Та, бидний амьдралд татвар дарамт болж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
Дэлгүүрт шивүүлсэн барааныхаа баримтыг тухтай нэг хараад үзээрэй. Үнэндээ НӨАТ-ын 10 хувь гэдэг чинь биднийг өдөр тутам мэрж байна. Авсан бараа бүрийнхээ үнийг 10 хувиар нэмэгдүүлж төлнө гэдэг толгой сэгсэрмээр. Далд эдийн засгийг ил болгох гэж байгаагаа тухайн үедээ хууль санаачлагч нар учирлаж байсан. Уучлаарай, даанч тэр нь амьдрал дээр эсрэгээрээ. Тийм л байсан юм бол НӨАТ-ын буцаалтад хоёрхон хувийг нь бодож өгөхгүй байх байлаа. Үлдсэн найман хувийг татвар “нэрээр” иргэдээс шууд дээрэмдэж байна. Татварын дарга нар ярьдаг л даа. НӨАТ-ын систем улс орон бүрд л байгаа гэж. Хамгийн хөгийн нь Япон, АНУ гэх зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй, хөдөлмөрийн үнэлэмж нь дээгүүрт тооцогддог улс орны иргэдтэй ядарсан монголчуудыгаа харьцуулчихдаг. Ийм л амьдралаас тасарсан дарга нар та, бидний дээр даналзаж байгаа нь харамсалтай.
ХАОАТ суутгаад авчихсан орлогоос чинь НӨАТ, 10 саяаас дээш орлогоос дахиад татвар гэх мэт давхар давхар татварууд иргэдийг ард түмнийг туйлдуулж байгааг ойлгох цаг болсон. Ойрын өдрүүдэд нэг зүйл маш тодорхой ажиглагдлаа. НӨАТ-ын буцаалтын өнгөрөгч оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг өгөх гэж буйгаа татварынхан сошиалд “сэвж” өгч байна. Аль гурав, дөрвөн хоногийн өмнөөс л “НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 28-наас шууд шилжүүлнэ” гэх утгатай постыг түгээх нь тэр. Автобусныхаа мөнгийг яая даа гэж байгаа ард түмэн нь хэн нэгэн зүгээр мөнгө өгөх гэж байгаа юм шиг, төр засгаас хувь хишиг хүртээх гэж буй аятай талархаж, баярлаж байгаа гэж. Энэ бүхний төгсгөлд дүгнэхэд, эрх баригчид иргэдээ ямар нэгэн байдлаар ядуу байлгаж, туйлуудуулж байх чин хүсэлтэй. Яагаад гэвэл, халаас хоосон ард түмний тархийг угаах амархан гэж боддог бололтой. Ямар сайндаа өөрсдөөс нь хурааж авсан 10 хувийнх нь хоёр хувийг өгөхдөө хүртэл хувь хишиг тарааж буй мэтээр аашилж байгаа нь аймшигтай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл (1)