x

“Амаргүй хэмээх 2022” ба “Буухиа тойм”

Он солигдсон өдрүүдэд телевизээр үзэх олигтой юм байсангүй гэж хэлэхийг зарим хүнээс сонслоо. Элбэг дэлбэгээр бялхсан найрын ширээтэй гоё нэвтрүүлгүүд зөндөө гарсан ч Шинэ жил ба Цагаан сарын өмнөх уламжлал болсон хошин шогийн шинэ хөтөлбөр дахиад үгүйлэгдсэн хэрэг. Х-ТҮЦ, Маск тэргүүтнүүд та биднийг үнэгүй зугаацуулахаа хэдийнэ больж, бүтээлээ кино хэлбэрт оруулж төлбөртэй үзүүлдэг болсон. Гай болж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар “алиалагчид”-аар цоллуулсан бөөн гомдол дээр зарим нь жагсаал цуглаанд бүтэл муутай оролцсон нь нэмэгдэж тэд ууртай, бас нэр хүнд сайнгүй яваа бололтой. Оронд нь Comedy-гийнхон.

Оны зааг бол хэвлэл мэдээлэл өнгөрсөн оныг дүгнэж тоймлодог тийм өдрүүд. “Үндэстний тойм”, “Титэм гэрэг”, Business.mn сэтгүүлүүд барууны түнш сэтгүүлүүдийн загвар, стандартаар жилийн тойм дугаарыг хийж хэвшээд удаж байгаа. Гэхдээ тухайн жилийг хамгийн сүр дуулиантайгаар эргэж хардаг нь телевизүүд. Харамсалтай нь, онцлох үйл явдлууд, оны шилдэг гэсэн загвараас салж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Ер нь манай телевизийн сувгуудын долоо хоногийн тоймууд өнгөрсөн хэдэн өдрийн турш нэгэнт үзүүлсэн үйл явдлуудаа тэсвэрлэхийн аргагүй уйтгартайгаар давтан тоочсон байдаг бол бүтэн жилийн тоймыг үзнэ гэдэг ямар аймшигтай тамлал болохыг төсөөлж байна уу? Гагцхүү телевизорын удирдлагын ачаар сувгаа үтэр түргэн сольж аврагддаг.

Харин энэ удаад NTV ба Tenger телевизийн 2022 оны тоймууд сайн болсон тухай нийгмийн сүлжээнд магтсантай таарч тухайн үед нь тоолгүй өнгөрснөө залруулж буцаагаад үзлээ.

NTV телевиз жилийн тоймоо “Амаргүй хэмээх 2022” гэж нэрлэсэн нь гайхалтай оножээ. Амаргүй хэмээх улаан шугамын дагуу улс төр, жагсаал цуглаан, Хөгжлийн банк, Улаанбаатарын түгжрэл, “Тамгагүй төр”, Дарханы зам, Богд хан уул, нүүрсний хулгай, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, наадмын бөх, допинг, 4х4 багийн амжилт, Ардчилсан намын хямралыг нэгд нэгэнгүй сөхлөө. “Тэнгэр” телевизийн “Буухиа тойм” мэдээж жагсаал цуглаанаар эхэлж, цаашаагаа түгжрэл, агаарын бохирдол, сайжруулсан түлшээр үргэлжлэн задарч короновирусын үр дагавар, хөдөө орон нутаг, амьдралын чанар, цалин хөлс, ипотекийн зээл, сургууль боловсролоор дамжин сансар судлал, шинжлэх ухаан, технологи, нийгмийн сүлжээ, Илон Маскийн явдал, мөн Лавров, Гуттереш, Ван И нар Монголд ирсэн, манай төрийн томчуудын гадаад айлчлал, уур амьсгалын өөрчлөлтөөр өндөрлөв.

