Ойлгоход бэрх хүн гэнэ, энэ Оюун-Эрдэнэ. Олон хүн ийн хэлэхийг сонслоо. Ялангуяа нийгэм тэр чигээрээ нүүрсний хулгайд “чих тавьж” буй ийм цаг үед Оюун-Эрдэнэд итгэмээр, бас эргэлзмээр байгаа аж.
Яасан гэхээр, тэр бол Ерөнхий сайд, бас МАН-ын дарга. Юу юугүй сонгууль дөхчихсөн. Жил хагасын дараа, эсвэл жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль явагдаж магадгүй болчихсон. Гэтэл МАН нь хоёр дараалаад пологттол суудал авсан. Хоёр дахь нь одоо дуусах гэж байна. Сонгогчид уйдах тал руугаа орчихсон. Дээрээс нь нийтийн эрх ашгийг хулгайлсан олон хүн МАН-д үүрлэсэн нь ил болсон. Нэмэгдсээр л байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд намынх нь маш олон хүн орооцолдсон. Энэ нь МАН-аас гадна парламент, Засгийн газрын нэр хүндэд ч шууд нөлөөлж байна. Муугаар шүү дээ. Учир нь нам, намын “нийтийн боломжийг хулгайлагчид” бүгд улс төрд нөлөө бүхий этгээдүүд байх бөгөөд МАН-ын ийм хүмүүс Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайд олноороо холбогдсон. Үүнтэй шууд холбоотой. Тэр байтугай тэдний нэлээд нь одоогийн УИХ-д, засагт байна. Үүнд л сонгогч олон нийт ихээхэн дургүйцээд байгаа юм. Энэ бол зүй ёсны дургүйцэл. Тэгэхээр олны анхааралд нэгэнт орсон нийтийн эрх ашгийн хулгайг таслан зогсоохоос өөр гарцгүй. Гадна талаас нь харахад ийм.
Мөн МАН дотооддоо ч донсолгоотой байна. Тэгэхээс ч аргагүй. ЖДҮ дээр гүрийж, Хөгжлийн банк дээр хөдөлж эхэлсэн энэ намын эвгүй нөхдүүд нүүрсний хулгай яригдсанаас хойш шоргоолж шиг л бужигнаж байна. Хэсэг бүлгээрээ нийлж, өөрсдийнх нь мууг үзэх гээд байгаа нөхдийг унагах, огцруулах яриа хөөрөө хийж гүйлдээд л байгаа дуулддаг. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд ч хуруу гараа дүрээд авав.
Ингэж улс бужигнаад, МАН түжигнээд байгаа дүр зураг үзэгдэх болсон. Тиймээс Оюун-Эрдэнийг өөрөө оройлоод энэ бүгдийг гаргаж ирсэнд гайхах хүмүүс олон байгаа аж.
Улс төр талаас нь харахад энэ үнэхээр л ойлгомжгүй явдал байгаа юм. Бод доо, Оюун-Эрдэнийн оронд энэ намын өөр хэн нэгэн Ерөнхий сайд, эрх баригч намын дарга байвал ингэх үү. Хэцүү дээ. Угаасаа энэ хоёр том сэнтийд суусан хүн иймэрхүү асуудал дээр нүд, чих болоод амаа хамхиад суучихдаг. Тийм жамтай. Ерөөсөө ингэж байж л намынхаа, өөрийнхөө “аюулгүй байдал”-ыг хангадаг. Өмнөхүүд нь ингэсээр л өнөөдрийг хүрсэн. Тэгээд ч Ерөнхий сайд, намын даргын суудалд нэг суувал “босмооргүй” болдог гэлцдэг. Тэгэхээр Оюун-Эрдэнэ яагаад ингэж байна вэ гэдгийг ойлгоход бэрх байгаа юм. Тэр утгаар нь Оюун-Эрдэнийн энэ үйлдлийг “Тэнэглэл” гэх хүн олон байна. “Жоомоо алах гээд байшингаа шатаах нь” гэж халаглах хүмүүс ч таарч байна. Ийн халаглаж буй хүмүүс Монголыг бодоод хэлсэн үү, МАН-ыг яриад байна уу гэдэг нь харин эргэлзээтэй.
Том эрх ашиг буюу улсаа бодвол энэ Хөгжлийн банк, нүүрсний хулгайг гаргаж ирж, таслан зогсоох, цаашлаад буруутай этгээдүүдийг шийтгэх нь Монгол Улсын, монголчуудын эрх ашиг мөнөөс мөн.
Ер нь Оюун-Эрдэнэ энэ нүүрсний хулгайг ямар сэдлээр яагаад гаргаж ирсэн юм бэ. Тэр энэ бүх хууль бус, бусармаг бүхэнтэй үнэнээсээ тэмцээд байна уу. Эсвэл өөрөө ЖДҮ-д, Оюу толгойд, Хөгжлийн банкинд, Эрдэнэтэд, Тавантолгойд “эзэн суух” гэж ингэж улайраад байгаа юм уу. Энэ бол тавигдах ёстой л асуулт, тавигдаад ч байна. Харин хариулт нь их сонирхол татахаар юм байна лээ.
НАМЗХ-Г БУЛААЛГАСНЫХАА ХОНЗОНГ УИХ-ЫН ДАРГА, НАМЫН ДАРГААС НЬ БУУЛГАЖ ТАЙЛСАН УУ
Оюун-Эрдэнэ анх 2016 онд УИХ-ын гишүүн болсон. Их улс төрд орж ирсэн үе нь тэр. Олоон жилийн өмнө Бэрх тосгоноос У.Хүрэлсүх авч ирж НАМЗХ-гоо даатгасан. 2009 оноос хойш МАН-ын “гал тогоо”-нд ажилласан. 2016 онд М.Энхболд намын дарга байхдаа УИХ-д нэр дэвших эрх өгсөн. Тэр цагаас хойш явсаар богино хугацаанд Ерөнхий сайд, намын даргын суудалд суусан. Ийм л хүн.
