтэй байхын тулд энерги шаардлагатай. Тиймээс их хэмжээний энерги барагдана. Үр дүнд нь байдгаараа ядарч, ажил сургуулиасаа харьж ирэх үед бүр шавхарсан байна.
Гэдэс хямрах ー “Тулалд эсвэл зугт” бэлтгэл авсан байх үед бие махбод хоол боловсруулж шингээхэд анхаарал тавихаа больж, өөр бусад ажлыг дээгүүрт эрэмбэлнэ. Өөр хэн нэгний өдрийн хоол болох гэж байх үед өөрийнхөө хоолыг боловсруулаад ч яах билээ.
Дотор муухайрах ー Юм идэнгүүтээ хамаг хүчээрээ гүйх гэж үзсэн удаа бий юу? Гэдэс дүүрэн үед олигтой гүйх боломжгүй. Түгшүүр ч юм уу хүчтэй стрессээс болж дотор муухайрдаг нь гэдсээ хоослоод хурдан гүйж зугтъя, эсвэл тулалдъя гэж буй хэрэг юм. Жүжигчид ч юм уу урлагийнхан тайзанд гарах эхний өдрөө эсвэл концерт эхлэхийн өмнө огьтолоо биеэ барьдаг нь ийм учиртай.
Ам хатах ー Бие махбод тулаанд бэлдэх үед хүчилтөрөгч болон тэжээл улам ихээр нийлүүлэхийн тулд цусыг булчин руу цуглуулна. Тэгснээр дээд хүчээрээ тулалдахыг зорино. Амны хөндийд гурав байдаг шүлсний суваг нь цуснаас ус ялгаруулах байдлаар шүлс гаргадаг ба түүнд ашиглагдах цус багассанаас болж амны хөндий хатна.
Хөлс ー Зугтъя, эсвэл тулалдъя гэх үед бие махбод хална. Тэрийг хөргөхийн тулд хөлс ялгарна. Дээд хүчээрээ үр дүн гаргахаар хичээх үед бие махбод өөрийгөө хөргөхийг хичээж байдаг.

Миний өвчтөнд илэрсэн тэр өвчний шинж логикгүй санагдаж магадгүй л дээ. Түүхэн талаас нь харсан ч хачирхалтай. Түгшүүрийн ачаар амьд үлдэж чадсан учиртай байтал депресстсэн хүн бусдаас дөлж, хоолны дуршил буурч, хаагдмал болж, бэлгийн дур ч төрөхгүй болно. Эдгээрийн алийг нь ч бодсон амьд үлдэж генээ өвлүүлэх магадлалыг бууруулах үйлдэл. Тийм байтал яагаад депрессийн шинж тэмдэг стресстсэн үеийн дараагаар илрэх нь элбэг байдаг юм бол оо?

Урт хугацааны стрессийн төлөөс

Депресс үүсгэдэг шалтгаануудаас хамгийн элбэг нь урт хугацааны стресс. Өнөөгийн бидний голлох стресс гэвэл өдөр өдрийн төлөвлөгөөгөө амжуулах гэж яарах явдал. Харин эцэг өвгөдийн маань стресс системийг ажиллуулж ирсэн нь хунгарлан овоорох имэйл ч юм уу шийдэгдэж өгдөггүй сантехникийн асуудал байгаагүй. Араатан эсвэл өөрийг нь алах гэсэн хүн, өлсгөлөн болоод халдварт өвчин байсан. Урт хугацааны туршид хүчтэй стресст дарлагдаж байсан хүмүүс аюулаар дүүрэн ертөнцөд амьдарч байсан учиртай. Тэр нь бидэнд ч бас үлдэж хоцорч.

Хүчтэй стресс мэдэрнэ гэдэг бол нэг ёсондоо аюул тэрүүгээр нэг байна гэсэн үг. Тархи тэгж л ойлгоно. Тиймээс толгойгоо дараад нуугд гэж тархи тушаал буулгана. Тэр үед тархи ямар аргаар биднийг хөдөлгөх вэ гэхээр, мэдээж эмоцыг ашиглана. Тархи бидний сэтгэлийн төлөвийг ашиглан аюул ихтэй орчноос холдуулахыг зорино. Сэтгэл нурмайж идэвхгүй болохын хэрээр бид өрөөндөө бүгэх болно.

Хэрэв тархи өнөөгийн нийгэмд төгс зохьцсон байсан бол ийм урт хугацааны стрессийн нөлөөгөөр харин ч хамаг чадлаа ачаалж чадах байсан биз. Бодоод үз л дээ, миний өвчтөний стрессийн шалтгаан толгойгоо дараад нуугдаж хэвтсэнээр шийдэгдэхгүй биз дээ? Гэтэл тархины хувьд бол тийм логик ямар ч утгагүй. Орчин үеийн нийгэмд зохьцохын төлөө хувьсаагүй юм чинь. Тиймээс зугтах гэдэг шийдвэр гаргана. Тархины хувьд стресс гэдэг бол “Энд аюултай” гэж буйтай утга нэг юм. Хүн төрөлхтний түүхийн туршид стрессний утга бараг дандаа тийм л байсан.

