Василий ШУКШИН
ЖИЧ: ЯАРАЛТАЙ МӨНГӨ ЯВУУЛ
Энэ захидлыг би зочид буудлын өрөөний ширээн дээр хэвтэж байхад нь олсон юмаа. Эл нарийхан урт ширээний ард зөвхөн хажуулдаж суух л зайтай, учир нь эгц суух гэхээр хоёр хөлөө өрөөлдүүлэхээс өөр аргагүй, баруун талаас нь өрөөний халуун паар шахдаг.
Захидал надад их сонирхолтой санагдсан тул нэрийг нь өөрчлөөд хэвлүүлэхээр шийдлээ. За энэ байна:
“Сайнуу Катя! Миний хөөрхөн хүүхдүүд Коля, Люба нар сайн биз дээ? Зиак, бид ингээд зорьсон газраа хүрээд ирлээ дээ. Хачин сайхан хот юмаа, бидэнд тайлбарласнаар байшин барилга нь дороо лут тулгууртай гэнэ. Нэгдүгээр Петр хаан юу хийхээ мэдэж байсан байж таарна. Яагаав өнөө чамд үзүүлдэг ил захидал дээр могой багалзуурдан алж байгаа морьтой баатарын зураг нь бийшдээ.
Эхлээд биднийг нэг буудалд хуваарилсан байснаа тэнд гадаадынхан орох болсон учир өөр буудал руу шилжүүлсэн. Намайг 4009 гэсэн дугаартай (4 гэдэг нь давхар, 9 гэдэг нь дараалсан дугаар, харин хоёр нойл нь ямар учиртайг бүү мэд) люкс өрөөнд оруулсан. Эндэхийн цонх л намайг ёстой гайхашрууллаа. Гаднаас ороод ирэнүүт л хана нь битүү цонх. Зүүн талд нь уртаа төмөр саваа унжиж байгаа, тэр нь хөндлөн төмөр утастай холбоотой. Өнөө савааны үзүүр дахь бондгор молцогноос атгаад зүүн тийш эргүүлэхээр тасалгааны гэрэл бүдэгрэнэ, баруун тийш мушгивал дахиад гэрэлтэй болчихоно. Юу гэхээр хөшигний савхнууд эргэлддэгт хамаг учир байгаам байна. Хөшиг мөртөө бөөрөндөө түших юмгүй зүгээр сул унжиж байна гэсэн үг. Хэрэв энэ хөшиг дэлгүүрт байгаа бол би өөртөө аваачина аа. Дэргүүрүүдээр хэсэж худалдаанд байгаа эсэхийг нь асууя, байз. Хэрэв олдохгүй бол харьж байгаад урт саваа модоор хийгээд үзнээ. Энэ яаж ажилладагийг ойлгочихсоон, гурван нарийн утас олоод л тэрэндээ саваа моднуудаа цувуулаад тогтоочихдог юм байна. Цонх нь бас нэн чухал онцлогтой юм байна, юу гэвэл дээш доош өргөгдөж онгойж хаагдах юм. Цонхны голд хавтсыг эргүүлдэг төмөр нугастай. Давхрын жижүүр авгай цонхоо яаж нээж хаахыг надад зөндөө удаан заалаа, хүн болгон түүний бодсон шиг мангарууд биш гэх гэснээ хэлээ хазаад өнгөрөөв.
Эндэхийнх шиг орыг харьж байгаад заавал урланаа. Янзтай гоё ор. Иван бид хоёр энэ орны зургийг хуулаад буулгачихсан. Ядах юмгүй хийж орхих юм билээ.
