x

ЖЯН ЗЭМИНЬ

Өнөөдөр үдээс хойш 1989-2005 онд Хятадыг де факто удирдсан Жян Зэминь 96 настайдаа нас нөгчжээ. Жян Хятадыг сэргэн мандлын цаг үед нь удирдсан юм. Хатан хаан II Элизабетыг нас нөгчсөнөөр XX зууны түүх өндөрлөлөө гэдэгтэй адил Жян Зэминь таалал төгссөнөөр Хятадын ХХ зууны түүх хуудсаа хаалаа.

Ард түмэндээ ойр Жян

Магадгүй Жян “бурхан” мэт шүтэгдсэн Мао, өтөл настай Дэн, намын аппаратчик Ху нарыг бодвол орчин цагийн Хятадын хамгийн энгийн дүр төрхөөрөө алдаршсан удирдагч байсан биз. Тэрээр Константин Симоновын шүлгүүдийг цээжээр уншиж, Подмосковные вечера-г дуулж, лимбэ үлээж, ятга тоглож, уран бичлэгээр шүлэг бичдэг байв. Төрийн концерт үзэж байснаа Улс төрийн Товчоогоо тайзан дээр бүгдийг нь гаргаж, дуу дуулуулаад өөрөө удирдаач болчихсон гараа өргөж буй бичлэг нь бий.

Бас Путинтай оросоор, Билл Клинтонтой англиар, Хэлмут Кольтой германиар, Хонконгчуудтай Кантон аялгаар чөлөөтэй ярьж, Чилид 40 гаруй минут Испаниар үг хэлж, Румынд айлчлахдаа румынаар сургааль айлдаж, олон хэлний мэдлэгээ гайхшруулдаг байв.

Жян Дэн Сяопин-д таалагдсан нь

1986 онд Жян Шанхай хотын намын хороог тэргүүлж байхдаа Дэн Сяопин-ы анхааралд өртөж, ирээдүйн Хятадын удирдагч болох зам нь нээгджээ.

Тэр жил хятад даяар эрх чөлөө шаардсан оюутны жагсаал цуглаан болж, Шанхайд ч мөн ийм хөдөлгөөн өрнөхөд Жян суулт зарласан оюутнуудын өмнө хүрч ирж, хэний ч төсөөлөөгүй зүйлийг хийжээ.

Тэрээр Абрахам Линкольны Геттисбургийн үгийг англиар цээжээр уншиж, оюутнуудад Барууны ардчилал болон Хятадын ардчилал гэж юу болох тухай харьцуулсан бүр лекц уншаад ардчиллын тухай маш сайн мэдлэгтэй болж, сургууль сургуульдаа буцаж очоод их юм сурах хэрэгтэй гэж захиад тараажээ. Түүний лекц шахуу үгийн дараа оюутнууд өөрсдөө сайн дураараа тарсан аж.

Гэтэл бусад хотуудад оюутны жагсаал улам өргөжиж, Хятадын Коммунист Намын тэргүүн Ху Яаобан жагсагчдад зөөлөн хандаж байсан нь Дэн Сяопин-ы тэвчээрийг барж, түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд заавраас нь гаждаггүй сайн гүйцэтгэгч гэгддэг Ерөнхий сайд Жао Зыян-ыг томилжээ.

Энэ үед Дэн Сяопин жагсагчдыг хялбар зохицуулсан Жян Зэминь-ий улс төрийн мэдрэмжийг үнэлж, 1987 онд Улс төрийн Товчооны гишүүн буюу Хятадын дээд удирдлагын 25 эрхмийн нэг болгосон аж.

Жян Хятадын удирдагч болсон нь

1989 онд Ху Яаобан-ыг нас нөгчихөд түүний үхэлд гашуудсан 100 мянга гаруй оюутнууд Тяньаньмэнь-ий талбайд цуглаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг шаардан жагсчээ. Дэн Сяопин жагсаалыг цэргийн хүчээр нухчин дарах шийдэлд хүрсэн ч Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян ганцаараа эсэргүүцсэнээр 2005 онд нас барах хүртлээ гэрийн хорионд оржээ.

