x

Залхууд өлсгөхөөс өөр эмчилгээ үйлчлэхгүй

Өөдлөх өгөгдлөө өөдгүй хүмүүс үрэн таран хийсээр хоосров. Бичээд бичээд нэмэр алга. Сургуулийн минь хайрласан мэргэжил, гэдэс тэжээсэн ажил минь дон болж архагшаад салж өгөхгүйд хэдэн муу хуучин нийтлэлээ л тавих юм. Сонирхох зугаацах нэгэн гарвал энд тэндээс нь ч атугай уншина биз. Муу муухайгаа эгүрт хаяхсан. Дутагдалдаа эмзэглэх зовиурыг хошин мэдрэмж гэж бүдүүвчилдэг хүн би. Хошин мэдрэмж бол муугаас сэрэмжлэх дархлаа. Хувь хүн, нийгэм харш дадлаа үтэр түргэн орхивол дорвитой үсрэлт болно гэж итгэсээр насыг элээв.

Залхуугийн ходоодны мухрын хүсэл-биеэ зүдрээхгүй тансаг агаад үнэгүй амтатнаар бульдаж амьдрах. Цатгалан амьдраад ханахгүй. Баяжих! Мэдээж сул олзоор. Ийм паразит зан ардчилал чөлөөт зах зээлд харш. “Ажилсагт зол, лазанд хохь” давагдашгүй чанга зарчимтай өрсөлдөөн залхуучуудад лай. Өрсөлдөж амь зуух тэдэнд амьдын там. Залхуучууд чөлөөт зах зээл, ардчиллыг хараадаг шалтгаан-ердөө энэ.

Хумслах, бэлэнчлэх, монжооч монгол угшлыг нийгмийн гэх эзэнгүй өмч асаажээ. Нийтийн өмч хувалзнуудад далай мэт бэлэн хоол. Эзэнгүй өмч шимэгчид-коммунист онолоороо ардчиллыг шүүмжлэхдээ зангарагтай ч зах зээлд өөрсдөө хуруугаа ч хөдөлгөхгүй баяжихаар 30 жил эх орныхоо шим шүүсийг ховдоглон соров. Залхуучуудын мөн чанар-хөлс гаргах ясны дургүй. Гачлантай нь ХХI зуунд залхуураад жаргах сиймхий хуулийн засаглалд эрх биш хумигдсаар. 

Үүрэндээ бужигнах үй түмэн шоргоолж шиг-азийнхан ажилсаг агаад журамлаг. Тэгвэл бид? Бороо орж нар төөнөснөөр ногоо ургаж гол урсана. Мал ногоо идэж ус ууна. Монгол хүнд оролдох ажил бараг гарахгүй шахам. Зайлшгүй гүйцэтгэх нэг ажил бий. Тэр нь хутгаа бариад хот руугаа орох. Тархиа дайчлах өөр хэрэгцээ малчдын түүхэнд тэгтлээ гарсангүй гэж би гутрах бахдахын аль нь болохоо ялгахгүй бичдэг. Тааваараа лазагнадаг ч гэдэс мурийлгүй аж төрсөн монголчууд чөлөөт зах зээлийн өрсөлдөөний тоосонд булагдав. Машин компьютер телевизор хөргөгч гар утсаар өрсөлдөх тухай мэдээж яриагүй. Тийм нарийн салбараас бид байтугай орос ах шахагдсан. 

Мань хэрхэн ардчиллагдав? Урагшгүй харц нараа увайгүй ноёд нь шулж тансаглалаа. Ухаалаг нээлт-брэндүүд овсгоотой хувийн хэвшлээс төрөмтгий гэсэн. Уран сэтгэмж нүүдэлчдийн гавалд заяасан эсэх-бүрхэг. Таван хошуу малынхаа арьс ширийг боловсруулж чадахгүй 30 жил илжилж хаялаа. Нүүрсээ угааж коксоо галт тэргээр зөөж үнэ хүргэхээс 20 жил зугтаж орос ахаа долоов. Ардчилал чөлөөт зах зээлийг ашиглаж чадаагүй шившгээ Чингисийн удам хүлээхгүй-бурууг хол ойрын хөршдөө чихээд түншлэх нөхөдгүй ад болж хаягдав. Сэтгэх дасгал дутагдсанаас хатингаршиж үхэжсэн нүүдэлч-малчны тархинд юун бизнес, юун брэнд, юун патент. Оросыг магтах, Хятадыг муулахад л ухаан нь дөнгөж хүрнэ. 

Энхрий хайрт нэг нам, суут ганц жолоодогч тахин шүтдэг коммунист хэвшил чөлөөт зах зээл ардчилалтай гал ус шиг. Гэхдээ гол түгжээ-хуулиар амьдарч үзээгүй залхаг монгол хүн. Азтай монгол хүн гэж хөөрдөг өтгөс ч цөөнгүй. Амлалтаар сонгогдох, халамжаар амьдрах хоёр ихэр юм. Манай өнөөдрийн ардчилал юм. Маргааш өдрийн дампуурал юм. Иймэрхүү дуу байлуу. 

Журамлаг чанар хүний төрмөл араншин биш. Хүн ажил хийж ядрах дургүй. Биеэ амар байлгахыг хичээнэ. Нэг үгээр хүн адгууслаг. Гэвч амьдралын хатуу сорилтод хүн бүр хөдөлмөрлөж, хүн бүр хуулийн дор захирагдах болсноор журамлаг нийгэм үүсчээ. Олондоо татвар-хаялгаа хүртээж яваа баялаг бүтээгч залуусаараа би бахархдаг өвгөн. Шимэгч-паразит нарт би бусдын адил дургүй.

Дурсамж: “Утга зохиол” сонины 1989 оны 9-р сарын 15-ны дугаарт “Тэсэж үз” нийтлэлдээ социалист уралдааны талаар хөндсөнөө толилуулъя: улс төрийн боловсролоор БНМАУ, ЗХУ-ын түвшинд дөхсөн дэлхийн ганц улс. Яг л самбо бөхийн амжилт шиг. Самбогоор хичээллэдэг орон дэлхийд Болгарыг эс тоолбол хоёрхон. Марксист ленинист мэргэд ард түмнийг “ажил хөдөлмөрөөрөө уралд” гэдэг. Уралдахдаа өрсөлдөхгүйг анхаарлуулав. Өрсөлдөхгүйгээр яаж уралдах билээ гэж хувьсгалын эхний жилүүдэд улс төрийн мэдлэггүй монголчууд бүдүүлэгтэв. Тэд социалист уралдааныг хурдан мориныхоо уралдаанаар төсөөлсөн болтой. Уралдаан гэсэн болохоор тэгж ойлгох нь бас ч аргагүй. 

Морины уралдаанаас социалист уралдаан тэс өөр, бүхэл бүтэн шинжлэх ухаан байлаа. Наад зах нь социалист уралдаан гэдэг уралдаан биш байв. Учир нь социалист уралдаан түрүүлж сүүлдэхийн нэр биш, сайн нь муугаа урагш чангаах, муу нь сайныхаа араас зүүгдэхийн нэр байв. Нэг нь нөгөөгөө чирж уралдахаар түрүүлэх өрсөлдөөн өрнөсөнгүй. Социалист уралдаан хоцрогчгүй нь лазанчуудад завшаан. Ийм уралдаанаар хүмүүс уралдаад зогссонгүй, байгууллага, аймгаараа уралдав. Өөрөөр хэлбэл социалист уралдаанд хамрагдаагүй хүн, байгууллага, аймаг БНМАУ-д үлдсэнгүй. “Социалист ёсоор уралдахгүйгээр социализмыг байгуулж болохгүй” гэх онолоор бүхнийг өвч цэнэглэж харин дөнгөв. Уралдаад байлаа. Бүх хүн янз янзын мэргэжлээрээ олон арван жил уралдлаа. Зохиолчид хүртэл өдөрт хэдэн хуудас бичдэгээрээ уралдаад таван жилийн “гавшгайч зохиолч”-оор Б.Бааст гуай шалгарав.

“Социалист зарчмаар хэрхэн уралдах” онолоо гүнзгийрүүлэхээр ЗХУ-аас өндөр цалинтай мэргэжилтэн олныг урьсан нь мэдээж. Гэвч үр дүн гарсангүй. Сайн нь муугаа чирж гүйхэд урагшлах хөдөлгөөн удааширч буйг монголчууд оросоор заалгалтгүй мулгуу ухаанаараа гадарлаад байсан хэдий ч онол маань “манайд хоцрогдогч байх ёсгүй” гэж чангарна. Түрүү магнайгүй, баян ходоодгүй уралдаан ашиггүй агаад сонирхолгүй гээд гөжвөл улстөрийн хэрэгт унана. 

Эцэстээ монголчууд хүн чирж уралдсанаас хүнд чирэгдэж уралдах биенд хялбарыг мэдлэгээр бус лазан угшлаараа соргог гадарлав. Тэгээд цөмөөрөө чирэгдэгч болохыг битүүхэн хичээв. Яагаад гэвэл чирэгч чирэгдэгч хоёрын цалин ижил. Социалист уралдааны зарчимд нэгийг баярлуулж нөгөөг гомдоодоггүй. Үүгээрээ социалист уралдаан капиталист өрсөлдөөнөөс энэрэнгүй юмсанж. Харамсалтай нь энэрэх тусам хөдөлмөрчид “чирэгдэгч” армид шургаад чирэгчдийн хүч мөхөстсөнөөс тэд цөөрөв. 

Чирэгдэгчдээр хөгжил ахисангүй, зогсонги байдалд орлоо. “Тэргүүний малчин”, “тэргүүний ажилчин” тэмдгээс эхлээд төрийн дээд одон баахныг үйлдвэрлэж баруун солгойгүй шагнав. Энгэр цоолсон хөөрхийс дотроос хөөрүү онгироочууд амьд плакат болж үхэхээ мэдэхгүй зүтгэлээ. Гэвч биеийн амар хараад одонгүй ч гэсэн бусадтайгаа ав адил цалин хүртээд суух нохой зантай нь олон аж. Тэднийг социалист хөдөлмөрийн баатрууд чирээд чирээд хүч хүрсэнгүй. 