Аль аль тоймыг тун сайн найруулсан, сонирхол татахуйц дүрслэл, тавилт, хэмнэлтэй байлаа. NTV-ийн тоймын эхлэл, Tenger-ийн тоймын төгсгөл мартагдахааргүй гоё болжээ. Гэхдээ хэлбэрийг түр орхиж зөвхөн агуулгыг анзаарвал үндсэндээ бүтэн жилийн турш сонссон нөгөө л яриа, санаа, тайлбарууд байна. Хэрвээ яг яагаад ийм юм болов, хэн буруутай, худлаа нээрээ, цаад учир шалтгааныг нэхэж илүү гүнзгий ухаж хөндлөнгөөс тайлбар, дүгнэлт хийсэн бол төгс рүү дөхөх байлаа. “Амаргүй хэмээх 2022”-т тоймлуулж дүгнүүлэх ёстой нөхдүүд өөрсдөө тоймлож дүгнэсээр, сэтгүүлчид огт үзэгдээгүй бол “Буухиа тойм”-д эсрэгээр хэт олон сэтгүүлч арай л эрээвэр хураавар сэдвээр болж өнгөрсөн үйл явдлуудыг тоочин сануулж танин мэдүүлсээр дуусгав. Гэхдээ хоёулаа гарцаагүй шинэлэг байж чадлаа. Энэ хоёр тоймын шууд үргэлжлэл – NTV-ийн “Бүдэг бадаг 2023”, Tenger-ийн “2023 оны 23 асуулт” нэвтрүүлгүүд бас л сайн болжээ.

Өнгөрсөн намар миний бие МҮОНРТ-д болсон нэгэн хуралд оролцох завшаан тохиож, энэ талын санал тавьснаа дор оруулав. (Төгсгөлийн хэсэгт байгаа болно) Тэд тухайн үедээ нээрээ тийм, зөв гэж дэмжсэн ч одоохондоо таг чиг. Манай телевизийн сэтгүүл зүйд ийм нэгэн өөрчлөлт Олон нийтийн телевиз бус, арилжааны телевизүүдээс эхлэх хувьтай ажээ.

ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨР: Өчигдөр, өнөөдөр ба маргааш

2022.10.21

Өнөөдөр бид телевиз гэдгийг урлаг болохын хувьд, түүний илэрхийлэл, үнэт зүйлсийг ярилцаж байгаа дээр багахан өөр өнцөг нэмээд монгол телевизийн өөрийнх нь үнэ цэнийг авч үзье.

Би бол амьдралд хөл тавингуутаа телевиз үзэж эхэлсэн тэр монголчуудын анхны үеийн төлөөлөл. 1967 оны 9-р сард миний хувьд хоёр чухал үйл явдал болсны нэг нь, би сургуульд орсон, хоёрдугаарт, хэд хоногийн дараа Монгол телевизийн нэвтрүүлэг эхэлсэн юм. Бидний хувьд телевиз мэдээллийн шинэ хэрэгсэл төдийгүй амьдралын шинэ соёл, бас шинэ хэмнэлийг бий болгосон. Санаж байна уу, эхэндээ Монгол телевиз, Орбитын нэвтрүүлэг хоёр ээлжилдэг, тэгэхдээ Монгол телевизийн нэвтрүүлэг Мягмар, Пүрэв гаригт 18 цагаас, амралтын өдрүүдэд арай эрт эхэлж 20 цагаас “Цаг үе, үйл явдал” мэдээллийн хөтөлбөр гарч 20.30 цагаас уран сайхны кино үзүүлээд өндөрлөдөг байлаа.

Хэрвээ урьд нь хүмүүс сонин сэтгүүл, ном зохиолыг тус тусдаа, өөр өөр цаг хугацаанд уншиж мэдээлэл авдаг байсан бол телевиз гарч ирснээр монголчууд бүгдээрээ (эхлээд Улаанбаатарт, дараа нь аймаг, сумын төвүүдэд), нэгэн зэрэг, нэг цаг, минутад, нэг гэрт аав ээж өвгөд хөгшид, хүүхдүүд цугтаа, тэгэхдээ яг нэг ижил нэвтрүүлгийг үздэг болов. Ийнхүү телевизийн дэлгэц монголчуудыг мэдээллийн нэг орон зайд нэгтгэдэг боллоо. Үүнийг сонголтгүй, олон ургальч биш, нэг намын, үзэл сурталжсан гэх зэргээр өнөөдрийн өндөрлөгөөс шүүмжлэх амархан хэдий ч тухайн үедээ манай үеийнхэнд шинэ мэдээлэл, мэдлэг өгч, эцсийн дүндээ хөгжил дэвшил рүү залж соёл иргэншилд нэгтгэсэн юм. Тэр үеийн хар цагаан, дүрс дууны чанар төгс биш, хагас дутуу ч хамаагүй нэвтрүүлэг, бичлэгийн секунд бүр өнөөдөр үнэ цэнэтэй. Тийм учраас өнөөдөр Олон нийтийн радио телевизийн архив Үндэсний архивын салбар болсон байна. Монголд телевиз байгуулагдсанаас хойшхи 55 жил буюу бараг нэгэн жаран өнгөрсний тэн хагас нь дангаараа Монгол телевиз буюу одоогийн Олон нийтийн телевизийн түүх юм.

