x

СЭТГЭХҮЙН ХӨХ ТОЛБО

Ард түмэн болгон өөрийн өвөрмөц араншинтай. Америкчууд прагматик, англичууд логик сэтгэлгээтэй, ôранцчууд романтик, оросууд эх оронч, япончууд зохион байгуулалттай, хятадууд ашигч гэх мэт. Мэдээж логикгүй англи, урвагч орос, дураараа япон хүн гэж байлгүй л яахав, гэхдээ нэг ижил цаг уурт, нэг ижил хувь заяанд нэг ижил хүмүүжлээр хүмүүжсэн ард түмэнд ерөнхийдөө гэж хэлж болохуйц нийтлэг араншин бүрддэгтэй хэн ч маргахгүй биз. Эрдэмтдийн тогтоосноор хэл бол тухайн ард түмний араншингийн толины нэгэн тусгал гэнэ. Эскимос хэлэнд цасыг 24 янзаар хэлдэг, монгол хэлний мал аж ахуйтай холбогдсон үгийн баялаг арвин, малай хэлэнд далайн зөөлөн салхинаас асар том шуурга хүртэл гуч орчим төрлийг нэрлэдэг, хятадууд будааны холбогдолтой ойлголтоор баян гэх мэтээр тухайн ард түмний эрхэлдэг аж ахуй, цаг агаар байгальтай холбогдсон онцлогийн хэлэнд тусаж буйг энд хэлээгүй. Тухайн ард түмний хэл логик тал руугаа хэлбийсэн байна уу, хийсвэр сэтгэлгээ рүүгээ юү, эсвэл дүрслэмж үү гэх чиглэлийг психолингвистик, этнолингвистик, социолингвистик гэх мэтийн шинжлэх ухааны салбарууд судалдаг аж.

Монгол хэл бол яах аргагүй дүрслэмж нь их хөгжсөн хэл. Хүнч сэтгэл, ёс зүй, ёс суртахуун, үзэл суртал, үзэл бодол гэх мэтийн илүү ôилосоôилог үгс байхгүй, эд бүгдийг хожим хадамлан тулгаж орчуулан буй болгожээ. Гэхдээ дүрслэмжийн асар их баялаг нөөцийг нь хэр баргийн хэл дээр хөрвүүлэх аргагүй. “Данхалзах” гэсэн үгийг орос хэлэнд том толгойгоо хөдөлгөх гэх маягаар орчуулж, “Зантганах” гэдгийг ял л адилхан тэгж орчуулсан байна. Тэгвэл цаана нь лалганах, лаглайх, лүглийх, нилхийх, ларжигнах гэх мэтийг яаж орчуулах вэ? Тухайн үйл явдалд ямар чимээ гарснаас болоод бүхэл бүтэн толь бичиж болмоор олон хувилбар бий. Шал пал, түл тал, нял пал гэх мэтээр шингэнтэй холбоотой, тас няс, түс тас, лис пас, таг няг, таг түг гэх мэтээр хатуу биетэй, пир пар, түр тар, нар няр гэх мэтээр битүүлэг агаартай холбоотой чимээ тэмдэглэсэн үгс байна. Энэ нь цаашаа хүн болоод амьтан эд юмсын чанарыг тодорхойлоход хэрэглэнэ. Түс тас хүн, таг түг гэсэн хүн, шал пал гэсэн хүн, пар пар гэсэн хүн, сүр сар гэсэн хүн... гэх мэтээр хэлэхэд тухайн хүний зан ааш өгүүлэгчийн нүдээр хэрхэн харагдаж байгааг дүрсэлж байгаа ба хоорондоо эрс тэс ялгаатай юм. “Юмтай хүн - юм юмтай хүн”, эсвэл “хачин болоод явчих - хачин хачин болох” гэсэн үгсийн ялгаа асар их ба дүрслэмж нь тун нарийн.

