Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Тэрээр "Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гарлаа.
Жилийн инфляц энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байна. Гэхдээ ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байна.
Эдийн засгийн идэвхжил энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс харьцангуй өндөр байж КОВИД-19 цар тахлын өмнөх түвшнийг давлаа. Сүүлийн саруудад уул уурхай, тээврийн салбар сэргэж, төмөр замын бүтээн байгуулалтын нөлөөгөөр барилгын салбар өсөлттэй болов. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон ХАА-н салбар зэрэг уул уурхайн ус салбар 2022 оны гуравдугаар улиралд үргэлжлэн идэвхлээ.
Хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх түвшинд хүрч, өрхийн хэрэглээ сүүлийн дөрвөн улирал дараалан тогтвортой өсөж, өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийн төлөв БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодит орлого зэргээс голлон хамаарахаар байна" гэлээ.