ҮХНӨ-ийн талаар хэлэлцүүлэгт зориулав
XXI ЗУУНЫ МОНГОЛ ПАРЛАМЕНТ ЯАГААД ГУРВАН ТАНХИМТАЙ, ЦАХИМ ПАРЛАМЕНТ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?!
Монголын өнөөгийн нийгмийн амьдрал бүхэлдээ хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй англиар товчилбол VUCA нөхцөл байдалтай болж, Монголын нийгэмд эергээсээ илүүтэй сөрөг үзэгдлүүд улам бүр газар авсаар нийгмийг гүн гүнзгий хямрал руу түлхэх аюул нүүрлэх боллоо.
Төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, улс төрийн хүрээнд төрийн удирдлагын институци хоорондын зөрчил үүсч, парламентат засаглалын нэр хүнд огцом унаж, Монгол Улсын төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдал алдагдаж, орон нутгийн эрх мэдэл “Вант улсууд”-ын хэмжээнд хүртэл нэмэгдэх аюул үүсч, улс төрийн болон нийтийн албаны ёс зүй алдагдаж, авилга, хээл хахууль гүн гүнзгий нэвчиж, шударга ёс алдагдаж буйгаас хямрал тодорхой харагдана.
Хямралын гол учир шалтгаан нь улс төрийг эдийн засгийн ашиг, сонирхол, мөнгөтэй холбосон хэлхээ холбоог тасалж чадахгүй байгаад оршино. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлд хүрч, мөнгөжих, баяжихын тулд ёс суртахуунгүй улс төр хийж, УИХ-ын гишүүн болохын төлөө хөрөнгө мөнгөөр дулдуйдан улайран зүтгэх, сонгогдсон хойноо мөнгөө эргүүлэн олж авахын тулд ёс зүйгээ умартан зүтгэх нь улс төрчдийн хувьд хэвийн үзэгдэл болж, “Хулгайчид Ордонд сууж байна” гэдэг ойлголт олон нийтийн дунд тархаж, парламентын болон улс төрийн намуудын нэр хүнд уландаа хүртэл унахад хүрсэн.
Ард олны итгэлийг хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүд нь улс, тойргийн төсөв батлах, хуваарилахаас эхлээд мөнгөтэй орооцолдож, мэдээлэлд ойр байдал, эрх мэдэлдээ дулдуйдан Сан, төсөл, хөтөлбөрүүдийн мөнгийг завшин, ашиглахын зэрэгцээ төрийн өмчит компаниудыг “сааж” баяжиж байгаа байдал нь орлогын тэгш бус байдлаас улбаатай баян, хоосны ялгааг улам гааруулж, олон нийтийн ундуйцал, дүргүйцлийг дэвэргэж, хүчирхийлэл рүү түлхэх бодит аюулыг бий болгожээ.
Иймээс хөгжлийн гажуудал, алдаа дутагдлыг засахын тулд эн тэргүүн Монгол Улсын Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Энэ нь өнөөгийн УИХ, ялангуяа эрх баригч МАН-ын удирдлагын толгойн өвчин болон сүүлийн хоёр жил гаран яригдаж байна.
Үндсэн Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, төрт ёсоо, түүний дотор парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх талаар авууштай санаа оноо улс төрийн намууд, улс төрчид, судлаачдын дундаас гарсаар байгаа.
Тэдгээрийн дотор Парламентыг хоёр Танхимтай болгох санал сүүлийн үед нилээд хүчтэй яригдаж байх шиг. АНУ, ИБУИНВУ болон Холбооны улс орнуудад түгээмэл байдаг хоёр Танхимт парламентын тогтолцоог монголчууд бид 1990-1992 оны хооронд богинохон хугацаанд шилжилтийн үеийн байдлаар амьдрал дээр туршиж үзэж байсан нь үнэн. Энэ тогтолцоо нь иргэдийг төрийн удирдлага, түүний дотор хууль тогтоох засаглалын үйл ажиллагаанд харьцангуй өргөнөөр татан оролцуулж байснаараа өнөөдөр эргэн дурсаж, санан мөрөөдөх сэтгэлгээг бий болгож байгаа бизээ. Гэхдээ XX Зууны социализмаас салж амжаагүй Монгол оронд тохирч байсан энэ арга хэлбэр өнөөдөр хэр өгөөжтэй байх болоо? Бүгдээрээ нэг бодоод үзье.