Яагаад урагш давшихгүй байна гэсэн хурц асуулт тулгарав. Үүнд хэн буруутайв, юунаас болов? Мэдээж феодализмын бурангуй чөдөрлөж байна гэдэг онолын жинтэй дүгнэлт гарч, энэ талаар дагнах эрдэмтэн доктор олширч, бидний бас нэг бахархал-үндэсний сэхээтний үзүүлэлт өслөө. Цагаан гарт сэхээтний үзүүлэлт өндөрсөх тусам төсвийн алдагдал ихэсч буйг нам засаг анзаараагүй дүр эсгэв. Чирэгдэгчдийн хөдөлмөрлөх идэвхийг эрдэмтэд өрнүүлж чадсангүй.

“Хөдөлмөрчдийг өдөр тутмын удирдлагаар байнга хангах шаардлага” гэсэн диссертациуд үнэд оров. “Социализмээ түргэн байгуул” гэж цаг ямагт чичлэхгүй бол ажилчин анги хөдлөх шинжгүй. Залхуучууд бол тэнэгүүд биш. “Улсын ажлыг коммунист ухамсраараа хурдан чанартай хий” гэж эх орны нэрийн өмнөөс өндөр дуугаар шаардсан даргыг залхуучууд ад үзэж араандаа зуухаа мэднэ. Хэн залхуучуудад ад үзэгдэж, “шаардах” ажил эрхлэх вэ? Эх орныхоо төлөө хойш сууж доош малтагчдын хараалыг идэх эр зориг хэнд байна?.. Ганц эх оронч зүтгэлээр олонд ад үзэгдэх тэнэг ховор аж. Харин цалингийн нэмэгдлээр залхуучуудад ад үзэгдэх хэнхэг хаа очиж бишгүй. Ингэснээр баялаг бүтээгч ажилчин малчнаасаа хавьгүй өндөр цалинтай дарга нар үржиж суудалдаа тухлаад “цаг ямагт хөдөлмөрчдийг байнгын удирдлагаар хангах”-ын хамт, орон тооныхоо цомхотголыг улаан галзуу эсэргүүцэгч 90 мянган шимэгч хувалз пиндийлээ.

Миний бодоход өрсөлдөөнгүй уралдаан хойш суугчдыг үржүүлж, хойш суугчид хүнд суртлын нүсэр аппарат үүсгэв. Хэрэв уралдаан маань эцэг өвгөдийн төсөөлж байснаар өрсөлдөөн байж, хэн түрүүлсэн нь илүү цалин аваад, ажил хийлгүй лазагнаж сүүлдсэн нь хоосон үлддэг болчихвол залхуучууд өлсөнө. Өлсгөхөөс өөр эмчилгээ залхууд байхгүй. Тэд өлбөрч үхэхгүйн тулд хэнээр ч шаардуулж заалгахгүйгээр юуг ч ямар ч янзаар урлаж чадна. 

Тийм тохиолдолд шаардах алба хариуцсан дарга нар хэнд хэрэгтэй юм бэ? Тэдний өндөр цалинг юу бүтээсэн гэж улсын сан хөмрөгөөс олгох вэ? Орлогын хойноос хөлсөө цувруулан уралдаж буй ажилчин анги “шаардах ажил хэрэггүй болчихоод байхад бид тийм олон шаарддаг хувалз дэмий тэжээхгүй” гэх буюу эсвэл “дарга нарыг ажилчин малчинтай адил тэгшээр өрсөлдөх уралдаанд уриалж байна” гэвэл юу гэх вэ?.. Би 33 жилийн тэртээ ийм юм бичсэн нь архивт үлджээ. 

Жич: Харанхуй бүдүүлэг монголчууд ардчиллаар замнах болоогүй ч юм шиг. Нэгд ардчилалд бэлэн бус сонгогчид, хоёрт намынхаа даргын ганц сэнтийг булаацалдагч-сүрэг сүрэг гишүүдийн увайгүй уралцаан ардчиллыг шившиглэв. Сүүлийн хоёр сонгуулиар 65-62-оор ялсан МАН-ыг муулах буруу. Тэр тусмаа нийт олныхоо урмыг хугалсан АН-д бол бүр ч шившиг. Ардчилалд 30 жил тэмүүлсэн хүн ам цөхөрч хуучнаа үгүйлээд бухимдуу. Тэд нэгдлийн малчин, улсын ажилчин явснаа, мөн сангийн орон сууцанд толгой хорогдож байснаа АН-д гомдоод мартжээ.

Сануулахад социалист уралдаанд залхуучууд чирэгч бус чирэгдэгч-өнөөгийн хэллэгээр бэлэнчлэгчид явсныг сэргээвэл хуучин руугаа гялс гулсана. Хувьчилснаа хураахаар сэлэм эргүүлээд буй нь бэлэнчлэгчдийг социалист уралдаан руугаа буцаж “чирэгд” гэж битүүхэн догиогоод байгаа юм бус уу. 200 мянган шимэгч-түшмэл буюу цүнх баригч МАН-ыг хормойдож гүйнэ. Чирэгдэгчид сонголтоо шимэгчдэд халамжаар худалдаж, шимэгчид шимсээр ноёлов. Ярсхийтэл гар өргөж нижигнэтэл алга таших цаг айсуй. Зоргоороо хуцагчид амаа үдүүлнэ. Нийгэм номхон морь болно. Гарын дорх номхон морины гэдэс өлөн, нуруу шалбархай, хөл доголон байдаг. Монголчуудын тавилан тийм аваас ардчилал чөлөөт зах зээл гэж сэвэх илүүц байв уу? Үгүй ээ, тэгэж бүү гутар. Өөрийн овсгоогоор чинээлэг амьдрах сортоотой үрс минь үржинэ гэх-ёргио өвгөний дэврүү мөрөөдөл биелнэ. Харин залхууд өлсгөхөөс өөр эм үйлчлэхгүй шүү!

Хуйлраан

УИХ-ын сэнтийд залрах өрсөлдөөн баячуудаас эхлээд бүр ядуусыг хамаад хуйлрав. Арга ч үгүй. Тэр сэнтийн өгөөж дэндүү. Тендерүүдийг хуу хамна. Хулгай луйвар эрсдэлгүй-дархлаатай. Эргүүлэн татах, хариуцлага хүлээх, ял эдлэх-өөрсдийнх нь зохиосон хуулиар гишүүдэд үйлчлэхгүй. Шүүх прокурор АТГ-ын хэнбугайч УИХ-ын гишүүдийн авилга луйвар хулгайг сөхвөл халагдана. Учир нь тэднийг тэд томилдог. Нэг үгээр халдашгүй байдлын дархан цаазтай сэнтий. Ийм агуу сэнтийн төлөө уралцахад ичих жижигдэнэ. Амь эрсдэхгүй л бол дээдийн заяа. 

Хойт насандаа бурхан болох гэж залбирч буй сүсэгтэн, УИХ-д сонгогдох гэж өрсөлдөж яваа нэр дэвшигч хоёр харахад ижил. Гэвч бурхан болж төрөх магадлал хоосон чанарт тулаад юу болсон нь хэзээ ч мэдэгдэхгүйгээр замхардаг бол гишүүн болсон эсэх санал хураалт дуусмагц шөнөөр зарлагдана. Шамбалд мэндлэхээс УИХ-д сонгогдох энэ насанд нүдэнд ил агаад баяжих ирээдүй бодиттой. Сонгуулийг монголчуудын хардаг өнцөг ердөө энэ.

Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох эргэлзээтэй” гээд “гишүүн болъё” гэнэ. Хамгийн гол нь бурхан хулгайлах луйвардах эрхгүй, гишүүний хажууд жижиг гар. Мохошгүй тэвчээр, цөхөршгүй энэрлээр шамбалд төрөх гэж насан турш гүрийснээс хэдэн саяын өр тавиад гишүүн болохоор азаа шодох амар. Гишүүн болбол зээлээ төсвөөс хулгайлаад төлчихнө. Гачлантай нь буян бус нүгэл үйлдэж байж гишүүн болдог-жаахан тийм. Гэвч өнгөрөгч коммунист зуунд буян нүгэл хоёрыг дэнслэх биширлээ ор тас орхисон монголчуудад бурхныг нулимаад гишүүний төлөө алалдах зам шулууджээ. Сонгуульд өрсөлдөнө гэж арай л нохой хуцсангүй. Хуцсан ч байж магадгүй. Нохойн хэл мэдэх биш. Бүгд гишүүн болохоор нэр нүүргүй хуйлраад байдаг.

Улс гүрнийг жолоодоход уг нь онцгой гавал, өндөр мэдлэг, арвин туршлага, журамлаг ёс зүй хэрэгтэй сэн. Утоп коммунизм, анарх капитализмын дунд алиа алдсан массыг эргүүтүүлж санал бөөндөхөөс-амьдралд яв цав тохирч биелэгдэх бодит нөхцөл бүрдсэн хууль зохиох ондоон. Энэ нь онцгой гавлын үнэ цэнэ. УИХ-ын сэнтий уг нь галзуу-шизо, булчинлаг-мангарууд заларч тонгочдог суудал арай биш байлтай.

Би ард түмнээсээ хол түрүүлсэн тул сонгуульд өрсөлдөхөөр шийдлээ гэж олонд зарлах даруу монгол зангаар бол ичмээр үйлдэл. Миний зүрх бусдын зүрхнээс илүү эх оронч гэх нь ярьдаг үг мөн үү? Ард олны оюун ухаан дотроос миний оюун ухаан тасархай. Өрөнд унасан Монголыг зөвхөн би л хөгжүүлж чадна. Өөр хэн ч чадахгүй гэх тэнэг бардамнал бүтэн ухаантай хүмүүсийн элэг доог хэдий ч гайхалтай нь сонгуульд хаалтгүй ялдаг. Бүтэн ухаантай нь тэнэгүүдээс дэндүү цөөн аж. Дүнхүү мулгуучууд сонгогчдын дийлэнх болохыг анзаарсан нэр дэвшигчид тэднийг дөрөөлж ялдгийг сэргэлэн жаалж байна гэхээс өөр юу гэхэв. Сонгогдвол хуулиар тоглож зад баяжна. 