Дэн Сяопин түүний оронд эргэлзэх зүйлгүйгээр Жян Зэминь-ийг томилж, өөрөө тэтгэвэрт гарсан юм. Намын нөлөө бүхий бусад ахмад удирдагчид Жян-ыг тууштай дэмжиж байв.

Дэн 1989 онд тэтгэвэрт гарахдаа Хятадын улс төрийн дэг журмыг тогтоож өгөөд явжээ. Тэрээр залгамжлагч Жян-ыг Хятадыг удирдах үнэмлэхүй эрх мэдэлтэй болгосон ч түүнийг нь хугацаатай болгосон.

Дэн Сяопин 1989 онд Тяньаньмэний талбайд оюутны жагсаалыг нухчин дарсаныхаа дараа бүх эрх мэдлээ залгамжлагч нартаа шилжүүлж, өөрөө улс төрөөс хөндийрөхдөө Хятадын улс төрийн “тоглоомын дүрэм”, дэг журмыг тодорхойлж үлдээсэн юм. Тэрээр Мао Зэдун шиг “эзэн хаан” мэт аяглаж, эцсийн амьсгалаа хураах хүртлээ удирдагчийн сэнтийд залрахаас татгалзаж чадсан билээ.

Шинэ Үндсэн хууль батлуулахдаа БНХАУ-ын Дарга таван жилийн хугацаатайгаар хоёр удаа улиран сонгогдох эрхтэй болгосноор ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ч мөн хоёр удаа сонгогдох ёстой болжээ. Тэрээр 1992 онд намын ХIV их хурлаар энэ шийдвэрээ албан ёсоор батлуулсанаар Хятадын коммунист удирдагчид бүх насаараа албан тушаалдаа шигдэж, зөвхөн үхэл л тэднийг албан тушаалаас нь хагацуулдаг жишгийг бүрэн халжээ. 

Жян шинэчлэгч болсон нь

1989-1991 онд социалист систем задарч, коммунизмын авангард луужин ЗХУ хүртэл таржээ. 1989 онд Тяньаньмэнь-ий талбайд оюутны жагсаалыг нухчин дарсны дараа Хятад нь АНУ болон барууны улс орнуудын эдийн засгийн хоригт орсон юм. Эдгээр үйл явдлууд нь Хятадын социализм хийгээд ХКН-ын оршин тогтноход бодит аюул эрсдэл болж хувирчээ. Энэ үед Хятадыг ирээдүйг тодорхойлох хоёр чиг шугамын тэмцэл хурцаджээ. 

Дэн Сяопин-ы бодлогын эсрэг хандсан эхний чиг шугамыг намын дээд удирдлагад онцгой нөлөөгөө хадгалсаар байсан марксист зүүний үзэлтнүүд хамгаалж байлаа. Тэд Хятад улс зах зээлийн эдийн засагт шилжсэн нь зарим либералуудын хүсч байгаачлан социализмыг капитализмаар солих үйл явц юм гэж үзэж байв. Тиймээс Хятадыг капитализмд шилжихээс аврахын тулд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт гол анхаарлаа хандуулж, улам бүр эрчээ авч буй зах зээлийн эдийн засгийг хазаарлаж, Эдийн засгийн тусгай бүсүүдийг хязгаарлах ёстой гэж дүгнэжээ. 

Харин нээлттэй бодлого хийгээд эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр дүнд богино хугацаанд хөгжингүй орон болж чадах нь л Хятадыг аврах цорын ганц гарц гэдэг итгэл үнэмшлийг Дэн Сяопин тууштай баримталж байв. Гэвч 1989 онд тэрээр тэтгэвэртээ гарч, шийдвэр гаргах түвшнээс хөндийрсөн учраас хуучинсаг фракцын үзэл бодолд ХКН-ын ихэнхи удирдлага дөрлөгдөж, Дэн-ий сонгосон залгамжлагч Жян Зэминь хүртэл эдийн засгийн шинэчлэлд хойрго хандах болжээ.

