x

“Сээр”-ийн бөхөөс Сирийн бөх

“Сээр”-ийн бөхөөс Сирийн бөх

-фельетон-

Гадуур юу болж байна гэж үү? Эрчүүд нь сээр л шааж байх шив дээ. Цөг гэм! Юуны чинь Сири хүүхэн.Үхрийн сээр цохихыг хэлж байгаа юм. Үгүй ээ, хуга цохихыг ярьж байхад дэмийрээд явчих юм...

Амьдрал сайжирч байна. Хүмүүс мөлжих сээрний төлөө оочирлохоо болиод хугалах сээрнийхээ араас дугаарлах болж. Зарим нь “Би сайн эр болж нэгэн амьсгаагаар гучин хоёр цагаан сээр хуга цохьё оо” гээд л үзэж тардаг гэх. Тэгээд үү? Яахав дээ, амьсгаатай төдий юм сээрээ тэврээд хэвтэж байсан гэнэ. Гэхдээ, гэмтлийн эмнэлэгт сарвууны тасаг шинээр нээсэн мэдээ гарсан ч бидний зориг мохохгүй. 

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч ирж, үзэж хардаг болчихож. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ.

Төрийн албанд ч “сээр хугалах эрдэм” боловсон хүчний нэгэн шалгуур болон нэвтэрчээ. Хүний нөөцийнхөн ажил горилогчоос “Сээр хугалсан туршлага” асууна. Одон, медалийн тодорхойлолт “Манай тэргүүний ажилтан Дорж нь улс нийгэмдээ хорь гаруй сээр хугалж...” гээд эхэлж байх шиг. 

Төрийн албаны шалгалтад ч сээр хугалах орж байна. Хүний нөөцийн ажилтан ширээнээсээ дутуу мөлжсөн сээрний яс гаргаж ирээд “Анкет яах вэ, эхлээд энийг хугалаадах” гэх.Түүнчлэн албан тушаалын эрэмбээс болоод сээрийн даац өөрчлөгдөнө. Хорооны нийгмийн ажилтанд горилогч бол ямааны сээр хугалчихдаг байхад л болох аж. Хороон даргад өрсөлдөгч хонины, дүүргийнх үнээний, нийслэлийн засаг даргад санаархагч бухын сээр хугалж байж өрсөлдөх эрх авах юм. Манай хотын Сумъяа дарга бол дэмжсэн гэсэн шүү. 

Харин Өмнөговийнхон Засаг даргад өрсөлдөгчөөр динозаврийн сээр хугалуулсан нь хуулийг гажуудуулсанд тооцогдов. Төрийн албаны Зөвлөлөөс “уул уурхайтай, мөнгөтэй газраас энэ байтугааг шаах хүнд яг таарна” гэж үзсэн ч ЮНЕСКО “Түүхийн дурсгалт зүйлийг дураараа шаагаад байж таарахгүй” гэсэн бололтой.

Төрийн ёслолынхон цагаан сараар “Ерөнхий сайд зааны сээр, ерөнхийлөгч халимны сээр хуга” цохиж мэндчилгээ дэвшүүлэх протокол гаргаад, хөөрхөн явдал болсон аж. Энэтхэгийн Элчингээс “Хоёр улсын харилцааг хөгжүүлэх үүднээс зааны сээр ирүүлэх”-ийг хүсч, Японыход хандан “Агнасан халимныхаа сээрийг хандивлах” санал явуулаад амжсан ч Дэлхийн байгаль хамгаалах Сангийнханд загнуулаад больжээ. Ерөнхий сайд бол “Ёстой, Азны кооля” гээч боллоо хэмээн ханцуй дотроо залбирч, харин Еөк нь “Үхсс! Паар хуга цохихоос л хэцүү байв гэж үү” хэмээн аархжээ.

Түүнчлэн “Монгол сээрийг дэлхийн брэнд болгоно” гээд зээл хөөцөлдөх жаатай эр байхад “Эх орны сээрийг аваръя” гэдэг Иргэний хөдөлгөөн байгуулаад хугалах гэж байгаа сээрийг худалдаж авдаг эх оронч (Эх сээрч?) нэгэн ч бас гарах ажгуу. Жагсаал цуглаан дээр “Сээр, сыр, шүүр гуравтай байхад хэн жаатай бэ, Монголжаатай” гэсэн уриа хүртэл дуулдав. 