Жилд хоёр удаа хуралдаж, УИХ-ын гаргасан хууль, тогтоомжуудыг хянан үзэж, батлах, эсвэл хүчингүй болгох, улсын төсвийг хэлэлцэж байх нь цаг, минутаар амьдрал хувьсан өөрчлөгдөж буй XXI Зууны өнөөгийн эрчимтэй хөгжлийн хурдыг гүйцэхгүй гэдэг нь юуны өмнө маш ойлгомжтой байх биз. Нөгөө талаар, 1990 онд сумаа төлөөлөн шигшигдэж сонгогдож байсан тэдгээр АИХ-ын депутатуудаар өнөөгийн сумдаас сонгогдох гишүүдийг төсөөлөх нь учир дутагдалтай. Тэгээд ч 330 сум, 152 хороо бүрээс Дээд Танхимын гишүүн сонгоно гэвэл 500 гаруй гишүүнтэй байхаар байгаа нь хуралдааны зохион байгуулалтын хүндрэлтэй байдлыг бий болгох, төсөв зардал, санхүүгийн шинэ дарамтыг төрд бий болгох талтай бус уу.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар парламентыг бэхжүүлэх хувилбарыг эрх баригч намын зүгээс нилээд сонирхож буй нь ажиглагдаж байна. Ингэхдээ 99, 135 гэх мэт олон хувилбарыг судалж буй бололтой. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь нэгж саналын нөлөөллийг бууруулж, гишүүдийн хууль боловсруулах, батлахад оролцох оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний хуулиас гадуурх үйлдлийг хязгаарлаж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад оршиж буй өнөөгийн алдаа, дутагдлыг засах боломжийг олгох сайн талтай. Гэхдээ тойрог, мандатын тоог нэмэх замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг олон нийтийн зүгээс сайшаан хүлээн авахгүй байгаа нь илт ажиглагдаж байгаа.
Өнөө цагт Дэлхий дахинаа ардчилсан нийгмийн төрийн тогтолцооны хамгийн түгээмэл бөгөөд сонгодог хэлбэр нь парламентат ёс байсаар байна. Иймд миний бие Монголчууд бид XXI Зуунд Парламентаа хэрхэн авч үлдэж, яаж төгөлдөржүүлвэл зохилтой талаар эргэцүүлэн бодож, өөрийн шавь нар, зарим эрдэмтэн судлаачидтай зөвлөлдөн санаа оноогоо солилцож байдаг хүний нэг.
Ингэхдээ Парламентыг хоёр Танхимтай болгох, эсвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх аль нэг замаар хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх гэсэн парламентаризмын үзэл санааг дэмждэг.
Парламентыг төгөлдөржүүлэх санал бодлуудын дотор нийтлэлч, улс төрч Б.Батбаяр (Баабар) УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хуулийн Гуравдугаар Бүлэгт оруулах өөрчлөлтийн талаар 2000 оны 7-р сарын 3-ны өдөр өргөн барьж байсан хуулийн төсөл зүй ёсоор сонирхол татаж байгаа юм.
Баабар уг төсөлдөө Монгол Улсын төрийн хууль тогтоох эрх барих дээд байгууллага нь байнгын ажиллагаатай Улсын Их Хуралдай байх бөгөөд Дээд хурал, Төлөөлөгчдийн Хурал гэсэн Хоёр Танхимтай, 81 гишүүнтэй байхаар төсөөлж байжээ. Ингэхдээ Дээд Хурал нь 27, Төлөөлөгчдийн Хурал нь 54 гишүүнтэй байх юм байна.
Дээд Хурлын гишүүнийг Монгол Улсын иргэдээс 37 нас хүрсэн нэр дэвшигчдээс нууцаар, шууд 6 жилийн хугацаагаар сонгодог байхаар төсөл боловсруулагч төсөөлсөн байна. Дээд Хурлын гишүүн нь улс төрийн аливаа нам, эвсэлд харьяалагдахгүй, хэрэв харьяалалтай бол Дээд Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд уг намын гишүүнчлэлээс түтгэлздэг байх эрх зүйн зохицуулалттай байх аж. Мөн гурван жил тутамд ротаци буюу завсрын нөхөн сонгууль хийх боломжийг ч үгүйсгээгүй юм билээ.