Гэхдээ тэр гишүүн болоод бусдын жишгийг дагаагүй байдаг. Анхны чуулган дээрээ л М.Энхболдод “үг” хэлээд эхэлсэн. Оюун-Эрдэнэ түүнийг “Намын дарга яагаад Ерөнхий сайд болсонгүй вэ” гэж байв. Зарчмын юм шиг атлаа “обьект” руугаа шууд чиглэсэн тэр үгс тухайн үедээ тун содон сонсогдсон. Удалгүй мөрдөх шатанд хэрэгсэхгүй болоод байсан 60 тэрбумын хэргийг гаргаж ирсэн. 60 тэрбумын гол дүр нь М.Энхболд байсантай холбоотой. Ингээд АТГ, тагнуул хавиар өөрөө гүйсээр дахин сэргээлгэж, уг хэргийг “ажиллагаа”-нд оруулсан. 60 тэрбум босч ирээд олны анхааралд орох үед М.Энхболд Оюун-Эрдэнэтэй хэд хэдэн удаа уулзсан байдаг. Сүүлдээ “Энэ бүхнээ зогсоочих” гэж хүртэл гуйсан гэдэг. Харин нөгөөх нь гүрийснээр үйл явдал цааш үргэлжилсэн.
Ер нь бол М.Энхболдыг сөрөх хувийн шалтгаан Оюун-Эрдэнэд байсан байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр түүнийг 2012 оны сонгуулийн дараа Америкт суралцаж байхад нь М.Энхболд НАМЗХ-г МАН-ын залуус дундах “хунтайж нар” буюу Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн тэргүүтэй залууст шилжүүлсэн гэдэг. Үүнд гомдож, хорссон Оюун-Эрдэнэ гишүүн болонгуутаа ийм үйлдэл хийж эхэлсэн гэдэг юм. МАН-ынхан бол бүгд ингэж ярьдаг. Оюун-Эрдэнэ 2017 оны зун твиттер хуудастаа “…Алдарт аалзны бодлогоор НАМЗХ-г хуваасан. Одоо М.Ганбаатарыг анд Амраагийнх нь эсрэг. Залуус М.Энхболд таны нясалж тоглодог Чапиев биш шүү” гэж бичсэн байдаг.
Ер нь бол Оюун-Эрдэнэ М.Энхболдод “юм” санасандаа 60 тэрбумын хэргийг гаргаж ирсэн гээд ойлгочиход болно. Учир нь, тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар өнөөх 60 тэрбумын бичлэг дээр НАМЗХ-ны удирдлагын талаар ярьж буй нь гардаг юм байна. “…НАМЗХ-г одоо Номтойбаярт шилжүүлье, Оюун-Эрдэнэ Харвард энэ тэр гээд явна биз. Амарбаясгаланг одоо буцааж явуулахгүй шүү” гээд л М.Энхболд дарга ярьдаг. Цаашхи үйл явдлуудын өрнөл үүнийг нотолно.
“Бай” нь М.Энхболд байсан бөгөөд 60 тэрбумын хэрэг шалгагдаж байх үед Оюун-Эрдэнэ өөрөө Ц.Сандуйг хамгаалахаар “хүмүүс”-тэй уулзаад явж байсан тухай мэддэгүүд нь ярьдаг юм байна лээ.
М.Энхболд руу довтолгоогоо үргэлжлүүлсээр байсан. 2019 он гарангуут Төв талбай дээр томоохон жагсаал зохион байгуулсан. 30-аад мянган хүн оролцсон гэсэн тоо байдаг. Тэгж М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгаж байв. Гадаа жагсаж байгаад орж уулзсан Оюун-Эрдэнэ рүү харж буй М.Энхболдын харц ямар байсныг хүмүүс санаж л байгаа даа. Гэрэл зурагчдын буулгасан патиар ч бий. Тэр “нүд” мөн ч их зүйл хэлсэн байдаг юм шүү.
За, эндээс л МАНАН бүлэглэл буюу дотор нь задлахаар МАН дахь Хотын фракц, Эрдэнэтийн 49 хувийнхны хүч суларч эхэлсэн.
М.Энхболдтой яг ямар “асуудал”-тайгаа Оюун-Эрдэнэ тэр болгон яриад байдаггүй. “МАНАН-тай тэмцэж байна аа” л гэдэг. Тэрээр 2019 онд сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Энэ нэг их өсөрхөөд байх хэрэг биш л дээ. Үеийн залуусын хагарал ч биш. Энэ бол товчхондоо, У.Хүрэлсүхийн дахин ирэлтээс болгоомжилсон МАНАН бүлэглэлээс явуулсан том тоглолтын нэг хэсэг байсан. Мань мэт нь одоо л ойлгож байна. Тэр үед нь би одоогийн Ерөнхий сайдтай ярьж байсан юм. Энэ нэг л өөр болоод байна аа гээд. Гэнэт найз нөхөд маань, хамтран зүтгэгчид маань огт ойлгогдохгүй, огт мессеж бичихгүй, ярихгүй, ийм нөхцөл байдал руу ороод явчихсан. Манай холбооны дэд ерөнхийлөгч Д.Амарбаясгалангаас бусад нь бүгд гэнэт миний эсрэг болчихсон. Тэр нь ерөөсөө нэг тийм урт хугацаа биш. Ерөөсөө л нэг сарын дотор бүх юм өөр болчихсон. Тухайн үедээ ёстой толгой эргэмээр. Үеийн залуусын зөрчил л гэж ойлгож байсан. За, ингээд хамгийн сонин нь над руу Ц.Сандуй утас цохилоо. Би Америкт оюутан байгаа шүү дээ. Д.Амарбасгалан бас утас цохилоо. Ц.Сандуй ирж уулзъя гэлээ. Америкт ирж уулзлаа. Нийслэлийн намын хорооны дарга шүү дээ. Ярилцлаа. Хэдэн мөнгөтэй нөхдүүд М.