Тиймээс 1992 оны эхээр 88 настай Дэн Сяопин олон нийтийн дэмжлэгийг бүрдүүлэхийн тулд Реформын нөлөөгөөр хурдацтай хөгжсөн далайн эрэг дагуух өмнөд мужийн гол хотуудаар зорчиж, шинэчлэлийн үр дүнг магтан дуулжээ. Тэрээр Бээжинд буцаж очоод өөрийг нь тууштай дэмждэг Ерөнхийлөгч Ян Шанкунь, түүний төрсөн дүү Цэргийн төв комиссын нарийн бичгийн дарга, Армийн Улс төрийн газрын дарга генерал Ян Байбин, намын удирдлагын голлох хүний нэг Цяо Ши нарыг дуудан хуралдахдаа “Шинэчлэлийг эсэргүүцэж байгаа хүн албан тушаалаасаа зайлах ёстой” гэж хэлсэн нь аль талыг баримжаалахаа илэрхийлээгүй байсан Жян Зэминь-ийг онилсон үг байсан юм.

Дэн Сяопин болон түүний фракцын шахалтын үр дүнд 1992 онд Хятадын Коммунист Намын ХIV их хурлаар Жян Зэминь Дэн-ий үзэл баримтлалыг онолын түвшинд Мао Зэдун-ы онолтой эн зэрэгцүүлэн үнэлж, Дэн Сяопин-ы үндэслэсэн Хятадын онцлогтой социализм гэдэг томьёоллыг баталж, Хятадын эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийн үндсэн зорилго бол социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох гэж тодорхойлжээ.

Жян үнэмлэхүй эрх мэдлээ тогтоосон нь

1989 онд Жян Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод ердөө ганцхан сарын дараа Зэн Чинхун-ыг Намын Төв Хорооны Ерөнхий хэлтсийн эрхлэгч болгож, хожим нь намын хүний нөөцийг бүхэлд нь хариуцуулжээ. 

Жян 1984-1989 онд Шанхайг удирдаж байхад Зэн Чинхун хотын намын хорооны дэд даргаар ажиллаж, түүний баруун гар байсан нэгэн. Түүний эцэг Зэн Шан нь 1952-1969 онд Худалдааны яам, Зам тээврийн яам, Дотоод явдлын яамны сайдаар ээлж дараалан ажиллаж байсан бол эх нь Хятадын хувьсгалын домог болсон Урт аянд оролцож, хувьсгалч бүсгүйн сонгодог дүрд тооцогдож байв.


Жян Зэминь, Зэн Чинхун нар. 2001 он

1989 онд Бээжинд ирсэнээсээ хойш Зэн бээр Жян Зэминь-ий тулгуур болох Шанхайн фракцын төлөөллийг онц чухал албан тушаалуудад томилох ажлыг гардан гүйцэтгэсэн юм.

1990-ээд оны турш Жян Зэминь өөрийнх нь эрх мэдлийг ганхуулж дөнгөх сөрөг хүчинтэй байсан ч Зэн Чинхун-ы хүчээр тэднийг нэг нэгээр нь улс төрөөс зайлуулж чадсан болой. 1993 он гэхэд Жян Зэминь зөвхөн намаа удирдаж байсан юм. 1989 онд Тяньаньмэнь-ий талбайд оюутны хөдөлгөөнийг дарсаныхаа шанд Дэн Сяопин-ы дэмжлэгтэйгээр зэвсэгт хүчин болон төрийн аппаратыг Ян овогт ах дүүс хэнтэй ч хуваалцахгүй эзэрхийлж байсан тул Жян Зэминь үнэмлэхүй эрх мэдлийг атгаж чадахгүй байлаа. 86 настай ахмад хувьсгалч Ян Шанкунь 1988 оноос Төрийн тэргүүнээр сонгогдсон бол түүний төрсөн дүү Ян Байбин нь зэвсэгт хүчний дээд командлал болох ХКН-ын Цэргийн төв комиссын нарийн бичгийн дарга, НТХ-ны Улс төрийн Товчооны гишүүн, ХАЧА-ийн Улс төрийн газрын даргаар хавсран ажиллаж, зэвсэгт хүчнийг бүрэн хянаж байв. 