Саналаа мөнгөөр өгдгөө тооцохгүй бол бид сонгох бүрэн эрхээр хангагдав. Өөрийн үзлээр Төрд төлөөллөө сонгоод зогсохгүй ямар ч галзууд Төр түшилцэхээр сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн. Ерөнхийдөө эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд монголчууд бөөндөө өргөн фронтоор давшлаа. Төр түших амархныг Б.Наранхүү мэтийн дуугардаггүй гишүүдээс анзаарч зоригжсон харанхуй мангарууд хүртэл хуйлран дайрав. Б.Наранхүү гишүүний мөнгөтэйг тооцох ухаан тэдэнд алга. 

Хуйлрах өвчин монголчуудад эртнээс угшилтай. Богд хэмээх төвдийн шээсэн газрын шорооноос авах гэж хуйларч, хөлдөө унасан хөгшдөө гишиглэн гэмтээж асан түүхээ сана. Хуйлрах донтой хүмүүсийн нийтлэг шинж гэвэл тэд ядарсан зовсонд тусалж, буян үйлдэх нинжин сэтгэлгүй цэвдгүүд байдаг. Тиймээс гишүүн болох гэж хуйлрагчдын мөс чанарыг сайтар тунгаан ялгаж салгана буй зээ. Хуйлраан дунд сайн хүн байгаа. Гагцхүү тэднийг олж сонгох. Сонгох эрх зуун хувь өөрт бий гэдэг чинь хэрэв мөнгөөр зарчихгүй бол чамлах ардчилал биш шүү. Хуйлрагчдын дундаас авилгач, хулгайч, луйварч, харанхуй, мунхаг, солиот нарыг сонголгүй тойрох эрх сонгогч болгонд зуун хувь бий.

Гэхдээ УИХ-ын гишүүн болохыг хорвоо дээрх цор ганц гайхамшиг гэж бүү итгэ. Авъяас чадвараа нээж сайхан амьдрах боломж эх оронд минь хөл дор чинь хөглөрч буй. Хараал зүхлийн бай-УИХ-ын гишүүнд өчүүхэн хүмүүс тэмүүлдэг. Мулгуу хэрнээ хэрүүлд гаажтай, хор найруулахдаа адтай хүмүүс улс төрд хуйлардаг. Бас хуйлрааны дүйвээнд хөгийн хөгийн цагаан мангарууд нэрээ дэвшүүлж хөөрцөглөөд ялна гэж итгэж буй нь өрөвдөлтэй. Хоолны мөнгөгүй хоцрох вий дээ. 

Өндөр хөгжилтэй орнуудад оюунлаг эрдэмтэд баян бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зарж хамгийн их орлоготой амьдардаг. Тийм боломж Монголд үүсэж буй. Ашиг уутлах нээлтээ үйлдвэрлэгч нарт өндөр үнээр зарах нүгэлгүй. Яагаад гэвэл чиний нээлтээр үйлдвэрлэсэн брэндүүд баяжуулна. Шинжлэх ухааны салбарт гоц нээлт сэтгэсэн толгой цойлдог. Шинэ нээлт санал хураалтаар шалгардаггүй. Давуу үзүүлэлтээр бярддаг. Гавлаараа тэргүүлэгч сод ухаантан баяждаг. Шинжлэх ухааны өрсөлдөөн эрдэмтдийг хурцалдаг. Брэнд бүтээж бизнесээ цэцэглүүлэх ч-нээлт. 

Залуус минь УИХ-ын гишүүн ба дарга тушаалтныг үл тоогоод, эрдэм мэдлэгийг эд баялаг болгон хөрвүүлдэг энтрепренер-сэхээтнүүд болохын төлөө хуйлар. Шинэ нээлтээр хүртдэг патентын тоогоор дэлхийд өрсөлдөхийн тулд хуйлар. Академи хүрээлэнгийн тааз ширтээд, төсөв хөхөж суудаг эрдэмтдийн арми улсыг хоослохоос гадна тэдний сод оюуныг ширгээдэг. “Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд” гэх үгийг эргэцүүл.

Ядаж дуурайж сурахсан

Монголчууд таван хошуу малынхаа захад үе дамжин залхуурч эвшээгээд амар жимэр хэвтэж байтал ХIХ-ХХ зуунд хүн төрөлхтөний хөгжлийг дагахгүй бол бусдын хоол болох эрсдэл тулгарав. Европ хүн үржиж нутагтаа багтахаа болиод нүүдлийн царцаа шиг нүүгэлтэн бусад тивийг эзлээгүй бол монголчууд мал сүргийнхээ буянд байгаль сэвтүүлж хөнөөл тарихгүй мөнхрөх байв. Гадны гайг цөөн буурай нүүдэлчид яалтай ч билээ.

Хэт олширсон хүн төрөлхтөн өлбөрч, олон зуун жил ядарч зүтгэсний хүчинд өдгөө хэрэгцээнийхээ бүтээгдэхүүнийг хүрэлцэхүйц үйлдвэрлээд сурчихаж. Өөрөөр хэлбэл өлсгөлөн ядуурлаа давахын тулд онох алдахыг хослуулан зуу зуу жилийн гайхамшигт тэмцлээр тийм амжилтад хүрч өндөр хөгжсөн европчуудыг магтууштай. Бидэнд тийм сорил тулгарсангүй. Бөмбөрцгийн хүйтэн дээвэр дээрх хувь заяа минь тойруулчихаж. Тулгарсан бол давах эсэхийг бүү мэд.

Гэхдээ монголчууд азтай улс. Бид асар их бэлэн туршлага дээр буучихав. Маньд шинээр сэтгэх гэж тархиа гашилгах түвэг учирсангүй. Сайн дуурайвал үсрэнгүй хөгжил шууд нутагших азхүү шовойв. Шинэ нээлт сэтгэж, нээлтээрээ брэнд бүтээх гэж хэдэн үеэрээ мунгинаж, алдаж онож, бөөн ажил зарлага гаргаж хугацаа алдсанаас сайн дуурайвал хөгжлийн зуунуудыг товчлох хожоо заяажээ. 

Хот сүндэрлүүлэх, зам гүүр сунайлгах, ургацаа нэмэх, эрчимжсэн мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхлэх бэлэн жор янз янзаараа байж байдаг. Дуурайж чадвал бүх юмны стандарт бичээстэй нь баршгүй бэлэн хоол. Төрийн тогтолцоо, олон ургальч үзэл, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, шилэн данс, хөнгөлөлтэй зээл, бонд, нано технелоги, дижитал, хиймэл оюун ухаан гэх мэт хамгийн дөмөг хувилбарууд шалгарч тунаад ХХI зууны хоцрогдсон ард түмний өмнө ил болжээ. Амьдралаа өөд татах, улсаа хөгжүүлэх янз бүрийн бэлэн жор лангуун дээрх бараа шиг алаглаж байна. Овсгоотой хөршүүд барууны технологиос будаа идээд азийн бар болцгоов.

Харин бидний хувьд бэлэн стандартаар хүмүүний бүтээснийг дуурайлгаж үйлдээд хөгжлийн замаа товчлох ухаан хүрэлгүй дэлхийн шившиг боллоо. Ухаан хүрээгүй гэхэд бас эргэлзээтэй. МАН, АН хоёр төрийн толгойд ээлжээр заларч 30 жил хэрэлдэхдээ хөгжилд нэмэртэй юу ч дуурайлгүй ард олноо хоосолж өөрсдөө баяжсан дэлхийн шааруудыг дуурайжээ. Дуурайх авъяас нь хар аминдаа бол гаргууд гээч. Дуурайх авъяасаа эрх баригчид цөм эх орондоо зориулсан бол бид 30 жилд цойлсон. 

Уурхай ашиглаж үзээгүй малчид Булангийн орнуудын туршлагыг дуурайвал бэлэн байлаа. Тэдэнд нефть олборлох мэдлэг байсангүй. Тэд мэдлэггүйгээ мэдээд гадны чадварлаг багууд хөлсөлж, ордуудаа хэсэг хугацаанд удирдуулжээ. Өндөр мэргэжилтэй гадны багийг дагалдуулж өөрийн шилмэл боловсон хүчнийг сургахын зэрэгцээ гадаадын сургуулиудад ирээдүйд уурхайгаа удирдах сод гоц хүүхдүүдээ өртөг нарийлалгүй бэлдээд авч. Ингэснээр Булангийнхан үлгэрийн орон мэт баяжлаа. Арабууд орд олборлож үзээгүйгээ тооцож тийм арга сонгосон бол монголчууд капиталист багаар удирдуулбал цөлмүүлнэ гэх Ленин багшийнхаа онолоор “өөрсдөө чадна” гээд мэдлэгээр бус коммунист омогшлоор нүдэн балай дайрав. Бүх хүн ам нь бичиг үсэгтэй, сансарт иргэнээ нисгэсэн, дэлхийн хоёр дахь социалист орон явсан монголчууд муусайн арабуудын менежментийг хуулах гутамшиг гэж онгирсон биз. Ордуудынхаа нөөцийг агуу гэж сагсуурахаас, олборлоход ямар зардал гарахыг малчин монголчууд мэдэхгүй шүү дээ. 20 жил ингэж сарлагтаад 2.5 сая хувьцаа эзэмшигчдээ тараах сохор зоос ч олоогүй нь өдгөө булангийнхнаас ичиж үхмээр.