Цаг уур, амьдралын нөхцөл, эрхэлдэг аж ахуйгаасаа шалтгаалаад манай ард түмний сэтгэлгээний ерөнхий загвар түүхзн урт хугацаанд бүрэлдэн бий болсон байна гэсэн үг юм. Энэ нь алив учир шалтгааныг логикоор дамжуулан ойлгохоосоо дүрслэмжинд тулгуурлан хүрдэг бололтой. Аль ч ард түмний сэтгэлгээний ерөнхий загвар ямар ч хэлбэртэй байсан гэсэн энэ нь тухайн ард түмэн муу юм уу, сайн гэсэн үг яав ч биш. Ямар нь ч байлаа гэсэн өөрийн сул талтай, давуу ч талтай. Дүрслэмж сэтгэхүйд өөрийн маш олон давуу тал бий боловч автамхай, хардамхай, мөрөөдөмхий, үл итгэх мөртөө гэнэн занг төлөвшүүлдэг сул талын тухай энд өгүүлэх гэсэн юм.

Сийрэг суудгаас болоод хүн - хүн гэсэн нийгмийн харилцаа султай, хоорондоо уулзаж нийгмийн харилцаанд орох явдал нь цөөн нүүдэлчдийн хувьд ам дамжсан яриаг сэтгэлдээ ургуулан дүрсэлж байж факт болгон хүлээж авдаг ажгуу. Халуун зун, хүйтэн өвөл, сапхи шуурга, бороо цас зэрэг байгалийн үзэгдлийг шууд факт болгон хүлээж авахаас, түүнийг өөрчлөх, түүнээс хамгаалах арга хэмжээ авдаггүй нүүдэлчид факт гэж зөвшөөрсөн зүйлээ хөдөлгөөнгүй нотолгоо хэмээн өөриймшүүлдэг ба түүндээ эргэж анализ хийх, шүүмжлэлтэй хандах талаар тун маруухан. Аман зохиол бол амаас амд, үеэс үед найдвартай дамждаг уламжлал, түүх, зан заншил, ёс суртахуун, соёлын дурсгал юм. Бодит, биет зүйлийн дурсгал болоод фактыг авч хоцордоггүй. Ямартаа л дэлхийн түүхэнд хамгийн том дайн хийсэн ард түмэнд ердөө найман зуухан жилийн өмнө болсон их үйл явдлаас үлдсэн биет зүйл бараг ганц ч үгүй. Бахархал болсон “Нууц товчоог” л гэхэд Бээжингийн номын сангаас хятад ханзаар бичсэн байхыг нь зуун жилийн өмнө орос эрдэмтэн олж илрүүлжээ.

Мэдээлэл авах үндсэн арга нь ам дамжсан яриа учраас монголчууд хэдэн мянганы турш сэтгэлгээний хувьд тас хар, цав цагаан хоёрын хооронд л амьдарч иржээ. Ертөнцийн сайн юмны цуглуулга болсон домогт баатар, муу муухайн үүр овоохой болсон муу баатар хоёрыг л танина уу гэхээс завсрын чанар, хүн, шинжийг хүлээж авдаггүй, чадвар ч мөхөс. Үе дамжсан домог нь ч тийм, эргэн тойрныхоо тухай авсан мэдээллээ ч ийм л хэлбэрт оруулан дүрсэлдэг. Ийм сэтгэлгээ нь “дайсны” дүр хийгээд үйлдлийн тухай хийсвэр зураглалыг дор нь үйлдэн, түүндээ хөдөлгөөнгүй дүгнэлт өгөх чадвартай.

Ийм сэтгэлгээтэй нийгмийг аль ч хэлбэрээр жолоодоход харьцангуй хялбар байдаг бололтой. Эсэргүүцсэн, дэмжсэн зүйлээ цуу болгон дамжуулж сэтгэлзүйн бэлтгэлд оруулдаг аргыг лам нар эртнээс хэрэглэдэг байжээ. Шүүмжлэлгүй хүлээн авч, сэтгэлдээ тас хар ба цав цагаан баатрын дүрслэмж хийн хэлбэршүүлдэг сэтгэлгээ иймэрхүү бодлогын амархан олз болно.