Энхболд даргын эргэн тойронд гарч суучихаад асар хүнд байдалд оруулж байна гээд гол толгойлогчдыг нэрлэлээ. Намын дарга бол одоо яагаад ч бууж өгч болохгүй гэж байна шүү гэдэг юм. Сонин юм даа л гэж бодлоо. Итгэлээ. Сүүл рүүгээ асуудал хурцадлаа. Тэгээд яахав, төгсөөд ирэх ч боллоо. Ирлээ. Онгоцны буудал дээр л нөгөө нэг авлигач Оюун-Эрдэнэ ирлээ гээд, аймшигтай том хэвлэлийн “гал”-тай буулаа даа. Нэг хоноод, маргааш нь залуучуудын холбооны хурал хийлээ. Хурлаар нас өөрчилчихлөө. 35 байсныг 40 болгочихлоо. Үндсэндээ нөгөө хэдтэйгээ ч олигтой ярьж амжилгүй хуралд орж байгаа юм. Нөгөө хэд маань ёстой харааж өгч байна аа. Би ч гайхаад хараад суугаад байлаа. Намын дарга маань ч өөрөө ирсэнгүй. Зөвлөх нь гээд нэг нөхөр гарч ирээд л Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж байна. Тэгэхээр нь би нэрээ татаж авлаа. Энэ чинь бас нэг соёл шүү дээ. ...Ерөнхий прокурор, Тагнуулын газрын дарга нар манай залуучуудын холбооны миний талд байсан хүмүүс рүү утасдаж, уулзаж дарамталсан байдаг юм. Тэгээд бод доо. Нам доторх залуучуудын л байгууллага шүү дээ, уг нь. Ийм зүйл боллоо гээд У.Хүрэлсүх даргад хэллээ. Тэгсэн мань хүн уурлаж байна аа. Та нар хоорондоо хагарчихаад түүнийгээ булзааруулах гэж битгий бүлтрээд бай гэж байна. Яахаараа чамайг авч хаяхын тулд хууль хяналтын том босс оролцдог юм бэ. Юу гэж залуучуудын холбоо руу ордог юм бэ. Тийм юм байхгүй. Ер нь чи тэр залуучуудтайгаа учраа олоогүй байна шүү гэсэн. Ийм яриа болсон. Ингээд байж байсан чинь 60 тэрбумын бичлэг гарч ирлээ. Тэрэн дотор нөгөө төлөвлөгөө гарч ирлээ дээ. У.Хүрэлсүхийн гар хөлийг тасална аа. Тэгэхийн тулд залуучуудын холбоо их чухал юм аа. Ер нь номхон зогсоох хэмжээнд аваачих хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний бодож, төлөвлөж байгаа юм биелэхгүй ээ гээд. Энэ бол эвлүүлэг биш шүү дээ. Эвлүүлэг биш нь бол тодорхой болчихоод байгаа. Тэр бичлэгүүдийг сонсоод ер нь бол нам дотор том систем ажиллаж байгаа нь тодорхой болсон. Ингээд бүх юм ойлгомжтой болсон. Энэ сүлжээний гол зангилаа бол Эрдэнэтийн 49 хувь дээр байна гэдэг нь их ойлгомжтой болсон. Ингээд тэмцэлд орсон. Ц.Нямдорж даргыг улайран дэмжигчдийн нэг болсон доо. Яагаад дуугарсан бэ. Яагаад Оюун-Эрдэнэ попорсон нэр зүүсэн бэ. Яагаад хүн чанаргүй юм шиг харагдаж эхэлсэн бэ. Манай зарим найз гайхаж асууж байсан л даа. Яагаад Ц.Нямдоржтой нэг байр суурьтай болчихов оо. Яагаад чи хувийн хэвшил рүү дайраад байдаг болчихов оо. Яагаад чи Ц.Элбэгдорж руу дайраад байдаг болчихов оо. Яагаад чи Т.Бадамжунай ах руу дайраад байдаг болчихов оо. Намын хамаг санхүүжилтийг босгож, ачааны хүндийг үүрсэн хүн шүү дээ гээд. Яагаад адилхан залуу улс байж Ж.Эрдэнэбат руу дайраад эхлэв ээ, чи гээд. Ер нь бол Хотын фракц л залуучуудын асуудал дээр хил давж орж ирсэн. Дахин хэлэхэд энэ хувь хүмүүсийн муудалцаан биш. Цаашдаа ч би тэр хүнд муу юм бодохгүй ээ. Бас л цаг хугацаа харуулна биз дээ” гэж байв. Тэр өөрөө ингэсэн ч М.Энхболдтой хийсэн “тэмцэл”-ээс гомдол, хорсол ханхийдэг.
ГАНЦААС 33 БУЮУ Ж.ЭРДЭНЭБАТЫН “САНДАЛ”-Д У.ХҮРЭЛСҮХ СУУСАН НЬ
Үнэхээр ч Оюун-Эрдэнэ 60 тэрбумаас залгуулаад Эрдэнэтийн 49 хувь, МАНАН бүлэглэл рүү орж эхэлсэн. Тодотгоход, энэ хоёр “оноосон нэр” мөнөөх л М.Энхболдтой нарийн нягт холбоотой. Гэхдээ МАНАН бүлэглэл гэж Монгол дахь улс төрийн “хэт даврагсад” бий болчихсон нь үнэн байсан л даа. Орохгүй “сэдэв”, авахгүй “юм” үлдээгүй, тэдэнд. Нэг нь Эрдэнэтийн 49 хувь болоод байсан хэрэг. Тухайн үед МАНАН-гийн хамгийн “бүдүүн дарга” нь сахал Эрдэнэбилэг байсан. Том шүүхийн шүүгч болох хүмүүс Эрдэнэбилэгээс “За” гэсэн зөвшөөрөл авдаг байсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Оюун-Эрдэнэ ч сүүлд энэ талаар хэд хэдэн удаа ярьсан нь бий.