Дээд Хурал нь Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хуулийг Монгол Улсын Үндсэн Хууль, Олон улсын гэрээ, баримт бичгүүд, улс орны эрх ашиг, сонирхолд нийцсэн эсэхийг эцэслэн нягталсны үндсэн дээр батлах, эс батлах эрхтэй байх ажээ. Энэ бол парламентын хууль тогтоох үйл явцыг олон нийтийн хяналттай, ил тод болгоход чухал алхам байх боломжтой санагдсан.
Монголын парламентат тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ҮХНӨ оруулах талаар өрнөж буй хэлэлцүүлэгт өөрийн бодлыг нэмэрлэе.
Өнөөдөр бидний ардчилсан хөгжлийн чиг баримжаа болж буй Европ тивийн 50 гаруй орны 32 нь парламентат ёсны замаар хөгжиж ирсэн бөгөөд тэдний хувьд улс орон бүрийн онцлогоос хамаарч, нэг болон хоёр танхимтай гэсэн үндсэн хоёр хэлбэрийн аль нэгээр хөгжиж байгаа нь үнэн. Аль аль хэлбэрийн хувьд давуу болон сул тал байдаг.
Тэгвэл бидний хувьд 1992 оноос өнөөг хүртэл нэг танхимтай парламент буюу УИХ-тай 30 жил явж ирсэн боловч энэ нь Монгол орны өнөөгийн хөгжлийн шаардлагаас хоцорчээ гэж үзэж байгаа бол одоо яах ёстой вэ?
Монголчууд хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ зүйлсийг нэвтрүүлж ирсэн өвөг дээдсийн баялаг түүх бидэнд бий. Эдгээрээс Хүннү Гүрнээс улбаалан Их Монгол Улсын үеэс “Гэрэгэ” хэмээх улс, үндэстэн хоорондын харилцааны дипломат хэрэглэгдэхүүнийг бий болгож, мэдээ, мэдээллийг шуурхай, аюулгүй дамжуулах “Өртөө”-ний албыг үүсгэж, дайн, самуун гарах учир шалтгааныг Евро Азийн өргөн уудам талбарт таслан зогсоож, Монголын Их Амар амгалан (Pax Mongolica)-г гурван Зуун дамнуулан тогтоож байсан зэргийг дурдахад хангалттай буйзаа.
Тэгвэл XXI Зуунд Монголчууд бид дэлхийн улс төрийн тогтолцоонд нэгэн шинэлэг санаа хэрэгжүүлж, шинийг хийж бүтээж яагаад болохгүй гэж?
Тухайлбал, Гурван Танхимтай, байнгын ажиллагаатай Цахим Парламенттай боллоо гэж бодоцгооё. Сайхан уу? Харин яаж гэж үү?
Эдийн засгийн хөгжил сул дорой хэдий ч хүн амын дийлэнхи нь хүүхэд, залуучууд байдаг, иргэдийн боловсролын түвшин, ялангуяа улс төрийн боловсрол харьцангуй өндөртэй, техник, технологи, түүний дотор харилцаа, холбооны хэрэгсэл эрчтэй хөгжсөн өвөрмөц онцлогтой манай орны хувьд энэ нь маш боломжтой асуудал санагддаг.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш болон XXI Зуун гарсаар төрсөн Z үеийнхэн УИХ-ын 2024, 2028 оны сонгуулиар нийт сонгогчдын дотор шийдвэрлэгч хувийг эзлэж эхлэх болно. Монголын хүн ам зүйн өөрчлөлт, чиг хандлагыг судалдаг дотоодын эрдэмтэд, гадаадын зөвлөхүүдийн судалгаанаас үзэхэд ойрын 25 жилд манай хүн ам жилд 1,3-2,1 хувиар өсч, хөдөлмөрийн насны иргэд өөрөөр хэлбэл 15-64 насны иргэдийн тоо тогтмол нэмэгдэх аж. Бас өнөөгийн залуучууд 65, түүнээс дээш насанд хүрч, 2010 онд хун амын 6 хувийг эзэлж байсан ахмадуудын эзлэх хувийн жин 2040 онд 16,7 хувьд хүрэхнээ. Энэ тоо баримтуудаас харахад өнөөдрийн хүүхэд, залуучууд ирэх сонгуулиудын хувь заяаг шийдэгчид болноо.