Энэ аргыг хувьсгалчид магадгүй хамгийн үр дүнтэй хэрэглэж байсан билээ. Жанжин Сүхбаатар яаж үхсэнийг мэдэхгүй, ямар чиг гэсэн жанжны амийг хорлох гээд байна гэсэн цуу Хүрээнд их тарсан байсан хийгээд хоёрын зэрэг гэмгүй хүнийг жанжны амийг хорлохоор завдсан ялд тулган цаазаар аваачсан юм билээ. Үнэхээр ч үүнээс хойш тун удалгүй Сүхбаатар маш сэжигтэй байдлаар нас барсан нь түүхийн баримт. Цаанаасаа зориуд бэлтгэгдсэн есөн шидийн цуу үгэнд автсан байсан манай ард түмэн долоон зуухан мянган хүн амынх нь бараг 30 000-ыг цааш нь харуулж байхад юу ч хэлээгүй л юмдаг. Гэндэн Дэмидийн хэрэг гарч байх үед ямархуу цуу үг бүх нийтийг хамарсан байсныг өнөөгийн настан буурлууд санаж л байгаа. Жанжин Дэмидийг бууны сум даадаггүй баатар хэмээн алдаршуулж шүтүүлсэн байв. Үхсэнийх нь дараа хүндэтгэлтэйгээр оршуулсан ба хэдхэн хоногийн дараа Монголын аль ч хязгаарт хүрэхүйц нэгэн цуу албаар тараажээ. Дэмидийг унтаж байхад нь сэрээтэл цочин өндийгөөд “Ашгүй, япончуудаас хариу ирэв үү; аж үйлдвэрийн комбинатыг дэлбэлэх ажил бэлэн болсон уу?” гэж хүнээ андуурч асуугаад илчлэгдэж гэнэ ээ гэсэн яриа байна. Өдий соёлжиж боловсорсон хойноо ч “Талийгч Зоригийг Бат-Үүл дандаа зоддог байсан гэнэ” гэхэд шууд л үнэмшиж байгаа манай ард түмэн тэр үед энэ болхи цуу ярианд үнэн голоосоо итгэчихсэн байсанд гайхах явдалгүй юм. Ах дүү хамаатан садан үр хүүхэд, эцэг эхийг нь алчихсан мөртөө Чойбалсан цуу үгний буянгаар л ард түмэндээ үнэн голоосоо хүндэтгэгдэж байлаа.

Төмөр-Очирын хэрэг, Лоохуузын хэрэг, Жалан-Аажавын хэрэг зэрэг үй олон залхаан цээрлүүлэх процессыг дам үгийг ямар ч шүүмжлэлгүйгээр факт болгон хүлээж авдаг, дүрслэмжийн сэтгэлгээ нь давамгайлсан ард түмнийхээ дэмжлэг, халуун талархал, нижигнэсэн алга ташилтын дор Цэдэнбал гүйцэтгэж чадсан юм. Баталгаа нотолгоогүй дам үгийг шүүрэн авдаг сэтгэлгээг дан ганц дарга нар төдийгүй үй олон энгийн иргэд өөрийн хор шараа тайлах хонзогноход ашигладаг байлаа. МАХН-ын Хянан шалгах хороо, Ардын хянан шалгах хороо зэрэг нь ийм иргэдийн матаасанд дарагдаад шал нь даахгүй хотолзож байсан явдал саяхных. Хардамтгай, хорсомтгой, алив зүйлд шүүмжлэлтэй хандаж чаддаггүй ард түмний маань насанд хүрсэн таван хүний нэг нь нууц цагдаагийн хөлсний болоод сайн дурын мэдээлэгч байсан цаг ердөө л өчигдөр.