Ийм нөхцөлд Зэн Чинхун нь Дэн Сяопин, Чэнь Юнь зэрэг эрх мэдлийн учгийг атгагч ахмадуудад Ян овогтын талаар сөрөг ойлголтуудыг өгч, 1993 онд тэднийг зайлуулснаар Жян Зэминь Төрийн тэргүүн болохын зэрэгцээ зэвсэгт хүчнийг өөрийн гарт оруулж чадсан байна.

Чэнь Ситун Шүүхээс ял сонсч буй нь. 1995 он.

Зэн Чинхун-ы зохион байгуулснаар 1994 онд Жян Зэминь-ий улс төрийн өрсөлдөгч, УТТ-ны гишүүн, Бээжин хотын намын хорооны дарга Чэнь Ситун-д авилгын хэрэг тохож, 16 жил хорих ял оноосноор нийслэлийн намын хороог өөрсдийн мэдэлд авсан бол 1997 онд Дэн Сяопин-г нас бармагц тэргүүн эрх мэдлийн төлөө ямагт өрсөлддөг парламентын спикер буюу БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Чяо Ши-г тэтгэврийн насанд хүрсэн гэдэг шалтгаар тэтгэвэрт нь гаргав.

Тийнхүү Зэн Чинхун-ы хичээл зүтгэлээр Жян Зэминь 1997-2002 онд хоёрдахь бүрэн эрхээ сэтгэл төвшин өнгөрөөж, өөрийн фракцын нөлөөг нэмэхэд хүч чадавхиа зориулах боломжтой болсон юм.

Шанхайн фракцын эзэн Жян

Жян Зэминь 1989-2002 онд Хятадыг удирдахдаа 1980-аад онд Шанхайд өөрийнх нь удирдлагад ажиллаж байсан болон далайн эрэг дагуух мужийн олон хүнийг Бээжинд тэргүүлэх чухал албан тушаалуудад томилсноор энэ фракц анх үүссэн юм. 

1989-2002 онд Хятадын удирдагч Жян Зэминь-ий дээш нь татсанаар Хятадын улс төрд ноёлох болсон хүчирхэг Шанхайн фракцыг Ху Зиньтао эхний бүрэн эрхийн хугацаа буюу 2002-2007 онд ихэд тойглосон Залуучуудын эвлэлийн фракц хүч түрж байв.

Ху Зиньтао 1984 онд Хятадын Коммунист Намын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яаобан-ы дэмжлэгээр Коммунист Залуучуудын Эвлэлийг толгойлж, их улс төрийн замналаа анх эхлүүлсэн билээ. Ху Яаобан өөрөө 1952-1966 онд Коммунист Залуучуудын Эвлэлийг удирдаж байсан учраас улс төрд онцгой нөлөөтэй энэ байгууллага түүний эзэмшлийн дархлагдсан бүс байсан юм.

Гишүүнийхээ тоогоор Хятадын Коммунист Намтайгаа (76 сая) эн зэрэгцдэг 73 сая гишүүнтэй Залуучуудын эвлэл нь намын гишүүдийн заавал дамжих шат байдаг тул намын дотоод нөхцөл байдалд үзүүлэх улс төрийн жин нөлөө анхнаасаа их байсаар ирсэн билээ. Намаас уриалж буй кампанит ажлуудыг хэрэгжүүлэхэд асар их эрч хүч, идэвхи чармайлт хэрэгтэй бөгөөд Залуучуудын эвлэл үүнд яг тохирох хэрэгсэл байлаа. Коммунист орнуудын улс төр болон хүний нөөцийн эх сурвалжийг нам, төр, эвлэл, арми гэсэн дөрвөн байгууллага тодорхойлдог.

