Нэг.”Гоодаа”-гоо хүлээсэн Улаанбаатар
Хэрвээ, “Гүүгл”-ээр “Хотын дарга муу” гэж бичээд хайлт хийвэл 1,260,000 орчим илэрц гарч байна. Нийслэлийн насанд хүрсэн бүх иргэн дор хаяж нэг удаа даргаа муулжээ. Тэгэхээр, энд би нэмсэн нэмээгүй хотын дарга нар үнэхээр муу байдаг нь харагдана. Түүний оронд “Яагаад бид муу хүнийг даргаар сонгож ирсэн бэ” гэдэг талаас нь хайгуул хийх гээд үзье.
Улаанбаатарынхан сайн даргаа хүлээгээд гучаад жил болж байна. Өмнө нь яах вэ, хотын иргэд бус нам засаг л дарга томилдог цаг байж. Харин сүүлийн гучаад жилд хөл хөсөр, гар газар аажуу тайвуу хэвтэж байхад хүрч ирээд амьдралыг маань өөрчлөөд өгөх тийм даргыг хайсаар энд ирэв. Гол нь биднээр ажил хийлгэж зовоохгүй, хууль дүрэм сахихыг шаардахгүй, зам таглаж хаясан машиныг маань ачихгүй байх ёстой.
Хотынхон биднийг эрх дураараа эрхлэнхэн суухад саад болохгүй. Утааг арилгах боловч биднийг өөрөө утаа гаргаж, дуртай юмаа түлэхэд саад хийхгүй байх ёстой.Хамгийн гол нь тэр хүн бидний амьдралыг сайжруулаад, жаргаах боловч өөрийнх нь амьдрал сайжрах ёсгүй. Бас өөрөө жаргасан, гэр бүл нь үр хүүхэд нь сайхан амьдарсан байж таарахгүй. Биднийг дуусахааргүй жаргалд хүргэж өгөөд өөрөө хоосон хоцордог ч юмуу, үхсэн байх нигууртай, мөн үү? Социалист үлгэрт гардаг шиг ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд, өөрөө эрх чөлөөгээ эдлэлгүй үхдэг, тийм баатар. Мөрөөдлийн хүмүүсээ арваад удаа сонгоод сонгоод, мөрөөдсөн хүн ирсэнгүй. Яагаад ?
Ийм жүжиг байдаг. “Гоодаагаа хүлээхүй” гэж. Ирэх ч юм уу, байдаг ч юмуу нэг хүнийг хүлээсэн тухай. Ирсэн ч юмуу, үгүй ч юм уу, хүн төрөлхтөн мэдээгүй үлдсэн түүх.
Яг түүн шиг, бид нэг сайн дарга ирээд янзлана гэсэн хүлээлттэй. Бат -үүл гэж домогтой. Бат -Үүл минь байсан бол жаргаах байсан гэж санаашралтай. Нийслэлийн иргэдийн сонголтоор Бат-үүл намтайгаа ялагдаад яваа биз дээ. Тэрнээс биш төрийн эргэлт энэ тэр болоогүй санагдах юм.
-Энэ муу цагаан толгойт биднийг жаргаахаас гадна өөрөө бас сайхан амьдарчих гээд байх шиг байна. Нарийн яривал хүүхэд нь сайн амьдарч байж магадгүй болчлоо энээ тэрээ гээд л буулгаа биз дээ, айн? Би буруу санаад байвал залруулаарай, хөөш!
Одоо тэгээд л нэг их Бат-Үүл минь байсан бол, байсан бол... пал пал, айн? Албатай юм шиг авгайгаа сольчихоод хуучнаа магтаад суудаг хөгийн гар шиг. Яалтай ч билээ.
Сонгогчид нь алдахгүй боловч сонголт нь алдаатай болоод байдаг. Сонин санагдахгүй байна уу? Бодлогын бүх үйлдэл нь зөв байтал хариу нь буруу байвал яах вэ? Нэг бол буруу бодсон. Эсвэл бодлогын өгөгдөл худлаа байсан гэсэн үг.
Өнөөдөр ч бид мөн л нэг хууртагдсан байдалтай. Бас нэг бөх даргатай боллоо, бөхчүүд хотыг удирдлаа энээ тэрээ болоод сууж байна. Бөх сонгохгүй бол болоод явчихдаг юм бол өмнөхүүд нь бүгдээрээ л бөх биш байсан шүү дээ? Цаашлаад Сумъяабазарыг Сумъяасүрэнгээр, улмаар жээндэр мээндрээр чимээд Сумъяацэцэг, Цэцэгбазарыг сонголоо ч бидний Улаанбаатарын Гоодаа ирэхгүй. Жаргаагч тэнгэрээс буухгүй. Хариу нь буруу гараад байгаа бодсон аргаа хар. Тэгээд болохгүй бол бодлого чинь худлаа байна гэсэн үг.