Бидний амин хүсэл-даргын сэнтийд насан турш заларсаар хөгжилд хүрэх. Харамсалтай нь тийм гайхамшиг байдаггүй аж. Хөгжлийн зам бол хурдны зам биш. Зүтгүүр-локомотив нь ХӨДӨЛМӨР. Язганатал хөдөлмөрлөж буй хятадуудыг дуурайх монголчуудад залхуутай. Тэгж хөгжсөнөөс таван хошуу малынхаа захад унтаж хэвтэх минь гэнэ. Умард хөршдөө урвахгүй, урд хөршдөө уусахгүй итгэлийг нь даагаад нөмөр нөөлгийг нь хөгжил болгох жим азаар сүүмийнэ. Тийм бүдэг зөргөөр үсрэнгүй дүүлсэн жижиг буурай орны жишээ “будаа идвэл” байж л байна. Тэднийг дуурайгаад сурчих төрөлхийн монгол ухаан, төрөлхийн монгол авъяас, төрөлхийн монгол чадвар уг нь бий. Харин “төрөлхийн журамлаг хүмүүжил, нэгдмэл зорилго” алга. 

Дуурайж сурах байтугай гаднаас авсан зээлээ “чулуу болгож” чадалгүй үрж өрөнд уначихаад, хөнгөлөлттэй зээл өгсөн донороо шулагч гэж зүхээд, өөрсдийгөө эзэн Чингисийн эх оронч удам гэж хөндий цээжээ дэлддэг гээч. Ийм мунхаг “гар”-уудад дахин дахин зээл өгөх гүрэн, хөрөнгө оруулагч олдох уу? Бид мөнгөгүй гуриатсан болохоос тэд мөнгөгүй болоогүй. Бид гуйсан болохоос тэд гуйгаагүй. “Чингисийн удам өөрсдөө хөгж” гээд бүгд буруу харчихвал бид хэнд гэмээ чихэх билээ. Хужаа нарт уу, гурав дахь хөршдөөн үү. Эсвэл ардчилалд уу. 

Юмхнаар юм хийх чадваргүйн дээр үрэлгэн сагсуу этгээдээс хол явахыг ажил хэрэгч хүн хичээдэг. Америк герман япон солонгос хятад технологиос сурах (дуурайх) нээлттэй. Технологийн гайхамшгаас нь хүртээд хөрөнгө оруулалтаар нь бэлжээд өндийхийг хичээхгүй түншлэх санаа өвөрлөж дэд бүтэцгүй цөлд зориглож ирсэн гадны ховорхон бизнес эрхлэгчдийг юун түрүү шулаачаар хочлож үзэн ядах-монгол өөдгүй араншин бус коммунист суртахуун байх аа. 

Тайгын хэдэн цаатантайгаа ижилсээд дэлхийн баян жуулчдын амьд үзмэр болох гээгүй бол бусдын хөгжсөн загварыг эзэмшихийн төлөө чармайхаас өөр зам алга. Өгсөн зээлээр нь үсрэнгүй хөгжөөд, зээлээ хугацаанд нь хүүтэй нь “баярлалаа” гээд тушаавал урам орсон донор орнууд цаашид дуртайяа хөрөнгө оруулж, хамтдаа хождог жишээ тогтжээ. Энэ жишгийг Монголоос бусад орнууд дагахыг хичээх боллоо. 

Энэ жишгийг дуурайж өндийхөд минь дургүй эрчим хүч нүүрсний орос магнатууд юу гэж шорддог гээч? “Гурав дахь хөрш гэдэг чинь эдийн засгийн алуурчид. Тэдний хөрөнгө оруулалт, зээл дампууралд унагадаг. Зөөлөн Хятадаас даруй холд. Их ойртвол уусна” гэж манай хулчгар аймхай бас тэгээд мөнгөнд нугасгүй эрх баригчдыг далалсаар оосорлоод авчээ.

Бэлгүй улс зээлээр өндийсөн нийтлэг туршлага дуурайвал дурайж байна. Түүхий эдийн бааз руугаа марш гэх хөршийн команд ч цэхээтэй. Зовхи нь өөдөө монголчууд байна уу? Байвал хөдлөөч. Бөмбөрцгийн цараар хэмжвэл барилдаач охид хөвгүүд минь дэлхийн шилдгүүдийг айлгаж байна. Шүглийн дууны завсар, нарийнхан дүрмээр ана мана тэмцэлдэн ялж буй охид хөвгүүд минь баргар нийгэмд сэтгэл сэргээдэг. Дэлхийд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот тугаа мандуулдаг. Тэд дэвжээн дээр өөдөө хараад өрлүүлж буй хонь шиг хэвтдэггүй. Тэд бусдын чадсаныг монгол хүн чадахыг гал цогтой харуулдаг. Эрх баригчид аа та нар шинээр зохиох ухаангүй бол ядаж дуурайж сураач.

Нэр нь хугардаггүй баатрууд

Монголчууд нэр хугарахаас айж, нэр хугарснаас яс хугарсан нь дээр гэдэг байж. Жудагтай л үндэстэний сургаал. Харин өдгөө монголчууд нэр хугарахаас хэр цэрвэж байна? Луйвардах хулгайлах авилгадахаас гүдийхгүй цайрчихсан этгээдүүд харсаар байтал завшиж монжиж суга баяжаад, ял сонсох бүү хэл, “чадаж буй юманд арга байхгүй” гэж бардамнан гайхуулдаг гээч. Нэр цэвэр мөр бүтэн амьдрах гэж яваад хохирч ядуурсан азгүйчуудыг луйвар хулгайн гайхам хожил, дуу алдам олз омог даллах нь ид шид мэт. Халдварт тахлын голомт төр засагт буглаж, шударга амьдрах зам хаагдав. Чимээгүй залгих мангастай иргэн бүр тэмцээч. Нийтийн нэгдмэл тэмцлээс өөр аврал алга. Тэнгэрээс унжих мафийн хормойд залуус зүүгдээстэй. Хулгай худалд уруу татдаг бузраас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ.

Үр хойчоо шударга, ажилч, соёлтой ёс зүйд төлөвшүүлсэн эцэг эхийн гавъяаг-ядаж манлай уяачийн хэмжээнд үнэлээч. Азнайнхаа түрүүгээр алдаршиж од болдог шигээ хүүхдийнхээ хүмүүжлээр манддаг Монгол гэгдээч. Ач гуч нар минь буруу зам руу хальтардаггүй-дэлхийд тэргүүлэгч иргэдтэй мэдлэг ур чадвараар зэрэгцэх горьдлого бүдгэрэв. Зах зээлийн танил бус сорилуудтай тулгарч барьц алдсан залууст үнэнч шударгыг дагах ашигтай юу, худал хуурмагийг дууриах унацтай юу. Ээ мэдэхгүй би л лав хариулж чадахгүй юм байна. Хөгжлийг хөдөлгөгч гол хүч-хүн гэдэг. Ялангуяа хөдөлгөгч гол хүч залуус ялзарсан нийгэмд үнэнч шударгын бартаат жимээр бүдрэн бүдрэн бэдэрсээр эцэст нь мухардаж, луйварчдын худал хулгайн дагалдан болж эвдэрч эхлэв. Ийм ирээдүй Монголыг хааш нь аваачих вэ. 

Харь орноор тэнүүчилж яваа монголчуудаас гадаадынхан сэрэмжилж сэжиглэдэг. Бид өөрсдөө энэ гутамшгаа сайн мэднэ: залхаг, архичин, тэгсэн атлаа луйвар хулгайд нугасгүй. Гадаадад бие биеэ хулхидна, тэр ч бүү хэл ална. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг. Архи янхан сүйрэл рүү түлхэж буй. Монгол хог новшиндоо дарагдсан, авилгад идэгдсэн гуйлагчны ой гутам орон болж, иргэд нь дэлхийд нэр хүндгүй, нүдний булай-хорвоогийн шаар гэгдвэл хаашаа харж үхэх вэ.

Өвөг дээдэс маань “зөв нь буруугаа дийлдэг, зөөлөн нь хатуугаа элээдэг” гэж бардам философдож байжээ. Тэдний аж төрж асан цаг үед зөв нь буруугаа дийлдэг байснаас ийм сургаал гарч. Дажгүй нийгэм байж. Харин бид буруу нь зөвийгөө дийлдэг ёрын-ардчиллыг бүрэлдүүлчхэв. Ардчиллаас гажиг ургаагүй харин монгол хүний ясны араншингаас муу нь сэдэрчээ-эрх чөлөөг далимдуулан. “Буруу”-д ялагдсан “зөв”-ийг олны нэгдмэл идэвхтэй тэмцэл аврахыг хэлсэн. Социализмын үед дутагдал доголдлын эсрэг олны нэгдмэл тэмцлийг мөн ч их ухуулсан даа. Энэ тухай миний бие “тоншуул”-ын хуудсаар зөндөө чалчсан. Нэгдмэл идэвх аль ч нийгэмд үл хувирах мөнхийн үнэт зүйл болтой. Үүнийг тоохгүй орхивол уршиг нь салдаггүй аж. Нэгдмэл чармайлтын өгөөжийг олж харах оюуны гярхай мэлмийгүй бид дур дураараа сул олз олохоор хэдэн тийшээ зүтгэж эв нэгдэл задрав. Энэ нь эрх чөлөөний гай бус эрх чөлөөг эдэлж чадаагүй мануусын гутамшиг шүү хүүхэд минь. 

Заяасан ганц насны амьдралаас үнэтэй нь хорвоод үгүй. Гэхдээ хойч үеийнхээ сайн сайхны төлөө юу ч хийлгүй, юу ч үлдээлгүй, магадгүй бөөн гай тариад үхэх дэндүү цэвдэг бус уу. Зөвхөн хар амиа хичээсэн, улсаа огт боддоггүй бэртэгчин үзэл Монголыг нураах нь. Хөвгүүд охиддоо зөвийг дуурайвал зөвддөг, бурууг дагавал бурууддаг тийм ариун тавлаг орчин бий болгоод нүд анихсан. Хойч үеэ гэсэн тийм буухиа хайраас, улс үндэстний буян арвижиж, дэвшил хурдаа авдаг.

Дээр нь байгаа ноёдыгоо
Дийлье гэвэл чадал байна аа хөө
Дийлээд тэднийг унагаавал
Дээдийн жаргал ирнэ ээ хөө гэсэн дуу байсан.