Монголын сонгуулийн болон парламентын тогтолцоог шинэчлэх хүн ам зүйн бодит шаардлага байгааг дээрх цөөн жишээнээс харж болно. XXI Зууны сонгогчдын улс төрийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн Зууны төлөөлөл бидний үеийнхнээс эрс өөр, илүү чөлөөтэй, нээлтэй байх нь зүй ёсны хэрэг.
Нөгөө талаар, 3,4 саяуулхнаа Монголчууд бид өнөөдөр “E-mongolia”-г амжилттай нэвтрүүлж, бараг бүх иргэн цахим бүртгэл, цахим хаягтай болж, Монгол Улс Цахим хөгжил, Харилцааны Яамтай болсноор сонгуулийг цахимаар явуулах үндсэн нөхцөлийг хангасан цөөн орнуудын нэг гэж бахархалтайгаар хэлж болно.
Үүнийг нотлох цөөн тоон баримт бол хүн амын 80 гаруй хувь нь хэрэглэх болсон ухаалаг гар утасны хэрэглээгээрээ бид хөрш орнуудаа байтугай хөгжингүй орнуудыг ардаа орхиж, нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ ч олныг гайхуулж байна. Тухайлбал, судалгаагаар 15-60 насны хүн амын 10 хүн тутмын 8 нь нийгмийн сүлжээг ашигладаг. Харин нүүр ном буюу фэйсбук хэрэглэгчид Улаанбаатар хотын иргэдийн 84 хувь, орон нутгийн иргэдийн 77 хувь буюу нийтдээ 1, 7 саяд хүрээд байна. Үүнээс гадна иргэд маань хот, хөдөөгүй цахим банкаар үйлчлүүлж, төрийн үйлчилгээг цахимаар авах нь амьдрлын хэвийн үзэгдэл болсон байна.
Тэгэхээр цахим сонгууль явуулах, парламентаа цахимаар ажиллуулах гэдэг Монголчууд бидний хувьд санаанд бүрэн багтах асуудал болсон ажээ.
Тиймээс шинээр сэтгэж, төрийн байгуулалтаа төгөлдөржүүлж болохнээ. Тиймээс төсөөлцгөөе.
Төрийн байгууллагын бүтцийн хувьд эхлээд XXI Зууны Монгол Парламентаа 118 гишүүнтэй “Улсын Их Хурал” нэртэй гэж бодоцгооё.
Өнөөдөр байгаа 76 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-ыг тогтмол үйл ажиллагаатай Парламентын Доод Танхим буюу “Төлөөлөгчдийн Танхим” гэж Баабарынхаар нэрлэн үлдээж болох юм.
Энэ Танхимын гишүүдийг улс төрийн намууд нэр дэвшүүлж, сонгуулийн мажоритари болон пропорционал тогтолцоогоор, эсвэл холимог хэлбэрээр тойргуудаас сонгодог сонгуулийн хуучин хуулиар сонгодог байж болмоор санагдаж байна. Гэхдээ Сонгуулийн тухай Монгол Улсын хуулинд өөрчлөлт оруулж, аль нэг хэлбэрийг тууштай баримталдаг байх нь эрх зүйн шинэчлэлтийн нэг салшгүй хэсэг байх учиртай. Миний хувьд сонгуулийн холимог тогтолцоог тууштай дэмжигчдийн нэгээ.
Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлэх, Төлөөлөгчдийн Танхимын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах, хууль тогтоох үйл явцын чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг улам нэмэгдүүлэх зорилгоор тус бүр 21 гишүүнтэй Хоёр Дээд Танхимтай байж болмоор санагдана. Үүнд: Нэг нь Зөвлөхүүдийн Танхим, нөгөөх нь Эрдэмтдийн Танхим. Танхимуудын нэрийн хувьд өөр хувилбар байх боломжтой. Хоёр Танхимтай байлгах гол учир шалтгаан нь эдгээр Танхимын гишүүдийг хоёр өөр арга замаар нэр дэвшүүлж, сонгоход оршиж байгаа хэрэг.