Тэгэхээр, ийм байна,
Нэгдүгээрт, биднийг зүгээр сууж байхад хэн нэгэн ирээд жаргааж өгөх тухай бодол маань худлаа байна. Өөрсдөө бид ямар нэгэн юм хийх ёстой, мэдээж тэр нь жаргаахыг шаардсан жагсаал биш байх гээд байна. Нарийн яривал сайхан амьдралыг чинь дэмжих гэхээсээ илүү амьдралынхаа төлөө хийж байгаа хууль ёсны үйлдэлд чинь саад болохгүй тийм удирдлага л хэрэгтэй гэсэн үг.
Хоёрдугаарт, би ганцаараа дураараа амьдраад бусад нь хууль дүрмээр зохицуулагдаж байх тухай бодол маань худлаа байна. Бусад хүний машиныг журамлаад, гараашд нь хориод, чамайг хотын төвөөр жирийлгэх асуудал биш байна, түгжрэлийг сааруулна гэдэг нь.
Гуравдугаарт, хүн хүний амьдралаа сайжруулах эрмэлзэл ба түүндээ хүрсэн амжилтын нийлбэр нь нийгмийн сайн сайхан болдгоос биш, нэг сайн хүн хүрч ирээд аз жаргалыг хуваарилдаггүй юм байна. Бүүр, гэгээрсэн Будда хүртэл “Чи л өөрөө өөрийгөө аврана. Би өөрийгөө аварсан замаараа чамайг дагуулж л чадна” гэж сургасан байна.
Дөрөвдүгээрт, бусдад эд баялаг эрх чөлөөнд хүрэх зам засаад өөрөө хоосон үлддэг тийм дураак орчлонгийн хүрдэнд төрдөггүй юм байна. Тэр хэмжээнд сэтгэл санаа нь боловсорч болдог ч манай гаригт амьдрахын орон нирваанд хүрдэг гэнэ. Аврагч-даргын тухай мөрөөдөл маань бодитой бус ажээ.
Гучин жил буруу хариу гарсан бодлогын маань нэг биш, хоёр биш, гурав биш, бүр дөрвийн дөрвөн өгөгдөл буруу байх юм.
Одоо тэгээд яах вэ? Дарга нь болоод байхад хотын иргэд нь гологдоод байгаа юм бас биш шүү. Токио хот ийм сайхан даргатай, Шведүүд тийм сайхан төрийн түшээтэй гээд санаа алдах юм. Сайн даргадаа байгаа юм биш, сайн даргаа сонгодог Япончууд, Шведүүдэд гол учир нь байгаа юм. Дарга нь сайн байхаас аргагүй тийм систем, тогтолцоонд байгаа юм. Хэрвээ бид Токиод бүрэн бүрэлдүүнээрээ очоод саналаа өгөх юм бол манай хэдийн өрөөсөн дугуй л гараад ирнэ.
Бид яагаад ийм байгаа юм бэ, гэж үү? Иргэншлийн, ардчиллын туршлага энд яригдаж байна. Мал маллахад туршлага хэрэгтэй байдаг шиг малаа маллахгүй амьдрахад бүүр ч их туршлага хэрэгтэй болдог аж. Бидний атаархлыг төрүүлээд байгаа тэр улсууд ч цагтаа өнөөгийн бидний үзэж туулсныг амсч явсан. Би муу ард түмэн биш, бас тасарсан лут ард түмэн ч биш. Гол ардчиллын байтугаа, ерөөсөө хотшин амьдах иргэншлийн туршлага муутайд хамаг зовлон байдаг.
Нийтлэг үнэт зүйлсээ тодорхойлж сураагүй, хувь хувийн ашиг сонирхлоо хөөгөөд жалга жалгандаа тааваараа амьдарч ирсний гор юм даа. Тархай бутархай овог аймаг, хот айл маягаар амиа аргацааж, Чингис хаан зэрэг хүчирхэг удирдагчийн ивээл, эсвэл Чин гүрэн, ЗХУ зэрэг том гүрний нөмөрт хувь заягаа даатгаж ирсэн сэтгэлгээний улбаа юм. Хотшил гэдэг бол нийтлэг эрх ашгийн дор хувь хувийн эрх чөлөөгөө зохицуулахын нэр, ардчилал гэдэг бол толгойгоо мэдэхээс гадна толгойгоо хариуцахын учир гэдгийг одоо л бид ухаарч эхэлж байна.