Наадах чинь гэхдээ ердөө л таамаг биз дээ гэж та бодсон бол таны толгой овоо ажилладаг юм байна. Эмоц хийгээд зан төлөвийн хувьслын талаар баталгаатай мэтийн үгсийг хөнгөн хуймгай хэрэглэх нь хариуцлагагүй үйлдэл. Гэлээ ч депрессийн шинж тэмдэг бол ертөнцөөс биеэ хамгаалах гэсэн тархины тактик мөн гэх энэхүү тайлбарыг нотлох баримтууд хэд хэд бий. Түүний нэг нь бидний дархлааны систем гэх санаанд оромгүй факт юм.

Депресс-халдвараас сэргийлэгч үү?

Депресст орох уу үгүй юу гэдэгт таны генээс шалтгаалах тал ч бий. Гэхдээ тэр нь депрессийн ген гээд нэг юм байдаг гэсэн үг биш, олон зуун ялгаатай генүүд жаахан жаахнаар холбогдож байдаг. Гэхдээ тэдгээр генүүдээс хамаарч депресст орох эсэх нь шийдэгддэг учиртай бус харин депресст оромтгой шинж бүрддэг. Тэрхүү хамааралтай генүүдийг судлаад явтал гайхмаар зүйл илэрсэн байна. Депрессийн эрсдлийг өндөрсгөдөг генүүд дотор дархлааг идэвхжүүлдэг ген ч байна гэнэ. Депресс ба дархлаа хоёр генээр дамжин холбогдож байжээ гэдэг үнэхээр гайхмаар. Юу гэвэл тархины хувьд депресс гэдэг бол халдварт өвчнөөс биеэ хамгаалах арга хэрэгсэл ч байж магадгүй гэсэн үг юм. Судлаачид тэгж таамаглаж эхлээд байна.

Яриа арай л үсчээд явчлаа гэж бодов уу? Бактерийн халдвар авлаа гээд антибиотик л уухад болоо биз дээ? Гэвч антибиотик гэдэг бол шинэ зүйл. Пенцилин л гэхэд 1928 онд бүтээгдсэн, тэрнээс өмнө бол 20-р зуун гарчаад байхад хүртэл Америкийн гурван хүүхэд тутмын нэг нь 5 насалж амжилгүй үхдэг байсан. 19-р зууны сүүлээс 20-р зууны эхэн хавиарх үхлийн шалтгаан гэвэл хатгаа, томуу, сүрьеэ, суулга гэсэн дараалалтай бөгөөд бүгдээрээ халдварт өвчин байсан. Элэнц хуланцуудын үе хүртэл ухраан харвал халдварт өвчний үхлийн хэмжээ хамгийн өндөр байсан гэж үздэг. Ан гөрөөний үеэр шарх авсан тохиолдолд цус ихээр алдаад зогсохгүй шарх идээлснээр үхэх эрсдэл ч байсан.

Тиймээс халдвараас сэргийлсэн янз бүрийн хамгаалалтын механизмууд хувьслын явцад суугдсан нь тун ч байгаллаг өрнөл биз. Тэдгээрийн нэг бол бидний эрхэм чухал дархлааны функц юм. Тэрнээс өөр ч бас, муудсан хоол идэхгүй байхуйцаар хүчтэй огиудас мэдрэх гэх мэт үйл хөдлөлд суурилсан дархлаа ч бас бий. Цаашилбал ийм механизм ч байна. Халдварт өвчин болон шарх авах эрсдэл бүхий нөхцөл байдлаас зугтахыг оролдох. Чухам энэ л депресс ба халдварт өвчин хоёрыг холбож өгч байгаа юм. Нэг нь дархлааны функцийг ажиллуулах явдал. Ахиад нэг нь аюул, бэртэл, халдварт өвчнөөс зай барих явдал. Сүүлийнхийг нь депрессээр дамжуулан гүйцэлдүүлдэг.

Гэвч энэ ген идэвхждэг нь зөвхөн шарх авсан үед л идэхждэг төдий биш. Шарх авах аюул байх үед ч бас идэвхжинэ. Чингэвэл дархлааны функц хэзээд бактери болон вирустэй тулгарахад бэлэн байна. Шарх авах аюултай нөхцөл гэдэг нь ямар нөхцөл вэ? Мэдээж тэр бол аюул занал дүүрэн ертөнцөд байх үед. Аюул заналаар хүрээлэгдсэн байгааг хэн хэлж өгөх билээ? Яг тийм, хүчтэй стресс!