Энэ дуу яах аргагүй улаантны зохиосон ухуулгын дуу. Дээр нь байсан ноёдыг хувьсгалчид дийлдгээ ч дийлсэн, унагаадгаа ч унагаасан. Харин тэр дээдийн жаргал нь морилсон уу? Дээдийн жаргал гэдэг нь дөнгөж дал наслах тавилантай социализм байж. Коммунист сурталд хууртаж, сүйртлээ хэлмэгдэж хохирсон монголчууд ганц зөв зам гээд ардчиллыг дуурайтал толгойд ноёд бус олигархиуд гэдэг айхтар ландрамууд асчихав. Ер нь аливаа хувьсгал, аливаа жолоодогч нартай болгоомжтой харьцахыг түүх бэлхнээ сануулдаг билээ.

Хаад ноёдын хэрэг буруудвал
Харц биднээс юуны өөрцгүй ээ хөө гэсэн бүр эртний дуу бий. 

Энэ бол ардын дуу. Хаад ноёдын хэрэг буруудвал харц ардтайгаа адил болдгийг сануулж, ёжлонгуй дуулж асан нь тэр үе нэг хүнийг тахин шүтэх-социализмээс хол дээр нийгэм байж. Дээрх хоёр дуунаас феодализм, социализмын чансаа ялгарч байна. 

Тэгвэл ардчилсан хүмүүнлэг нийгэмд төрийн түшээ, сайд нарын хэрэг буруудвал харц бидэнтэйгээ адил шийтгэл хүлээхээ больжээ. Гэмт хэрэгтээ хариуцлага хүлээдэггүй хүний нэр хугарах уу. Ариун төр засаг, хуулийн шударга байгууллага, идэвхтэй нийгэм-хүний нэрийг хугалдаг байх нь. Монголд энэ гурван өгөгдөл авилагад идэгдсэн тул нэр хугарна гэж айх аюул үгүй болж, хэрэг нь буруудсан ч харц ард шигээ шийтгэл хүлээдэггүй даварсан хүчирхэг хулгайч луйварчид дураараа дургиж, тэдний эсрэг сөрөх хүчгүйгээ мэдэрсэн иргэд төрмөл унаган сонор сэрэмжээ унтрааж нийтийн тэмцэл мөхжээ. Ингэснээр яс хугарахаас нэр хугардаггүй гэх бичигдээгүй хууль бүхнийг ноёлов. Дархлагдсан хулгайч луйварчдын төлөө сонгуульд саналаа байнга өгч, тэд хагартлаа баяжиж, тэдний саварт цагдаа шүүх прокурор базууллаа. Тэд-ардын дууны адил ард түмний бүтээл. 

“Нэр хугарахгүй болсон учир шударга замаар бэдэрч хохирч хоосорч явснаас худал хулгайгаар замнавал чинээлэг амьдрах-ганц зөв хөтөлбөр” гээд залуус ахиу мөнгө амалбал ямар ч бусармаг хэрэгт хөлслөгдөхөд бэлэн байх шиг. Ингэхээр нөгөө муу Монгол улсын чинь ирээдүй юу болох вэ. Шударга ёсны төлөө яаж ч хохирохоос айхгүй тэмцэнэ гэдэг улаан галзуу эх оронч эрх баригчид 6-7 тэрбум долларын нүүрсний хулгайд орооцолдов. Сошилаар ЖДҮ, ХБ гээд томчуудын нэр сүрхий хугарах юм. Бүгдийг цуурхал гэхэд хэцүү. Гэтэл хэд хоногийн дараа тэд тушаал дэвшиж ч байх шиг, гавъяат бүр хөдөлмөрийн баатар болж ч байх шиг. 

Яс хугарвал бороолно, нэр хугарвал хугархай нэртийг шударга нийгэм нэг нүдээр ч хардаггүй. Хугархай нэрт шударга нийгэмд бол тэгээд өнгөрнө. Тэгэхээр айхаас аргагүй. Гэтэл эдүгээ манайд нэр нь хэд хэд хугархай-зард гарсан хулгайч авилгачид УИХ-д дахин дахин сонгогдож, туршлагажсан парламентич гэгдэж, тэр ч бүү хэл ерөнхийлөгч, ерөнхий сайдаар заларна гээч. Төрийн гурван өндөрлөг, 76-д нэр нь сэвтэх бүү хэл нэр нь хугараагүй нэгэн байна уу? Эрх баригчдын хулгай баригдсан ч нэр нь хугардаггүй нь төрийн ялзрал бөгөөд ирээдүйг өвчлүүлэх хижиг юм. Ийм тэнэг, ийм номой, ийм лоймол монголчууд яаж ч өөдлөх билээ.

Дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрөх эрхгүй тангарагтай нам байна уу. Байдаг бол тэр манлайллаараа үлгэрлээч.Татаж буй янжуурынхаа ишийг гудамжинд хаяхад түүнийг харсан монгол хүн бүр нэгэн дуугаар “Хөөе та яаж байна, наад хогоо авч хогийн саванд хий” гэж зэрэг зэрэг шаардахаас эхлээд том хулгай, луйвар, авилгатай нийтээр тэмцвэл мөн ч их үр дүнд хүрнэ дээ. Нэгдмэл тэмцэл уг нь бидний ялалт юмсан. 

“Монголчуудын дунд тэдний дэг журмыг өчүүхэн төдий зөрчихөд тэд бүгд омойрон дайрдаг тийм журамлаг ард түмэн” гэж биднийг гадныхан магтдаг, амьдрал дээр Монгол үнэхээр тийм дэгтэй улс болбол би л хувьдаа ХIII зуунд монголчууд дэлхийн талыг эзэлж явсан гэж онгирохоос хамаагүй илүү нүүр бардам бахархана. Гадаад хүн манай хотын тухай бичсэн нь: хүн дүрстэй олон малын бөөгнөрөл. Тэнд соёлын талаар яриад ч утгагүй. Хүн бүр шүлс нус цэрээ хандсан зүг рүүгээ нулимна. Байшин хашаа руугаа сарина. Ямар вэ дээ Чингисийн монгол гуай.

УИХ нарлагч хөгшдөөс 10-20 жилээр хоцорч явдаг

Төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын эрхэм гишүүд онолдож байхад орон сууц, айлуудын хашааны үүдэн дэх сандалд нарлагч хөгшид монгол хар ухаан гүйлгэж суудаг. Нарлагч хөгшдийн хар ухаанаас УИХ-ын бодлого 10-20 жилээр хоцорч явдаг гэвэл буруудахгүй гэх баталгаа бий юү. Эрүү үүсэхгүй ч зөрчлөөр торговол тэтгэврийн хөгшид баларна. Нарны илч бараадагч-бөгцийж эвхийсэн хөгшдөд ойртвол тэнд өөр ертөнц мэдрэгдэнэ. 

2000 онд тэтгэвэрт гараад нарлагчдын яриаг анх сонсоход тэд хөдөөнөөс нүүж ирэгч айлын яндангийн тоогоор хотын утаа ихсэж буй тухай, утаагүй зуух гэгч төрийн бодлого хуйвалдагч бүлэглэлийг далдуур цатгаж буй тухай, мөн утаагүй түлш үйлдвэрлэнэ гэж Аморе Интернешнль компани 20 тэрбумыг тендер гэх арын хаалгаар авч хулхидаад хормой ч түлш өгөөгүй, 20 тэрбумаа төр засаг нэхэж төлүүлээгүй нь цаагуураа хуйвалдаан байв гэх нарлагч хөгшдийн бухимдал шинэхэн нарлагч намайг “нарлагчдын параламент”-ын сурвалжлагч болгож орхилоо.

“Утаанаас бүрэн гарах бинчингүй тул нүд хуурсан зуух, түлшинд үрдэг олон тэрбумаа хэдэн жил утаан дотроо гүрийж нөөцлөөд сантехникийн шугам хашаа байшин руу тавиасай. Ойртсон шугамаас айлууд өөрсдөө салаалаад гэртээ оруулчихна. Халуун хүйтэн ус, халаалт, бохирын үйлчилгээндээ төлбөр авчих тул зарсан хөрөнгөө яваандаа олж утаанаас бүрэнмөсөн сална” гэж 2000-гаад оноос нарлагчид үглэсэн бол 20 жилийн дараа УИХ утаанаас сайжруулсан түлш зуухаар бус орон сууцжуулж байж л сална гэж сэнхрүүлэх, нарлагч хөгшдөөс 10-20 жил хоцорч буй юм биш үү.

“Бондын зээлийг хугацаандаа зээлээ төлж чадах баялаг бүтээгчдэд олгох ёстой. Бүтэлгүй компаниудад арын хаалгаар тараавал өрөнд унагана” гэж нарлагч буурай нар бувтнаад л суув. “Тэгвэл үйлдвэр хөгжиж иргэд мэргэжил эзэмшинэ. Уурхайн төмөр замаа нарийн царигаар даруй тавьж, тээврийн зардлаа 4-5 дахин хямдруулж, нүүрсээ 2-3 дахин үнэ хүргэж цэвэр ашгаа суга өсгөх байв. Хулгайчдыг шоронд цоожлохын наана эн түрүү хохирлоо тоо ёсоор төлүүлж ав. Томчууд хулгайгаа улсын нууц гэдэг боллоо” гэж нарлагчид 10-20 жилийн тэртээгээс цуурсан. Тэгвэл өдгөө УИХ “байгууллагын нууц” нэрээр хулгайгаа хаацайлдгийг өөрчлөх тухай ярьж эхлэв. “Иргэдийг ажилтай болго. Хавтгайрсан халамжаа хямгадаад хуримтлал базаа. Аргагүйн эрхэнд авилга өгсөн хүнийг шийтгэхгүй болчихвол хээл хахууль хумигдана” гэж нарлах зуураа өвгөд эмгэд 20 жил шаагилдсаныг худал гэх үү. 