Манайхны бизнес сэтгэлгээ ч сээрээ дагаад хөгжиж харагдана. Аль хэзээний нэг нөхөр ЖДҮ аваад илүү сээртэй “Сиэрра плюс” үүлдрийн үхрийн фэрм байгуулчихаж. Сээр хугалах үүлдрийн үхрийг кальцгүйжүүлсэн бордоогоор тэжээж, ялангуяа кола зэрэг хийжүүлсэн ундаагаар усалж ясыг нь зориуд сийрэгжүүлдэг байна. Тэгээд насанд хүрэхээр нь сээрийг нь сугалж аваад л гүйцээ. Дашрамд дуулгахад, манай эрдэмтэд хүзүүнээсээ сүүлээ хүртэл дан сээртэй шинэ үүлдрийн үхэр бодож олсон ба түүнийгээ гадаадынханд өгөхгүй, зөвхөн монгол эх орондоо л зориулна гэсэн гэнэ.

Олон сайхан охинтай зарим эцэг, эхчүүд хүргэн болох хүнээрээ сээр хугалуулж тэнсдэг болжээ. “Хүүтэй айлын уурга хугархай, хүүхэнтэй айлын сээр (мэдээж, өөрсдийнх нь биш) хугархай” гэж үг ч байсан гэлцэх. Гадаа нь шүгэлдэх дуулдвал сээр бариад босдог, хүүхнийх нь утас дуугарвал сээр лүүгээ ухасхийдэг эцэг ч байна. Гүйж гараад “За хүү минь энийг хугалчихаад манай охинтой болзоорой” гэдэг ажгуу. Хувийнхан их сэргэлээн, хамар хашааг нь худалдаж аваад гэмтлийн эмнэлэг байгуулчихсан, ашигтай ч байгаа жишээ харагдав. Юм хачин шүү. Тэдний бага охин нь битнаам засвар ажиллуулдаг туранхай бандитай суусан байгаа юм. Яасан гэхээр, яс нь ч, ухаан нь ч сийрэг тэр бацаан торцоов ханцуйлж ирээд бүх сээрийг нь үйрүүлээд хаячихаж. Сэтгэл хөдөлсөн эцэг есөн сайхан охиноосоо нь аль дуртайгаа сонгох эрх бэлэглэжээ. Залуу хүү дунд охиныг нь эргүүлж байсан боловч боломжийг ашиглаад хамгийн хөөрхөн бага охиныг сонгожээ. 

Бас “Сээр олон уу, наадам олон уу” гэсэн асуулт гарч, зарим газар зөвхөн сээрийг нь авах зорилгоор үхэр нядалснаас үүдэн түүнийг орлуулах, импортлох асуудал гарчээ. Эрээнээс, цохих болоогүй зүгээр л далайж байхад хугарч нүдний булай болгодог, эсвэл гарын аясаар гулзайж унжаад нүүр түлдэг хулхи сээр орж ирсэн нь Монгол хүний хийморийг унагаан эзэлж авах Хятад санаа гэлтэй.Түүнчлэн гадны троллууд “Сээрээ шаахаар ширээгээ шаа... ядаж л ажилтнууд чинь айж хүндэлнэ”, “Сээрийн бөхөөс Сирийн бөх царайлаг” гэхчлэн сөрөг сурталчилгаа ч их хийж байна.

Шинийн нэгэнд төрийн тэргүүн нь зурагтаар зааныхаа байг гэхэд малын сээр шаадаг болох тухай ч яригдаж байна. Яригдах төдийгүй, алсын удирдлагатай, цохих агшинг давхцуулан тусгай тэслэгчийн хүчээр өөрөө хугардаг сээр авчирч туршжээ. Бэлтгэл сургуулилтын үед комиссар нь сээрээ цохиогүй байхад кнопоо дараад... Тийм юм болсон аж. 

Цагаан сараар УИХ-ын зарим гишүүн тойргийнхоо ахмадуудад мөлжсөн сээр тараасан нь тал талын талархлыг хүлээжээ. Иргэд ч баяртай байна. Уул нь баахан голонгуй, “Царай алдмар. Ядахнаа мөлжилгүй өгч болноо доо” гэсэн гомдол байгаа боловч үнэгүй юм олдож байхад баярлахгүй байх нь муухай учраас булаалдаад л авч байна гэнэ. Цаашдаа, татвар төлөгчдийн мөнгөөр юм тараахтэй тэмцэж байгаа үед сонгогчдийг бэлэгнээс жигшээсэн зөв алхам боллоо хэмээн намын даргадаа бас магтуулжээ.

                                                                                     Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top