Тэрээр М.Энхболд, МАНАН бүлэглэл гээд явж байгаад 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нарын олон гишүүн Оюун-Эрдэнэтэй нэгдсэн. Сөрөг хүчний гишүүд ч нэмэгдэж байсныг дурдах хэрэгтэй. Сүүлдээ УИХ-д 65-н суудалтай МАН-ын гишүүд 33:32-ын бүлэг гэж хуваагдсан. Тусдаа хүртэл хуралддаг болоод байв. Явсаар Т.Аюурсайханы бланк дээр 33 гишүүн гарын үсэг зурж Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч байлаа. М.Энхболдын хувьд өөр рүүгээ чиглэсэн дайралтыг нэг удаа тэгж тогтоосон. Тэгээд ч Ж.Эрдэнэбат сул Ерөнхий сайд, дээрээс нь Засгийн газрын гишүүд нь хамаарал бүхий компаниараа баахан концессын гэрээ туучихсан. Засаг унасан “бариул” нь энэ. Бас “Эрдэнэс Таван толгой” ХК-тай холбоотой асуудлууд ч хэрэг нэмэр болсон тал бий. Тэр үед захирал байсан Д.Ариунболдын баахан гэрээ энээ тэрээ нь ил болж л байсан. Асуудал Д.Ариунболдод бус, ард нь томчууд байсан нь одоо ил болж байна. Тухайн үед Ж.Эрдэнэбатын танхимд Шадар сайд байсан У.Хүрэлсүх “Өөрийгөө тагнасан” хэрэгт холбогдоод байв. У.Хүрэлсүх болохоор “Ерөнхий сайд намайг ингэлээ” гэдэг. Харин Ж.Эрдэнэбат “Би юу гэж Шадар сайдыгаа тэгэхэв дээ” гэж байв. Ингээд Ж.Эрдэнэбат унаж, оронд нь У.Хүрэлсүх гарч ирсэн. Гарч ирсэн ч гэж дээ, 33-ын бүлгийнхэн У.Хүрэлсүхийг гаргаж ирж байлаа. Үнэн нь тэр. Ерөнхий сайд болоод жил болоогүй У.Хүрэлсүх 2018 оны арваннэгдүгээр сард “ойчих” аюултай тулсан. М.Энхболдын фракц, сөрөг хүчнийхэн нэгдээд байв. У.Хүрэлсүх тэр үед ганцхан хүний буюу дуучин С.Жавхлангийн саналаар тогтож үлдсэн гэдгийг бид мэднэ. Түүнчлэн нэг зүйлийг энд сануулах хэрэгтэй. Юу гэхээр цаг хугацааны хувьд ЖДҮ-ийн маапаан тэр үетэй таардаг. Ямар ч байсан ЖДҮ-д МАН хамаатай гэдгийг нотлох баримт үлдсэн л гэдэг юм. Энэ тухай ЖДҮ-ийн сангийн дарга асан залуу ярьчихсан, тэр нь хавтаст хэрэгт нь үдээстэй байгааг эх сурвалжууд нотолдог билээ.
ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ, ЭРДЭНЭТ, ОЮУ ТОЛГОЙ, ХӨГЖЛИЙН БАНКИЙГ “УХАВ”
Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасан ч Оюун-Эрдэнэ ханаагүй. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болоод Оюун-Эрдэнийн яриад яваад байдаг зүйлүүдийг ажил хэрэг болгож эхэлсэн байдаг. Ажиллах эрхийг нь ч Оюун-Эрдэнэд олгосон. 2019 оны эхээр түүнийг ЗГХЭГ-ын даргаар томилов. Төв талбай дээр жагсаж байхдаа “Би ямар нэг албан тушаалд очихгүй” гэж байсан Оюун-Эрдэнэ нэлээд шүүмжлүүлсэн. Тэрээр ажлаа авангуутаа Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоож, тийшээ баахан хар машинтай очиж битүүмжилсэн. Хамаг дарга нарыг халж, сольсон. Улмаар Засгийн газрын тогтоолоор статусыг нь өөрчилсөн. Төрд авах процесс ингэж өрнөсөн. Ингэхгүй бол болохооргүй шалтгаан байсан гэдэг юм байна лээ. Нөхдүүд байдал эвгүйтэж мэдэх нь гээд Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид шилжүүлэхээр гэрээ хэлцэл хийж байсан нь ил болсон байдаг. Үүнийг Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар ил гаргаж, олон нийтийн “хүртээл” болгож байв. Хууль хяналтынхан ч тухайн үед сахал Эрдэнэбилэг, Пүрэвтүвшин, Орхон гээд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан компанийнхныг барьж хориод сүйд болсон. Харин энэ боломжийг тэдэнд олгосон гэгддэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадагшаа зугтсан. Одоо ч ирээгүй байна. Нэгэнт байдал иймдээ тулж, ялагдлыг мэдэрсэн сахал Эрдэнэбилэгийн зүгээс Оюун-Эрдэнэд “эвлэрлийн санал” илгээж байсан тухай эх сурвалжууд ярьдаг. М.Энхболд дээр гүрийсэн шигээ татгалзсан гэдэг. Энэ үнэний ортой гэдгийг баталдаг хүмүүс бий.
Засгийн “гал тогоо”-г барьсан Оюун-Эрдэнэ намраас нь Хөгжлийн банк, Оюу толгой хоёр дээр ажиллаж гарсан. Хөгжлийн банкны асуудал дээр ажлын хэсэг томилж байв. Тэр ажлын хэсгийг бараг өөрөө удирдаж байсан санагдаж байна. Өмнө нь бас УИХ шалгачихсан байсан, нэмээд Оюун-Эрдэнэ шалгуулж одоогийн Хөгжлийн банкны хэргийн “дата” бүрдсэн байдаг. Оюу толгой гэж бас холион бантан байв. Манайхыг олон улсын арбитрын шүүхэд өгчихсөн. Яг үнэндээ тэр үеийн Засгийн газрын хэд хэдэн сайд Оюу толгойн маргаан дээр “унах” сонирхолтой байсан байдаг. Бас л 2019, 2020 оны явдал л даа. Тухайн үед Оюу толгойтой маргах эсэхийг шийдэх бичгийг арбитр руу өгөхөөр болж л дээ. Уг асуудлыг хариуцаж байсан сайд бичгийг явуулалгүй хугацааг нь тулгаад “Би энэ ажлын хэсгийг ахлахаа болилоо” гэчихсэн байдаг. Ирэх даваа гаригт хугацаа нь дуусна. Сайдын мурьсан нь баасан гариг байдаг. Баасан гаригийн орой нь Оюун-Эрдэнэ тэр ажлын хэсгийг аваад хугацаанд нь дөнгөж амжиж, арбитр дээр ажиллах хуулийн фирмийг олж, улмаар бичгийг явуулсан гэсэн мэдээлэл бий.