1980-аад онд Ху Зиньтао Залуучуудын эвлэлийн фракцыг төлөвшүүлж, өөрөө намын зиндаагаар шат ахих хэрээр өөрийг нь хүрээлсэн фракцын гишүүдийнхээ төвлөрлийг бий болгож байлаа. 2002 онд Ху Зиньтао Хятадын удирдагч болсноор Намын Төв Хорооны хэлтсүүдийг түүний фракцын гишүүд толгойлж, 2012 оны байдлаар 31 мужийн 25-ыг нь Залуучуудын эвлэлийн фракцын төлөөлөл ямар нэгэн байдлаар удирдаж байжээ. 

Гэхдээ Шанхайн фракцын гишүүд олон жилийн турш шийдвэр гаргах дээд түвшний албан тушаалуудад ажилладаг, бас Хятадын эдийн засаг, хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг бүрдүүлдэг далайн эрэг дагуух мужуудыг удирддаг тул улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчнийг хянасан хэвээр байв. Харин Залуучуудын Эвлэлийн фракцын гишүүд нь намын дунд түвшний албан тушаалуудад томилогдоод удаагүй учраас улс төрийн жин нөлөөгөө төлөвшүүлж хараахан амжаагүй, мөн ДНБ-ний хэмжээгээр сүүл мушгидаг хөгжлөөр хоцрогдонгуй эх газрын гүн дэх мужуудыг толгойлж байсан юм.

Тийнхүү Хятадын улс төрийг 2017 он хүртэл Хятадын Коммунист Нам доторх хоёр гол фракц тодорхойлж байжээ.

Хөшигний ард залрах эзэн хаан Жян

Жян Зэминь 2002 оны 11 дүгээр сарын 15-нд ХКН-ын ХV их хурлаар намын даргын суудлыг Ху Зиньтао-д залгамжлуулж, дараа жилийнх нь 3 дугаар сарын 15-нд төрийн тэргүүний албан тушаалаа өвлүүлсэн боловч зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу Цэргийн төв комиссын даргын ажлыг өгөөгүй юм. Энэ нь шинэ удирдагчийг туршилтын хугацаанд сонжих Дэн Сяопин-ы тогтоосон жишиг байжээ. Тийм учраас Ху Зиньтао эрх мэдлээ бүрэн атгах хүртлээ бие дааж ажиллах боломжгүй байв.


Ху Зиньтао, Жян Зэминь

Тэрээр 2002 онд намын тэргүүний суудлаас буухдаа итгэмжит түнш Зэн Чинхун-ыг намын талаас Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, зиндаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Намын дээд сургуулийн захирал, төрийн талаас БНХАУ-ын Дэд даргаар сонгуулж, нам-төрийн хоёрдугаар хүн болгон үлдээснээр шинэ удирдагч Ху Зиньтао-гийн бодит эрх мэдлийг хязгаарлахад хүрчээ.

Бас өөрийн фракцын олон арван хүнийг дээд албан тушаалд дэвшүүлж үлдээснээр шинэ удирдагч Ху Зиньтао-г хазаарлах, хянах хийгээд өөрийн нөлөөг хэвээр хадгалах боломжтой болжээ. Тэрээр тэтгэвэрт гарахаасаа өмнө эрх мэдлийн дээд оргил болох Улс төрийн Товчооны Байнгын хорооны 7 гишүүний орон тоог хоёроор нэмж, фракцынхаа төлөөллөөс 5 хүнийг томилуулж дөнгөжээ.

Жян, Ху хоёр зөрчилдсөн нь

Ху Зиньтао Хятадын удирдагч болмогцоо 1980-1990-ээд оны турш Дэн Сяопин, Зян Зэминь нарын үед Хятадын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт далайн эрэг дагуух боомт мужуудад төвлөрч байсан тэнцвэргүй бодлогыг залруулж, 2000-2005 онд хэрэгжүүлэх “Аравдугаар 5 жилийн төлөвлөгөө”-нд эх газрын гүн дэх хоцрогдсон мужуудыг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт төлөвлөжээ. 