Эмоцийг үгээр илэрхийлж чаддаг байх нь чухал

Миний өвчтөн хүчтэй стресст удаан дайруулсны дараах амралтын үеэр депресст орсон. Аюул, халдварт өвчин, бусдад алуулах зэргээс биеэ хамгаалдаг тархитай болохоороо. Зочид буудлын орон дээр тэгнэн хэвтээд амьдралын харанхуй ангалыг мэдэрч байх тэр эгшинд түүний тархи элэнц хуланцуудтай нүүрэлддэг байсан асуудлыг шийдэж байсан хэрэг. Депресс бол хүнд туслахын тулд хөгжсөн функц ー депресст шаналах хүмүүсийн хувьд энэ тайлбар ямар ч тайвшрал төрүүлэхгүй гэдгийг мэдэж байна л даа.

Сэтгэцийн эмчээр ажиллаж байхдаа анзаарсан нэг зүйл бол өвчтөнүүд өөрийн эмоц ямар үүрэгтэй болохыг ойлгож байх нь маш чухал. Түгшүүр биднийг аюулаас аварч ирсэн болохыг, депресс халдварт өвчин хийгээд тулаанаас биднийг хамгаалахын төлөөх арга тактик байсан болохыг мэдвэл өвчтөнүүд ч бас ингэж бодож чадахуйц болно. “Депресст орсон нь миний буруу биш юм байна. Ердөө л тархи хувьслынхаа зарчмаар ажиллаж байгаа төдий. Түүний ертөнц одоо байгаа ертөнцөөс тэс өөр болохоор юм байна.”

Аваарын дарцаг

Урт хугацааны стрессээс депресс үүсэж болзошгүй. Бие махбод угаасаа л хоол боловсруулалт, нойр, бэлгийн дураас илүүтэй “тулалдах уу зугтах уу”-г дээгүүр эрэмбэлдэг. Үүнийг ойлгож авбал зохистойн цаана ахиад нэг шалтгаан бий. Стрессээс ноцтой нөлөө авсан олон хүн үнэндээ тэгэх хүртлээ дахин дахин сэрэмжлүүлэг авсаар байдаг. Нойргүйдэх, гэдэс хямрах, өвчинд өртөмхий болох, шүд хавирах, богино хугацааны ой санамж доройтох, цухалдах гэх мэт. Тийм байтал яагаад тэдгээр сэрүүлгүүдийг үл тоосон юм бол?

Миний бодлоор аваарын дохио хангинаад байгааг анзаараагүй. Тэдгээр шинж тэмдэгүүдийг стресс гэж бодоогүй. Тун харамсалтай. Эртхэн тормоз гишгэсэн бол депресс хүртлээ гүнзгийрэхгүй байх магадлал хангалттай байсан. Депресс, өөр бусад стресстэй холбоотой асуудлуудыг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь хамаагүй хялбар байдаг. Тиймээс стрессийн шинж тэмдэгүүд гэдэг бол аваарын дарцаг хэлбэрээр бидэнд ирдэг бурхны элч юм. Стресс гэж чухамдаа юу вэ? Ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ? Эдгээрийг ойлгоод авбал оройтохоос нь өмнө сааруулах боломжтой.

Заавал “хүчтэй нь амьд үлдэх” албагүй

Депрессийн эрсдлийг өндөрсгөдөг генийн нэг нь мэдрэл дамжуулах бодис Серотонинг удирддаг бөгөөд тэр нь стрессийг мэдрэмтгий болгодог. Хиймлээр хулганы тэр генийг аваад хаявал стресст тэсвэртэй шинж үүсдэг гэнэ. Ер нь яагаад тийм ген байдаг юм бол оо? Яагаад хувьслын явцад алга болчоогүй юм бэ? Шалтгаан нь бодвол хамгийн хүчтэй нь ч юм уу ухаантай нь, эсвэл стресст тэсвэртэй нь заавал амьд үлдэж ирсэн учиртай биш болохоор биз. Аюул хийгээд тулаанаас зугтаж, халдварт өвчин тусалгүй үлдэж, ямагт тэжээлийн дутагдалтай ертөнцөд өлсгөлөнгөөр явахгүй байх ч бас адилхан чухал байсан. Өнөөдөр өдий дайны олон хүн депресс болон түгшүүрээр шаналж буйн цаад том шалтгаан тэнд бий гэж бодно. Тэр онцлог шинж биднийг амьдран оршоож ирсэн болохоор тэр юм.

Хүний эмоцийн гүйцэтгэж ирсэн үүрэг. Түгшүүр ба депресс хүний амьдрах магадлалыг шийддэг байсан явдал. Бие махбодын стресс систем аюултай ертөнцөөс биднийг хамгаалахын төлөө хувьсаж ирсэн. Эдгээрийг ойлгож авсан болов уу гэж найдна. Тэгвэл одоо эндээс эдгээр суурь нөхцөл өнөөгийн онлайн нийгэмд хэрхэн яаж нөлөөлж буй талаар хамтдаа харцгаая.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 20 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top