Ерэн оны ардчилсан хувьсгал гараад байдал дээрдсэн гэж бодож байна уу? Ердөө ч тийм биш. Матаасыг хүлээж аваад шийтгэл оногдуулан ялладаг газар нь “чөлөөт” сонин хэвлэл. Сахил хүртээд шал дордов гэгчээр үг хэлэх эрх чөлөөгөөр хангагдмагц матдаг, хорсдог өвчин нь улам гаарсан юм.

Нийгэм солигдож, олон жилийн хэвшмэл амьдрал өөрчлөгдөхөд нийгмийн сэтгэлгээнд их айхтар ядуурал үүсдэгийг социологич, психологчид аль дээр үед ажигласан. Тухайлбал дайны дараах европчуудын нийгмийн сэтгэлгээ ерөнхийдөө шизофрений төлөвт ойрхон байжээ. Харин манайд ерэн оны шилжилтийн эхний хэдэн жилд нийгмийн сэтгэлгээний шизофрени гойд тааруу байсан. Өөр гаригийнхантай холбоо тогтоож, нисдэг тэргээр нефть хайдаг өнөөх гайхалд ганц Ерөнхийлөгч л төөрөгдөөд итгэчихсэн юм биш, хавтгайдаа шүтэн биширч байсан нь үнэн шүү дээ. Холландын Жаргаланхан, Канадын Флинн зэрэг чинь манай нийгмийн, сэтгэлгээний л бүтээл шүү дээ. Өнгөрсөн хойно нь харааж, шоолж аль эртнээс мэдэж байсан цэцний дүр гаргацгаагаад байгаа болохоос...

“Зориг цонхоор морь харав” гэдэг “нотолгоотой мэдээ” манай ард түмнийг яг үнэнийг хэлэхэд “Гүррагчаа сансарт нисэв” гэдэг “цуу үгнээс” илүү баярлуулж, илүү сонирхлыг нь татсан Ганболдод “Чингис”, Гончигдоржид “Хангай” зочид буудлыг “бэлэглэж” байж сая санаа нь амарч байсан. Тэгнээ тэр, бүр тэгэх гээд байсан юм. Алт диллерийн хэрэг ч олон хүнийг хоолтой болгож өдий зэрэгт нэрийг нь хүргэж, амьдралтай нь залгуулж, албан тушаал авч өгсөн дөө. 

Мэдлэг мэргэжлийн чадваргүй, туршлагагүй, хариуцлагагүй байдал энэ алдагдалд хүргэсэн боловч баярласандаа бархиралдах олон хүн - хэрээ, тэдний хожоо харсан лүглэгэр, лүглэгэр эрүүгийн таамаглалыг шүүмжлэлгүйгээр хүлээн авагч ард түмний Халуун дэмжлэг энэ орныг хэдэн жил ажил хийлгэхгүй бужигнуулж билээ. Зуд болж байхад од шүүрэх гэж зүтгэх гэдэг энэ ажгуу.

Ард түмэн шизофрени төлвөөсөө гарч шинэ нийгмийн шинэ төлөв байдалд дасаж эхэлж байтал Ардчилсан хүчин засгийн эрхийг авснаар хонзогногчдод нийгмийн сэтгэлзүйгээр тоглох материаллаг болоод психологи, физиологийн зайлшгүй хэрэгцээ шаардлага гараад ирлээ. Ялангуяа бүхний таних лидерүүд засгийн газрыг бүрдүүлээд ирэхээр тэднийг зарж голоо зогоодог нийгмийн онцгой бүлгийнхэн цадаж эхлэв. Тэр дундаа Зоригийн цаг бус эмгэнэлт үхэл Монголын шар хэвлэл эрхлэгчдийн магнайг тэнийлгэлээ. Мөнгө олох баяр хөөртөө автан, эмгэнэлтэй зүйл бичих гэсэн тэдний үзэг нь дэвхцэн, ам нь чихэндээ хүрч байгааг харахад өрөвдмөөр ч юм шиг, жигшмээр ч юм шиг, тэдэнд мөнгөө төлөөд үнэмшиж суугаа нийгмийн сэтгэхүй маань л хамгийн гаслантай. Өнгөрсөн жилийг тэрний урьдахтай харьцуулахад 350 хувь өссөн ганц үйлдвэрлэл байгаа нь хэвлэлийн бизнес.