“Оюу толгой ордоо колончлогчдод зуун хувь эзэмшүүлэхгүй. Чингисийн Монгол дор хаяж 34 хувийг эзэмшихгүй бол хэний хүү болох вэ гэж саагалаад, түүндээ гаргах зоосгүйдээ хамтрагчаасаа зээл авч өрөнд унасан. Юу ч эзэмшилгүй нөөцийн төлбөрөө хангалттай аваад явахад илүү ашиг хүртэнэ” гэж нарлагч хөгшид дүйцэлдээд л суулаа. “Тэгсэн бол зардал нэмэгдлээ гэх хэрүүлгүй мулгуу бэлгүй улсад таарсан гэрээ болох байсан” гэх элит хөгшин тэдний дунд цөөнгүй. Гэтэл УИХ саяхнаас 34 хувь алдаа байв гээд зурагтынхаа өмнө ямагт сууж байдаг хөгшдийг “буруутан нь та нар” гэсэн аятай загнав. Ингэхэд хэн нь түрүүлж, хэн нь хоцорч явна аа?! 

Үүднийхээ сандалд бөөгнөрөөд монгол хар ухаан гүйлгэж суугаа буурай нарыг УИХ-ын баруун зүүний онолоор зэвсэглэсэн гишүүд долоон буудлын Должин эмээ, дугаар хорооны Дооёо өвөө гэж басамжлан дооглодог ч Должин эмээ Дооёо өвгөний үглэснийг УИХ олон жилийн дараа ярьж эхэлдэг нь ухаан дутсандаа бус луйвар нь үнэнд гүйцэгдэж, бултах гарцгүй мухардсаных. Нарлагчид эмзэглэдэг мөнхийн сэдэв: хулгайч гишүүдийг эргүүлэн татдаг хуультай болохгүй аваас төр заяа нь цэвэршихгүй. Үүнд УИХ хөдлөх царайгүй ч ирээдүйд биелнэ гэдэгт хөгшид итгэнэ. Тэр цагт хэнийг нь хоцрогдсон, хэнийг нь хоцрогдоогүй гэх бол.

Манай эдийн засаг 17 хувиар өссөнд барууныхан коммунист дарангуйллаас ардчилал чөлөөт зах зээл сонгосон ядуу Монгол азийн бас нэг бар болох нь хэмээн доргиож, коммунистуудын дургүйг хүргэсэн. Энэ өсөлтийг эрх баригчдын мэргэн жолоодлогын ач гэж УИХ онгирдог. Харин нарлагч хөгшид Австралийн нүүрсний уурхай үерт автаж, Хятадын хэрэглээ суга өсөж, ашигт малтмалын үнэ цойлсон мөчлөг азаар таарсны нөлөө болохоос монголчууд гавлаараа гараараа эдийн засгаа 17 хувиар өсгөсөн юм биш гэдэг. Олзны ам нээгдсэн мөчлөгт төмөр замаа оросуудад маллуулаад тавиагүй. Эрдсээ баяжуулаад төмөр замаар тээвэрлэж, ашиг бялхуулах төслийг УИХ балласан гэж нарлагчид цухалддаг. Үхэх дөхсөн өгөрүүд өөрсдийгөө бус давшгүй өрөнд унасан үр удмаа өрөвдсөндөө халаглаж буй нь тэр. 

Халдашгүй дархан эрхтэй бурхдад хувилсан гишүүдийг “завилах нь жанжин, залгих нь мангас” гэж нарлагч буурай нар коронавирусээс аврах эсэх нь бүрхэг амныхаа хаалтыг пөмбөлзүүлэн бухимдах аж. Амны нь хаалт нүүрсний тортогт халтартжээ. Хасах хүртлээ унасан эдийн засгаа 6 хувь өсгөсөн гэж дан МАН-аас бүрдэх УИХ биеэ магтахад нарлагч егзөрүүд “Тариан талбайгаа технологийн дагуу нэн чанд боловсруулсан ч оготоргүй дусал бороо хайрлахгүй бол ургацаа алддаг. Зэс нүүрсний үнэ өсөх мөчлөг сохор азаар таарч хаяа хатгасан аварга захын хэрэглээ огцом дэвэрдэг завшаан бол Монголын хувьд тариан талбайд хур буухтай ижил. Энэ хоёр завшаан дээр Австрал үерт автвал ядуу Монголын олз өсдөг” гэж нарлагч буурай нар ёжлонгуй залруулдаг. 

“Бодлого боловсруулж байна” гээд пээдийх юм. Үхсэнээ бодоо вэ? Үлийгээ боловсруулаа вэ? Баялаг байна мал байна. Донгосолгүй нарлагч хөгшдийн үглээд буйг хэрэгжүүлсэн бол өдийд доллар багсайтал атгасан. Сүйхээтэй төр засаг бол увсынхны “Аморе” компаниас 20 тэрбумаа нэхээд аль эрт авчихсан. Мөн хулгайч гишүүдээ эргүүлэн татсанаар парламент цэвэршсэн. Гэр хороолол руу 20 жилийн тэртээгээс сантехникийн сүлжээ аажим аажмаар салбарлуулсан бол утаа өдгөө түүх болсон. Бондоор баялгаа үржүүлээд зээлээ хүүтэй нь “баярлалаа” гээд хугацаанд нь төлсөн бол донорууд итгээд дахин хөрөнгө оруулна. Нарлагч хөгшдийн үг хэрэгжсэн бол ингэх байв.

Төрийн эрх дахин дахин барих гэж намаараа үхэн хатан тэмцэхдээ эх орныхоо баялгийг өчүүхэн ч гамнаж байсангүй. Сэнтийдээ байнга залрахын тулд 20 жилийн өмнө эхэлсэн “гишүүдийн халаасны” гэх сонгогчдыг хахуульдах 10 сая 4 тэрбум болсонд хөгшид эгдүүцэж даралтаа ихэсгэв. Гишүүд “эх орноо хөгжүүлэхээр тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэж явна” гэж хөгшдийн уурыг барна. Банкны нууц ноёд УИХ-ын гишүүд байдаг. Иргэдийн хадгаламжийг бүлэглэн тууж, банк үгсэн дампууруулаад шархаа татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг-урьдаас төлөвлөдөг хуйвалдаан ойр ойрхон давтагдаж, нарлагчдыг бөөнд нь харвуулах янзтай.

Эцэст нь хэлэхэд: нарлагч хөгшдийн сэтгэц гишүүдийнхээс мэдээж түрүүлээгүй. Түрүүлээгүйгээ хөгшид мэдэхтэйгээ. Өөрөөр хэлбэл гишүүд нарлагч хөгшдөөс хоцроогүй. Гишүүдийн баяжих шунал тэдний эх орноо хөгжүүлэх оюуныг сохолж, нарлагч хөгшдийнхөөс долоон дор тэнэгрүүлжээ. Гишүүд алба амины гэх хоёр мөрийн хөтөлбөртэй. Амины хөтөлбөр нь хөгшдийн буйдарсан ухаарлаас хол тасархай. Харин албанынх нь хөтөлбөр нарлагч хөгшдийнхөөс 10-20 жилээр хоцорч. Амиа хэт хичээсэн тархинаасаа төрийн бодлогод илүүчилсэн нь хөгшдийн ухаанд ч хүрэхгүй өчүүхэн. Дээр нь дахин сонгогдох дон хохимойг нь бүрэн эзлээд эх орныхоо төлөө юун юм бодох манатай. Дөрвөн жил завшиж амжаагүйгээ найман жилд гүйцээх гэж ухаангүй зүтгэж яваа, амиа бодохоос гурван сая хүн амаа нулимдаг гишүүний гавалд улсаа хөгжүүлэх үлийний орон зай байхав. 

Ил дол болсон шившгээ сонгуулийн суртлаар цайруулах гэж хөгшдийг бүү хямраагаарай. Биеэ дэндүү магтвал хулгай луйврыг чинь сайн мэддэг хөгшид цус харвана шүү. Нохой амаа долоогоод цадахгүй ноён хахууль аваад ханахгүй. Түүхэнд төрөөгүй мэргэн бодлого нээлээ л гэдэг. Гэтэл тэр нь нарлагч хөгшдийн 10-20 жилийн турш бувтнасан үглэл байдаг. Тэтгэврийн буурайчууд хорвоогийн жамаар мунхарч зөнөсөн агаад сэтгэлгээний хувьд 3 сая хүн амын ёроол хэсэг болсноо тэд мэднэ. Монголд хэзээ ч заяаж байгаагүй ухаантай лидерүүд тодорлоо л гэдэг. Ер нь хоцрох эвгүй. Тэр тусмаа эрүү өвдөг нийлсэн эмгэд өвгөдөөс хоцрох бүр ч муухай. Эрхэм түшээд та нарын аав ээж, өвөө эмээ нарлагч хөгшид цөөрсөөр.

Тээглээ

Яагаад бид 30 жилд хөгжиж чадсангүйв? Хөгжилд юу тээглэв? Сая мэдлээ. Бидэнд ганцхан тээглээ байна. Тэр ганц тээглээ маань монгол хүний залхаг зан аж. Нүдэнд дасаад ялимгүй мэт харагддаг бидний залхаг зан хөгжил гацаадаг гол лай аж. Арвин баялагтай цөөхөн монгол хангалуун амьдрахад өөр ямар ч саад алга. Бидний тархи, мах бодид агуулагдах журамгүйн гень л чөдөрлөөд байна.

Манайхыг уйггүй судалсан япон сэтгүүлч эмэгтэй “Ийм хугацаанд азийнхан босоод л ирсэн шүү дээ” гэж халаглажээ. Хөөрхий тэр бүсгүй бидний хөгжөөгүйд биднээс ч илүү харамссан. Хэрэгтэй гэснээ япон бүсгүй үг авдаггүй монголчуудад цөхрөлтгүй үглэсэн. Ажилсаг шаргуу япон, хятад, солонгостой азийн биднийг ижил гэж тэр эндүүрчээ. Гэнэн эмэгтэй Японд ч байдаг аж. Бүсгүй хүний гэнэн ч юм шиг өхөөрдөм зөөлөн ааль азийн шааруудыг өөд татахаар тэгж эршүүд чармайсан нь залхаг монголчуудад ойлгомжгүй хачин харагдаад өнгөрсөн. Нэг үгээр-тоогоогүй. 