Өнгөрөгч есдүгээр сараас хойш Олон нийтийн телевизээр нэгэн байгууллага, тэнд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсийг танилцуулж сурталчилсан тусгай нэвтрүүлэг, хөрөг, ярилцлагуудыг гаргаж, нэг ёсондоо аян өрнүүлж байна. Тэр азтай байгууллага бол Монголын үндэсний олон нийтийн телевиз өөрөө юм.  Тэр олон нэвтрүүлгээс нэгийг онцолбол – “Хагас зууны омогшил” нэртэй. Үнэхээр омогшихоос өөр аргагүй тийм түүхийн үнэ цэнэ үлджээ.

Харин өнөөдөр Монгол телевизийн үргэлжлэл болсон Олон нийтийн телевизийн түүхэн үнэ цэнэ алсран холдсоор байгаа төдийгүй одоогийн үнэ буурсаар байна гэж би хардаг. Үүний хамгийн эхний шалтгаан гэвэл МҮОНТ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа маш олон телевиз, сувгийн зөвхөн нэг нь болжээ. Хэрвээ хэн нэгэн үзэгч яг одоо өргөн нэвтрүүлгийн 19 телевиз дундаас бусад 18-ийг үзэж байгаа бол тэр мөчид олон нийтийн телевизийг үзэхгүй байна гэсэн үг. Хэрвээ тэр үзэгч нийгмийн сүлжээнд байгаа бол телевиз үзэхгүй байна гэсэн үг. Сүүлийн үед МҮОНРТ-ийг шүүмжлэх, тойрч хэлэлцэх явдал эрс багассаныг бүгд анзаарсан байх. Энэ бол нэвтрүүлэг нь сайжирсных биш, зүгээр л олон нийтийн телевиз хамгийн чухал биш болсных. Өөр үзэж харах телевиз, суваг, дэлгэц үй түм болжээ.

Дараачийн шалтгаан. Монгол телевизийг олон нийтийн буюу олонхийн телевиз байх онцгой эрхийг хуулиар олгосон атал тийм үнэ цэнэтэй байх боломжийг өөрөө алдсаар өдий хүрчээ. Нэвтрүүлэг бол уран бүтээл, сэтгүүлчийн ажил, харин хөтөлбөр бол бодлого. Манайд олон нийтийн хэмээх шалгуурыг үндэсний агуулга, уламжлал, соёл, ёс заншил, түүх гэсэн утгаар түлхүү ойлгодог, олон нийт ч тэгэж нэхдэг, бас тэгэж тайлагнадаг. Гэтэл хөтөлбөрийн нөгөө хагас – мэдээллийн хөтөлбөр, нийгэм-улс төр, баримтат нэвтрүүлэг, үйл явдлын тойм, ярилцлагууд тийм шалгуур, шаардлагаас илт хоцорчээ.

МҮОНТ-ийн хөтөлбөр маш их “арилжаалагдсан” байна. Арилжаа, сурталчилгааны буюу төлбөр, захиалгатай, ивээн тэтгүүлсэн нэвтрүүлгүүд Олон нийтийн радио, телевизийн хуулиар тогтоосон хязгаарлалтаас хэд дахин давж мэдээллийн хөтөлбөр, ярилцлагууд ч түүнд автжээ. Ихэнх сурталчилгаа нэвтрүүлэг хэлбэртэй болсон байна.  

Үүнийг нотлохын тулд яг одоо МҮОНРТ-ийн mnb.mn сайтад зүүлттэй байгаа нэвтрүүлгийн үнэ, тарифийг гаргаад үзэхэд л хангалттай юм. Дараачийн нотолгоо болгож сүүлийн үед Олон нийтийн нэг, хоёрдугаар сувгаар гарсан захиалгат, төлбөртэй нэвтрүүлгүүдээс жагсаав.

  • “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дугаар бүрийн дотоод мэдээний хэргийн төгсгөл хавьд заавал ордог банкууд, гар утасны оператор зэрэг топ компаниудын сурталчилгааны мэдээнүүд.

