Жасинда Ардерн 17 настай байхдаа буюу 1990 оны сүүлээр улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ. 2000 оны дундуур Англи явж тэнд улс төрийн туршлагаа арвижуулаад 2007 онд Шинэ Зеландын улс төрд хүч түрэн оржээ. 2017 онд Хөдөлмөрийн намын даргаар сонгогдож, улмаар 37-хон насандаа улсынхаа Ерөнхий сайд болж чадсан бүсгүй билээ. Дэлхийн хамгийн залуу эмэгтэй улс төрийн лидер болж чадсан байх аа. Жилийн дараа охиноо төрүүлж дикрийтээ авсан байдаг. Жасинда жирэмсний болон ээжийн амралт авсан бараг дэлхийн анхны улс төрийн том албан тушаалтан болсон болов уу. 2020 онд Ерөнхий сайдаар улиран сонгогдож чадсан түүхтэй.
Дэлхийн залуу манлайлагчаар (Young Global Leader) шалгарч байсан, шинэ цагийн залуус болон эмэгтэйчүүдийг төлөөлөн улс төрд цоо шинэ өнгө бас стандарт нэмж, дэвшилтэт бодлогын нүүр царай болон 2017 онд дэлхийг шуугиулан гарч ирсэн Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Жасинда ажлаа өгөхөө 1 сарын 19-нд мэдэгдлээ.
Цаашид Ерөнхий сайдын алба хаших эрч хүч, нөөцөө шавхсан тул ажлаа өгч буйгаа мэдэгдэл дээрээ маш тодорхой дурджээ. Ерөнхий сайдын алба хаших хугацаандаа би өөрт байж болох бүх боломж, нөөцөө ашиглаж сэтгэл зүрхээ зориулан, хариуцлага, ёс зүйг дээдлэн бүх чадлаараа ажиллалаа. Энэ хэрээр өөртөө байсан бүх эрч хүчээ зарцууллаа. Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хашихын тулд хүнд эрч хүч дүүрэн байх ёстойгоос гадна гэнэтийн, төлөвлөгдөөгүй ажилд зарцуулах энергийн нөөц сав заавал байх ёстой гэж илтгэлдээ онцолжээ.
Баруун Австралийн Edith Cowan их сургуулийн Бизнес, хуулийн сургуулийн профессор Андрэй “Жасиндагийн үйлдэл 21-р зууны улс төрийн манлайлалд цоо шинэ стандарт боллоо” гэж дүгнэжээ. Нээлттэй, үнэнч, өөрийнхөөрөө байж чаддаг чадвар улс төрийн хамгийн үнэтэй капитал бөгөөд нийгэмд хэрэгтэй өөрчлөлтийг хийх зориг чухам ийм чадвартай хүмүүсээс л гарна гэж нэмж онцолжээ.
Мөн улстөрч хүмүүс зөв цагтаа өөртөө, зөв цагтаа гэр бүлдээ, зөв цагтаа улс эх орондоо зориулж цаг гаргах учиртайг тайлбарласан байв.
Цаашилбал, мундаг манлайлагч хүн бусдад урам зориг, хүч, боломж олгохоос гадна хэзээ өөрийгөө татаж, хэзээ галт бамбараа бусдад шилжүүлэхээ мэддэг байх ёстой гэсэн байна. Жасиндагийн мэдрэмжтэй, нээлттэй, нинжин сэтгэлтэй шинж чанарууд нь түүнийг яах аргагүй хоёр нүүргүй манлайлагч гэдгийг нотолж байна гэж дурджээ. 2019 онд Шинэ Зеландын исламын сүмд болсон аймшигт алан хядлагын дараа гивлүүр өмсөж гарч ирээд гашуудан эмгэнэж байсан зургуудыг та бүхэн санаж байгаа байх.
Мөн кабинетынхаа 2 жилийн ажлын үр дүнг 2 минутанд багтаан тайлагнасан видео нь тухайн үед вайрал болж байв. Аливаа хүн өөрийхөө дээд болон доод хязгаарын мэдэж, бас хүлээн зөвшөөрч чадсан нөхцөлд л жинхэнэ манлайлагч болдог ажгуу. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө үнэнч биш хүн бусдад хэзээ ч үнэнч байж чаддаггүй гэнэм. Хүн оргил дээрээ байгаа үеэ мэдрээд бусаддаа боломж олгож буй нь гайхалтай.
Та ямар манлайлагч байсан гэж дурсагдахыг хүсч байна вэ гэдэг асуултанд “Би хамаг чадлаараа цаг үргэлж эелдэг байж, нинжин сэтгэл, хүмүүнлэг зарчмаар ажиллахыг хичээсэн. Иймээс дараа дараагийн Шинэ Зеландын улс төрийн лидерүүдэд эелдэг боловч хүчтэй, нинжин сэтгэлтэй боловч шийдэмгий, өөдрөг боловч гол асуудлууд дээрээ төвлөрч ажиллаж болдог гэдгийг харуулж чадсан болов уу гэж найдаж байна. Өөрөө өөртөө эзэн болж чадсан нэгэн жинхэнэ манлайлагч болдог” гэж хариулжээ.
Улстөрч хүн нийгэмд хэрэгтэй байгаа өөрчлөлтийн нүүр царай нь болох ёстой. Тэр нь шаардлагатай үед бүх чадлаараа ажиллахаас гадна хэрэгтэй үед нь бусдад зайгаа тавьж өгөх зоригтой байх ёстой гэсэн үг. Түүнчлэн, би бусдын адил хүн. Бүх улстөрчид адилхан та бидний л нэг. Хүний нөөц, чадвар шавхагдах асуудал гардаг. Энэ үед бусдад жолоогоо шилжүүлэх нь зүйн хэрэг. Миний хувьд энэ цаг ирсэн тул ажлаа өгөх шийдвэрээ гаргалаа гэж өдгөө 42 настай тэрээр сэтгүүлчдад хэлжээ.
Зарим хүн түүнийг хариуцлагаас зугтаж байна, улс төрийнхөө дараагийн нүүдлийг хийж байна гэж шүүмжилж буй хэдий ч тэрээр үүнийг үгүйсгэж харин ч намаа улс төрийн тавцанд ялалт байгуулж, шинэ салхи оруулахын тулд энэ шийдвэрийг гаргасан гэдгээ тайлбарлажээ.
Улс орон, хувь хүний түвшинд эх орон, үүх түүх, өв соёлоороо бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ бидний энэхүү бахархал дэлхийн тавцанд, олон улсын хүрээнд ямар хувь нэмэр оруулсан, оруулах бэ гэдгээр давхар хэмжигддэг тул эх оронч байхын сацуу дэлхийн иргэн байх ёстойг ажлаа өгөхөөсөө өмнө хэлж байсан билээ.
Илтгэлийнхээ төгсгөлд охиндоо хандан сайн ээж байж, охиноо сургуульд орох анхны өдөр нь цуг байх, охиныхоо аавд хандан хуримаа хийж, гэрлэлтээ даруй батлуулахаа мөн амлажээ.
Манлайлал, хүйсийн тэгш эрх, улс төрийн соёл, жендер, ёс зүй, хариуцлага, залуусын нийгмийн оролцоо гээд маш олон зүйл дээр шилдэг кэйс болох үйл явдал болж байна даа.
В.Ганзориг /baabar.mn/