Шар хэвлэлийн мэдээлэл (өдөөн хатгалга, матаас, гүжирдлэг, хов) хаанаас гардаг вэ? Ерөнхийдөө гурван эх сурвалжтай юм шиг байна. Нэгдүгээрт, шар тайлах, хоёрдугаарт, өс тайлах, гуравдугаарт, хор тайлах.

Шар тайлах. Хэвлэлийн комбинатын хашаан дотор “хэвлэлийн бирж” гээч юм бий. Уншигч та өглөө есөн цагийн үед тэнд яваад очвол урьд өдрийнхөө архинд шартаад нүднээс гартлаа өрвийсөн хэдэн юм “Мэдээ авах уу?” гээд зогсож байдаг юм. Хэний тухай ямар шуугиан тарьж болохуйцаасаа хамаараад мянгаас арван мянган төгрөгөөр тэд “мэдээгээ” дуудна. Ихэнх шар хэвлэлүүд, ялангуяа шинээр гарч ирж байгаа нь тэндээс хамаг мэдээгээ худалдаж авна. Үнэндээ арван мянга хүрдэг мэдээ гэж байхгүй, шартаж зовсон хөөрхийчүүд өндөр үнэ дуудаж байгаад их бодож л хагас шил найрканы үнээр шартаж салгалсан гараар хэдхэн цагийн өмнө зохиосон бүтээлээ зараад арилж өгнө. Цаад худалдан авагч шар хэвлэлийн төлөөлөгч, юмыг яаж мэдэхэв гээд мэдээ зохиогчоос “үнэнийг батална” гэсэн гарын үсэг хийлгэж авна. Шараа тайлах гэж яарсан зайлуул юун дээр ч гарын үсэг зурахад бэлэн. Шар хэвлэлийн төлөөлөгч ч “Гончигдорж гэрээ цалин цагаан мөнгөөр доторложээ”, “Дорлигжавын цаг 15 000 долларын үнэтэй”, “Баабар гадаадад данстай”, “Элбэгдоржийн нүдний шилний үнэ 800 000 төгрөг”, “Бат-Үүлийн төрсөн дүү Австрийн Женев хотноо найзаа 18 хутгалаад шоронд оров” гэх мэтчилэнгийн мэдээгээр ард түмнийхээ чихийг мялааж, хэвлэлийн эрх чөлөөгөөр ханатлаа амьсгалж далимд нь хэд гурван цаас олохоор баяртайгаар одно. Яагаад гэвэл тэд уншигчид нь 15 000 доллароор цаг битгий хэл 1.5 кг алт худалдаж авч болно гэдгийг бодох байтугай Женев чинь Австрийн биш, Швейцарын хот шүү дээ ч гэж эргэцүүлэлгүйгээр мөнгөө төлж байгаад энэ тэнэг “мэдээг” нь сонирхон хүлээж аваад үнэмшинэ гэдгийг туршлагаасаа сайн мэднэ. Мэдээж та хэн нэгэн Гомбо, Балданг танихгүй учраас тэдний адал явдлыг сонирхохгүй. Ийм л учраас Бат-Үүл, Энхбаяр, Багабанди, Энхсайхан, Зориг, Баабар, Элбэгдорж, Гончигдорж гэсэн нэрс гүтгэлгийн зах зээл дээр үнэ ч хүрдэг, аятайхан ч зууш байдаг.