Түүнээс гадна Ч.Сайханбилэгийн үед Дубайн гэрээ гэдгийг байгуулсан нь Монгол Улсад тавьсан чангахан хавх болчихсон байсан. Тэр яаж дууссаныг бүгд мэднэ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ жилээс үр ашиг нь гараад эхэлнэ гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Гэрээ байгуулснаас хойшхи 11 жилийн турш биднийг үл тоож ирсэн Оюу толгойн төсөл хэрэгжүүлэгч талын хандлага одоо өөрчлөгдсөн. Бидний нэр дээр бичигдсэн өрийг тэглэсэн. Ковидын үеэр хүртэл иргэн бүрд 300 мянган төгрөг оногдох хэмжээний “ашиг” авчихсан.
Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын дарга байхдаа ганц салаагүй асуудал бол Эрдэнэтийн 49 хувь байдаг. Эрдэнэтийг төрийн мэдэлд авсан ч худалдаж авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг хуулиар шалгуулахад анхаарсаар байсан. Тэднийг дэмждэг шүүгчдийг хайр найргүй зарлаж олны анхааралд оруулж өгсөн.
Үнэндээ хууль, шүүхийнхэн ч найгаа алдчихсан байсан л даа. Ялангуяа шүүх. Бүх шатны шүүх тэдэнд үйлчилдэг. Одоо ч нэрс нь зарлагдсан нөхдөөс шүүхэд үлдсэн. Байсаар л байна.
ЕРӨНХИЙ САЙД БОЛООД ЮУ ХИЙВ?
2019 он шувтарч 2020 он гармагц ковид гарч дэлхий нийтээр айдас түгшүүрт автуулсан. Монгол Улс хэдэн сар хилээ хаасан ч 2020 оны арваннэгдүгээр сард анхны тохиолдлоо “өлгийдөж” авсан. Тахал шинэ тутам, Монгол байтугай нь бэлэн биш үе шүү дээ. Урд, хойд хөршүүдэд вакцины сураг гарсан ч бид авч чадах эсэх нь эргэлзээтэй. 2021 он гарахад өвчилсөн хүний тоо нэмэгдэж, нас баралт ч цөөнгүй болов. Хоёр ч удаа бүх нийтийн хатуу хөл хорио тогтоочихсон. Эдийн засаг огцом унаж, иргэдийн орлого “тэг” заасан. Тэр үед ковидын шинж тэмдэгтэй эх, хүүхэд хоёрыг төрөх газраас углааштай нь зөөсөн “хэрэг”-ээр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорчихлоо. У.Хүрэлсүх огцрохдоо “Энэ бүхэнд Х.Баттулга буруутай” гэсэн өнгө аястай мэдэгдэл хийсэн. Ингээд 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдов. Түүнээс хойш бараг л хоёр жил өнгөрлөө. Энэ хооронд их олон үйл явдал болж өнгөрлөө. Стратегийн ач холбогдол бүхий олон том төсөл хөдөлсөн. Шийдэлгүй орхисон том төсөл бараг үлдсэнгүй. Олон ч Засгийн газрын ойртохоос бэргэдэг төслүүдийг тэрээр Оюун-Эрдэнэ ажил хэрэг болгож чадсан. Энэ тал дээр бол Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газартай ярих юм байхгүй.
Гэхдээ энд түүний Ерөнхий сайд болохдоо дэвшүүлсэн дөрвөн зорилтын сүүлийнх болох “Шударга ёс”-ны талаар ярьж байна.
Тэр үед “Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэд цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд үгүй гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ! Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авилгатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй үндэс хөрстэй нь хийх тэмцэл байх болно. Авилгын индексээр бид өнөөдөр дэлхийд 106-д эрэмбэлэгдэж байна. Авилгал үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авилгатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно! Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгчдийг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэж хэлж байсан. Тэгвэл Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш Эрдэнэтийн 49 буюу МАНАН-г ярьсаар, тэдэнтэй холбоотой асуудлуудыг хөндөн гаргаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлуудаа үргэлжлүүлсээр байгаа юм. Яг одоо Эрдэнэтийн 49-ийнхний хэрэг шүүх дээр байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр сүүлд Эрүүгийн хууль чангарсантай холбоотойгоор сахал Эрдэнэбилэг “хялбаршиж” магадгүй болоод байгаа аж. Харин намынхан нь илүү олноороо холбогдсон Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайг Засгийн газар сөхсөнөөр хууль хяналтынхан албан ёсоор мөрдөж, олны анхааралд орж ирсэн. Ингэснээр ганц МАН ч бус Монголын улс төрийн хүрээнд томоохон “хөдөлгөөн” үүсгээд байгаа юм. Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын дөрвөн гишүүн, улс төрийн хүрээний хэд хэдэн хүн, компанийн захирлууд гээд 80 гаруй хүн холбогдсон. Он солигдох үеэр прокурор тэдэнд яллах дүгнэлтийг танилцуулж, хэрэг шүүхэд шилжих процесс яг одоо үргэлжилж байгаа аж. Ингэж байж зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, Хөгжлийн банкийг дампуурлаас аварсан. Цаашилбал бондын өрүүдийг төлөх нөхцөл бүрдсэн. Гэсэн ч энэ хэргээс болж шоронд орж магадгүй болсон нөхдүүд улс төрийн бойкот, цахим дайралт хийх зэргээр тасралтгүй эсэргүүцэж буй. Гэхдээ үүнээс илүү хөдөлгөөн үүсгээд байгаа нь нүүрсний хулгай юм.
