Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгай”-тай тэмцэл эхлүүлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөв. УИХ-ын 76 гишүүний 50 хувь нь холбогдсон гэх боловч хууль сахиулах байгууллага нь, тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг шалгаж байгаа” гэснээс өөр барьцтай мэдээлэл хийсэнгүй. Гэтэл А.Адъяасүрэн гэх эмэгтэй дээр өнгөрөгч 2020 оны сонгуулийн өмнө буюу “хулгай” илрэхээс бүр өмнө хавтаст хэрэг нээсэн байсныг АТГ-ын дэд дарга Б.Азжаргал хэлжээ. Хоёр жил хагасын өмнө гэсэн үг...
Мөн өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д онц байдал тогтоож, Засгийн газраас БЭТ томилсон тухай мэдээллээ. Товчхондоо А.Адьяасүрэн, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ гэдэг хоёр хүнээр “туг тахиснаар” хэрэг явдал шувтарч магадгүй болоод байна. Энэ хоёрхон хүн эрх баригч намын зарласан “40 их наядын” хулгайг даагаад гарч чадах болов уу?
Сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анх “Төмөр зам бариагүйгээс үүссэн 80 их наядын хохирлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ” гэж амласан. Буруутан нь хэн болохыг улс даяараа мэдэж байгаа. Сая үүссэн нүүрсний хулгайн асуудал дээр дахиад “40 их наядын” хохирол ярьж байна. Анх 6,4 сая тонн нүүрс хулгайд алдсан гэсэн нь одоо 2,5 сая тонн болоод буурчихсан байхад л “40 их наяд” нь хэвээрээ байгаад байдаг. Эрх баригчдын энэ “цээжний бангаар” ярьдаг том тоонууд юунд хүргэснийг бид ч харж байгаа. Хулгайд юмаа алдсан ард түмэн хотын төв талбай дээр гараад долоо хонож байна. Эхэндээ нүүрсний хулгайчдыг барьж шийтгэхийг шаардаж байсан жагсагчид одоо парламентыг тараах хэмжээнд ярьж эхэллээ. Нэг бол хулгайчдаа барьж өгөх, үгүй бол УИХ өөрөө тарахаас өөр зам үлдсэнгүй. Хэрэв тэгж чадахгүй бол эрх баригч намынхны зөгнөөд, муу ёрлоод байгаа “өнгөт хувьсгал” гээч юм руу явж магадгүй болоод байна. Төрийн эргэлт гарна аа гэсэн үг.
Үүнээс сэрэмжлэх ганц арга зам нь УИХ өөрөө тарах, эсвэл түүнийг тараах явдал. Нэгэнт тал хувь нь “хулгайн хамсаатан” гэгдэж байгаа парламент өөрөө тарах шийдвэр гаргана гэдэг боломжгүй учраас түүнийг тараах субьект хэрэгтэй болж байна. Энэ нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад энэ эрх мэдлийг нь өгөх явдал. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үүнийг хийж чадаагүйгээс болоод эрх баригч нам дотор 76 Ерөнхий сайд, 76 Сангийн сайд ажиллаж байна. Дээр нь Ерөнхийлөгчийг нэмбэл 77 толгойтой мангас болсон. Энд Ерөнхий сайд нэг үг хэлэхээр тэнд нэг хүн заавал түүнийг нь давж дуугарах гэдэг. Энд Л.Оюун-Эрдэнэ нэг үг хэлэхээр тэнд Д.Амарбаясгалан тэс өөр юм ярьдаг. Ийм олон толгойтой нам дотор хэр олон хулгайч үүрлэснийг тааж ядаад байх ч юм алга л даа.
Тиймээс Ерөнхий сайдад өгөх ёстой эрх мэдлийг нь өгөөд сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөхөөс өөр гаргалгаа алга.
Б.ЗАЯА