Өс тайлах. Хэн нэгэнд ядахнаа нэг удаа өс хонзон санаагүй монгол хүн байдаг юм уу? Зэрлэг бүдүүлэг үед ч яахав нум сумаар харваад өсөө авчихдаг байсан юм биз. Монголын ноёд биенээсээ өс авахын тулд уралдаж биенээ Бээжинд матдаг байсан жишээ мундахгүй. Болохоо л байвал манжийн амбан руу уралдаад таваргачихна. Социалист жилүүдэд эхэндээ Дотоодын хамгаалахад шип хийчихдэг байснаа сүүлдээ боловсронгуйжаад, ийм матаас хэтэрхий их байдаг учраас төрөлжүүлэн хүлээж авдаг олон инстүүц, байгууллагууд, салбаруудыг нам засгаас зориуд байгуулж өгсөн туршлагатай билээ. Ардчиллын үед өс авах хамгийн тохиромжтой газар нь “чөлөөт хэвлэл”. Зээл авах гээд бүтэхгүй байх, өгсөн зээлээ нэхээд салахгүй байх, ажлаас нь хусчихсан. авгайгийнх нь албан тушаалын булхайг илчилсэн зэрэг зэвүү хүрч өс хонзон санамаар юм маш элбэгээс гадна хэн нэгний сайн яваад атаархах, албан тушаалыг нь булааж авахыг санаархах, эсвэл ерөөсөө л байж байгаа байдал нь зэвүү хүргээд байх зэрэг матаас бичих үй олон шалтгаан бий. Үүнийгээ зарим нь өөрийгөө сэтгүүлч гэх аль нэг архичинг хөлслөх, эсвэл өөрөө гараараа уран бүтээлээ туурвих аргаар ард түмнийхээ чихэнд хүргэнэ. “Хөх толбо” зэрэг зарим сонин зөвхөн ийм мэдээлэгчдийн бичсэн юмаар л сониноо дүүргэнэ. Ухаан нь хэн нэг нь даргыгаа матаад гүжирдчихсэн юм аваад ирэхэд эрхлэгч нь цаад хүнийхээ төлбөрийн чадварыг харгалзаад нэлээд шахсан өндөр үнээр хэвлэхийг зөвшөөрнө. “Хөх толбо” гэхэд үүгээр нэлээд элит түвшинд гаран мэргэшсэн тул их л үнэтэйд тооцогдоно. Матаач нэлээд мөнгө төлж байж өсөө тайлна гэсэн үг. Шинэ сонингууд ийм бизнест гаршаагүй учир их хямдхан, зарим нь бүр үнэ хөлс авалгүй тавиад өгнө гээч. Чухам эндээс л “Тэмүүжин мэнч” компанийн гадаадынхан Монголын ард түмнийг хэрхэн шулж байгаа тухай, Аюулаас хамгаалах, Цагдаагийн байгууллагын аль нэг бүлэглэлийнхэн улс оны эрх ашиг хөсөрдүүлж байгаа тухай, Баабар Хятадын тагнуулчаар ажиллаж байгаа тухай, Отгонбилэг Эрдэнэтийг хэрхэн сэм тонон мөлжиж байгаа тухай, тэгснээ Отгонбилэг Эрдэнэтийн ганц аврагч нь байтал ямар жигшүүрт хуйвалдаанаар түүнийг шахан зайлуулж байгаа тухай, ертөнцийн хамаг бузар булайн үүр шар Зоригийн тухай, тэгснээ ардчиллын алтан хараацай Зориг мөнөөх хараалч сонины “ураацайтай” бараг өвөр түрийндээ ордог байсан тухай зурагт баталгаа зэрэг үй олон ноцтой мэдээ цуварна. Ерөнхийдөө л мөнгөө яаж төлснөөс хамаарна даа. Зөвхөн аймшигт хуйвалдаан, улс орныг мөхөөх гэсэн бүлэг хүний үгслийн тухай “маôи” гэсэн үгэн чимгээр дүүрсэн ийм мэдээг уншиж байхад сэтгэхүйн больницын параной (хардлагын) өвчтөний тасгаар зочлоод гарсан мэт сэтгэгдэл төрнө.