“ТА БИД ХОЁР ХҮРТЭЛ ЗӨРЧИЛДӨНӨ ГЭДЭГ ЧИНЬ ОДООГИЙН ТОГТОЛЦОО БОЛОХГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ”
Уг нь нүүрсний хулгай арав гаруй жилийн “нас”-тай. Монгол даяараа л мэддэг байсан. Яг үнэнийг хэлэхэд нүүрсний хулгайг хамгийн сайн “мэдэх” хүмүүс нь үе үеийн Ерөнхий сайдууд. Харин Оюун-Эрдэнийн тухайд өнгөрсөн хавраас шууд ярьж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээллээр өнгөрсөн Цагаан сарын үеэр Хятадад айлчлах үеэр нь энэ асуудал яригдсан гэдэг. Хятадын талаас манай нүүрсний хулгайн “босс”-уудыг ч нэрлэж өгчээ. Зургаан хүний нэр яригддаг. Энэ үнэний ортой. Харин Оюун-Эрдэнэ тэдгээр нэрсийг зарлаагүй ч “Энэ хулгайн араас нөлөө бүхий улстөрчид гарч ирнэ шүү” гээд 2022 оны дөрөвдүгээр сард мэдэгдчихсэн. Ингээд хэдэн сарын дараа буюу аравдугаар сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Ингээд нүүрсний хулгайчидтай албан ёсоор үзэж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон нийт төдийлэн мэдэхгүй, сонсоогүй олон үйл явдал хөшигний ард өрнөжээ. Энэ хулгайгаас болоод төрийн бусад институцитэй ил цагаан зөрчилдсөн байдаг. Тэр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон МАН-ын голдуу хүмүүс Ерөнхийлөгч дээр очиж аврал хүсэх болсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд их яригддаг. Тийм ч биз. Яагаад гэвэл шүүх Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг шүү дээ. Оюун-Эрдэнэ болохоор намынханаа “Хамгаалахгүй” гэчихсэн гэдэг. Тэгэхээр арга ч үгүй биз. Асуудлын гол нь төрсөн ах дүүгээс өөрцгүй ойр дотно явсан У.Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болсноосоо хойш энд хүрээд зөрчилдөж эхэлсэн байгаа юм. Зөрчил нь одоо ч үргэлжилж байгаа аж. Мэдээлэлд ойр нөхдийн ярьснаар Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчид “Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн энэ тогтолцоо болохгүй байна гэсэн үг” гэж хэлсэн байгаа юм.
Монгол Улс Үндсэн хуульдаа парламентын засаглалтай гэж тунхагласан ч амьдрал дээр хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглал хэрэгжээд 30 жил болчихсон. Энэ талаас нь хэлсэн бололтой юм. Ерөнхийдөө “ах, дүү хоёрын зодоон” хөшигний ард нэлээд удаан үргэлжилж байна. Тэгээд ч 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэлсэн үг нэг цэг дээр огтлолцсон нь анхаарал татаж байна. Хоёулаа “Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэлээ. Хоёулаа “Парламентын засаглалыг баталгаажуулах тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй” гэв. Эндээс эвлэрэл, эсвэл тохироо үнэртэж байгаа юм. Гэтэл олон эх сурвалж “Ах, дүү хоёрын зодоон хөшигний ард нэлээд удаан үргэлжилж байна” гэх аж. Зарим эх сурвалжийн хэлэх нь, У.Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёрын зам албан ёсоор салсан. Харин төрийн институци хоорондын харилцаа л үлдсэн. Эв нь таарвал хэн нь ч хэнийгээ “дэгээдчих” хүсэлтэй. Жишээ нь, хүнгүй газарт, хясааны ирмэг дээр таарлаа гэж бодвол хэн хэнийгээ бодох юмгүй түлхэхээр болсон гээд байгаа юм. Үнэмшил муутай ч иймэрхүү дэл сул ярианууд улс төрийн хүрээнд явж байна.
Х.БАТТУЛГЫГ ХАМГААЛАХ УУ, ЭСВЭЛ...
Мөрдөх байгууллагуудаас нүүрсний хулгайчаар зарласан хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий. Тэрээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудлаар мэдүүлэг өгсөн гэж эх сурвалжууд мэдээлсэн. Энэ хүн Оюун-Эрдэнэ хоёр нэгэн цагт ойр дөт явсан. Тэднийг холбодог хүн нь Оюун-Эрдэнийн ах гэдгийг Монгол даяараа мэднэ. Тэр утгаар нь харвал хамгаалж үлдэх магадлал өндөр. Гэхдээ мөрдөх байгууллагууд нэрийг нь зарлаж, нөгөөх нь яаран хил давж одсоныг бодвол Оюун-Эрдэнэ түүнийг хамгаалахгүй, харин хэрэг түвэг нь нотлогдвол “явуулчихаж” магадгүй гэсэн үг.
Гэхдээ Оюун-Эрдэнийн тухайд Х.Баттулгыг дуртай цагтаа гөвж харагддаг. Энэ нь ойр дотно гэдгээ олноос нуухын тулд попроод байгаа юм шиг үзэгддэг. Эсвэл санасандаа хүрэхийн тулд хэнийг ч, юуг ч гишгээд өнгөрдөг зантай нь холбоотой байж мэдэх юм. Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд МАН-ын III Бага хурал дээр нэлээд ноцтой зүйл ярьсан нь одоо бараг мартагдсан бололтой. Тэгэхэд “М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиалын штаб энэ тэр гээд нэлээд юм ярьж байгаа. Энэ хүнийг үнэндээ та л өөрөө Т.Бадамжунайг Сингапур рууявуулан авчирч, ял авах гэж байхад нь өршөөгөөд өөрөө захиалж нэр дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ, М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм шүү дээ. Үнэн гэвэл энэ” гэж байв.
Мөн 2021 оны хавар УИХ дахь АН-ын бүлгээс үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 5-ны өдрийн 17:30 цагт зарласан байдаг. Тэр хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга "АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс СЕХ-ны удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэжээ. Харин Оюун-Эрдэнэ “Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно” гэсэн байдаг. Уг хурлаас ямар нэг зөвлөмж шийд гаргаагүй өнгөрсөн. Үүнээс гадна Х.Баттулга, Оюун-Эрдэнэ хоёр 2022 оны дөрөвдүгээр сард уулзсан. Тэгэхдээ муудалцаад салсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын уулзалтад ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх нар байлцсан гэдэг. Сүүлд тэдний хүрээллээс анх энэ талаар ярьсан байдаг юм. Тэд яагаад муудсан гэхээр Х.Баттулгын зөвлөх, найз нөхөд гээд ойр тойронд нь явсан хэд хэдэн хүн Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж буй юм. Шулуухан хэлэхэд, Оюун-Эрдэнээс сахал Эрдэнэбилэгийг тайван байлгахыг хүссэн гэдэг. Гэвч нөгөөх нь "Хуулийнхаа дагуу яваг" гэчихсэн талаар эх сурвалжууд хэлдэг. Тэрчлэн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, түүгээр Х.Баттулгын дахин сонгогдох “хаалга” хаагдсан. Түүнд МАН талаас хамгийн их оролцсон хүн бол Оюун-Эрдэнийг гэдэг юм. Энэ мэтийн явдлуудаас харахад, хэрвээ Х.Баттулгын буруутай нь хууль хяналтынхны мөрдөн шалгалтаар тогтоогдвол Оюун-Эрдэнэ лав гар сунгахгүй байж мэдэх юм. Харин түлхэх магадлал өндөр болов уу даа. Тэгээд ч сүүлд эх суралжуудын мэдээллээс харахад Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өгч гарч ирээд шууд Төрийн ордонд очсон. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай уулзсан. Түүнээс хоёр, гурван хоногийн дараа гадаад руу нисчихсэн байдаг.
