Монгол Улс төв Азийн цээжнээ оршин тогтнодог Ардчилсан орон. Энэ улсын эзэд нь дэлхийд хаа ч байхгүй цор ганц үндэстэн хэмээн өөрсдийгөө огшоодог. Хөх толботой, хүдэр чийрэг, мянганы суут хүмүүн Чингис хааны үр сад, нүүдэлчин ард түмэн гэж. Орчин цагт бүх зүйл баримтад тулгуурлаж, үнэлэгддэг болсон. Тиймээс шинжлэх ухаанчаар дээрх асуудалд хандаж, шүтэн биширч, хүндэтгэх нь зүйтэй байх.
Гэтэл Чингис хааныгаа хэдэн онд төрснийг ч мэддэггүй монгол хүн цөөнгүй. Тэр ч нэг хэрэг. Нөгөөтэйгүүр монголчууд хаа явсан газартаа нэгнийгээ хэмлэж, нохойд барьдаг мод шиг л биесээ өшиглөх юм. Ийм цөөхүүлээ атлаа дэлхийн аль ч үндэстэнд баймааргүй хагаралтай, нэгнийхээ дээр гарах гэсэн зантай, атаархуу, “би” гэсэн үзэлтэй иргэдтэй улс Монголоос өөр байхгүй л болов уу. Бензин, түлш ховордох нь ээ гэхэд л маргааш нь үнээ нэмчихдэг. Яг ч ховордоогүй байхад шүү дээ.
Дэлхий сөнөлөө гэх шар мэдээний сургаар лаа, шүдэнз цуглуулж, зах, дэлгүүрээ нураачих шахдаг. Танил талаа хүн гэж ойлгодог. Танихгүй хүнийг “золбин” мэт үздэг. Ийм аминчхан нийгмийн хүртээмжгүй. Хүнийг хуурч, хүнд өгсөн бараанаасаа хэдэн төгрөг олсныгоо ашиг гэж итгэдэг. Ийм зах зээл, эдийн засгийн мэдлэггүй. Эх орныхоо төлөө гэх үзэл санаагаа зөвхөн уран сайхны кинонд л дүрсжүүлдэг. Үүнийгээ амжилт гэж бахархдаг. Жинхэнэ эх орончдыгоо, амьдралынхаа төлөө тэмцэн үг, үзэл бодлоо илэрхийлж байгаа нэгнээ галзуу гэж гоочилдог.
Энэхүү өнгөцхөн, өнгө мөнгөний хандлагатай. Ийм оюун санааны мунхаглалаас бид салаагүй цагт улс орны хөгжлийг томьёолоод, тодорхойлоод ч хэрэггүй. Хүнийг хайрлаж, хүнтэй хүн ёсоор харилцаж, хүнлэг хандлагатай болж байж л бусад хөгжингүй орнуудын түвшинд улс нь ч тэр, нийгэм нь ч тэр дөхөж очих боломжтой. Гэвч бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс юм...
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (2)