“Үндэстний ТОЙМ” сэтгүүл “ЭРГЭЛТИЙН ЦЭГ-2022” дугаартаа "Оны онцлох таван хүн"-ийг нэрлэжээ.
Эмч Б.Болдсайхан: Бурханы мутар
Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй” төсөл хилийн чанад руу өргөжив. Монголын хувийн хэвшил (Голомт банк-Сонгдо эмнэлэг) болон ард нийтийн өргөл олон улсын хэмжээний сайн дурын хөдөлгөөн болон өргөжлөө. Энэ оны 10 дугаар сард төслийн зүгээс мэдээлснээр “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 18 мянган хүүхдийг үзлэг, оношлогоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийсэн байна. Хүнд өвчинтэй тэмцэхийн хажуугаар зуу зуун хүүхдийн амь аварч яваа хүчирхэг оршихуйг онцлов.
Дуучин Э.Амартүвшин: Дорнын Фаваротти
2016 оноос олон улсын театруудад дуулж эхэлсэн Э.Амартүвшин өнгөрсөн жил өндөрлөх үед дуурийн Оскар гэгддэг “Дуурийн од” наадмын шилдэг баритон хоолойтноор шалгарч, дэлхийн дуучинд тооцогдох болов. Ла Скалла, Верона8 зэрэг агуу тайзнаа дуулсан хийгээд, эх орон нь оросоос орчуулан нутагшуулсан Ардын жүжигчин хэмээх шагналаа өгснийг онцлов.
Найруулагч М.Батболд: Театрын шинэчлэгч
Найруулагч М.Батболд өнгөрсөн жил “Гэм зэм” жүжгийн хоёрдугаар улирал, “Опал” хэмээх хоёр жүжиг найруулан тавьлаа. Тэрээр энэ онд Гэгээн муза олон улсын театрын наадмын шилдэг найруулагчаар тодорсон юм. Хувийн театр монголд анх удаа жилд хоёр жүжиг тавьж, үзэгчид хийгээд судлаачдын дунд өндрөөр үнэлэгдсэнийг онцлов.
Тамирчин М.Анхцэцэг: Түүхийг өргөгч
Өнгөрсөн оны төгсгөлд Дэлхийн аварга болж Монголын хүндийг өргөлтийн түүхэнд шинэ хуудас нээсэн М.Анхцэцэг энэ жил Бахрейний Азийн аваргад ноёлж, гурван алт хүртсэн. Хамгийн чухал нь түүнтэй явсан шигшээ багийнхан нь ч бас бүгд медаль хүртсэн нь түүхэнд анхдагч бөгөөд туйванчдыг шинэ шатанд гаргасан манлайллыг нь онцлов.
Улстөрч Си Жинь Пин: Хуаньдийн гавьяа
Монгол цустай хэмээн монголчуудын тал өгөх дуртай Си овогт өнгөрсөн жилд улс төрийн гол өрсөлдөгчдөө зайлуулан Хятадын орчин цагийн Хуаньди болов. Си Хуандийн авлигын эсрэг тэмцлийн хүрээнд монгол төрийн түшээдтэй хамтран “Нүүрсний хулгай” хийсэн Хятад түшмэдүүд яллагдаж, тэр нь Монголын ард түмнийг төр засгаа сөрөн тэмцэхэд хүргэсэн онцгой тохиолдлыг онцлов.
ГАНЦ Л АСУУЛТ! Тэд илрүүлээгүй бол бид ер нь яах байсан улс вэ?
Эх сурвалж: "Үндэсний ТОЙМ" сэтгүүл