Энэ бодлогын Жян Зэминь-ий “Гурван төлөөллийн чухал үзэл санаа” гэх үзэл баримтлалаас ялгагдах гол ялгаа нь 1980-1990-ээд оны турш Хятадын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт далайн эрэг дагуух мужуудад төвлөрч байсан тэнцвэргүй бодлогыг залруулж, эх газрын гүн дэх хоцрогдсон мужуудыг хөгжүүлэхэд чиглэжээ. Энэ бодлого нь тэд хөгжлийн эрс тэс ялгаатай адил бус мужуудад ажиллаж байсантай холбоотой. Өөрчлөлт нээлтийн бодлого эрс эрчимжиж, Дэн Сяопин далайн эрэг дагуух боомт хотуудын хөгжлийг анхаарлын төвдөө байлгаж байсан цаг үед Зян Зэминь Шанхай хотыг удирдаж байсан бол Ху Зиньтао Хятадын хурдтай хөгжлөөс нэн хоцрогдсон, ядууралд нэрвэгдсэн Ганьсу, Гүйжоу, Түвэдэд ажиллаж байв. Гэтэл Жян-ий фракцын гишүүн, Шанхай хотын намын хорооны тэргүүн Чэнь Лянюй энэ бодлогод шүүмжлэлтэй хандаж, олон жил анхаарлын төвд байсан Гуандун, Фузянь, Шанхай зэрэг далайн эрэг дагуух хот, мужуудын эрх ашгийг хамгаалж байв.

2004 оны зургаадугаар сард Улс төрийн Товчооны хуралдааны үеэр Чэнь Лянюй Ерөнхий сайд Вэнь Зябао-г хурцаар шүүмжилж, түүний бодлого эдийн засгийн өсөлтөд, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарт сөргөөр нөлөөлж байгааг статистикаар нотолж яриад түүнийхээ төлөө улс төрийн хариуцлага хүлээх учиртай гэсэн аж. Энэ шүүмжлэл өөрийг нь чиглэснийг ойлгосон Ху Зиньтао түүний үгийг эмзгээр хүлээн авч, эдийн засгийн бодлогыг бүхэлд нь Улс төрийн Товчоо эцэслэн баталдаг болохыг сануулаад хэрэв хариуцлага хүлээхэд хүрвэл Улс төрийн Товчооны бүрэлдэхүүнд багтдаг Чэнь өөрөө ч бас хүлээлцэх болно гэж няцаажээ. Тийнхүү Чэнь Лянюй өөрийнхөө унах нүхийг ухсаар байжээ.

Жян-ы нөлөө буусан нь

2005 оны 3 дугаар сарын 13-нд Ху Зиньтао Цэргийн төв комиссын даргаар сонгогдож, Хятадын де факто удирдагч болсноор бие даасан эрх мэдэлтэй болж, Жян-ы нөлөөг хязгаарлах боломжтой болжээ.

2006 онд тэрээр Улс төрийн Товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Лянюй-г авлигын хэргээр баривчилж, тэр жил Хятадын 5-дугаар эрх мэдэлтэн, Төрийн Зөвлөлийн тэргүүн Шадар сайд Хуан Зю нойр булчирхайн хот хавдраар өөд болжээ.

1994-2002 онд Шанхай хотын намын хороог тэргүүлсэн Хуан Жү хийгээд түүний халааг авсан Чэнь Лянюй хоёр бол Жян Зэминь-ий Шанхайн фракцын гол тулгуур байсан билээ. Шанхай хотод төрж өссөн энэ хоёр эрхэм бүхий л амьдралаа төрөлх хотдоо өнгөрөөсөн бөгөөд 1980-аад онд Жян Зэминь-ий ивээлд багтаж, дэвшин тодрох замналаа эхлүүлцгээсэн гэлцдэг. 

2002 онд Жян Зэминь Хятадын удирдагчийн сэнтийгээс буухдаа Хуан Зю-г Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Тэргүүн Шадар сайд, харин Чэнь Лянюй-г Улс төрийн Товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны дарга болгож амжсан юм. Шанхайн фракцын тулгуур нь мэдээж Шанхай хотын удирдлага тул Хуан Зю, Чэнь Лянюй хоёр фракцынхаа дотор хэчнээн их нөлөөтэй байсан нь тодорхой. 