Хоёр. Манай нутагт суугаа хүний нутгийн сонгогч
Нэг биш удаа хэлж байсан. Улаанбаатар хотын хамгийн бодитой захиргаа бол нутгийн зөвлөлүүд. Нийслэлийн дундаас дээш насны иргэд хороон даргынхаа нэрийг мэдэхгүй ч сум, аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргыг мэднэ. Сая гаруй хүнтэй энэ хотын зуу зуун мянган иргэд нь өөрийгөө энд түр сууж байгаа аль нэг аймгийн уугуул гэж үзнэ.
Бүүр Манжийн үед л Богдын хүрээ өөрийн иргэнгүй, аймаг аймгийн суурин болон хэрмэлийн Жасаа нь хүмүүсээ хуваан захирч, иргэний хэргийг шийддэг байсан. Тэр л тогтолцоо нэрээ солиод оршиж байгаа юм.
Ийм учраас, нийслэлийн иргэдийн дийлэнх нь зөнгөөрөө төрөлх жасаандаа харъяалагдаж, түүнийхээ өмнө хариуцлага хүлээсэн ухамсартай хэвээрээ байна. Дийлэнх гэдэг нь Улаанбаатарын иргэд 1959 оны мал нийгэмчилгээний дараахь буюу 1990 онд шилжин суурьших эрхтэй болсны дараахь гэсэн хоёрхон давалгаагаар л нүүж ирэгсэд, тэдний үр хүүхэд шүү дээ. Энд төрсөн хоёр, гуравдахь үеийнхэн хүртэл өвөө эмээгийнхээ нутгаар “Тэндхийн уугуул” гэж өөрсдийгөө нэрлэж байна. С.Цогтсайхан дуунд гардагчлан “Холхиж өссөн өргөн чөлөө, Хотын гудамж миний нутаг” гэж үздэг нь цөөхөн.
Бидний ихэнхийн хувьд Улаанбаатар бол түр оторлож байгаа нутаг, дамжин өнгөрөх транзит буудал маягтай харагддаг. Иргэдийнх нь шаардлага хүртэл түр цагийн утгатай. Хамтдаа өртөө буудлаа сайхан болгоё гэхийн оронд “багзаал магзаалаа олигтойхон цэвэрлүүлчихдэггүй хаашаа даргатай газар вэ”, “Та нар энэ утаа мутаагаа нэг янзалчихад яадаг байна” гэх маягийн хандлагатай.
Та нар, аймаг сумынхаа ойгоор нутгаа хөгжүүлэх хандив, сумандаа болсон зудад туслах хөдөлгөөн энэ тэр л гэж сонсож байснаас биш харин Улаанбаатарт хөлдсөн шугам сүлжээг гэсгээх иргэний хөдөлгөөн, түгжрэл бууруулах хандив гэж сонссон уу? Улаанбаатарынхан бол эндхийн иргэд биш Улаанбаатараар зорчигчид. Ингээд бодохоор, сая гаруй түр суугч, дамжин өнгөрөгчтэй, оршин суугчид нь бүгдээрээ өөрийн гэсэн уугуул болон төрсөн нутагтай, Улаанбаатарыг биш харин төрсөн нутгаа хөгжүүлэх үүрэгтэй гэж ухамсарласан газар өдий зэрэгтэй байгаа нь бараг л заяа юм биш үү? Ингээд бодохоор Улаанбаатарынхан хамгийн сайн хүнээ олж сонгосоор л ирсэнч юм шиг.
Иргэншлийн туршлагатай газрын иргэдэд амьдардаг хотоо сайхан болгохоос өөр чанартай амьдралын сонголт байдаггүй. Хувийн амьдрал хот хоёр нь хүйн холбоотой, яг л малчны эрх ашиг малтайгаа уягддаг шиг. Харин нийслэл хотын маш олон иргэний толгойд Улаанбаатараа сайхан болгохоос өөр сонголт байгаа. Болохгүй бол аймаг руугаа, сум руугаа нүүнэ дээ гэсэн бодолтой олон хүн бий.
Нээрээ, “Нутаг амьтай аав” энэ тэр гээд дуу байдаг даа. Төрсөн нутагтаа хязгааргүй хайртай сайхан эцгийн тухай дуу байх л даа. Байхаар барахгүй байж таарна. Цаад, логикоороо бол төрсөн, эсвэл уугуул нутгаа хайрлах л чухал. Тэрнээс биш оршин суудаг хот сууриндаа хайртай байх, түүнийхээ хөгжлийн төлөө явах зэрэг нь хүний нэг их чухал чанар биш л гээд байгаа биз?
Ер нь бол төрсөн нутаг, уугуул нутаг гэдэг ойлголтод Улаанбаатар ордоггүй. Доор өгүүлсэн шиг яриа хаа сайгүй болдог.
-За аль нутаг вэ?
