Зам, тээврийн хөгжлийн яам болон ИНЕГ-ын төлөөлөгчид Турк улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Агаарын харилцааны тухай уулзалт, хэлэлцээ хийжээ.
Тодруулбал, хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Истанбул-Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 7, Анкара, Антальяа чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 5 хүртэлх давтамжтай нислэг үйлдэхээр болсон байна.
Өмнө нь хоёр улсын хооронд нэг агаарын тээвэрлэгч томилгоо авч нислэг үйлдэх эрхтэй байсныг олон тооны агаарын тээвэрлэгч нислэг үйлдэх эрхтэй байхаар тохиролцжээ.
Хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоорондоо “Сode sharing” буюу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар гуравдагч орон руу нислэг үйлдэх зохицуулалт хийхээр болов.
“МИАТ” ТӨХК, “Туркиш Эйрлайнс” хамтран эхний ээлжид Амстердам, Барселон, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хотууд руу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар нислэг үйлдэх бөгөөд бусад улстай мөн адил зохицуулалт тохирсноор АНУ зэрэг улс руу хямд үнээр зорчих боломж бүрдсэн хэмээн ИНЕГ-аас мэдээллээ.