Маш товчоор хэлэхэд, “Оюун-Эрдэнэ ба бусад” гэсэн талцал Төрийн ордонд бий болчихоод удаж байгаа юм байна. Бас Оюун-Эрдэнийг “Олон хэрэг зэрэг гаргаж тавилаа. Эмх замбараагүй байдал үүсгэлээ. Нийгмийг бухимдууллаа. Намаа бужигнууллаа” гэх шүүмжлэл ч зарим улстөрчдийн зүгээс гарах болсон байна. Нэг үгээр хэлбэл, Оюун-Эрдэнэ ийм “хэрэг” өдүүлсэн. Тиймээс “Ордонд ганцаардаж байна” гэж ойр ойрхон хэлэх болсон бололтой юм. Сүүлд, 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд хэлэхдээ “Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна.
Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөстөх байсныг нуухгүй ээ” гэсэн юм. Гэхдээ нийтийн эрх ашгийн хулгайн эсрэг Оюун-Эрдэнэтэй санал нийлж буй улстөрчид сүүлийн үед нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байна. Бас нүүрсний хулгай зэрэгтэй хийж буй тэмцлийг нь МАН-ын жирийн гишүүд, ер нь иргэд нийтээрээ л дэмжиж байна. Яг үнэндээ 220 мянган гишүүнтэй МАН-д нисээд л 220 хулгайч байгаа шүү. Хамгийн гол нь Монгол Улс нүүрсний хулгайг цэгцлэхгүй бол эдийн засгийн өнөөгийн болоод ирэх хүндрэлээс амар гарахгүй. Үндсэндээ хэчнээн арван боомт нээгээд, хэдэн мянган км төмөр зам тавьсан ч энэ мэтийн далд эдийн засгийг бүрдүүлэгч том хулгайг дарахгүйгээр Монгол цаашаа явахгүй гэдгийг л Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд тултлаа мэдэрсэн шиг байгаа юм.
“АЗИЙН ХҮЛЭГ УЛС” БУЮУ 2015 ОНЫ “ЯРИА” АЖИЛ ХЭРЭГ БОЛСОН УУ
Эхэнд хэлсэн дээ, Оюун-Эрдэнийн энэ том хулгайнуудын эсрэг тэмцэл нь “Үнэн үү”, эсвэл “Попролт уу” гэж. Хариулт нь сонирхол татахуйц юм байна гэсэн дээ.
Тэгвэл Оюун-Эрдэнийн 2016 оноос хойшхи үг, үйлдлүүд өөрийнх нь 2015 онд гаргасан “Азийн хүлэг улс” номд бичигдсэн агуулгатай дүйж байх аж.
Өөрөөр хэлбэл, 2016-2019 он хүртэлх улс төрийн үйл ажиллагаа, 2019 оноос ЗГХЭГ-ын дарга, 2021 оноос Ерөнхий сайд болоод явуулсан бодлого, хийсэн ажил нь тэнд байна. Тэрчлэн Ерөнхий сайд болох үедээ хэлсэн дөрвөн зорилт, 2020 онд УИХ-аар батлуулсан “Алсын хараа-2050 “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөтөлбөр, 2021 онд УИХ-ын баталсан Шинэ сэргэлтийн бодлого цөм тэнд агуулагдаж байна. Жишээ нь, уг номын “Доголон ардчилал” хэмээн эхний бүлэгт ардчиллын тулгуур ойлголтууд буюу хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглалын талаар бичжээ. Мөн тэгш бус байдал, дундаж давхаргынхан, популизм зэрэг сэдвүүдийг оруулсан байна.
Нэг үгээр хэлбэл, Оюун-Эрдэнэ 2015 онд энэ номд бичиж байснаа л одоо Ерөнхий сайд, МАН-ын даргын суудал дээрээс хэрэгжүүлж байна гэхэд болохоор байна. Заримыг нь онцолъё.
-Бид коммунист дэглэмийн гав гинжийг тасалж, ардчиллын гэрэлт харгуйгаар эрх чөлөөтэй давхисаар 25 жилийг ардаа орхижээ. ...Гэвч өнөөх гайхамшигтай хөгжил дэвшил нь эхлэхгүй яасан их удна вэ. Яагаад “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм” хэмээх амтат чихрийг шилний цаанаас долоосоор нэгэн зууны дөрөвний нэгийг өнгөрөөчихөв өө. Энэ асуултын хариулт тун эмгэнэлтэй. Манай удирдагчид “Ази тивд үлгэр жишээ болохуйц ардчиллыг Монгол Улс цогцлоосон” хэмээн цээжээ дэлддэг ч хэрэг дээрээ цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөөх дүр эсгэсэн ардчиллыг найруулан тоглож буй нь өдрөөс өдөрт ил болсоор. Ийм л учраас манайд ядуурал газар авч, шударга бус байдал гаарч, авлига, хээл хахууль цагаандаа гарч, Монгол Улс маань дэвжин хөгжих биш уруудан доройтох ангалын ирмэгт тулаад байна” хэмээсэн байгаа юм. Бас “Харамсалтай нь манайд хуулиас дээгүүр хувь хүний, эсвэл эрх ашгийн бүлэглэл үүсч, том зургаар нь харвал урагшилж бус ухарч алхаж байна. Ийм байдал багасах биш өдрөөс өдөрт хэлбэр төрх нь нарийсан биежиж буй нь түгшүүр төрүүлнэ. Ялангуяа уул уурхайн төлөөх бүлэглэлүүдийн сөргөлдөөн, бие биеэ татаж унагаах далд дайнд Монгол төрийн дархлаа сульдан ганхав.