-Өө. Улаанбаатарынх
-Үгүй ээ. Аав ээж чинь?
-Аав ээж ч хотод төрсөн
-Хаашаа хүүхэд вэ! Хүн чинь нутагтай байдаг биз дээ. Тэгвэл, өвөө эмээ нь аль нэг аймгийнх байж таарна даа?
-Эмээ Архангай...
-Заа тэр, Архангайн уугуул байх нь. Ингээд хэлчихгүй...гм гм.
Ер нь тодорхой нутаг ярьдаггүй хотын хүн цаанаа л нэг өрөвдмөөр. Зүйрлэн хэлбэл, мөнгөө нийлүүлээд архи гэхээ больё, хуушуур авах болоход “надаа юу ч алга оо” гээд газар ширтдэг нэгэн шиг хөөрхийлөлтэй харагддаг байж билээ, миний үед. Одоо ч өөр болсон байх гэж найдъя.
Биднээс, нүүдэлчний ийм сэтгэхүй салж өгөхгүй байгаад хамаг зовлон бий. Бидний сонголт хандлага эндээс л урган гардаг. Яаж өөрчлөгдөх вэ, хэзээ ч нэг буурин дээрээ хоёр гурван сараас илүү нутагладаггүй нүүдэлчний удмыг үрийн үрд амьдран суух хотоо гэсэн сэтгэлтэй болгох вэ? Хүмүүс юугаараа их нутагархаж байна вэ, хэнээр дамжуулан уул нутагтаа уягдаж байна вэ, тэр уяа аргамжийг л Улаанбаатартай холбохоос эхэлмээр байна.
Гурав. Хотыг хөгжүүлэх зөвлөл
Улаанбаатарыг өөриймшүүлж өгөхгүй байгаа нутаг нутгийн Зөвлөлүүд нь нэг талаасаа бодитой оршин байгаагийн хувьд, нөгөө талаасаа иргэдийн сэтгэл зүрх, хүсэл эрмэлзлээс урган гарсны хувьд ч буруушаах аргагүй. Иргэдээс өөрөө урган гарсан энэ хүчийг хоёр чиглэлээр ашиглан хотоо, улсаа хөгжүүлж болмоор.
Монгол үндэстний хотшлын онцлог болсон энэ хүчийг зөв залуурдаад хамтран ажиллаж яагаад болохгүй гэж. Нутаг нутгаараа хамтраад эх орныхоо зүрх болсон Улаанбаатараа хөгжүүлэх хүч болж болно. Улаанбаатар бол 21 аймгаараа, гурван зуун хэдэн сумаараа нийлж л байгуулсан хот шүү дээ. Жишээлэхэд: Өмнөговийн нутгийн зөвлөлөөс эх орныхоо нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн, Дундговийнхны зүгээс гэр хорооллыг утааг багасгахад зориулж хэрэгжүүлсэн хөтөлбөр байж яагаад болохгүй гэж. Дундговь уурхайгүй, мөнгөгүй байж болно. Өмнөговийнхнийхоо хийж байгааг дэмжээд, тэнд нь очиж сайхан дуулж өгөхөөс эхлэхийг хэн буруушаах билээ?
Харин, аймгийнхнаа хөнгөлөлттэй оруулдаг орон сууц барих, нутгийн оюутны байр босгох зэрэг нь нэг талаасаа “бахархам” мэт боловч арайхийж биеэ олж яваа хотшил төвлөрлийг эргүүлж тараах, нүүдэлчний сэтгэлийг улам л хоёрдуулах учир орхих нь зүй.
Нөгөө талаас нутгийн зөвлөлүүд нь: а.“ой сайхан тэмдэглэх”, б. “зуд болбол хандив цуглуулах” ийм л хоёр чиглэлтэй байгаа. Аа тийм, бас нутгийн зөвлөлийн ёолк, цагаан сарын золголт гэж чухал юм хийдгийг мартаж. (Ер нь чухал юм гэдэг бол хүмүүс өөрснөө чухалчилж байгаа тэр л зүйл юм)
Засгаас үүнийг дэмжиж шилдэг эмч мэргэжилтэн, багш нарыг төрөлх нутагтаа бүр болон түр илгээхээс эхлээд засаг захиргааны шинэчлэл хийх, төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах хүчин зүйл болгож болно. Эдгээрийн зарим нь эхлэл төдий. Нөгөө хэсэг нь санаанд багтахад амаргүй байгаа ч боломжгүй гэсэн үг биш. Аймгуудад хүн амаа 10 хувь өсгөх гэх мэт наргиантай даалгавар өгч олны инээдийг барж байснаас энэ нь дээр.
2022 оны XII сарын хууч Б.Цэнддоо /baabar.mn/