Дээд Танхимуудын нийт 42 гишүүнийг Монгол Улсын нийт сонгогчдын саналаар нууцаар, цахимаар санал хурааж сонгож, Төлөөлөгчдийн Танхимын хуралдаанаар баталж, бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс сонгуулийн насны бүртгэлтэй иргэд өөр өөрийн цахим хаягаас шууд санал өгөх бүрэн боломжтой байхын зэрэгцээ сонгогч хүсвэл тойрог, хэсэг дээрээ саналын тусгай хуудсаар саналаа өгч бас болох юм.
Харин нэр дэвшүүлэх үйл явц нь Төлөөлөгчдийн Танхимаас эрс ялгаатай, тэр ч байтугай өөр хоорондоо ялгаатай байх болно. Үүнд:
-Зөвлөхүүдийн Танхимд нэр дэвшүүлэхдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг иргэдийнхээ дунд явуулсан санал асуулгад үндэслэн 2 (хоёр) хүртэл хүний нэрийг ИТХ-ын хуралдаанаараа хэлэлцэн дэвшүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлнэ.
-Эрдэмтдийн Танхимд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, ХЗДХЯ-нд бүртгэлтэй, нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага (ТББ) 1 (нэг) нэр хүнийг дэвшүүлж, СЕХ-нд тус байгууллагын удирдах дээд байгууллагын албан ёсны шийдвэрийг хүргүүлэн бүртгүүлэх боломжтой байх юм.
Ингэснээр өнөөг хүртэл улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад дан ганц улс төрийн намууд оролцож ирсэн явцуу байдлыг арилгаж, иргэний нийгмийн оролцоо, тухайлбал, хувь хүн иргэд, төдийгүй төрийн бус байгууллагын оролцооны цоо шинэ ахисан түвшинд хүрнэ.
Дээд Танхимын гишүүн нь улс төрийн аливаа нам, эвсэлд харьяалагдахгүй, хэрэв харьяалалтай бол Дээд Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд уг намын гишүүнчлэлээс түтгэлздэг байх нь эрх зүйн чухал зохицуулалт болно.
Мэдээж хэрэг, нэр дэвшигчидэд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх арга хэлбэр, нэр дэвшигчдийг шалгаруулах болон сонгуулийн санал хураалтыг явуулах талаар Сонгуулийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг СЕХ-ны зүгээс шинээр боловсруулан гаргах шаардлага зүй ёсоор гарна.
Эрдэмтдийн Танхим болон Зөвлөхүүдийн Танхим нь Төлөөлөгчдийн Танхимын баталсан хууль, тогтоомжууд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, баримт бичгүүд болонүндэсний эрх ашигт нийцэж буй эсэхийг хянаж, батлах, эс батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Эдгээр Танхимууд тогтмол үйл ажиллагаагаатай байх бөгөөд Танхимын гишүүд тэгш эрхтэйгээр хуралдааныг ээлж дараалан даргалж, хуралдаанаа цахимаар болон шаардлагатай тохиолдолд танхимд явуулна. Хурлаар хэлэлцэх хуулийн талаар Дээд Танхимуудаас гарах дүгнэлтийг 3 хүртэл гишүүнтэй Ажлын хэсэг боловсруулан тус тусын Танхимын хуралдаанд оруулдаг байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний Аюулгүй байдлын асуудлууд, жил бүрийн улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлого зэрэг асуудлаар хоёр Дээд Танхим хамтарсан хуралдаан хийж шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд хуралдааныг УИХ-ын дарга удирдана.
Зөвлөхүүдийн Танхим, Эрдэмтдийн Танхим, эсвэл хоёр Танхимын нэгдсэн хуралдааны Тогтоол батлагдснаар Монгол Улсын хууль батламжлагдсанд тооцож, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэдэг байна.
Монголчууд бултаар ярьвал буруугүй, бүлээн усаар угаавал хэргүй гэдэг. Одоогоор яригдаж буй хувилбаруудын ололттой, давуу талуудыг хэрхэн ашиглах, дутагдалтай талыг хэрхэн багасгах, ингэхдээ судлаачдын урьд өмнө дэвшүүлсэн оновчтой санаа оноог өнөөгийн цаг үетэйгээ холбон төгөлдөржүүлэн, хөгжүүлэхийг зорьсон минь энэ.
Уншигч Таны мэлмий тунгалаг байж шүүн тунгааж болгооно буйзаа.
Б.Энхмандах /baabar.mn/