Тэднийг улс төрөөс зайлуулж, Шанхай хотын намын хороог өөрийн мэдэлд авсан нь Ху Зиньтао 2005 онд өмнөх удирдагч Жян Зэминь-ээс Цэргийн төв комиссын даргын албан тушаалыг нь хүлээн авмагцаа түүний нөлөөг бууруулахын тулд Шанхайн фракц руу нь хийсэн анхны зоримог бөгөөд ноцтой цохилт болжээ. Ийнхүү Хятадын улс төрийн амьдралд 1995 оноос хойш үргэлжилсэн “амар жимэр он жилүүд” эцэс болсон билээ.

Ши Жиньпин ба Жян Зэминь

2002 онд Ши Жиньпин-ий эцэг, намын нөлөө бүхий зүтгэлтэн асан Ши Жунсюнь нас нөгчихөд Жян Зэминь тэргүүтэй нам, төр, армийн удирдагчид бүгд оролцож, эмгэнэл илэрхийлсэн аж. 2000 онд Жян Гуандун мужид томилолтоор ажиллахдаа тэнд амьдарч байсан Ши Жунсюнь дээр зориуд очиж уулзсан гэдэг.

2002 онд Жян намын тэргүүний суудлаасаа буухдаа Ши Жиньпин-ийг Жэжян мужийн намын хорооны даргаар томилуулснаар түүний Хятадын удирдагч болох замнал эхэлжээ.

Жян-ий нөлөө бүрэн хязгаарлагдсан нь

2012 оноос эхэлсэн Хятадын авлигатай хийх тэмцэлд Жян-ы фракцын гишүүд олноороо өртжээ. Түүний гол төлөөлөгчид бол Бо Силай, Жоу Юнкан нар юм.

Жоу Юнкан нь цагтаа Жян Зэминь-ий биечлэн сонгож дэвшүүлсэн хүн, мөн Ху Жиньтао-гийн багт 5 жил ажилласан учраас улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, өмнөх ба шинэ генсекүүдийн хооронд хурц зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, Ши Жиньпин Жян Зэминь, Ху Жиньтао-тай уулзаж, энэ тухай сонордуулжээ.

Ху түүний саналыг бүрэн дэмжсэн байна. Харин Жян-ы хувьд энэ нь түүний үндэслэн төлөвшүүлсэн фракцад томоохон цохилт болох тул нухацтай хандахаас өөр аргагүй байв. Тэрээр НТХ-нд 6 зүйл бүхий санал бичиж өгсөн нь түүний санаа бодлыг тодорхой илэрхийлж байсан ч тэр нь шинэ удирдлагын хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй байжээ. 

Эх сурвалжуудын нотолсноор, Ши Жиньпин 6-7 дугаар саруудад Жян Зэминь-тэй хэд хэдэн удаа уулзаж, зоог барингаа Жоу Юнкан-ы хувь заяаг хэлэлцжээ. Тэгэхэд Жян тодорхой хариу хэлээгүй гэж Хонконгийн эх сурвалжууд нотолж байв.

Харин долдугаар сарын 22-нд Гадаад хэргийн яамны долоо хоног тутмын хэвлэлийн хурлын үеэр Жян Зэминь Шанхайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хэнри Киссинжертэй уулзсан тухай мэдээлжээ. Гэтэл энэ уулзалт долдугаар сарын 3-нд болсон атал бараг 3 долоо хоногийн дараа л албан ёсоор мэдээлсэн нь тэтгэвэрт гарсан байсан ч хамаагүй удирдагчдын уулзалтыг шуурхай сурталчилдаг Хятадын үзэл суртлын системд ойлгомжгүй хачирхалтай хэрэг болсон юм.