Хор тайлах. Энэ бол түрүүний хоёроо бодвол дээд зиндааны соёлжиж боловсорсон, ариун том зорилго бодлоготой матаас. Улс төрийн нам, намын доторх ôракцуудын мөргөлдөөн нэлээд албан ёсны маягтай болж гарч буй хэрэг. Мөн төрийн аппарат, ялангуяа гүйцэтгэх албанаас тараадаг мэдээ. Шалгалт, шүүлэг, хуралдаан, шүүмжлэл, авч хэлэлцэх гэх мэтийн нэлээд албан ёсны эх сурвалжтай. УИХ-ын дарга Багабанди Хятад толь бариад хужаа нартай хөөрөлдөв гэдэг матаас ийм төрөлд хамаарна. Энэ мэдээг Аюулаас хамгаалахын зориуд чагнагдаж байдаг телефоноос авсан байгаа юм. Тэгэхээр Багабандийг хорлох гэсэн нэлээд алсаас шидсэн чулуу болж таарч байна. Ийм боловсрогдож хянагдаагүй түүхий мэдээ цацагдах учиргүй боловч хүчний харьцааг тэгшитгэх зэрэгт их хэрэг болдог бололтой, УИХ-ын орлогч дарга Гомбожав мөн ийм түүхий мэдээгээр Шүрээ гэдэг хүүхэнтэй холбогдоод л морины бизнес хийж тоног мөнгийг нь идэж уусан хэрэгт орон шар махтайгаа хатаж явсан нэгэн. Гэтэл эргээд бусдыг албаны байдлаар гүтгэж буюу гүтгэлгийн материал тараахын жаргалыг амсаж ахих болсон нэгэн. УИД-ийг хувьчлах гэсэн булхайг тэр л илрүүлж худалдагч нарыг нь тэр л хөөрөгдөн өлсүүлж, энэ асуудлыг тэр л ард түмний нүдэн дээр тавьж гэгээ оруулсан билээ. Уул шалтгаан нь өөрийн намын Даш-Ёндонгийн фракцтай ирээдүйн ширээ сандал булаацалдсан л юм билээ л дээ. 

Өнгөрсөн жилийн Сэргээн босголтын банкны шуугианы үеэр түүнийх шиг цэнгэлдээ умбан туяаран гийсэн жаргалтай царайг би л лав насандаа үзээгүй. Зээлд хөөцөлдөж зуучлагчид гээд өөрийнхөө бүх дургүй, атаархдаг, хорсдог хүмүүсийнхээ нэрийг “албан ёсоор” жагсаагаад ирсэн тэрээр өдгөө шүүхэд очихоороо “надад тийм нэр гаргаж өгсөн нарийн бичгийн дарга хүүхэнтэй л тооцоо бодохгүй юу” гээд зогсож байна. Банкны захирлын ёлконы билет авсан үнийг “Социал демократ намын эмэгтэйчүүдийн байгууллагад 16 000 төгрөг хандивлажээ” гэж сүр бадруулсаар орж ирсэн түүний цаад зорилго нь МСДН-ыг байхгүй болгоод, Ху намыг Социнтернд оруулаад, өөрөө түрүүн нь урваад гарчихсан намынхаа орон зай дээр шинэ лидер болон дараагийн УИХ-д зүтгэх гэсэн даанч болхи санаархлынх нь л илрэл юм билээ л дээ, чааваас. Дайсны гүнд ганцаараа гэгчээр бөөн аймшигт луйварчдын дунд ганцаараа орчихоод шударга үнэнийг тогтоохоор тэмцэж буйгаа сүүлийн үед байн байн хэвлэлийн бага хурал гуйж хийлгэн зарлах донтой болсон УИХ-ын олон олон гишүүдийг уншигч та хий юм хардаг болчихсон гажигтай хүн гэж ойлгодог уу, бүхнээс тодорч овойж оцойх гэсэн жүжигчин гэж үздэг үү, эсвэл хэлсэнд нь шууд үнэмшиж түүнтэй нийлэн ариун шударгын төлөө алтан амиа золиосолсон ч яахав гэж боддог уу?