  • “Жунсон” компани үзүүлж байна

  • Тэнүүн огоо: Амжилтын гүүр

  • Түмэн шувуут

  • Жайка Монголд…

  • Хөгжилд хөтлөх Хөтөл

  • Хамтдаа түүчээлсэн 30 жил” БГД-ийн ИТХ-ын 30 жилийн ойн баримтат нэвтрүүлэг

  • Зээлийн мэдээллийн үйлчилгээ, зээлжих чадварын оноо (Burenscore ХХК)

  • Хаан банк: “Гайхамшигт аялал” аяны урамшууллын азтан тодруулах

  • Сурталчилгааны баримтат кинонууд

  • МУИС, АШУИС болон бусад байгууллагын тэмдэглэлт ойн нэвтрүүлгүүд

  • Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн нэвтрүүлгүүд гэх мэт.

Сүүлийн саруудад Олон нийтийн телевизээр “Ногоон сум аян-2022” үргэлжилж байгаа. Үүгээр Голомт капитал, Төрийн банк, Sendly зэрэг компаниуд нээлттэй болж хувьцаа гаргасныг танилцуулан сурталчилж байгаа нь зөв зүйтэй боловч үүний цаана УИД-ын 47 мянган хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг олон жилийн турш хэрхэн хохироож байгааг та үзэхгүй.

Олон нийтийн телевиз төрийн албан ёсны телевизийн үүргийг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд, УИХ, Засгийн газар, төрийн байгууллагуудын захиалгаар нэвтрүүлэг хийж гаргах, эсвэл тэдний бэлтгэсэн бэлэн нэвтрүүлгийг нь цацах нь ердийн практик болжээ.

Төр засаг, төрийн албан тушаалтнуудын ажил албыг үзүүлж харуулах ёстой гэдэгтэй би санал нийлнэ, гэхдээ олон нийтийн телевиз сэтгүүл зүйн зарчмаа үүгээр сольсноор одоо төрийн гурван өндөрлөгийг байтугай ямар ч улс төрчийг шүүмжлэх, илчлэх, эрэн сурвалжлах чадвараа алджээ. Хэрвээ нэр хаяггүй, ерөнхий, хоосон яриагаа тийм гэж үзэж байгаа бол том эндүүрэл.

Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд олон нийтийн телевизээр гарсан “төрийн” зарим нэвтрүүлгийн жагсаалт (Мэдээллийн хөтөлбөрт орсон тийм мэдээ, сурвалжлага, ярилцлагыг тоочоод ч барахгүй) энэ байна.  

  • “Сүлд” (Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар)

  • “Нэг Монгол” хөтөлбөр (Ерөнхийлөгчийн ТГ)

  • “Хүнсний аюулгүй байдал – хүнсний хувьсгал” нэвтрүүлэг (Ерөнхийлөгчийн ТГ)

  • “Ай ёо” нэвтрүүлэг (“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ)

  • УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс)

  • “Ардын эрх” (УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс)

  • “Нийгмийн бодлогын байнгын хорооноос үзүүлж байна” (УИХ)

  • Нээлттэй засаг (Засгийн газар)

  • “Засгийн газар энэ долоо хоногт” (“MNB энэ долоо хоногт” нэрээр)

  • Асуудал шийдэл (Шадар сайд С.Амарсайханы нэвтрүүлэг)

  • “Алсын хараа- 2050” (Засгийн газар)

  • “Хөгжлийн торлог” (Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөтөлсөн 2016 оны нэвтрүүлгийн давталт)

  • “АТГ-ын мэдээлэл”

  • “Эх орны төлөө”. (Батлан хамгаалах яамны “Дуулга” студи)

  • “Амар байна уу?” (ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба)

  • ХХЕГ-ын нэвтрүүлэг.

  • “Онцгой дуудлага” (ОБЕГ)

  • “Прокурорын цаг” (УПЕГ)

  • ETT Weekly (Эрдэнэс таван толгой) гэх мэт.

Хэд хоногийн өмнө олон нийтийн телевизээр гаргасан “Ардын эрх” нэвтрүүлгийг TV9 телевизийн сэтгүүлч хөтөлсөн нь наад зах нь ичгэвтэр. 

Ингэж олон нийтийн телевиз өөрийн байр суурийг төдийгүй үнэ цэнийг алдсаар байна. Цаашид яах тухайд, дарга удирдлагыг өөрчлөхөөс эхлээд Үндэсний зөвлөлийг шинэчлэх, хуулинд өөрчлөлт оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардахын зэрэгцээ хувьцаа гаргаж тодорхой хувийг нь хувьчлах гэх мэт элдэв санаа цухалздаг. Гагцхүү хөтөлбөр, нэвтрүүлгийг ярьдаггүй нь харамсалтай.