-Ерөнхийлөгч, эсвэл УИХ-ын дарга Засгийн газрыг хуваан удирддаг жишиг тогтов. Нөгөө эрх мэдлийн салангид байдал гэдэг алтан зарчим хаачив. Эцэстээ бүр тагнуул, шүүх, цагдаа, прокурорын байгууллагыг шатрын хүү мэт өрж байгаад ард түмний өмнө байлдаж тоглодог болов. ...Төрийн нэрээр зээл авч, хэдхэн эрх мэдэлтэн тэдний тойрон хүрээлэгчид фракцын зарчмаар хуваан авч, дарангуйлагчдын түгээмэл ашигладаг “Өршөөлийн хууль” баталсан нь Египетийн жишээнээс юугаараа ялгаатай гэж. Энэ мэт олон үйлдэл өнөөдөр манай улсад хуулийн бус, хүмүүсийн засаглал бүрэлдэн бий болсныг харуулна. Эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээдэг тогтолцоо, хууль бүх хүнд нээлттэй, ойлгомжтой байх, хууль боловсруулах, батлах, хэрэгжүүлэх явц аливаа нөлөө, ашиг сонирхлоос ангид байх, шүүх хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус байх гээд хуулийн засаглалын амин сүнс болсон зарчмууд алдагдаж байна. ...Хуулийн биш хувь хүний засаглал тогтвол жам ёсны тогтолцоог сөнөөдөг, тодорхойгүй тоглоомын дүрэм буй болж, авлига цэцэглэн хөгждөг. Тодорхой бус тоглоомын дүрэм нэг бүлгийг тултал нь баяжуулж, үлдсэн бусдыгаа үгүйрүүлэн хоосруулна.
-Судалгааны алдаа хамгийн багатайд тооцогддог “MMCG” компанид хандаж, бүлгийн цуврал ярилцлагуудад ажиглагчаар оролцов. Миний таамаг бараг л зөв байв. Иргэд уул уурхайд дургүй гэхээсээ илүүтэй төр засаг уул уурхайг нийгэмд үр өгөөжтэй ашиглана гэдэгт итгэл алдарчээ. Популист гэгддэг удирдагчдыг дэмжиж байна гэхээсээ ашиг сонирхолд автсан өнөөгийн улстөрчдөд бухимдалтай байгаа нь ажиглагдав.
-Өмч хувьчлалын буянаар мянга мянган ам бүл хувийн орон сууцтай болсон нь түүхэн үнэн. Малчид нэгдлийн биш хувийн мал сүргээ сэтгэл амар маллаж, ашиг шимийг нь хүртдэг болсон. Харин томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд, их дэлгүүрүүд, зочид буудлууд, тухайн үед эрх мэдэлтэй байсан хүмүүс болон тэдний эргэн тойрны цөөн хэдхэн хүний өмч болж, ард түмэн өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай л учраа олохгүй үлдсэн. Томоохон баялгийн ордууд, байршил сайтай газрууд бүгд л тухайн үеийн мэдээлэлд ойрхон эрх мэдэлтнүүдийн эргэн тойронд, энгийн ардаас холуур шийдэгдсэн.
-Өнөөдрийн манайд нүүрлэж буй эдийн засгийн хямралд ч мөчрөө хөрөөдөгсөд чамлахааргүй нөлөө үзүүлсэн. Том бизнесийнхэн баялгийн төлөөх уралдаандаа төрийн эрх мэдлийг ашиглахын тулд улс төрд шууд оролцоогоо хэт ихэсгэснээс болж, Ц.Нямдоржийн томьёолсноор “Хууль тогтоох дээд байгууллага хэдэн компанийн арилжааны талбар” болж буй нь үнэн.
-Үндэсний хөрөнгөтнүүд Засгийн газрынхаа дэмжлэгийг авч, хувь хүн, нам харгалзахгүй тогтвортой хамтран ажиллаж, чөлөөт өрсөлдөөн бүхий эрүүл таатай орчныг бүрдүүлж, улс орныхоо хөгжлийг урагшлуулдаг. Харин манайд өөрсдөө улстөрч болж, улс төрийн фракцын хэрүүлд татагдан орж, өөрсдийн эсрэг “блок” бий болгож, том төслүүдээ гацааж, жижиг дунд бизнесийн орчныг эвдэж эхэлж байгаа нь үнэн. Хувь хүн биш хуулиар удирдуулсан төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх тогтолцоо л сайн засаглалыг ч, сайн бизнесийг ч авчирна. Улс төр, бизнесийн хамаарал ихэсч, зохист харилцаа алдагдах тусам тэгш бус байдал нэмэгддэг нь хууль. Өнөөдөр манайд улс төр, бизнес хоёр нэг зоосны хоёр тал биш бүр нэг зоосны нэг тал болов. Энэ нь далд эдийн засгийг бий болгодог.
Эндээс харвал Оюун-Эрдэнэ одоогийн байр сууриасаа буцахгүй л болов уу. Нүүрсний хулгайгаас цаашилж ч мэдэхээр байна. Гурван жилийн өмнө “Ер нь Эрдэнэтээс зэс гараад хилээр дамжиж, гангийн үйлдвэр дээр очиход томоохон луйвар явдаг байсан юм билээ. Тэр нь энэ онцгой дэглэмийн үед тогтоогдсон учраас ашиг тийм өндөр гарсан. Удахгүй энэ зүйлс тодорхой болно л доо. Хууль хяналтын байгууллагууд төслөг байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байгаа юм билээ. Хэзээ ч илрэхгүй гэж бодсон олон зүйл илэрч байгаа. Мөнгө мөртэй гэдэг үнэн үг” гэж байснаараа тун удахгүй зэсийн хулгай хэмээх томоохон бүлэг хэргийг сөхөж ч мэдэх нь байна.
Эх сурвалж: Өдрийн сонин