Монголчууд ямар билээ? Залхуу, үрэлгэн, ажил голно, юу ч мэдэхгүйюу ч чадахгүй атлаа тансаглах сэхүүн донтой, хоосон улс төржихийг баялаг бүтээхээс дээгүүр эрэмбэлнэ. Хаан ширээний төлөөх дажин нь сайд дарга болох тулаанд шилжсэн. Ухаан хүчээ дайчлан өрсөлдөж амьдраагүй, хэдэн малаараа баярхуу нүүдэлч цагаан мангаруудад зун намрын дулаанд амжиж хуримтлал-хөеө ноохойлдог хулганы инстинк заяасангүй. Боловсрол мэргэжлээр адгийн шаараа мэдрэхгүй дэлхийн өндөр хөгжилтэй орны ихэмсэг дээрэнгүй иргэдийг биеэ үгүйлэхгүй дуурайж сээхэлзэх өвчтэй. Ачир дээрээ арчаагүй аймхай лоймлууд. Уулын цаанаас хужаа гэх омог нь сүржин ч оросыг долоохдоо гөлөг. 

Сагсуу зан нь Чингис зэрэг дайнч хаадын үнэн худал нь баталгаагүй домгоос угшилтай. Гадаад хүнийг дайсан гэж харддаг дов жалгын бөглүү харанхуй тархи нь гэгээрээгүй, урьдын хэллэгээр интернациональч бус, одоогийнхоор даяаршлын бус амиа аргацаасан нүүдэлчид-өдөр хоногийг залхуурч өнгөрөөснөө олдошгүй амны хишиг гэж онгирно. Найрлах донотой. Архинд нугасгүй атлаа даахгүй, шартаж шараа тайлсаар сэхэхгүй үхдэг. Нүүрс зэс төмрийн хүдэр гэх лусын хишгээ дэлхийд үнэ хүрч асан зурвас үед олсон ялимгүй ашгаа булаацалдаж гударчихаад хөгжил ч үгүй, хуримтлал ч үгүй ядуу. Дахиад заяахгүй боломжоо ингээд алдчихсан залхгууд. Одоо амаа хэчнээн бариад технологийн нээлтүүд нүүрс мэтийг үнэгүйдүүлэх цартай.

Шинэ үеийнхэн хоцрогдлоо коммунист онолд чихнэ. Хуучинсгууд сэхээгүйгээ ардчилал зах зээлд тохно. Хөгжил өөрсдөөс шалтгаалдаг атал бид алдаагаа бусдад түлхэж биеэ цэвэрлэдэг. Өөрийнхөө сул тал руу өнгийдэггүй зан нь ясных. Лусаас хэчнээн хишиг хайрлаад, донор орнууд хэчнээн тусламж өгөөд, хүн нь журамгүй бол өөдөлдөггүй аж. Хүн ам нь замбараагүй бол хөрөнгө оруулагчид зай барьдаг нь ч илэрлээ.

Өөдгүй монгол зан хаанаас эх аваад байна аа? Өөдгүй монгол авир өрх гэрээс л үүсээд байна. Тодруулбал гэр бүлийн замбараа загалгаагүй хэвшлээс л ундраад байна. Одооны залуус болохоо байлаа гэж хөгшид биеэ цэвэрлэх эрхгүй. Хөгшчүүл бид ч журам дүрмээ яс баримталж яваагүй. Бас л хүмүүжилгүй бүдүүлэг амьтад явсан. Бид зөв амьдрах дадлыг үр удамдаа хэвшүүлээгүй өтгөс. Санаагаа хураангуйлбал: гэр бүлд зөв хатуу дэг, журамлаг чанга дадалгүйгээс монгол хүн муугаа засахгүй үр хүүхэддээ удамшуулж иржээ. Бүдүүлэг өрх гэрт бойжсон өвөө эмээ, хүмүүжилгүй гэр бүлд өссөн эцэг эхчүүд үр удмаа сахилга батгүй иргэд болгон үржүүлж буй. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Дэг журам аав ээжээс үндэстэй гэх гээд байна би.

Төр засгаа, ардчилал, чөлөөт зах зээлээ зүхэж жагсахын хажуугаар хааяа ч болохноо хүн бүр өөр лүүгээ хараач гэж уриалъя. Гэртээ барьсан тавьснаа мэддэггүй, замбараа загалгаагүй иргэд гадаа гараад хотын дүрэм сахихгүй. Гэрийнхээ эд хогшилд гамгүй хүн нийтийн өмчийг хайрлана гэж саналтгүй. Гэр нь бохир бол гудамж нь бохир л байж таарна. Гудамж нь балиар бол хот нь балиар л байх жишээтэй. Гэрийнхээ буртагт дөжирсөн заваан хүний нүдэнд гудамжны хог, хотын бохир өртөхгүй. Тийм хүн нийтийн эзэмшил газрын ямар ч бузар ялгадаст үл эмзэглэнэ. Цэвэрч хүн заваан хүнээс сэжигч зангаар ялгаатай. Гудамжинд шүлсээ хаядгаа аягандаа нулимж буйтай адил цээрлэдэг болж сурахсан. Тэгж заншихсан. Оюутны байранд янз бүрийн орны оюутнуудтай цуг амьдрахад зарим салан палан оюутныг нөхөд нь “Чамд үүнийг ээж чинь зааж өгөөгүй юм уу” гэж зэмлэхийг олонтаа сонссон. Энэ нь гэр орны хүмүүжлийн тухай яриа байж. Орцонд нус шүлсээ нулимаад байдаг хүүхдээ эх эцэг нь болиулаач.

Барилга барих, зам тавих, түүхий эд боловсруулах технологи ярих өвгөн-надад ахадна. Ямар ч мэргэжлийн монгол хүн ажлаа хийхдээ технологийнхоо горимыг хатуу сахьдаггүй. Монгол хүн хоол хийхдээ орцын хэмжээг граммаар, чанах хугацааг минутаар хэмждэггүй нь нийтлэг зуршил. Мах ногоо амтлагч зэргээ монгол хүн граммаар бус нүдэн баримжаагаар шийддэг. Хүн төрөлхтөний үе үеийн тогоочдын ур чадвараар шалгарсан шилмэл технологи байгаа. “Хоолны технологи” гэхэд монгол хүн “улстөр” гэснээс их доогуур дугаарладаг. Монголчууд хоолны технологи мэтийг басамжилдаг ихэрхүү даргамсгууд. Дөчийн бедоны хорхог дэлхийн муухай хоолны дараалалд хойноосоо аман хүзүүдсэн. Тарган хонины махаар солонгос зочноо шахна. Өөхтэй мах монгол хүнд сайхан байдаг юм чинь вьетнам хүнд олдошгүй гэх мэт ул суурьгүй онолтой. Аль ч улс үндэстэн хоолны амт чанараар өрсөлдөж, жуулчид татаж, хуримтлал бий болгодог. Ашиг нь валют. Бидний арилгаж чадахгүй яваа хөгжлийн наад захын гацаа энэ. Хоол хийх зааврыг тоож баримталдаггүй пээдгэрүүд аварга бүтээн байшгуулалтын технологийг яс мөрдөнө гэдэг гонж. Тэр ч бүү хэл аминд тулсан хөдөлмөр хамгааллын дүрмийг ширхэгчлэн сахидаггүйгээс гэмтэж, амиа алддаг. Барилгаас хэчнээн хүн унаж осолдов. Энэ чинь том жижиг аль ч журмыг сахидаггүй монгол хүн өөртөө тарьдаг гай. Хөдөлгөөн тутамдаа тооцоогүй салан задгай зуршлаасаа болж үхэж буй нь тэр. Үргэмтгий сортоотой малаасаа ч дор.

Сүүлийн 20 гаруй жил оросууд улстөржөөд, хятадууд өөрсдийн хийсэн хулхи ба хулхигүй бараагаар дэлхийн зах зээлд панз үсэргээд мөнгөжив. “Авбал авбаа, байвал байваа”. Тэдний арилжааны зарчим ердөө энэ. Хямд бараа хүчээр тулгаж монжоогүй. Өрсөлдөх ур чадвараа нэмсээр эд бараагаа брэнд болгож үсрэнгүй хөгжив. Улс төр давамгайлах, эдийн засаг илүүрхэх хоёрын ялгаа хил залгаа хоёр их хөршөөс үлгэр авбал бидэнд ил харагдана. Гэвч бид эдийн засаг гэхээсээ өчүүхнээ мэдэхгүй улстөрөөр оволзоно. Аварга хотын нэг дүүргийн эдийн засагтай, тийм дүүргийн хүн ам шиг 3-хан сая атлаа дэлхийн хэмжээний том том арга хэмжээнд далдагнаж, баруун зүүний том удирдагч нартай ижилсэж, өчүүхэн төсвөө үрж галзуурна. Хэмжээгээ мэдэхгүй хүүдэгнэхийн оронд 100 сая атлаа даруу Вьетнам шиг сэм шургуу хөгжөөд авахсан. 

Монгол хүний эцсийн зорилго-дарга болж улстөржих. Алх тоншоод журмын нөхдөө нохой шиг зандрах дуршил галзуу. Даргамсаг авир дагнаад хөгжихгүй нь МАН, АН-ын гучаад жилийн бүтэлгүйтэл нотлов. Урагшгүй албатад ухаангүй ноёд гэдэг. МАН, АН-ын барианы зурвас дампуурал байх вий. Монгол тархи аврахгүй нь тодров. Нүүрс зэс гэх шороо чулуу аврах байгаа. Залхуу иргэд, залхаг өрхүүд буруутай ч гол нүглийг олон удаа улирч сонгогдсон эрх баригчид тарьсан. Өөрсдийн нь хэмжээнд дөхөх боловсон хүчин байхгүй мэт хамраа сөхнө. Хүрэх байтугай илүү гарах залуу олон бий. Эрх баригчид өөрсдийгөө ард түмний шилмэл сорууд гэж ил хэлдэггүй ч тэнэг царай нь тэгж бардамнаад байдаг. Тэднээс арай дөнгүүр хүмүүс 30 жил удирдсан бол эрдэс, малаар баян Монгол өдгөө Казахстантай мөр зэрэгцэж яваа. Үүнийг нийтээр гадарладаг ч эмзэглэдэггүй-үхмэл дадалтай. Хэнэггүй манууст зоогдсон балчгаасаа сугаръя гэх давлагаа хэзээ хуйлрах бол? 

Чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөний нарийн дэг журамд замбараагүй монголчууд дээд талдаа ч доод талдаа ч гологдов. Ардчилал, чөлөөт зах зээлд буруугаа тохолгүй өөрсдөө буруутай гэх монгол хүн олшроосой. Өөрсдөө арилгаж дөнгөх өөдгүй дадал зуршлын тээглээг даваач. Муу зангаа ялж, тэнгис мэт баялгаа хөгжил болгож чадахгүй даанч дээ. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэдэг юу гэсэн үг вэ? Нохойн гэдсэнд шар тос яахаараа зохидоггүй билээ. Нохой нь муу бол ямар ч шар тос хоол болдоггүй гэж ардын сургаал тодотгожээ. “Хөгжлийн чөдөр-тээглээ журамгүй залхаг монгол хүн” гэж би насны эцэст хувийн дүгнэлт хийв.

Энгэр дүүрэн одон медаль 

Эрээн төмрөөр энгэрээ дүүргэж таашаал авдаг мангуурал зуун дамнаж даамжирсаар өдгөө бүх хүн одон зүүх ойртлоо. Гачлантай нь одонгийн гангараа хавтгайрах тусам хөгжил удаашраад ядуурал нөмрөөд байдаг. Бүгд одонтой атлаа хоцрогдсон улс явснаас нэг ч одонгүй хоцрогдсон улс явбал нэрэнд цэвэр байгууштай. Одонтойчууд олширч, одонгүйчүүд цөөрөх тутам одонгүй иргэний дотор харанхуйлна. Аргагүй хөөрхий. Мөр зэрэгцэн алхаа нийлүүлж, ав адил хөдөлмөрлөсөн нөхөд нь бүгд одон зүүчихсэн юм чинь. 

“Улсын одонгүйчүүд” хэмээн шаарлагдаж, хэдүүлхнээ тунавал ёстой эвгүй. Ганцаараа одонгүй үлдчих вий гэж айх нь зөв. Тэгвэл үр хүүхэд, ач зээ нартаа юу гэж хэлэх вэ? Насны эцэст ямар сайндаа “Би ганцаараа одон зүүх гавъяагүй адгийн шаар юм уу” гэж телевизийн дэлгэцэд ичсэн нүүрээ улалзуулан өмөлзөхөв. Энэ бол инээд биш ханиад. Одон медаль хавтгайраагүй бол юу гэж өмөлзөх билээ. Хүн амаа ингэж алагчлан хямруулах мунхаглал ардчиллын өнгөнд ч салсангүй. Энэ тэнэглэл хэдийд шувтардаг бол.

Одон тэмдгийг Манжаас сураагүй Оросоос сурсан. “Орос ахын сургасныг огоорох-урвалт” гэх хатуу онолтой пости коммунистууд яс заасаар. Яс заах нь ч бас аргагүй. Оросжихын төлөө оросжоогүйгээ нухчихсан намынхан юм чинь орос ахын зааврыг ширхэгчлэн шүтсээр яваад дуусахаас өөр сонголтгүй. Улаантныг ор тас үгүйсгэвэл ах дүүсийнхээ нулимс, цус, амиар оросжсон нэг үе буруудна. Тэр үе нь тэд. Тэгэхээр шүд зуухаас ч өөр яалтай билээ чааваас. Тэд өөрсдөө бас коммунист харгислалд өртсөн ч өөрчлөгдөхгүй гэж гүрийж яваа шалтгаан нь-цусанд хутгалдсан нам нь. Тэд орос ахдаа алуулж, шулуулсан ч мөргөсөөр дуусах онолтой амьтад.

Хилэлдэг хоёрхон хөрштэй. Хойш харж бөхөлзөөд, урагш харж боргосоор нэгэн зууныг барав. Шившигтэй хоёр нүүртэн явахыг бид өөрсдөө сэдээгүй. Хэт их гүрэн хэт ядмаг мануусыг уяаны ноход болгоод дохио зангаагаар хуцуулж сургасныг даян дэлхий сайн мэднэ. Онц сайн хуцсаны энгэрт дохуурхаж одон медаль гэгч алаг төмөр зүүсэн түүхтэй. Орос одонгууд дуурайлган монгол одон үйлдвэрлэж, орос одонгийн нэрийг орчуулж монгол одонгоо нэрлэв. ”Цусан гавъяаны” гэх аймаар тодотголтой нь анхдагч байх. 

Цэргээс халагдаж хөдөө харьсан залуу айлын бүсгүйд сээтэн хаяхдаа “Танай нохой энэ шүдээрээ” гэж аман дахь алтан шүдээ заагаад, “Миний энэ шилбэнээс хазвал” гэж хромон гутлаа үзүүлээд, “Би танай нохойг яг энэ цаг мөчид” гэж бугуйн цагаа харуулаад, “Энэ буугаараа” гэж нагаанаа гаргаад, “Энэ рүү нь буудна” гэж зүрхэн дээрээ зүүсэн медалиар гайхуулсан гэх онигоо бий. Энгэртээ медаль гялалзуулж бусдадаа онгирох синдром бүдүүлэг харанхуй монголчуудад ингэж сэдэрсэн түүхтэй. Энэ өвчин ардчиллын зуунд арилах байтугай улам гаарсаар биднийг ертөнцийн доог дохуу болгох нь. Болгох нь ч гэж дээ, болгодгоо аль хэдийнэ болгожээ. Оросын одон медалиас өмнө Манжийн отго жинс хуйлруулж асан гэдэг. Гэвч отго жинс зөвхөн тайж ноёдын зэрэг дэвийг эрэмбэлдэг “мөрдөс”-ийн үүрэгтэй учир дээдсийн хүрээний явцуу өрсөлдөөн байжээ.

Тэгвэл хувьсгалын жилүүдэд одон медаль хавтгайрав. Бүх мэргэжил гавъяат цолтой. Гавъяат багш, эмч, эдийн засагч, гавъяат малчин, тариачин, урлаг соёлынхныг бол тоолоод барахгүй. Гавъяат цэвэрлэгч гэж бий юү? Бий байх аа бий байх. Яагаад байж болохгүй гэж. Цэвэрлэгч гэдэг бага цалинтай, бохир ажил. “Гавъяат дарга” цол бий болгоно гэдгээ УИХ нэг удаа зарласан. 

Бүгд одонтой болбол гоё байх аа: Дээрэмдүүлж буй нь одонтой, дээрэмдэж буй нь одонтой. Хөлдөж буй нь одонтой, хөлдөж үхсэн нь одонтой. Гудманд унтаж буй нь одонтой, сэрээд шээж буй нь одонтой. Гавлуулж буй нь одонтой, гавлаж буй нь одонтой. Хоосорч буй нь одонтой, хоосолж буй нь одонтой. Өлбөрч буй нь одонтой, гулгиж буй нь одонтой. Мөргөж буй нь одонтой, мөргүүлж буй нь одонтой. Хаустай нь одонтой, хар гэргүй нь одонтой. Хууль зохиогч одонтой, хууль завшигч одонтой. Монгол хүн бүр өртэй ч монгол хүн бүр одонтой. Шившигтэй юү бахтай юу? 

Ойн баяр тохиолдуулан одонгийн хур буусаар ахул бүгд одон зүүх ойртжээ. Одонгийн хур буулгахгүй гэвэл хөөрхий хэдэн одонгүйчуудын гомдлыг яах билээ. Ерөнхийлөгчид бултах зам алга. Хүн бүр энгэрийн инээдэмтэй алаг төмрүүдийг дооглоод тоохоо боливол ерөнхийлөгч ерөнхийлөгчийнхөө ажлыг хийх сэн. Нэг хэсгийг албан ёсоор үнэлж, нөгөөг албан ёсоор шоовдорлож ялгаварласан эрээн төмөр коммунист Оросын эрхшээлд орохоос өмнө Монголд байгаагүй гэсэн. Ийм тэнэг юмтай ухаант хүмүүн ХХI зуунд зууралдан новширч байх ч гэж дээ. Ёо ёо толгой өвдчихлөө. 

Ийм эдгэрдэггүй солиоролд орос ах нар минь дүйнгэ биднийгээ яах гэж ховсдов доо. Хэдэн мал эрдэс баялгийг минь үнэгүй цөлмөхөд мануус та нарыг одонтой ч одонгүй ч эсэргүүцэж чадахгүй байсан. Хавтгайрсан одон медаль ХХI зуунд онигоо болсныг ухаарсан элитүүд хүртэл одон медальгүй ганцаараа үлдчихвэл дэлхийд бус Монголдоо гутамшиг гээд мөнгөөр ч болохноо олж зүүхээс аргагүйд хүрэв. Ерөөсөө бүх иргэндээ одон өгөх үү? Тэгж бас болохгүй нь ээ. Тэгвэл одонгоор онгироодог бодлого нурна. Яагаад гэвэл одонгүй хүн нэг ч үгүй болчихвол одонтой нь хэндээ гайхуулах вэ. Одонгүйчуудад даналзах гэж л одон медаль яралзуулдаг биз дээ. Эсвэл бүх одон медалиа хайлуулъя. Хүний амь аварсан, онцгой их баялаг бүтээсэн шилдгүүдээ урамшуулах нь эрүүл ухаан. Мөнгөөр шагнахгүй юу. Монгол хүнд мөнгө хэрэггүй гэж төр засаг арай бодоогүй баймаар. Хүн ядуу явах харамсалтай. Мэхлэгдсэн ядуу ард түмэн явах бүр ч гутамшигтай.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 1 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top