Өнөөдрийн бодит байдлыг харгалзаж Олон нийтийн телевизийн хөтөлбөрийг дотор нь олон нийтийн ба төрийн гэж зааглаж болох юм.  Хэрвээ манай төрийн өндөрлөгүүд, сайд дарга нар улс орноо залж явахдаа МҮОНРТ-ийг заавал хүссэнээрээ ашиглах шаардлагатай юм бол тэгэхээс дээ. “Өглөө” уран сайхны кинон дээр гардагчлан, жанжин Сүхбаатар Богд хаанд бараалхаад “түмэн олон шавийн тань хэргийг таньд үлдээгээд, төрийн хэргийг бид авлаа” гэдэг шиг, гэхдээ энэ тохиолдолд эсрэгээр. Мэдээж энэ бүтэхгүй, тэд зөвшөөрөхгүй учраас би арай өөр санал дэвшүүлж байна.

Миний хэлж буй санал хэт “жижиг”, газрын, доод эрэмбийн, бараг л телевизийн дотоод ажилд хамаатай санагдаж магадгүй. Гэхдээ олон нийтийн телевизийг шинэчилж сайжруулахийн төлөө хийгдсэн, хийгдэж байгаа, цаашид хийх хууль тогтоомжийн шинэчлэл, төсөл, хөтөлбөр, томилгоо, судалгаа шинжилгээ, хурал семинар, сургалт, тэрбум тэрбумын санхүүжилтын эцсийн үр дүн, шалгуур нь МҮОНТ-ийн аль нэг сувгаар гарах тодорхой нэр, үргэлжлэл бүхий нэвтрүүлгүүд юм.

Миний санал гэвэл олон нийтийн телевиз зориглоод, өөрөө толгой мэдээд, дээрээс, бас дороос ч асуухгүйгээр ганц сайн нэвтрүүлгийг санаачлан хийж эхлэх тухай юм. Ямар нэвтрүүлэг байж болох тухайд гэвэл өнөөдөр манай телевизүүд, түүний дотор Олон нийтийн телевиз хүртэл хийж чаддаггүй, монголын телевизийн сэтгүүл зүйн хамгийн муу, хоцрогдсон төрөл зүйл болоод байгаа үйл явдлын тойм хөтөлбөрийг санал болгож байна. Болж өнгөрсөн үйл явдлын тоочоон биш, улс төрийн өндөр түвшний анализ, дүн шинжилгээ, байр суурь, магадгүй өнөөдөр бидний хэлэлцэж байгаа телевизийн урлаг гэж юу байдгийг харуулсан тийм нэвтрүүлэг хийх тухай юм. Үүнийг маш сайн сэтгүүлч, тоймч хийнэ. Даан ч би өнөөдөр Олон нийтийн телевизийн мэдээллийн хөтөлбөр, нийгэм улс төрийн нэвтрүүлэг, ярилцлагууд дээр гялалзсан, зоригтой, амбицтай, бас өөрийн үзэл бодол, байр суурьтай тийм сэтгүүлчийг олж харахгүй байна. Түүнийг дотроосоо илрүүлж хийлгэх, эсвэл гаднаас олох нь Олон нийтийн телевиз өөрөө мэдэх хэрэг.

Ер нь манайд ямар нэг асуудлыг шийдэх гэж дандаа тэнгэрээс эхэлдэг. Хууль гаргах хэрэгтэй, хууль гарсан байгаа бол сайжруулах хэрэгтэй гэнэ, хурал чуулган хийж зовлонгоо гайхуулж ялархана, дараа нь санхүүжилт нэхнэ……тэгэсхийгээд замхарна. Харин миний олж анзаарснаар бол аливаа өөрчлөлтийг ганц хүн ч хамаагүй санаачилж, ганцаараа бүрэн хийдэггүй юмаа гэхэд эхлүүлдэг. Хэвлэл мэдээлэлд хамаатай бэлэн жишээ гэвэл Хөгжлийн банкны өр зээлийн асуудлаар Олон нийтийн телевиз хоосон ярьж яриулсаар өдийг хүрсэн бол Зариг.мн нэртэй сайт тэр их өр зээлийг бүр төлүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.

МҮОНРТ хагас зуун жилийн түүхээрээ омогшиж байгаа нь сайн хэрэг, гэхдээ одоо урагшаа харж дараачийн хагас зууны үнэ цэнийг бий болгож эхлэх цаг аль хэдийнэ өнгөрчихөөд байна. 

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 35 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top