Жян Зэминь ярианыхаа ихэнхийг Ши Жиньпин-ийг магтан дуулахад зориулсан нь Жоу Юнкан-ыг мөрдөн шалгах, Бо Силай-н шүүх хурал эхлэхэд бэлэн болсон цаг үед Ши Жиньпин-д үгээ дайж, шийдвэрээ сонордуулсан хэрэг бололтой. Тэрээр,

Нэг тэрбум гаруй хүн амтай Хятад шиг том гүрэнд шийдэмгий бөгөөд авьяаслаг удирдагч хэрэгтэй байдаг. Ши Жиньпин бол маш чадварлаг, авьяаслаг удирдагч...Хэдийгээр Хятадад одоо маш олон бэрхшээл сорилт тулгараад байгаа ч би Хятадын шинэ удирдлагад бүрэн итгэж байна...

Жян-ий өв

Жян нэгэн удаа Хятадын удирдагч байхдаа хийсэн хамгийн том зүйл нь Дэн Сяопины бодлогыг тууштай хэрэгжүүлсэн явдал гэж шулуухан хэлсэн юм.

Үнэхээр ч тэрээр Дэн-ий “муур шар байна уу, хар байна уу, тэр нь хамаагүй, гол нь хулгана барьдаг байх ёстой” гэдэг прагматик бодлогыг тууштай хэрэгжүүлж чаджээ.

Энэ бодлогын үр дүнд Хятад 2005 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсч, 2010 онд Америкийн дараах дэлхийн хоёрдахь том эдийн засагтай гүрэн болгожээ. 1978 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 1 хувийг ч эзэлж чаддаггүй байсан Хятад 2012 онд дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 24 хувийг үйлдвэрлэдэг болсноор Америк, Японыг ардаа орхиж, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч гүрэн боллоо.

Хятадад дундаж давхарга бий болж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд 800 сая хүнийг ядуурлаас гаргажээ. Яаж тооцсоноос хамааран нааш цааш хөдлөх ч Хятадын 1.3 тэрбум хүний 300-450 сая орчим нь дундаж давхаргыг бүрдүүлж байна

Гэхдээ Жян-ы дараахь үед нийгмийн тэгш бус байдлын ялгаа, шинэхэн хотожсон нийгмийн зөрчлүүд хэт гүнзгийрсэн юм. 

Хятадын эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт нь Америк, Европын ХVIII-ХX зуунд Аж үйлдвэрийн хувьсгалын үед туулсан нийгмийн шилжилтийг ХХI зуунд туулахад хүргэжээ.

1990-ээд оноос хөдөө тосгоны иргэд зах зээл хайж, ажил эрхлэхээр хот руу шилжих болсноор 300 гаруй сая хүнийг хамарсан асар том шилжилт хөдөлгөөн өрнөжээ. 1995 онд хөдөөд 859 сая, хотуудад 373 сая хүн амьдарч байсан бол 2011 оны байдлаар энэ тоо хөдөө 510 сая, хотуудад 848 сая болж, Хятадын түүхэнд анх удаа хотын хүн амын тоо хөдөөг давжээ.

2013 онд Бээжингийн Их сургуулийн Нийгмийн ухааны салбарын судалгаагаар Хятадын нийт баялгийн 3-ны 1-ийг хүн амын дөнгөж 1 хувь нь эзэмшиж байв. 2010 онд “Ардын өдрийн сонин” цахимаар судалгаа явуулахад санал асуулгад оролцогчдын 91 хувь нь Хятадын баячууд улс төрийн дэмжлэгээр л баяжсан гэдэгт итгэдэг гэжээ. 

Бүх шатны нам, төрийн албан хаагчдын авлига, тансаглал, арын хаалга нь нийгмийн бухимдлын үндсэн шалтгаан болж, 1999-2004 онд 5 жил дараалан хүн амын дунд социологийн судалгаа явуулахад Хятадын хамгийн тулгамдсан асуудлын хоёрт нь авлига гэж байв. 

Улам бүр нийгмийн тулгамдсан сорилт болж байсан нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг Хятадын Коммунист Нам залруулахаар 2012 оноос авлигын эсрэг эрчимтэй тэмцэж, тэгш бус байдлыг бууруулах, ядуурлыг багасгах чиглэлээр бодлогоо төвлөрүүлж, социализмын язгуур зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Хятад судлаач Ч.СОДБИЛЭГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 25 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top