Манай нийгэмд муу муухай зүйл их байгааг хэн ч үгүйсгээгүй. Хээл хахууль, албан тушаалын ашиглал ялангуяа сүүлийн хэдэн жил хэрээс хэтэрч нийгмээ өөрийг нь залгих шахаж байна. Энэ нь хавтгайрсан үзэгдэл болж яаралтай арга хэмжээ авахгүй бол нийгмийн урхагшсан тогтоц болох нь. Ийм байдал бий болчихсон ба үүнтэй хэрхэн тэмцэх, түүнд хэвлэлийн гүйцэтгэх роль зэрэг нь тусдаа сэдэв юм. Нийгмийг өөрийн өчүүхэн ашиг завшааны төлөөх золиос болгон манипуляци хийж буй тухай асуудлыг л энэ өгүүлэлд хөндлөө. Тэртэй тэргүй ийм өдөөлтөд автамхай, хартай нийгмийн сэтгэлгээ үүн дээр улам хөөрөн жолоодлогогүй болбол мөнгө хожих гэсэн нь ч, албан тушаал хожих гэсэн нь ч, улс төр хожих гэсэн нь ч юу ч үгүй хоцорно. Жолоодлогогүй, замбараагүй, хуульгүй, удирдлагагүй нийгэмд хэн ч юу ч хожиж чадахгүй. Өнчин өрөөсөн хүнд хэцүү амьдрал туулж, нийгэмдээ шахагдан шоовдорлогдож, хүн толгойтой болгонд дээрэлхүүлсээр яваад оршин байгаа бүхнийг жигшин үздэг, бүхий л хорвоог өөрийнх нь эсрэг зогсож байна гэж хардаг, паранойтой, нуугдмал садист, сэтгэхүйдээ хөх толботой болчихсон “сонин гаргагч” юм уу, архиндаа түлэгдэж үхэх гээд шартчихсан зовж яваа “сэтгүүлч” гэгчдийн шар, хар, өс тайлалтын далимд нийгэм жолоодлогоо алдвал нөхөж баршгүй хохирол учирна. Чухамхүү үнэн худал нь огт ялгагдахаа больсон энэ байдал маань үнэхээр иддэг, уудаг, завшдаг, хулгайлдаг, шамшигдуулдагуудад ял завших тун аятайхан бололцоо олгож байгаа юм. Өнөөдөр Төрийн хянан шалгах хороогоор шалгагдан 5.8 тэрбум төгрөг идэж уусан нь нотлогдсон Сэргээн босголт банкны яг л тэр ажилтнууд нь өнгөрсөн зуны банкны шуугианаар МАХН-ын төв байранд очоод хорогдчихсон, шударга үнэний төлөө цогтой тэмцэж байсныг бүгдээрээ санаж байгаа байх. Улс төрийн хүчнүүд хамтарч луйварчидтай тэмцэх болохоос биентэйгээ тэмцэхийн тулд луйварчидтай нийлдэггүй учиртай ба үүнийг л улс төрийн дүрэмтэй соёлтой тэмцэл гэж нэрлэдэг юм шиг билээ. Манипуляцид авталгүй эрүүлээр сэтгэн үнэн худлыг ялгадаг чанараараа шар хэвлэлийг худалдан авч хөөргөхгүй байхыг л нийгмийн эрүүл сэтгэлгээний толины тусгал гэж үзэх болов уу.

Б.Баабар /1999.03.26/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 58 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top