Зургаан давхарт бүфэттэй юм, гэхдээ аймаар үнэтэй, тэгэхээр нь Иван бид хоёр ярилцаад дэлгүүрээс хиам худалдаж аван манай люкс өрөөнд өглөө оройдоо түүгээрээ хооллочихдог. Яг л аяны байдлаар. Давхрын жижүүр авгай хэлэхдээ өрөөндөө хооллохыг хориглодоггүй, гэхдээ энд ямар ч хог үлдээж болохгүй шүү гэсэн. Эхлээд ч бүфэт явж хооллож бай гэж аашилсан л даа. Бүфэтэнд хайран мөнгөө үрж байхаар тэрүүгээрээ гэртээ бэлэг аваад харьсан нь дээр гэж Иван бид хоёр авгайд учирласан. Жижүүр авгай биднийг ойлгож, хиамныхаа хальсыг энд үлдээлгүй сонинд боогоод жорлонгийн өрөөнд байгаа хогийн саванд хаяж байгаарай гэнээ. Жорлон гэснээс эндхийн жорлон ямархуу тухай хэдэн үг. Жорлон ч янзын, янзын. Гадаадынхыг туучиж гэж Иван хэлсэн. Тиймдээ, манайхан ч гадаадын зөндөө юм туусан. Жишээ нь тэр хөшиг. Красногорскоос ирсэн нэг хүүхэн ярихдаа буудлын баннад усанд орохоор хэтэрхий их хайран ус гоожуулчихлаа гэж халаглажээ, гэвч сүүлд нь усны үнэ буудалдаа орчихдог тул санаа зоволтгүй гэж түүнд тайлбарласан байна. Яг л онгоцонд өгдөг багашаар зуушны үнэ билетэндээ багтдаг шиг. Би ч өдөр бүр баннад орж байгаа. Мэдээж нэг муу банн намайг гахшруулахгүй л дээ, гэхдээ ямар цэвэрхэн, цэмцгэр гэж санана. Усанд орж булхчихаад, хөшгөө хаачихаад, орон дээрээ хэвтэж байхад надад юу бодогддог гээч: насаараа ингэж жаргах юмсан, зуун жил ч багадна, бүхий л таашаалыг хэдийнээ тохируулаад урьдчилж бодчихсон болохоор зовж шаналах юу ч байхгүй. Энэ захидлыг бичиж байхад гадаа цонхны цаана усан цэргүүд маршилж байна. Тэдний алхаа гишгээ жаатай.
Эндэхийн нэг давхрын үйлчилгээний танхим их уужим. Тэгсэн тэнд их таагүй явдал тохиолдлоо, надад. Бэлэг дурсгалын хэсэгт нь очоод хартал янзын гоё асаагуур байж байна. Үнэ нь 14 цаас. Ямар турж үхэх гэж байгаа биш, авчихъя гэж бодлоо. Аялалаар явсны дурсгал болог. Тэгээд үзүүлээч гэсийм. Нэг залуухан хүүхэн байнаа… Өнөөх чинь гадаадынхны өмнө дальжиганаад л, янз бүр болоод л. Инээд алдаад л, гадаадынханд байдгаа үзүүлээд, нүд нь бүр асчиж. Ичиж үхмээр. Асаагуураа үзүүлээч гэсийм. Тэгсэн яасан гээ: Наана чинь хүн завгүй байгааг харж байгааз дээ! Гүй ээ ер, нөгөө наалинхай инээмсгэлэл хаачив, тэр дороо аашны тулам болж хувирдаг байгаа. Би ч зогсоод л байлаа. Хүүхэн эргэж дахиад гадаадынханд хандав, нүдэн дээр наалинхай нэгэн болж хувирч байна. Би хэллээ: Чи одоо юундаа ингэж наадуулдаа долигоноод байгаам? Бараг л сөхөрч мөргөх нь ээ. Тэгсэн намайг нэг нь дагуулж буланд аваачаад бичиг баримт шалгалаа… Ингэж хэлж болохгүй л гэнэ. Таныг ойлгож байна, гэхдээ бид зочдыг хүндэлж эелдэг хандах ёстой л гэнэ. Би хэллээ: Ямар юмны чинь эелдэг мэелдэг, тэр чинь гадныхны өмнө эгээтэй л дөрвөн хөлөөрөө мөлхөж сөгдөх нь холгүй байнашдээ. Би ч гэсэн гадны зочдыг хүндэтгэж байна, гээд надад ч бас өөрийн бахархал гээч юм бий шүү, тэр хүүхний өмнөөс улаан нүүр түлэгдлээ байна. Ярилцаад л болчихсоон, арга хэмжээ энэтэр авсанүй, тэгэсхийгээд өнгөрсөн дөө. Энд ирээд би хатуу юм ер амсаагүй, Иван бид хоёр пиво уусхийгээд л явж байна. Биднийг бас дээрээс харуулдаж байгаа гэдгийг бид хоёр ойлгож байгаа. Таван мянган километрийн алсаас ирсэн шалтгаан бол хөшөө дурсгал байшин байр үзэх, өөрөөр хэлбэл амрах гэж л энэшүүдээ.
Бидэнд нэг лут цайз үзүүллээ. Урьд энд хулгарууд хоригдож байж. Тэгсэн мөртөө цэвэр цумцгэр гэж жигтэйхэн. Ёстой ангаймаар. Олон жилтэй хоригдлууд сууж байсан гэх. Тэгээд бид тайлбарлагчаас яагаад ийм байгаа юм гэж асуусан. Тайлбарлагч хэлж байнаа: Нэгдүгээрт одоо энэ барилга мүзэй болчихсон учир цэмцгэр байгаа юм. Хоёрдугаарт энд урьд улстөрийн хэрэгтнүүд байсан, тэдэнд эмх цэгц гэдэг бол тохуурхал, цэвэр цэмцгэр байдал тэднийг баярлуулах биш гомдооно гэнээ. Цэгцтэй, тэгээд нам гүм. Өө мартсанаас эдгээр хоригдлуудыг яаж тамалдаг байсныг чи мэдэх үү? Хөөрхийг эхлээд шонтой холбоод хүлчиж байгаам, толгойных нь оройн үсийг хусчихана, тэгээд дээрээс нь хүйтэн ус дусал дуслаар гоожуулна. Ингэж тамлахад хэн ч тэсдэггүй гэж байгаа. Нарийн бодсон байгаа биз! Сонсоод их гайхсан, бидний зарим нь огт үнэмшээгүй. Мань Иван бүр үнэмшээгүй, дуслаар байх даа яахав дээ, ядахнаа хувингаар асгадаг гэхгүй… Аялалын хөтлөгч инээд алдсан. Ер нь энд цаг зугаатай өнгөрч байна дөө. Цаг агаар ч яахав, ер нь дулаахан талдаа. Үй түмэн гуанз, кафе нүд булаах юм, за ресторан бол ч бүр ярих юм биш. Ер нь ийм асуудлыг бүрэн шийдчихсэн юм байна дөө. Иван бид хоёр бас зах орлоо. Төмс байцаа гээд байдаг л муусайн юмтай юм. Дэлгүүр бол өөр, ер нь тэнд байхгүй юм алга. Даанч өнөө хөшиг л байдаггүй. Ер нь энэ хот маний тосгонуудыг бовол коммунизмд их дөхсөн байна шүү. Дараагийн захидалдаа бид чаатарт очсон тухайгаа бичнээ. Ёстой гайхамшиг, айн. Москвагийнхан нэг тоглолт үзүүлвээ. Нэг жүжигчин хүүхэн ёстой галзуурч өгсөн. Хоолой нь сөөчихсөн ч юм шиг, уйлаад байгаа ч юм шиг, тэгснээ тас тас хөхрөөд л. Миний хажууд нэг хэлхээтэй яс сууж байсан, ярвайдаг байгаа. Заваан юм гээд донжигонож байна. Иван бид хоёр нулимсаа гартал хөхрөлдсөн, яахав жаахан эвгүй л дээ. Дараа нь би Иванд хэлсэн л дээ, нээх сүрхий хүлээж авсны хэрэггүй, энэ бол урлаг шүү дээ. Гэхдээ л тэр хэлхээ ясны хэлсэн заваан юм гэдэг үг надад үнэхээр их таалагдсан шүү. Бүсгүй хүн гэдэг утгаар нь биш шүү. Энэ хотод суудаг гэх бас нэг жүжигчин их таалагдлаа.
Чи тэрийг киноноос танина даа, яагаав амнаасаа юм тургиж байгаа юм шиг хурдан хурдан шулганаж ярьдаг? Хөдөлгөөн, дуу хоолой нь хүүхэн шиг. Бүжиглэх дэвхцэхдээ гаргууд байхаа. За ингээд баяртай! Хөгшин чинь мэнд мэлтийгээд л явж байна.
Михаил Демин
Жич: Цөөн хэдэн цаас над руу гуйвуулчихмаар байна, дөч орчмыг. Иван бид хоёр хэд гурвыг үрсээн. Иван ч гэсэн гэрээсээ жаран цаас нэхсэн байналээ. Сүүлд нөхчиж болох байлгүй дээ. За ийм л байна даа.
Ийм нэг захидал байна. Нэрийг нь өөрчилсөн гэж дээр анхааруулсан.
Цонхон дээрх хөшигний өнөө молцгон бариул их хөөрхөн эд. Зүүн тийш эргүүлэхээр тасалгаанд зөөлөн ногоон туяа татна, баруун тийг эргүүлэхээр өрөө бүтэн гэрэлтэй. Би ч гэсэн гэртээ ийм юм хийчихмээр. Ер нь дэлгүүр явж ийм хөшиг худалдаанд байгаа эсэхийг сураглъя байз.
Б.БААБАР